• Өнөөдөр 2026-10-29

ЗАДАРСАН ЗАСАГТАА ЗАГНУУЛСАН ЯДАРСАН УИХ

         Засгийн газрын сайд нар чуулганы хуралдаандаа суухгүй даналзаж, УИХ-ын гишүүд нь уйлж, гүйгээд төрийн эрх барих дээд байгууллагынхан хөл толгойгоо олохоо байлаа, сүүлийн үед. Үнэндээс чуулганы хуралдаандаа сууж, төслөө хэлэлцүүлдэг сайд энэ танхимд алга.


           Сайд нараа төлөөлсөн Ажлын хэсгийн гишүүд нь хуртал чуулганы хуралдаан дээр гишүүдийнхээ асуултанд бүрэн дүүрэн хариулж чадахгүй бүлтэлцэж, Засгийн газрынхаа хэдэн сайдын өмнөөс өргөн мэдүүлсэн төслүүдийг нь батлуулах гэж үйлээ үзэж байна. Гэтэл  сайд нар нь чуулганы хуралдаанд суухаараа УИХ-ын гишүүдтэйгээ ана мана хэрэлдэж, бодлого шийдэл яриахаас илүүтэй, хувийн асуудлаа ярьж, хэл ам хийдэг болоод удлаа. Ёстой л бурхан газрын бумба галзуурна гэгч болж байна, төрд. Үнэндээ л Засгийн  газрын сайд нар “давхар дээл”-тэйдээ эрдэж, хэн юу хэлж, нохойг хэн саахав гэгчээр болжээ. УИХ-ын гишүүдийн кнопны эрх мэдэл ямар ч үнэ цэнгүй болж, ард түмнийг төлөөлөх бүрэн эрхээ парламентын танхимдаа ч хэрэгжүүлж чадахгүй болжээ.

       Уг нь өдийд ирэх оны төсөв хэлэлцэх гээд Засгийн газрын сайд нар цурам хийх завгүй баймаар. Харин УИХ-ын гишүүд нь ирэх оны төсвийг бодлогын төвшинд бүрэн дүүрэн судалж, эрүүл мэтгэлцээнээр зад шүүмжлээд, шаардлагагүй хөрөнгө оруулалтуудаа танаж, эдийн  засгаа аврах эрх мэдлээ хэрэгжүүлмээр байна.

        Гэтэл ёстой л хөл толгойгүй бужигнаж, Засгийн газрын сайд нар загнаж байгаад төсвөө батлуулдаг бодит үнэнтэй нүүр тулж байна. Үнэндээ залуу, жагсаалттын гэж адлагдаж  байгаа хэдхэн гишүүд нь чуулганы хуралдаандаа сууж, төсвийн хэлэлцүүлгээ хийж байгаагаас өөрөөр Н.Учралын Засгийн газарт ажил хэрэгчээр хандаж байгаа сайд чуулганы төнхимд ховорхон байна. Арга аа барсан гишүүд нь Засгийн газрын ажлыг бид хийдэг боллоо гэж гомдоллохоос өөрийг хийсэнгүй.

       Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүд өөрсдөө Засгийн газарт найр тавьж, хайр зарласныхаа горыг эдэлж, бүх ард түмнийг төлөөлөх бүрэн эрхээ ч хэрэгжүүлж мэдэл ч үгүй хүчгүй ч үгүй болжээ. Ингээд харвал Үндсэн хуулийн өөрчлөлт үр дүнгүй болж, ардчилсан парламентын дархлаа үнэ цэнээ алдахад ойрхон байгааг сануулъя. Өөрөөр хэлбэл, 2019  оны Үндсэн хуулиар парламентын дархлааг сайжруулж, гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг хумина хэмээн “Эцэг” хуулиаа өөрчилсөн түүхтэй. Эрх баригчдын хэлсэн ярьснаар бол Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрыг илүү тогтвортой болгож, төрийн залгамж халааг үргэлжүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ хэмээн ам гарч Үндсэн хуулиа өөрчилсөн. Дараа нь сонгуулийн тогтолцоог холимог болгож, гишүүдийн кнопны эрх мэдлийг багасгана. Ард түмнийг төлөөлөх бүрн эрхийг нь бүрэн дүүрэн хангана хэмээн ам гарч байв.

       Гэтэл бодит байдал дээрээ ганцхан жилийн хугацаанд хичнээн ч Засгийн газар унагааж, хэдэн ч гишүүн сэлгээний суудлаас сайдын албан тушаалд очив. Харин УИХ нь ямар ч чадамжгүй болж, Засгийн газрын хэдэн сайд нараа царай алддаг болтлоо унж, дорой улбайж сулбайсан унхаагүй бож байна.

      Нэг ёсондоо УИХ-ын гишүүдээсээ илүү эрх мэдэлтэй сайд нар байгааг сүүлийн үед улс төрд өрнөсөн олон үйл явдал гэрчилж байна. Тухайлбал, саяхан чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр нар чуулганы танхимд “Их хурал нь Их хурал шиг байхгүй бол Засгийн газрын сайд нар нь хэдэн гишүүдээ загинаж байгаад төслөө батлуудаг буруу жишиг тогтлоо. Бид сайд нарын мөнгийг батлах гээд сууж байгаа юм биш. Өдөр, шөнөгүй татвар төлдөг хэдэн хувийн хэвшлийнхээ татвараар улсын төсвийг бүрдүүлдэг. Гэтэл та нар тойрог очиж улс төр хийж байгаа юм шиг байна. Гишүүдийг битгий доромжлоод бай. Эрүүл мэтгэлцээн хиймээр байна. Цэнхэр дугаарын асуудал байна. Татвар төлөгчдийн мөнгөөр дарга нар өдөр шөнөгүй зөөж байна” хэмээн шүүмжлэх үеэр ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр “Чиний ахын бичсэн зурвас байгаа шүү” хэмээн сүрдүүлсэн. Улмаар УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар “Би Б.Энхбаяр гэдэг хүний ах, дүү нь ингэж байна гэж яриад байна уу. Иргэн надад ямар хамаатай юм бэ. Засгийн газар төсвөө оруулж ирээд хэдэн гишүүдээ загинаж байгаад батлуулчихвал бид энд ухаантай царайлж суугаад яах юм” хэмээн мэдэгдсэн.

        Цаашлаад Байнгын хорооны хурал дээр УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, Эрчим хүчний сайд Б.Найдалаагаас асуулт асуух үеэр мөн л ширүүхэн маргаан болсон. Тодруулбал, УИХ-ын гишүүн М.Энхцэцэг “10 аймгийн дулааны цахилгаан станц барих төслийг жилийн 0.18 хувийн хүүтэй Солонгос Улсын олгосон зээлээр нь дуусгахгүй Оюутолгойн ногдол ашгаар дуусгана гэж улайраад байгаа юм. Ийм бага хүүтэй зээлээр нь дуусгахгүй ард түмний ногдол ашгаар дуусгана гээд байна. Цаашлаад энэ 10 аймгийн дулааны станцын төслийг яагаад хоёр дахин нэмэгдүүлж байгаа вэ. Энд дахиад танай ХҮН намын төсвийн хулгай явах гэж байгаа юм биш үү. Ямар үндэслэлээр хөрөнгийг нь нэмж байгаа юм бэ” хэмээн асуухад “Та Их хурлын танхимд хулгайч гэж дуудахгүй шүү. Нэг асуултаараа мушгин гуйвуулаад байна” хэмээн ундуйцсан. Цаашлаад Шадар сайд Т.Доржханд “Жагсаалтын гишүүд нүдэн дээр популист болох гээд байна шүү. Би ХҮН намын дарга байна. Биднийг хулгайч гэдэг дээрээ та хариуцлага хүлээгээрэй. Хулгайч гэж байгаа бол түүнийгээ нотлоорой” хэмээн уурлаж, жагсаалтын гишүүдээ толгой эргэтэл загинаад, намын гишүүнээ тас өмөөрсөн. Мөн УИХ-ын гишүүн Г.Очирбат “Хэдэн сайд нар нь байвал үг хэлэх гэхээр нэг ч сайд чуулганы танхимд алга. Хэвлэлээ, гишүүдээ хоёр хуваана. Гишүүд рүү утсаар нь залгаж, тойрогт нь хэдэн төгрөг тавьцан шүү гэж амыг нь барина. Ийм байдлаар улс эх орныхоо нийтийн эрх ашиг гэж байхаа болилоо” хэмээн шүүмжилж амжсан.

          Энэ мэтчлэн Засгийн газрын сайд нартаа загнуулсан ядруухан хууль тогтоогчидтой болжээ, монголчууд. Хатуухан хэлэхэд Их хурлыг тараавал таарна. Гүйцэтгэх засглалынхаа “хараанд орчихсон” парламент 1000-н сайхан хурал хийгээд ч үр дүн нь нэг байхаас хойш чуулганыг хуралдуулж цаг алдаад яах вэ дээ. Тэртэй тэргүй намын бүлэг дээрээ хуралдаад намын даргынхаа үгэнд хайрцаглагдаж, түүнийг нь УИХ-ын дарга нь дуулгавартай нь аргагүй гүйцэтгэж байгаагаас хойш УИХ тарсан нь хамгийн зөв хувилбар юм байна. 

 


ЗАДАРСАН ЗАСАГТАА ЗАГНУУЛСАН ЯДАРСАН УИХ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188