• Өнөөдөр 2026-10-28

“ШУВУУ” АЖИЛЛАГААНЫ АВТОР ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ӨӨРӨӨ “ШУВУУ” БОЛЖ ИРЭХ ҮҮ

      Цагтаа Ардын нам, Ардчилсан намынхан дунд алдар суу нь түгсэн Т.Бадамжунайг АТГ-ын хоёр ажилтнаар сугадуулан “шувуу” ажиллагаагаар шүүрч авчирсан гол эзэн нь хотын дарга асан Х.Нямбаатар байлаа. Тэр “Төрөөс төрсөн тэрбумтнуудыг толгой дараалан баривчилна” хэмээн даналзаж, “шувуу” ажиллагаагаар “шүүрч” авчрах 92 хүний нэрийг зарлах хүртлээ томорч явсан нь саяхан. Тэр байтугай “шувуу” ажиллагаагаар эрэн сурвалжилж, гадны улс руу оргон зайлсан иргэдийн мэдээллийг 10 мянган ам.доллароор худалдаж авах хүртлээ үнэ хаялцаж явсан удаатай.


      Гэтэл начир дээрээ үеэл дүүгийнх нь засаглал дуусахтай  зэрэгцээд өөрөө “шувуу” болж, суурших газраа “үүрээ” засахаар бэлдэж эхэлсэн гэдгийг хууль хяналтын байгууллагаас мэдэгдээд байна.  

         Өөрөөр хэлбэл, тэр саяхныг хүртэл гартаа гарнат атгачихаад улстөрчдийг нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хэргээр нь шүүж, газрын наймаачин, Боловсролын сангийн зээлийг тоногчид хэмээн ангилж, айлгаж явсан Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатар өнөөдөр “шүүрч” авчирна гэж сүрдүүлж байсан улстөрчдийнхөө замналаар орж, “Удахгүй очно” гэх хариу мэдэгдэлтэй, утасны араас хэрүүл хийдэг нэгэн болоод дөрвөн сар болов.

       Нөөцийн махны дуулианаар хотын даргын суудлаа хүлээлгэж өгсөн даруйдаа л тэрбээр Канад Улсад суралцах нэрээр ийн “шувуу” болж ниссэн. Гаднын улсад очсон цагаасаа өнөөдрийг хүртэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон түүний багийнхантай “дайн” зарлаж, сошиалын дуулиан таригч болоод багагүй хугацааг өнгөрүүллээ.

       Үнэндээ  Хууль зүйн яамыг гурван жил удирдаж, Хотын захиргааг гурван жил толгойлсон Х.Нямбаатар улс төр, бизнесийнхний хувийн мэдээлэл, хулгайн баримтуудаар дүүрэн “хар хайрцаг” болсон нь тэр биз ээ. Тиймдээ ч тэр "шувуу" болж нисмэгцээ л улс төрийн ноцтой мэдээллүүдийг нэг нэгээр нь задлаж, томчуудыг нь тойруулан "цөмж" эхэллээ. 

      Саяхан сошиалд хийсэн шууд дамжуулалтынхаа үеэр “Ирэх долоо хоногт Монголд очих өдрөө зарлана” гэж мэдэгдснээс хойш лав хоёр дахь долоо хоногтойгоо залгаж явна. Харамсалтай нь, тэр ирэх өдрөө ч зарлаж амжилгүй инторполын хөх булангийн эзэн болов. 

        Нэг ёсондоо Х.Нямбаатарыг “Монголд ирнэ” гэх мэдэгдэл хийхтэй зэрэгцээд хуулийн байгууллагаас түүнийг интерполоор эрэн сурвалжилж эхэлснийг албан ёсоор мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Х.Нямбаатар Монголд ирвэл хоригдох  болзлоо хэдийнээ хангачихсан гэх сануулгыг ч хариу мэдэгдсээр байгаагийн илрэл нь энэ.

Энэ талаар АТГ-аас "Туулын хурдны зам"-ын ажилд 500 тэрбумын урьдчилгаа олгохдоо холбогдох албан тушаалтны нэрийг Т.Даваадалай болгон өөрчилж, санхүүжилтийн эрх нээн бусдад давуу байдал үүсгэсэн. Интерполын хөх буланд эрэн сурвалжлуулахаар хандсан” хэмээн мэдээлсэн билээ. Цаашлаад ирэх сард болох МАН-ын бага хурлаар нийслэлийн МАН-ын дараагийн даргыг томилж, Х.Нямбаатарыг чөлөөлнө.

        Ингээд харвал Хотын дарга асан Х.Нямбаатар ийн эх орондоо ирэх хүсэл их байвч ирсэн даруйдаа л гартаа дөнгөтэй, хүзүүндээ олстой болох болзлоо хэдийнээ хангачихаад байна. Тэр тусмаа Ерөнхийлөгчтэй холбоотой удаа дараа мэдээллүүд түгээж, улс төрийн "дайн" зарласныг харахад тэрбээр эх орондоо ирэхгүй гэдгээ баталж байгаагийн бас нэг дохио юм. Эсрэгээрээ түүний хийсэн мэдээлэл болгоны араас Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан удаа дараа мэдээлэл хийж байгаагаас харахад Монголд гишгэх газаргүй болсныг нь сануулж байгаагийн дохио гэхэд хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн долоо хоногт Х.Нямбаатарын цахим хаягаараа дамжуулж хийсэн мэдээллийн араас “Ерөнхийлөгчийг албан ёсны айлчлалаа дуусмагц мэдээлэл хийнэ” хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдэгдсэн. Улмаар өчигдөр  Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийж, хотын дарга асан Х.Нямбаатарыг Канад Улсад орогнох хүсэлт гаргасан хэмээн мэдээлсэн. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг “Хотын дарга асан Х.Нямбаатар Ерөнхийлөгчийг удаа дараа гүтгэж, ямар ч үндэслэлгүй мэдээллийг олон нийтэд хүргэсэн. Энэ нь үндэсний эв нэгдэлд ан цав үүсгэх сөрөг мэдээлэл. Эдгээр асуудалд баримтаар няцаалт хийе. Ерөнхийлөгчийг Австрали Улсад байр орон сууцтай мэт мэдээлж байна. Энэ бол ташаа мэдээлэл. Ерөнхийлөгч тус улс руу 12 жил зорцоогүй. Мөн хотын төвд Андууд таур гэдэг орон сууцыг Ерөнхийлөгчийг бариулж байгаа мэт ярьж байна. Гэтэл энэ барилга нь нийслэлийн өмчийн газар юм билээ. Хотын дарга байсан хүн үүнийг мэдэхгүй байна гэж байхгүй

       Улмаар барилгыг барьж байгаа Асар-Өргөө компанийг эзэмшигч нь Г.Ганзориг гэх хүн байгаа. Холбоо хамаарлыг нь үзвэл Ардчилсан намаас НИТХ-д сууж байсан хүний хамаарал бүхий компани байна. Мөн 300, 400 сая төгрөгийн үнэлгээ бүхий Бага тэнгэрийн аманд байгаа хаус хотхонуудыг Ерөнхийлөгчийн өмч мэтээр мэдээлсэн. Мөн л ор үндэслэлгүй мэдээлэл байна. Бага тэнгэр орчимд 164 айлын амины орон сууц байна. 280 орчим айлын нийтийн орон сууц байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн хадгаламжаасаа 2022 онд 360 мянган доллароор, 2025 онд 250 сая төгрөгөөр Бага тэнгэрт амины орон сууц худалдаж авсан. Түүнийгээ өөрийн хөрөнгө дээрээ ил тод мэдээлсэн байдаг. Гэтэл өөр хүний нэр дээрх хаус хорооллуудыг Ерөнхийлөгчийнх мэтээр ярьж байна. Мөн үнэтэй машины цуглуулгатай залууг Ерөнхийлөгчтэй хамаатуулсан. Нямдаваа гэгч залууг Ерөнхийлөгчтэй холбож гүтгэсэн хүн нь тогтоогдсон” хэмээн мэдээлсэн.

      Ийн хотын дарга асан Х.Нямбаатар нэгэн цагт Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ХХААХҮ-ийн дарга асан Т.Бадамжунай тэргүүтэй улстөрчдийг нэр цохон дуудаж, “Улс төрийн хэрэгтнүүд” хэмээн цоллож явсан инторполын эрэн сурвалжлах  хөх булангийн эзэдтэйгээ ижил нэр зүүв. Хэрэв зээ хотын дарга асан Х.Нямбаатарын оргонох хүсэлтийг хүлээж авах улс олдохгүй бол “шувуу” ажиллагааны автор өөрөө “шувуу” болж “шүүрүүлж” ирэхэд ойрхон байна.

 


“ШУВУУ” АЖИЛЛАГААНЫ АВТОР ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ӨӨРӨӨ “ШУВУУ” БОЛЖ ИРЭХ ҮҮ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188