“Жонон” хамтлагийн гишүүн Д.Мөнх-Оргилтой ярилцлаа. Тус хамтлаг ирэх сарын 11-нд 20 жилийн ойн тоглолтоо хүргэх гэж байгаа юм.
-Хамтлагийнх нь 20 жилийн ойн тоглолт болох гэж байгаа юм байна. Ямар онцлогтой тоглолт үзүүлэхээр бэлдэж байна вэ?
-Бидний хувьд дөрвөн жилийн зайтай тоглолт хийж байсан боловч цар тахал гарснаас хойш, үндсэндээ 10 жилийн ойгоос хойш тоглолт хийгээгүй. Тоглолтуудад мэдээж оролцоод явсан. Одоо үзэгчдэд хүргэх тоглолтоо бид кино театрын хэлбэрээр хүргэхээр бэлдэж байгаа.
-Тоглолтдоо зориулж ямар шинэ уран бүтээл хийсэн байгаа вэ?
-Байгаа. Тоглолтдоо зориулж хөгжимчин тус бүрийн өөрсдийнх нь зохиол хийж байгаа. Цаг хугацааны хувьд хараахан гарч амжаагүй байна. Харин манай хамтлагийн төгөлдөр хуурч Н.Лигдэнгийн зохиосон “Үр минь” хөгжим дээр клип хийж байгаа. Удахгүй үзэгчдэд хүрнэ. Энэ бүтээлээрээ бид гэр бүлийн аз жаргалтай агшинг харуулахыг зорьсон байгаа.
-Мөн ойн хүрээнд баримтат кино хийж байгаа юм байна.
-Тийм ээ. Гэхдээ манай хамтлагийн түүхээр биш зүгээр л хамтлаг, баг гэж юу вэ гэх агуулгаар хийж байгаа бүтээл. Удахгүй үзэгчдэд хүргэнэ.
-Хөгжмөө ихэвчлэн өөрсдөө зохиох уу?
-Янз бүр л дээ. Манайх зөвхөн ардын дуу, хөгжим тоглодог гэхээс илүү өөр урсгал чиглэлийн бүтээл ч тоглоно. Зөвхөн өөрсдийн зохиосон бүтээлээс гадна хүмүүст ойр, мэддэг аялгууг нь мөн хүргэнэ. Тэдгээрийн нэг жишээ бол Beatles хамтлагийн дуунуудыг үндэсний хөгжмөөр хийж байлаа. С.Баяр гуайг Ерөнхий сайд байхад хөгжмийн зохиолч Б.Долгион ах тэр хоёрын санаачилгаар гадны зочдод зориулсан бэлэг л дээ. Тэр бүтээлээсээ энэ тоглолтоо зарим нэгийг оруулна. Анхнаасаа бид ингээд хүмүүсийн танил аялгуудыг тоглож ирсэн. Хамтлагийн маань анхны бүтээлийн нэг бол “Abba”-гийн “Happy new year “ дууг мөн үндэсний хөгжмөөр хүргэсэн бүтээл бий. Тэгэхээр манай хамтлагийн хувьд үндэсний хөгжмийн бүрэлдэхүүн дээр орчин үеийн хөгжмийн зэмсэг буюу бөмбөр, басс гитар, төгөлдөр хуурыг хослуулж байгаа.
-20 жил гэхээр хийсэн бүтээснээ эргээд харах, эргэцүүлэн бодох цаг мөч болж байгаа байх?
-Айхтар агуу юм хийгээгүй байх. Харин дараагийн залууст үндэсний хөгжмөө тоглоод хамтлаг хэлбэрээр явж болдог юм, үүгээр амьдарч болдог гэдгийг харуулж байгаа болов уу. Мөн ард түмний үндэсний хөгжмийн хэрэглээг жаахан ч болов нэмсэн болов уу гэж бодож байна. Бид бод цаг үе болгондоо үндэсний хөгжимдөө шинэчлэл хийх гэж байгаа хүмүүсийн залгамж нь шүү дээ. Тэгэхээр өөрсдийн цаг хугацаандаа бага ч болов тус болсон байх. Сүүлийн үед залуу уран бүтээлчидтэй хамтрал хийсэн. Big Gee-тэй гэхэд 2011 онд үндэсний хөгжим, хип хоп урсгалыг хослуулсан альбом хийж байсан. Энэ мэтчлэн бид залуучууд руугаа чиглэсэн бүтээлийг ч хамтран хийгээд явдаг.
-“Жонон” хамтлагийн бүтээлдээ гол баримталдаг зарчим юу вэ?
-
Үндэсний хөгжмөө мартахгүй, алдахгүй байх нь чухал. Өөрсдийн үндэсний өв соёл болсон зүйлийнхээ үнэ цэнийг мэдэрч хэрэглэх нь чухал. Үүнд л бид өөрсдийн хувь нэмрээ оруулах гэж хичээж, үүгээрээ амьдраад явж байна.

-Энэ хугацаанд гаднын оронд хэчнээн тоглолтыг хүргэсэн байдаг вэ?
-Хүргэхийн хувьд хүргэж байсан. Ойрын гурван жилд харин гадаад руу тоглолт хийгээгүй. Хамтлагийн хүн тус бүр хувьдаа хийх зүйлээ хийгээд явсан. Зарим нь тоглолт найруулна, өөр нэг нь киноны хөгжим хийнэ, багшилна гэхчлэн өөр өөрсдийн хийх зүйлээ хажуугаар нь амжуулаад явж байна. Гол нь бид хамтлагийнхаа ажлыг огт тасалдуулаагүй. Хурим найр, арга хэмжээнүүдэд оролцсоор яваа. Бидний гол нэг онцлог бол 20 жилийн хугацаанд дунд нь огт завсарлаагүй.
-Тарж бутралгүй 20 жил болсон нь юутай холбоотой вэ. Магадгүй эв нэгдэл, зорилго, үзэгчдийн хайр байх?
-Айхтар хамтлагтаа, багийн гишүүддээ тэдэн жил үнэнч байна шүү гэж тангараг тавиагүй. Яг юун дээр тогтож, юу биднийг нэгтгэж энэ хүртэл хамт явсныг мэдэхгүй байна. Зүгээр л энэ бол бидний ажил. Магадгүй энэ үүргээ л дор бүрнээ ойлгосон, мэдсэн байсан байх.
-Та бүхнийг хайрладаг үзэгчдийн сэтгэл, тэдний уур амьсгал магадгүй хамтлаг бат бөх байхын нэг үндэс болов уу. Үүнийг сошиал дээрх хүмүүсийн сэтгэгдлээс харж байгаа байх?
-Ер нь манай хамтлагийн талаарх нэг л сөрөг комент байгаа. Бичсэн хүнийг нь ч танина. Учир нь бид Есүс, Христийн төрж байх үеийн тухай нэг дууны хөгжим тоглосон. Хийхдээ бид католог сүм дотор клипнийхээ зургийг авч хийсэн. Тэгэхэд л “Яагаад шашин сурталчлаад байгаа юм бэ” гэж шүүмжилсэн. Бусдаар бол сөрөг сэтгэгдэл байхгүй. Бид угаас монгол хүмүүст, монголчууддаа өөрсдөд нь тохирсон, магтан дуулдаг болохоор баярлаж, талархаж байгаа нь их байдаг. Манай хамтлагийн хувьд нэг их уралдаан тэмцээнд ордоггүй. Харин 2010 онд “UBS music video awards” -аас “Тан руу нүүж явна” бүтээлээрээ шилдэг санаа шагнал хүртэж байсан. Энэ бидэнд байгаа ганц шагнал. Хөгжим бол уралдуулах гэхээс илүү мэдрэх, таашаах нь чухал.
-Бид уг нь үндэсний хөгжмөө өөрсдөө сайн мэддэг баймаар юм. Гэтэл харин ч мэдэхгүй байдгийг та давтан хэлж байна?
-Бид дэргэдээ байгаа юмныхаа үнэ цэнийг мэддэггүй. Тухайлбал, өнөөдөр айлуудад нэг ч төрийн далбаа байхгүй. Харин гадаадад байгаа айлууд, хүмүүст төрийн далбаа байдаг. Үүнтэй адил эх орондоо байгаа айлуудад морин хуур байгаа. Гэхдээ нэг тавилга нь л болчихсон. Тийм болохоор л бидний хувьд гэрт нь байгаа тэрхүү морин хуурыг тоолгочих гээд, хэрэглүүлэх гээд үзээд байна. Үгүй ядаж тоосыг нь арччих хэрэгтэй.
-Хамтлагийн талаарх яриаг түр өндөрлөөд, таны урлагт хэрхэн орох болсон талаар яриагаа үргэлжлүүлье.
-Өсөхөөс сурсан үндэсний хэл гэдэг шиг манай гэрт урлагийн хүмүүс байлаа. Аав минь “Мөнгөн хүрхрээ” хамтлагийн даралтад хөгжимчин, төгөлдөр хуурч. Манай ах бас бөмбөр тоглодог байсан. Дээрээс нь намайг хүүхэд байхад “Айзам-2”, “Цэцэг” зэрэг хамтлагийн залуус манай гэрт бэлтгэлээ хийдэг байв. Тийм болохоор л дуу хөгжимд дурлаж татагдсан. Ээж бас дуу хөгжмийн багш мэргэжилтэй. Тэгээд л ээжийнхээ сурч байсан Соёлын дээд сургуульд суралцаад, хамтлагийн залуустайгаа танилцаад, өнөөдрийг хүртэл явж байна.
-Урлагийн хүн болно гэхэд нь аав, ээж нь хэрхэн хүлээж авсан. Уран бүтээлч болсноороо та хэнийг хамгийн их баярлуулсан бэ?
-Өөрөө өөрийгөө баярлуулсан. Учир нь би дуртай зүйлээ хийж байгаа. Аав маань өөрөө црлагийн хүн байсан болохоор энэ зам их амаргүйг мэдэж байсан. Тиймдээ ч дургүй байсан. Ээж харин дэмжсэн. Харин намайг хамтлагтай болоод, тоглолт хийхэд аав үзээд баярлаж байсан. Одоо л би аавынхаа амаргүй гэж байсныг ойлгож байгаа. Хэдийгээр хүмүүст бүтээлээ үзүүлээд сайхан байдаг ч урлагийн хүн цаг наргүй, цар тахал боллоо гэхэд бүх зүйл зогсчиж байгаа юм чинь. Дээрээс нь зөв амьдралын хэв маяг гэх зүйл бараг үгүй. Ихэвчлэн шөнөөр ажиллана. Тийм болохоор миний хувьд хүүхдүүдээ урлагаар явуулахгүй гэх байр суурьтай байдаг.
-Монголын домог болсон суут хөгжмийн зохиолчдын бүтээлтэй хамгийн ойрхон ажилладаг, тэдгээр бүтээлийг хүргэх гол "гүүр" бол та бүхэн шүү дээ. Хэрхэн сонголт хийдэг вэ?
-Тийм ээ. Бид тэдний агуу сод бүтээлүүдээс эгшиглүүлснээр залуучуудад, хойч үедээ хоногшуулах том зорилго бий. Өнөөдөр хүмүүс Бетховен, Моцарт гэж мэддэг мөртлөө С.Гончигсумлаа, З.Хангал, Б.Шарав гэхээр мэдэхгүй байна. Тэгэхээр тэдний бүтээлийн тухай байнга ярьж, хэлж, тоглож, эгшиглүүлж байж гэмээнэ сая хэн бүхэнд ойр болно. Энэ ч үүднээс бид Монголынхоо хөгжмийн зохиолчдын бүтээлээс мэдээж хүргээд явж байгаа. Энэ бол бидний нэгэн үүрэг.
-Танай хамтлагийн хувьд дэлхийн улс орнуудаар тоглолт хийгээд явбал мөн л болохоор шүү дээ. Тэр тал дээр ямар байр суурьтай байдаг вэ. Монголдоо бүтээлээ хүргээд явж болно л доо. Гэхдээ гадаад руу гарвал илүү амжилттай биш үү?
-Мэдээж болно л доо. Гэхдээ бидний хувьд айхтар тэгж гаднын улс руу тоглолт хийж явах бодолгүй байдаг. Манайхаас "Хү" хамтлагийнхан маань явж байна. Үнэхээр бахархалтай сайхан байдаг. Монгол өв соёлоо тээсэн, үндэсний хөгжмөө бахдуулан яваа олон ч хамтлаг, дуучид бий. Бидний хувьд заавал зэрэгцээд л зүтгэх нь тохиромжгүй санагддаг. Ер нь ч тийм бодол бараг үгүй. Монголдоо бүтээлээ хүргээд, өөр өөрсдийн юмаа хийгээд явах сайхан л байна.
-Тоглолтыг нь үзэхээр зорьж байгаа үзэгчдэдээ юу гэж хэлмээр байна вэ?
-Бидэнтэй 20 жил хамт байсан бүх хүнд баярлалаа. Сайхан тоглолтыг хүргэхээр бэлдэж байгаа. Тоглолтоо хүргэчихээд цаашид бид үргэлжилсээр байна. Манай хамтлагийн хувьд хийхээсээ өмнө ярих дургүй. Юмаа хийчихээд бүтээснээ ярих дуртай. Ингээд ажлын өдөр учир замын түгжрэлээ тооцоолоод ирээрэй.
| Д.МӨНХ-ОРГИЛ: АРДЫН УРЛАГ БОЛ МИНИЙ ХУВЬД ӨСӨХӨӨС СУРСАН ҮНДЭСНИЙ ХЭЛ |
|