• Өнөөдөр 2026-10-28

ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА: ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫГ НЬ СҮЙТГЭСЭН ГАДНЫН ИРГЭНД БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЖ, КОМПАНИЙГ 500 САЯ АМ.ДОЛЛАРООР ТОРГОЖ БАЙЖЭЭ

Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших Халх, Нөмрөгийн дархан цаазат газарт түймэр дэгдэж, тус улсын тусгай хамгаалалттай газрын 80 орчим хувь шатаад буй. Түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоохоор холбогдох байгууллагаас ажиллаж байгаа бөгөөд цахим сүлжээнд “Мобиком” компанийн удирдлага тэргүүтэй хүмүүс түймэртэй холбоотой байж болзошгүй талаар мэдээлсэн. Энэ талаар ч “Мобиком корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ясүхиро Очи уучлалт хүссэн мэдэгдэл хийж, “Хохирлын бодит тоо хэмжээ холбогдох байгууллагуудын шалгалтаар тогтоогдоно. Бид энэхүү үйл ажиллагаанд бүх талаар хамтран ажиллана. Шалгалтын үр дүн болон холбогдох хууль тогтоомжийн хүрээнд учирсан хохиролтой барагдуулахтай холбоотой шаардлагатай арга хэмжээг авах болно” гэж мэдэгдсэн. Мөн өнгөрсөн даваа гарагт Япон Улсын Засгийн газар Халх, Нөмрөгийн дархан цаазат газрыг сэргээхэд хамтарч ажиллах талаар тус улсын ЗГХЭГ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кихара Минору мэдээлээд байгаа юм.

          Тэгвэл бид үүнтэй холбогдуулан гаднын орны иргэн, ААН улсынх нь тусгай хамгаалалттай газрыг хохироож, сүйтгэсэн хэргүүдэд ямар шийтгэл ногдуулж байсан талаарх олон улсын жишгүүдийг хүргэж байна.

ХУВЬ ХҮНД НОГДУУЛСАН ЯЛ, ШИЙТГЭЛҮҮД

-ЧИЛИЙН ҮНДЭСНИЙ ПАРК ХОЁР УДАА ЖУУЛЧНЫ “ГАРТ” ШАТСАН НЬ-

Дэлхийн байгалийн найм дахь гайхамшиг гэггддэг, ЮНЕСКО-гийн шим мандлын нөөц газар Чили Улсын Патагонид орших Торрос-дель-Пайне үндэсний парк хоёр удаа жуулчдын хариуцлагагүй үйлдлээс болж түймэрт өртөж байжээ. Тодруулбал, тус парк нь уулархаг тогтоц, мөсөн гол, ховор ургамал амьтантай бөгөөд хүчтэй салхитай учир гал тархах магадлал өндөр юм байна.

          Эхний удаад, 2005 оны хоёрдугаар сард Чехийн жуулчин Иржи Смит гэгч тус паркийн зөвхөн зөвшөөрөгдсөн бүсэд хэрэглэх ёстой хийн зуухыг хориотой газар, салхитай үе асаах гэж байгаад гал алджээ. Үүний улмаас тус үндэсний паркийн 160 ам км ой шатаж, Чилийн өвөрмөц экосистем үнсэн нурам болсон байдаг. Түймэр эхлэх үед баривчлагдсан чех жуулчинг түймрийг бүрэн унтраасны дараа шүүхээр оруулжээ. Гэсэн ч Чилийн хуульд “экосистемд заналхийлсэн гадаад иргэнд ногдуул ял”-д яг таарсан зүйлчлэл байхгүйгээс жуулчинд бага хэмжээний мөнгөн торгуул ногдуулсан аж. Харин үүнтэй холбогдуулан түймрийн эхийг тавьсан жуулчны эх нутаг Чехийн Засгийн газраас албан ёсоор уучлалт гуйж, нөхөн сэргээлтийн ажилд зориулж, 200 мянган ам.долларын тусламж үзүүлж байжээ.

Харин хоёр дахь удаад нь 2011 оны арванхоёрдугаар сард Торрос-дель-Пайне үндэсний паркт аялж байсан Израилийн жуулчин Ротенберг Ротем гэгч хэрэглэсэн ариун цэврийн цаасаа ил шатааж байгаад гал алдаж, сэргээгээд ердөө зургаан жил болж байсан ой дахин галд автаж, түүний улмаас 170 ам км газар үнсэн товорго болжээ. Хоёр дахь удаагийн түймэр нь өмнөхөөсөө их хэмжээний талбай эзлээд зогсохгүй олон нэн ховордсон ургамлын аймгийг устгаад байсан бөгөөд түймрийг унтраахаар Чилийн армийн цэргүүдээс гадна Аргентинаас гал сөнөөгчид илгээн 500 гаруй аврагч, гал сөнөөг хэдэн долоо хоног ажилласны эцэст унтраасан байдаг. Харин гал алдсан Израилийн жуулчинд шууд хорих ял төлөвлөөд байсан ч олон улсын дипломат харилцаа, гэрээтэй холбоотойгоор ялыг нь хөнгөлж, 10 мянган ам.долларын торгуул, Чилиэс гарах эрхийг нь хориглож, түймэр тавьсан паркийн байгаль орчныг хамгаалах сургалтыг өөрийн зардлаар санхүүжүүлэх, тус паркт өөрийн биеэр ажиллаж ял ногдуулж байжээ. Хэрэв тус паркийн сургалтыг санхүүжүүлэх, ажиллах нөхцөлийг биелүүүлээгүй тохиолдолд шууд хорих заалттай байсан аж.

-АМЕРИКИЙН ПАРКТ ПЕЙНТБОЛЛООР БУУДАЖ, ХУУЛИЙН ДЭЭД ХЭМЖЭЭ АВСАН ГЕРМАН ЖУУЛЧИД-

АНУ-ын Калифорни мужид орших Жошуа Три үндэсний цэцэрлэгт хүрээлэн бол олон сая жилийн түүхтэй хад чулууны тогтцоороо алдартай Холбооны тусгай хамгаалалттай газар нутаг. Гэсэн ч 2024 онд тус цэцэрлэгт хүрээлэнд аялж байсан Германы гурван жуулчин паркийн түүхэн дурсгалт байгууламж, чулууны тогтоц руу пейнтболлын буугаар санаатайгаар буудаж, вандализм үйлдсэн хэрэг гарсан. Энэ үйлдлийнхээ дараа цагдаагийн байгууллагынханд баривчлагдсан герман жуулчид “Хөгжилтэй тоглоом, дурсгалын зураг авалт” хэмээн тайлбарласан байдаг. Харин Холбооны шүүх болон Хүрээлэн буй орчныг хамгаалах албанаас “Холбооны өмчийг санаатайгаар сүйтгэж, доромжилсон” хэмээн жуулчдын хэргийг хүнд гэмт хэрэг гэж үзсэн. Улмаар жуулчдад ялын хөнгөлөлт үзүүлээгүй бөгөөд бүгдэд нь 6-12 сар хүртэлх хугацаагаар хорих ял ногдуулж, хүн тус бүр 5000 ам.долларын торгуул тавьсан. Хожим герман жуулчид хорих ялаа эдэлж дуусгасны дараа бүгдийг нь АНУ-аас албадан гаргаж, дахин нэвтрэх эрхийг нь бүрмөсөн хориглосон байна.

-ХУУЛЬ БУС “ЗАГАСЧДАД” 1-3 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ НОГДУУЛДАГ-

Чарльз Дарвины хувьслын онолыг нээсэн өлгий нутаг, дэлхийн хамгийн чанга дэглэмтэй, тусгай хамгаалалттай газар болох Галапагосын арлуудад гадаадын иргэд, хууль бус загасчид нэвтрэх нь нэгэн үе ихэссэн байна. Тухайлбал, Европ болон Азийн орнуудын жуулчид, хууль бус наймаачид тус арлын уугуул амьтан болох аварга яст мэлхийн өндөг, мах, нэн ховор далайн хавны арьсныг авахаар санаархдаг гэнэ. Үүнтэй холбоотойгоор хууль бус ан, хууль бус анг хил давуулах хэрэг хяналтаас гараад байсан бөгөөд тус арлуудыг хариуцдаг Эквадор Улсаас хамгаалалтаа чангатгаж, олон хууль бус загасчин баривчилсан байдаг. Ингэхдээ Галапагосын экосистемд заналхийлсэн, арлын уугуул амьтдыг алсан, гэмтээсэн, хууль бусаар тээвэрлэсэн, тээвэрлэхийг завдсан иргэдэд хамгийн багадаа нэг жилийн хорих ялаас эхлэн таван жилийн хорих ял ногдуулжээ. Хорих ялаас гадна 10-50 мянган ам.долларын торгуул ногдуулсан байна.

УЛС, КОМПАНИД НОГДУУЛСАН ЯЛ, ШИЙТГЭЛ

-КОСТА РИКАГИЙН ЭСРЭГ НИКАРАГУА БУЮУ ОЛОН УЛСЫН ТҮҮХЭН ШҮҮХ ХУРАЛ-

Никарагуа Улс болон Коста Рика Улсын хилийн заагт орших Исла Портильос нь олон улсын Рамзарын конвенцоор хамгаалагдсан хосгүй чийглэг, намгархаг газар нутагтай онгон ширэнгэн ой юм. Гэсэн ч 2010 оны сүүлчээр Никарагуаны засаг захиргаа Сан Хуан голоос Харубор Хэд нуур руу суваг шуудуу татаж, далай руу гарах шинэ зам гаргахаар тус хамгаалалттай бүс рүү цэргийн анги салбаруудаа оруулан хүнд техникээр онгон байгалийг ухаж эхэлсэн байна.

Ингэхдээ Никарагуаны цэргийнхэн суваг ухаж байхдаа 300 орчим наст ховор модыг тастаж, ширэнгэн ойн ургамалжилтыг бараг бүрмөсөн зогсоож, хөрсийг нь сэндийчэн хаяжээ. Мөн ургамалжилт нь зогссон зэргээс үүдэн тус ширэнгэд амьдардаг олон аймгийн шувуу, ховор мөлхөгчид дайжин зайлсан гэнэ. Улмаар Коста Рикагийн зүгээс 2010 оны арваннэгдүгээр сард НҮБ-ын харьяа Олон улсын шүүхэд гомдол гаргасан байдаг. Гэсэн ч бодит үр дүнд хүрэлгүй явсаар 2015 онд Олон улсын шүүхээс Исла Портильосыг Коста Рикагийн нутаг дэвсгэр мөн гэж үзэн Никарагуа улсыг байгаль орчны хохирлоо нөхөн төлөх үүрэгтэй гэж шийдвэрлэжээ.

Тухайн үед Коста Рикагийн зүгээс байгаль орчинд шууд учирсан хохирол болон нөхөн сэргээх зардалд нийт 6.7 сая ам.доллар нэхэмжилсэн ч Никарагуагийн зүгээс “Байгаль орчин өөрөөрөө сэргэж байгаа. Бидний зүгээс 27-35 мянган ам.доллар өгнө” гэж марган хоёр тал тохиролцож чадаагүй учир дахин шүүх хуралдах болжээ. Ингэсээр хоёр тал тохиролцоонд хүрч чадалгүй явсаар 2018 оны хоёрдугаар сарын 2-нд Олон улсын шүүхээс Никарагуа Улсыг Коста Рикад нийт 378,890.59 ам.доллар төлөх эцсийн шийдвэр гарснаар найман жилийн турш маргасан олон улсын шүүхийн түүхэн шүүх хурал эцэс болсон байдаг.

-ВЬЕТНАМЫН ДАЛАЙН СҮЙРЭЛ БА БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ-

Тайванийн хөрөнгө оруулалттай “Formosa Ha Tinh Steel” компани Вьетнам Улсын тэнгисийн эрэг орчимд гангийг үйлдвэрлэл явуулдаг байжээ. Гэсэн ч том компани үйлдвэрийн хорт хаягдлаа ямар нэгэн шүүлтүүргүйгээр, хууль бусаар шууд далайд асгасан ноцтой хэрэг ил болсон байна. Тодруулбал, “FHS” буюу “Formosa Ha Tinh Steel” компани нь нууцаар далайн гүн рүү хоолой гаргаж, тус хоолойгоороо усанд фенол, цианид, төмрийн гидроксид зэрэг маш аюултай хорт бодисыг их хэмжээгээр цутгаж байсан нь шалгалтын явцад ил болжээ. “FHS” компанийн энэ үйлдлийн улмаас Вьетнамын далайн экосистем бүхэлдээ сүйрч, экосид буюу экологийн сүйрэл нүүрлэж, 200 км гаруй үргэлжлэх эрэг орчмын бүх загас, далайн амьтад тэр чигтээ үхэж, олон мянган загасчин ажилгүй болжээ.

Тухайлбал, далайн эрэг дээр ойролцоогоор 115 тонн үхсэн далайн амьтан гарч ирсэн бөгөөд тус далай дотор олон зууны турш ургаж байсан шүрэн хадны 40 гаруй хувь нь бүрмөсөн үхсэн байна. Түүнчлэн тус бүсийн 40 мянга гаруй загасчин, далайн бүтээгдэхүүүн боловсруулах салбарын 176 мянга гаруй иргэн шууд ажил, орлогогүй болсон бөгөөд тухайн бүсээс загас барих, далайн гаралтай бүтээгдэхүүн хүнсэнд хэрэглэхийг бүрмөсөн хориглосноор аялал жуулчлал, экспортын салбар нь хүнд цохилтод орж, тэр далайн эргийн бүс “хогийн цэг” шахуу болсон юм.

Улмаар Вьетнамын Засгийн газраас экосистемийн сүйрэлд “FHS” компанийг буруутгахад тус компанийн зүгээс буруугаа хүлээхээс татгалзаж байсан аж. Харин Вьетнамын Засгийн газар олон улсын 100 гаруй эрдэмтэн, мэргэжилтнийг оролцуулсан Ажлыг хэсэг байгуулж, нотлох баримтууд цуглуулан дахин шүүхэд дууджээ. Ингэснээр “FHS” компанийн удирдлагууд 2016 оны зургадугаар сард Вьетнамын ард түмнээс албан ёсоор уучлалт гуйж, шүүхээс оноосон 500 сая ам.долларын нөхөн төлбөрийг төлөхийг зөвшөөрсөн байна. Түүнчлэн тус улсын Эрүүгийн хуулийн 278 дугаар зүйлд (Environmental Crimes) зааснаар байгаль орчныг санаатайгаар хордуулж, хүний амь нас, эрүүл мэнд, экосистемд нөхөн сэргээгдэшгүй хохирол учруулсан этгээдэд бүх насаар нь хорих, эсвэл цаазаар авах ял оноохоор заасан байдгийн дагуу ажиллагаа явуулан “FHS” компанийн тайвань захирлууд болон Вьетнам талын удирдах албан тушаалтнууд баривчилж, экосистем сүйрүүлэхэд хамгийн их нөлөөлсөн нэг удирдах албан тушаалтанд бүх насаар нь хорих ял ногдуулж, зарим инженер, менежерт 10-20 жилийн хорих ял оноожээ. Цаашлаад, тус үйлдвэрт зөвшөөрөл олгосон болон хяналт тавьж чадаагүй Вьетнамын Байгаль орчны сайд асан Нгуен Минь Куанг, Ха Тинь мужийн дарга асан Во Ким Ку тэргүүтэй төрийн 11 өндөр албан тушаалтныг ажлаас нь халж, торгуул ногдуулсан байдаг.

 


ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА: ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫГ НЬ СҮЙТГЭСЭН ГАДНЫН ИРГЭНД БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЖ, КОМПАНИЙГ 500 САЯ АМ.ДОЛЛАРООР ТОРГОЖ БАЙЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188