• Өнөөдөр 2026-10-28

Т.ЭНХЖИН ДЭЛХИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАНА

2026-10-28,   62

Казахстан Улсын Астана хотод насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн “Астана-2026” дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэлсэн. Эрэгтэйчүүдийн 57 дахь, эмэгтэйчүүдийн 38 дахь удаагийн ДАШТ аравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөнө. ДАШТ-ий эхний өдөр эмэгтэйчүүдийн 50, 57, 65, 76 кг-ын жингийн хэсгийн болон хагас шигшээгийн барилдаан боллоо.  Дэлхийн аваргын дэвжээнд Монгол Улсаа төлөөлөн, ДАШТ-ий медальтай манай дөрвөн тамирчин барилдсан.  ДАШТ-ий мөнгө хүрэл медальт, МУГТ Долгоржавын Отгонжаргал 50 кг-ын жинд, ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Батхуягийн Хулан 57 кг-ын жинд,  ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Түвшинжаргалын Энхжин 65 кг-ын жинд,  ДАШТ-ий мөнгөн медальт, Ази тивийн аварга, ОУХМ Энх-Амарын Даваанасан 76 кг-ын жинд тус тус барилдлаа.

Т.ЭНХЖИН ДЭЛХИЙН АВАРГЫН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАХААР БОЛОВ

    "Астана-2026” чөлөөт  бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 65 кг-ын хагас шигшээд ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аваргын хошой мөнгөн медальт, ОУХМ Т.Энхжин,  ДАШТ-ий мөнгө, гурван хүрэл медальтай Молдавын Ирина Рингачи нар хүч сорив. Дэлхийн медальтнуудын эл барилдаанд Ирина Рингачи манай бөхийг даралтаар цэвэр ялж, ДАШТ-д хоёр дахь удаагаа финалдлаа.  Харин Т.Энхжингийн хувьд, Японы Нана Икехата болон Энэтхэгийн Ражнита нарын ялсантай нь ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Т.Энхжин ДАШТ-ий шөвгийн 16-д  Германы Анне Нюрнбергертэй хүч сорьж, 4:0-ээр илүүрхэж улмаар цэвэр дарж, ялалт байгуулсан. Шигшээ  наймын барилдаанд Т.Энхжин, эзэн орон Казахстаны тамирчин Бейбит Сейдуалытай барилдаж, 3:1-ээр хожсон юм.

Э.ДАВААНАСАН 76 КГ-ЫН ЖИНД  ДАГАХ БАРИЛДААН ХИЙНЭ

    Чөлөөт бөхийн "Астана-2026"  ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 76 кг-ын жингийн шөвгийн 16-д  ДАШТ-ий мөнгөн медальт, Ази тивийн аварга ОУХМ Э.Даваанасан, ОХУ-ын Марииа Силинатай хүч үзэж 11:2-оор ялалт байгуулснаар шигшээ наймд шалгарч  үлдсэн.  Улмаар шигшээ  наймын барилдаанд  өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга Энэтхэгийн 18 настай залуу тамирчин Кажал Кажалтай хүч сорьсон.

“U20” ангиллын дэлхийн хошой аварга Кажал уг барилдаанд 9:2-оор манай бөхийг ялж, хагас шигшээд шалгарч үлдсэн. Кажал хагас шигшээ барилдаанд Киргизстаны Айпери Медет Кизиг ялсан учир ОУХМ Э.Даваанасан дагах тойрогт барилдах эрхтэй болсон.

Энэтхэгийн Кажал, Украины Анастасия Алпееватай дэлхийн аваргын алтан медалийн төлөө барилдана.  Харин дагах тойргийн  барилдаанд  ОУХМ Э.Даваанасан, Литвийн Камиле Гаукайтетэй хүч сорин өрсөлдөх юм. Ялсныг нь хүрэл медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий гурван  медальтай, Киргизстаны Айпери Медет Кизи хүлээж байна.

Б.ХУЛАН 57 КГ-ЫН ЖИНГИЙН ДАГАХ ТОЙРГИЙН БАРИЛДААН ХИЙНЭ

    Чөлөөт бөхийн"Астана-2026"  ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн хэсгийн эхний барилдаанд  ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Б.Хулан, Бразилын тамирчин Жуллиа Пеналбертэй хүч үзэж 7:3-аар ялалт байгуулсан. Харин дараагийн тойрогт Ази тивийн болон Азийн наадмын аварга БНХАУ-ын тамирчин Хун Кэсинд оноогоор цэвэр ялагдсан.  Хятадын  Хун Кэсин дэлхийн аваргын алтан медалийн төлөө Японы Сена Нагамототой барилдахаар шалгарч үлдсэн тул ОУХМ Б.Хулан дагах тойрогт барилдах эрхтэй болсон. Б.Хулан дагах тойргийн барилдаанд 2026 оны Европын аварга, Польшийн Магдалена Лизевскатай барилдана. хийхээр болов. Хэрэв түүнийг ялж чадах юм бол Беларусийн Ирина Курочкинатай ДАШТ-ий хүрэл медалийн төлөө хүч сорих юм.

Д.ОТГОНЖАРГАЛ  ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНЭЭ ӨНДӨРЛҮҮЛЛЭЭ

     Чөлөөт бөхийн "Астана-2026"  ДАШТ-ий эмэгтэйчүүдийн  50 кг-ын жингийн хэсгийн барилдаанд  ДАШТ-ий хүрэл, хошой мөнгөн медальт, МУГТ Д.Отгонжаргал Марокко Улсын тамирчин Хажар Канебтай хүч үзэж 12:0-ээр ялалт байгуулснаар шөвгийн 16-д шалгарсан. Улмаар дараагийн тойрогт Польшийн Агата Голучовскаг 11:0-ээр оноогоор цэвэр ялсан юм. Тэрбээр шигшээ  наймын барилдаанд Казахстаны Зейнеп Баяноватай барилдсан.  Уг барилдаанд Азийн аварга болон Азийн наадмын хүрэл медальт Зейнеп Баянова, Д.Отгонжаргалыг  5:4-өөр ялж, хагас шигшээд шалгарсан. Казахстаны тамирчин Зейнеп Баянова хагас шигшээ барилдаанд  Энэтхэгийн тамирчинд ялагдсан учир МУГТ Д.Отгонжаргал дагах тойрогт барилдах эрхгүй болж ДАШТ-ийг өндөрлөж байна.

 

 

 

 


 

 


Т.ЭНХЖИН ДЭЛХИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188