• Өнөөдөр 2024-05-10

БИЛЛ ГЭЙТС: Хиймэл оюуны эрин үе эхэллээ

2023-06-13,   1356

               Дэлхийн бизнесийн магнат, “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гэйтсийн хиймэл оюун ухааны хөгжил, түүний талаарх бодлоо бичсэн нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна.

 

Би амьдралынхаа туршид ердөө хоёрхон удаа намайг хувьсгалч гэдгийг мэдрүүлсэн технологийн үзүүлэн үзэж байв.

                      Анх 1980 онд орчин үеийн бүх үйлдлийн систем, тэр дундаа Windows-ийн “эцэг” болсон график үйлдлийн системийн интерфейстэй “танилцаж” байлаа. Тэр интерфейсийг үзүүлсэн Чарльз Симони хэмээх гайхалтай программисттай суугаад ярилцаж эхлэхэд л хэрэглэгчдэд ээлтэй график үйлдлийн систем хийж болох бодол, санаа тархинд “шуурч” байсан сан. Харин эцэст нь Чарльз “Microsoft”-д орж, “Windows Microsoft”-ийн ноён нуруу болсон юм. Бидний тийн ярьж суусан нь компанийн ирэх 15 жилийн төлөвлөгөө байлаа.

Хоёр дахь том сюрприз өнгөрсөн жил тохиолдсон. Би 2016 онд “OpenAI”-ийн багийнхантай уулзсанаас хойш тэдний ахиц дэвшил намайг гайхшруулж орхисон юм. Өнгөрсөн жил буюу 2022 онд тэдэнтэй дахин уулзахдаа ахисан түвшний биологийн шалгалтад тэнцэх чадвартай хиймэл оюун ухаан сургах даалгавар өгсөн. Тэдэнд “Хиймэл оюунаа тусгайлан бэлтгээгүй асуултуудад хариулах чадвартай болго. Хэрэв үүнийг хийж чадвал жинхэнэ нээлт болно” гэсэн юм. Би энэ даалгавар тэднийг наад зах нь 2-3 жил завгүй байлгана гэж бодож байлаа. Гэтэл тэд ердөө сарын хугацаанд дуусгасан.

2022 оны есдүгээр сард “OpenAI”-ийн багийнхантай дахин уулзахдаа AP Bio хиймэл оюуны загвараас ахисан түвшний биологийн шалгалтын олон сонголттой 60 асуулт асуухад 59-ийг нь зөв хариулсан. Тэгээд ч зогсохгүй шалгалтын хариулт бичих зургаан асуултад гайхалтай хариу бичжээ. Шалгалтыг дүгнүүлэхээр авчирсан гаднын шинжээч биологийн шалгалт өгсөн хиймэл оюун GPT таван оноо авсан бөгөөд уг оноог коллежийн түвшний биологийн хичээлээр авч үзвэл А, А+ үнэлгээ авсан гэсэн үг. Тэр хиймэл оюун шалгалтыг саадгүй давахад нь би шинжлэх ухааны бус “Өвчтэй хүүхэдтэй аавд юу гэж хэлбэл болох вэ” гэсэн асуулт асуухад тэр өрөөнд байсан биднээс хэнээс нь ч илүү сайн хариулт өгсөн юм. Түүний хариулсан бүхэн гайхалтай байв. Яг тэр үед л би график үйлдлийн системийн интерфейсээс хойш дахин маш гайхалтай ахиц дэвшил харснаа мэдэрсэн. Харсан зүйл маань намайг ойрын 5-10 жилд хиймэл оюун хэрхэн хөгжиж, юу хийх талаар бодоход хүргэсэн.

 

AI буюу хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд микропроцессор, компьютер, интернэт, гар утас бүтээхтэй ижил суурь хэрэгтэй. Тэр нь хүмүүсийн ажиллах, сурах, аялах, эрүүл мэндийн үйлчилгээ авах, бусадтай харилцахыг ч өөрчлөх болно. Олон үйлдвэр хиймэл оюуныг сонирхож, энэ салбарыг чиглэж байна. Бидний ирээдүй бизнес эрхлэгчид үүнийг хэр сайн ашиглахаас хамаарах болно.

                  Жишээ авч үзэхэд, буяны ажил бол бүтэн цагийн ажил. Тэгвэл үүнийг хэрхэн илүү үр дүн, бүтээмжтэй байхад хиймэл оюун ухааныг ашиглаж болох вэ. Зарим тохиолдолд хиймэл оюун дэлхий дээрх тэгш бус байдлыг ч бууруулж магад. Хамгийн тэгш бус байдал эрүүл мэндийн салбарт байдаг. Дэлхийд жил бүр таваас доош насны таван сая хүүхэд нас барж байна. Уг тоон үзүүлэлт 20 жилийн өмнөхөөс 10 саяар буурсан ч цочирдмоор өндөр хэвээр байгаа. Нас барсан хүүхдүүдийг авч үзвэл, ядуу, буурай оронд төрж, суулгалт, хумхаа зэрэг урьдчилан илрүүлж, эмчилж болдог өвчнөөс болж амиа алдсан байх юм. Тиймээс ч яг энэ цаг үед хүүхдийн амийг аврахаас илүү хиймэл оюун ухааныг ашиглах талаар ярих нь хэцүү. Гэсэн ч энэ асуудлуудыг шийдвэрлэхийн тулд хиймэл оюун ухаан том нөлөө үзүүлж магад.

Товчхондоо, хиймэл оюун ухаан Гэйтсийн сангийн онцлон ажиллаж байгаа асуудлуудад ямар гаргалгаа гаргаж, нөлөө үзүүлсэн нь анхаарал татсан. Дэлхий нийт хиймэл оюун ухааныг зөвхөн чинээлэг хүмүүс хэрэглэдэг бус, хүн бүр түүний ашиг тусыг хүртэхийг харах болно. Хиймэл оюун цаашид тэгш бус байдлыг бууруулж, Засгийн газрын ажил болон буяны үйлд гол үүрэг гүйцэтгэх байх. Энэ бол миний хиймэл оюун ухаантай холбоотой ажлыг тэргүүлэх чиглэл. Хиймэл оюун ч гэсэн бодит алдаа гаргадаг. Гэхдээ хиймэл оюун ухааны хийж чадах зүйл хүн төрөлхтний амьдрал, боловсрол, ирээдүй зэрэгт хэрхэн чухал нөлөө үзүүлэхийг дэлгэрэнгүй тайлбарлая.

 

ХИЙМЭЛ ОЮУНЫГ ТОДОРХОЙЛБОЛ

Технологийн хувьд хиймэл оюун ухаан гэдэг тодорхой асуудлыг шийдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх нэр, томъёог хэлнэ. Сүүлийн үед олон улсад идэвхтэй хэрэглэгдэх болсон “ChatGPT” зэргийг хиймэл оюун сайжруулж, хүчирхэгжүүлж байгаа. Мөн өөрөөр хиймэл оюун нь аливаа хичээл, даалгаврыг сурах чадвартай программ хангамж ч гэж хэлж болно. Эрдэмтдийн олон жилийн эрэл болсон AGI буюу ерөнхий хиймэл оюун ухаан хараахан бий болоогүй байгаа ч түүнийг бүтээх боломжтой эсэх тооцооллын салбарт хүчтэй маргаан өрнөж буй.

Тооцооллын салбарын хамгийн том мөрөөдөл бол хиймэл оюун, ерөнхий хиймэл оюуныг хөгжүүлэх. Хэзээ компьютер тооцоо хийхээс өөр зүйлд хүнээс илүү болох вэ гэсэн асуулт хэдэн арван жилийн турш үргэлжилсэн. Одоо хиймэл оюунд сурах технологи, их хэмжээний тооцоолох хүчийг өгч чадвал бодит байдлаа олно. Цаашаа тэд өөрсдөө сайжирна.

 

АЖЛЫН БҮТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД

Сүүлийн үед идэвхтэй ашиглагдаж буй “ChatGPT” үр дүнгээ өгч байгаа ч түүнийг хэрэглэх боломжгүй борлуулалт, баримт бичиг боловсруулалт, даатгал, нэхэмжлэлийн маргаан зэрэг олон ажил бий. Хүний хийж буй ажил шийдвэр гаргахыг шаарддаг боловч тасралтгүй сурахыг шаарддаггүй. Корпорациудын хэрэгжүүлдэг ч амжилтад хүрдэггүй үйл ажиллагааны тусгай хөтөлбөрийг хиймэл оюун ухааныг сургахад ашиглах боломжтой гэж харж байна.

                         Зах зээлд үйлдлийн систем хямдрах тусам “GPT”-ийн хэрэглээ аяндаа олон төрлийн ажилд уусаж, ажилчин ангийн нэг ч болох боломжтой. Бүр ойртуулж, “Microsoft”-оор жишээ авбал, “Office” программын үйлдлийн системд хиймэл оюун бүрэн суувал таны мэйл бичих, уншиж, хянахаас эхлэн бүгдийг нь хөнгөвчлөх юм. Бид компьютерээ ашиглахын тулд заавал товчлуур дардаг бус юу хийхээ компьютертээ хэлдэг болно. Тэгэхдээ дэлхийн аль ч хэлээр хэлэх боломжтой байх. Хиймэл оюун нь хэрэглэгчдээ илүү хялбар болгохын тулд дэлхийн аль ч хэлийг сурч чадна гэсэн үг. Дээр дурдсанчлан тэгш бус байдлыг арилгахад хиймэл оюун хүн төрөлхтөнд туслахын зэрэгцээ дэлхийн эрүүл мэнд, боловсролыг анхаарвал зохистой.

 

ЭРҮҮЛ МЭНД

Хиймэл оюун ухаанаар дэлхийн эрүүл мэнд, эмнэлгийн салбарыг сайжруулах хэд хэдэн арга зам хайж байгаа. Тухайлбал, эрүүл мэндийн ажилтнуудад даатгалын нөхөн төлбөр өгөх, бичиг баримт бүрдүүлэх, эмчийн үзлэгийн тэмдэглэл боловсруулахыг хиймэл оюун хийж, нарийн мэргэшлийн эмчид цаг гаргаж өгч чадна. Мөн дээр дурдсан тав хүртэлх насныхны нас баралтын гол шалтгаан эмнэлэгт үзүүлж чаддаггүй байсантай холбоотой. Хэрэв хиймэл оюун үүнд анхаарвал наад зах нь анхан шатны шинжилгээ хийх, эрүүл мэндийн асуудлаа хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөгөө өгөх зэргийг хийж, бусад илүү нарийн ажлыг эмч нарт үлдээж болно. Хиймэл оюун төгс биш, алдаа гаргадаг ч ерөнхий ашигтай хувилбаруудыг гаргаж ирж байгааг үнэлэх ёстой. Ялангуяа эмнэлэг, эрүүл мэндийн салбарт хиймэл оюун ухааныг сургаж, ашиглах гэж байгаа бол илүү хянуур, болгоомжтой хандах нь зүй. Өөрөөр хэлбэл, цаг хугацаа шаардагдана.

Хиймэл оюун тусламж, үйлчилгээ үзүүлэх төдийгүй анагаах ухааны шинэ ололт, амжилтад үнэтэй хувь нэмэр оруулж магад. Одоо ч тэр зарим компани хиймэл оюуныг ашиглан хорт хавдрын эм бүтээхээр ажиллаж байгаа. Миний хэлэх гээд байгаа зүйл юу вэ гэхээр, хиймэл оюуныг одоо ч ашиглаж болох хэдий ч эмнэлэг, эрүүл мэндийн салбарт суралцаж, ажилласан хиймэл оюуны дараагийн үеийн эмнэлгийн хэрэгслүүд илүү дэвшилтэт болох хэрэгтэй.

 

БОЛОВСРОЛД

Компьютерийн салбарынхны найдаж байсан шиг бидний салбар хүн төрөлхтний боловсролд тийм ч нөлөө үзүүлж чадаагүй. Мэдээлэл, боловсрол олох тоглоом, танин мэдэхүйн “Wikipedia” зэрэг цахим эх сурвалжтай болсон ч хүн төрөлхтний оюунд хувь нэмэр болох, сурагчдын амжилтад нөлөө үзүүлэх юу ч бий болоогүй. Гэсэн ч би ойрын 5-10 жилийн хугацаанд хиймэл оюун суурилсан программ хангамж хүмүүсийн сурах, заах арга барилд хувьсгал хийнэ гэж бодож байна. Хиймэл оюун таны сонирхол, сурах арга барилыг тогтоон танд тохирсон сургалтын төлөвлөгөө боловсруулах боломжтой. Одоо ч гэсэн багш нар “ChatGPT”-г ашиглан хүүхдүүддээ даалгавар өгч байгаа бөгөөд хиймэл оюун хэдийнэ боловсролын салбартай хөл нийлүүлсэн.

 

ХИЙМЭЛ ОЮУН УХААНТАЙ ХОЛБООТОЙ ЭРСДЭЛ БОЛОН АСУУДЛУУД

Магад та урьд өмнө нь хиймэл оюун ухааны эрсдэл, түүнтэй холбоотой асуудлуудын талаар уншиж байсан байх. Жишээлбэл, “Тэд хүний хүсэлтийг бүрэн ойлгож, сайн хариу өгөх албагүй бөгөөд үүнээсээ шалтгаалан зарим үед хачирхалтай үр дүнд хүрнэ” гэхчлэн. Та хиймэл оюунаас ямар нэгэн хийсвэр зүйл зохиох, зохион бичлэг хийхийг хүсвэл тэр сайн хийж чадна. Гэсэн ч үнэндээ түүнд хүний хүсэлтийн агуулгыг бүрэн дүүрэн ойлгох үүрэг үгүй.

                   Хиймэл оюун хийсвэр сэтгэлгээтэй тулгардаг учир ямар тохиолдолд математикийн бодлогод буруу хариулт өгдөг вэ гэх мэт асуудал бий. Гэхдээ эдний аль нь ч хиймэл оюуныг хязгаарлаж чадахгүй. Одоо хөгжүүлэгчид уг асуудалд санаа тавин ажиллаж байгаа бөгөөд хоёр жил хүрэхгүй хугацаанд нь  багтаж илүү сайжруулж магад гэж бодож байна.

Хэт ухаалаг хиймэл оюун ухаан бол бидний ирээдүй. Хиймэл оюун хяналтгүй болох магадлал бий. Гэсэн ч бидний ашиг, сонирхол, хүслээр үл хамаарах хиймэл оюунд санаа зовох нь хойгуур тавигдах зүйл. Компьютертэй харьцуулахад бидний тархи эмгэн хумсны хурдаар ажилладаг бололтой. Хэрэв хөгжүүлэгчид сургалтын алгоритмыг нэгтгэж, компьютерийн хурдаар  ажилладаг болговол бид 10 эсвэл 100 жилийн дараа гайхалтай хүчирхэг ерөнхий хиймэл оюун ухаантай болж чадна. Миний хэлээд буй ерөнхий хиймэл оюун нь хүний тархи хийж чадах бүх зүйлийг хийх чадвартай зүйл. Түүнд ямар ч хязгаар үгүй. Ерөнхий хиймэл оюун ухааныг “өлгийдөх” үе бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том өөрчлөлт байх болно.

 

ДАРААГИЙН ХИЛ, ХЯЗГААРУУД

Миний хэлж чадах зүйл бол, хиймэл оюун ухааны сэдэв ойрын ирээдүйд олон нийтийн хэлэлцүүлэг, ярилцлагын гол сэдэв болно. Тэр үед яригдана гэж таамаглаж буй хиймэл оюуны гурван зарчмыг уншигч тантай хуваалцая.

Хүмүүсийн хиймэл оюуны сул талуудаас айх айдсыг өөрчилж, шинэ технологио байж болох хамгийн сайнаараа ажиллуулахыг хүсвэл эрсдэлээс хамгаалж, аль болох хүнд ашиг, тусыг нь хүргэх хэрэгтэй. Хоёрдугаарт, Засгийн газрууд болон тусламжийн байгууллагууд хиймэл оюунд найдвартай санхүүжилт хийвэл тодорхой хэмжээнд тэгш бус байдлыг бууруулж чадна. Гэхдээ энэ талаар бодоход надад ч үнэхээр сонирхолтой байна. Шударга бус байдлыг харахын тулд ёс суртахууны мэдрэмжтэй байх шаардлагатай юу эсвэл цэвэр ухаалаг хиймэл оюун үүнийг харах уу. Хэрэв хиймэл оюун шударга бус байдлыг байх ёстой хэмээн хүлээн зөвшөөрвөл яах вэ.

Эцэст нь, хүн төрөлхтөн хиймэл оюуны ухааны хийж чадах зүйлсийг дөнгөж захаас нь харж эхэлж байна. Би дэлхийн компьютер, интернэтийн хувьсгалд өөрийн биеэр оролцсондоо баяртай байдаг. Тэгсэн ч хиймэл оюун ухаан илүүтэй хөгжсөн одоо үед дахиад л сэтгэл хөдөлж эхэллээ. Би AI буюу хиймэл оюун ухаан гэх нэртэй шинэ технологи дэлхийн хаана ч байлаа хүмүүст амьдралаа сайжруулахад нь туслаасай гэж найдаж байна.

 


БИЛЛ ГЭЙТС: Хиймэл оюуны эрин үе эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-14 12:30:50
    Сүрэн: Ирээдүй
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188