• Өнөөдөр 2024-05-07

БАГШ, ШАВЬ ХОЁРЫН ХАЛУУН ХӨӨРӨЛДӨӨН

2023-08-27,   6624

             “Д.Дамдин аваргын хүү Баяраа гайхалтай хөл авдаг байсныг мэдэхгүй хүн ховор. Д.Баяраа заан энэхүү мэхээ надад зааж байлаа. Би харин шавь Г.Ганхуягтаа өвлүүлэн заасан. Энэ жилийн баяр наадмаар шавь минь улсын өндөр цолонд хүрээд би хөл газар хүрэхгүй баяртай байна. Наадмын өдрүүдэд яах ухаанаа олохгүй сандарч явсан даа” хэмээн ярих энэхүү эрхэм бол Гавьяат дасгалжуулагч, боловсролын ухааны доктор Б.Баяраа. 2016 оны олимпын наадмын сүүлчийн өдөр Г.Мандахнаран Узбекистаны бөх Ихтиёр Наврузовтой хүрэл медалийн төлөө барилдаж, шүүгчийн буруугаас үүдэн ялагдсаны дараа Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нар дэвжээнд гарч, шүүлтийг эсэргүүцэн хувцсаа тайлан шидэж байсан дүр зургийг бөхдөө хайртай монголчууд одоо ч мартаагүй билээ. Шударга бусыг эсэргүүцсэн энэхүү үйлдлээр нь түүнийг хайрладаг, хамгаалдаг, бахархдаг бүхэл бүтэн үндэстэн бий. Тэрбээр Эргэлт.мн мэдээллийн сайтын энэ удаагийн “Эр бор харцага” буланд Монгол Улсын харцага Г.Ганхуягийн хамт оролцлоо. Багш, шавь хоёрын хэрхэн танилцаж, амжилтын төлөө хэчнээн их хөдөлмөр зарцуулдаг, хэрхэн нөхөрлөдөг талаарх дурсамжтай, сургамжтай хөөрөлдөөнийг уншигч танд хүргэж байна.

 -Та хоёрт юун түрүүнд энэ өдрийн мэнд хүргэе. Монгол түмний бахархал, бахдал болж, олон сайхан амжилт үзүүлж буйд нь нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе.

           -Б.Баяраа: Баярлалаа. Бидний ярилцлагыг уншин суугаа монголчууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Бөхөө хүндэлж, хайрладаг, ёс уламжлалаа дээдэлдэг манай ард түмэн сайхан наадлаа. Наадмын дараа намар гэдэг налайсан шаргал намар эх оронд минь болж байна. Удахгүй чөлөөт бөхийн ДАШТ-д оролцохоор тариан түрүү шаргалтсан энэ сайхан өдрүүдэд шавийнхаа бэлтгэл, сургуулилалтыг хангаж буйдаа ихэд бэлгэшээж байна.

           -Г.Ганхуяг: Баярлалаа. Монголчууд та бүхэн минь сайхан намаржиж байна уу. Энэ жил сайхан барилдаж, түмэн олноо цэнгүүлж чадсандаа баяртай байна. Одоо ДАШТ-д оролцохоор бэлтгэлээ шаргуу хийж байна. Үргэлж арыг минь дааж тусалж, дэмждэг хүн бүхэнд баярлалаа, багшдаа баярлалаа. “Ганц мод гал болдоггүй. Ганц хүн айл болдоггүй” гэдэг шүү дээ. Миний амжилт бол ганц минийх биш. Тамирчин хүн ганцаараа амжилт гардаггүй. Нэг тамирчны амжилтын ард бүхэл бүтэн баг ажиллаж байдаг. Тэднийхээ хүч, тусламжаар л өдий зэрэгтэй явна даа.

 

Би ч шавийнхаа авчирч өгсөн шинэ саамыг уугаад бие сайхан тэнхэрч байсан.

-Г.Ганхуяг харцагын хувьд багштайгаа хэрхэн танилцаж байсан бэ. Анх танилцаж байсан сайхан дурсамжаа хүүрнээч?

           Б.Баяраа: -Риогийн олимпын циклд ажиллаж байхад улсаас даалгавар өгч, Ховд аймагт зохиогдож буй тэмцээнийг ажиглаж, багш нарт нь сургалт, семинар орох үүрэг даалгавар өгсөн. Тэр дагуу эх орны баруун хязгаар нутаг Ховд аймагт долоо хоног ажилласан. Тухайн үед өсвөр үеийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн зохиогдож байлаа. Тэмцээн дууссаны дараа сургалтаа орж, дуусаад буцах гэж байтал Гантогтох багш надтай уулзаад “Бөх болох сайхан хүү байгаа. Та энэ хүүг хот руу дагуулж яваад бэлтгэлийг нь хариуцан бөх болгоод өгөөч” гэсэн. Тэгээд би тухайн үед Г.Ганхуяг руу утас цохиж “Чамайг надад Гантогтох багш чинь даатгалаа. Үүнээс хойш хоёулаа хамтарч ажиллах юм байна” гэсэн дээ. Хотод ирээд өөрийн дугуйландаа бүртгэж аваад бэлтгэлээ эхэлсэн түүхтэй. Барилдах авьяастай, хөдөлмөрч жин нь 80 кг хүрэх үгүйтэй, босоо өрөөтэй хүүхэд орж ирсэн. Риогийн олимпод оролцох шигшээ багийн тамирчдыг давхар хариуцаж байсан болохоор Г.Ганхуягийгаа дагуулаад л явдаг байсан даа. Г.Ганхуяг маань албан ёсны шигшээ багийн тамирчин биш байсан болохоор би өөрийнхөө өглөө, өдөр, оройн хоолноос илүүчилдэг байлаа. Шавь минь шигшээ багийнхантай бэлтгэл хийхээс гадна ах нартаа мэх давтахад нь их тусархуу, сэтгэлээсээ ханддаг хүү байсан. Энэ чанар нь надад их таалагддаг байв. Үүнээс гадна Баян буурлын амралтад бэлтгэлд гараад байлаа. Хоёр, гурван километр зайтай нэг гүү барьсан айл харагдсан. Тэгэхээр нь би Г.Ганхуягтаа “Тэр айлаас багшдаа жаахан саам аваад ирээч. Багшийнх нь бие жаахан муу байна” гэсэн. Гэтэл шавь минь тэр айлыг гүүгээ саах болгонд очиж, хоёр сав саам багшдаа авчирч өгдөг байв. Энэ бол багшийгаа хүндэлж хайрлаж байгаа хэлбэр шүү дээ. Би ч шавийнхаа авчирч өгсөн шинэ саамыг уугаад бие сайхан тэнхэрч байлаа.

Би багштай утсаар ярьж анх танилцсан. Утсаар ярьж байгаад багш “Миний хүү байж байгаарай багш нь гурав хоногийн дараа очно” гээд тасалсан. Яг гурав хоногийн дараа багш залгаад “Спортын төв ордон дээр хүрээд ир” гэсэн.

           Г.Ганхуяг: -Би багштай утсаар ярьж анх танилцсан. Утсаар ярьж байгаад багш “Миний хүү байж байгаарай багш нь гурав хоногийн дараа очно” гээд тасалсан. Яг гурав хоногийн дараа багш залгаад “Спортын төв ордон дээр хүрээд ир” гэсэн. Намайг яваад очтол багш хэдийнэ ирчихсэн биеэ халаагаад байж байлаа. Мэнд мэдээд, надаар бие хаалтын анхан шатны дасгалууд хийлгэтэл би мэдэхгүй байсан. Гэтэл багш “Чи чинь таг хөдөөний, ямар ч техникгүй юм хүн байна шүү дээ. Гэхдээ зүгээрээ, багш нь чамайг дааж авсан. Чи харин бэлтгэл таслахгүй шүү” гэсэн. Тэр цагаас хойш өдийг хүртэл багшийнхаа удирдлага дор сайхан бэлтгэл хийж, амжилт гаргаж яваадаа баярладаг.

 

Би дэгээ ороох мэхээ арван жилийн дунд сургуульд сурч байхдаа Сүхбаатар багшаар анх заалгаж байсан түүхтэй

-Г.Ганхуяг харцагын хувьд энэ жилийн баяр наадмын бөхийн барилдааны зургаагийн даваанд Б.Орхонбаяр арслантай барилдаж, дэгээ ороох мэхээр давсан шүү дээ. Энэ мэхээ хэзээ, хаана анх сурч байсан бэ?

           Г.Ганхуяг: Би дэгээ ороох мэхээ арван жилийн дунд сургуульд сурч байхдаа Сүхбаатар багшаар анх заалгаж байсан түүхтэй. Сүүлийн жилүүдэд хөлний бэртлийн улмаас хийхээ болчихсон байлаа. Ардын хувьсгалын 102 жилийн ойн үндэсний баяр наадмын зургаагийн даваанд Б.Орхонбаяр арслантай барилдаад энэхүү мэхээрээ давсан. Хийхдээ их айсан. Яагаад гэхээр хөлний хагалгаанд орсон байсан учраас сэдрээх, бэртэх магадлал өндөр байлаа. Гэвч барилдаж байхдаа бэртвэл тэр л биз гэж зурсхийгээд л хийсэн дээ. Санасандаа хүрч барилдаад харцага цол хүртсэндээ баяртай байна. Спортын хүнд бэртэл бол тамирчны хамгийн том дайсан. Аль болох бэртэл, гэмтэл холуур өнгөрөөсэй гэж боддог. Яагаад гэхээр амжилтын төлөө, сайн барилдахын төлөө ар гэр, найз нөхдөдөө гаргах цаг заваа золиослон байж хөдөлмөрлөж байгаа шүү дээ. Энэ бүхнийгээ ганцхан бэртлээс болоод үгүй хийчихвэл харамсалтай. Бүх зүйл талаар болох өндөр магадлалтай. Тиймээс бэртэл, гэмтэл тамирчин хүн бүрээс холуур өнгөрөөсэй гэж боддог доо. 

Миний хувьд зоригтой л барилдахгүй бол нэг л болж өгөхгүй байдаг. Бие жижигтэй болохоор зориг гаргаж, өрсөлдөгч тамирчин руугаа дайрч барилддаг. Ер нь зориг гаргахгүй л бол давахгүй байгаа юм.

           Б.Баяраа: Бие жижгийнх ч биш байх аа. Харахад жижиг боловч их баяртай, өргөөшөө тааз мөр тэнцүү, нуруу, ууцандаа тэнхээтэй шүү дээ. Үүнээс гадна миний шавь Г.Ганхуягийн онцлог бий. Тэр нь аливаа зүйлийн ард өөрийгөө тавьдаггүй дайчин чанартай. Чангалаад бэлтгэлийг нь хийлгээд байвал зүтгээд л байна. Харин эрхлүүлээд “Миний хүү, миний хүү” гээд байвал нялхраад толгой хаялаад сэлгүүцэх маягтай байдаг. Багшийн үгийг бол маш сайн хүлээн авч, нэг бүрчлэн хийдэг. Энэ нь түүний маш сайн чанар л даа. Нэгт, өөрийгөө хуурахгүй. Хоёрт, багшийг хуурахгүй бэлтгэлээ чамбай хийдэг. Өөрийг нь басамжилсан хүнийг давж байж л салдаг. Энэ бол эр хүний чанар шүү дээ.

           -Г.Ганхуяг: Багш аа

           -Б.Баяраа: За, миний хүү

           -Г.Ганхуяг: Би анх Спортын төв оронд ирж, тантай бэлтгэл хийгээд зүгшрэх гэж нэлээн юм болсон доо, тэ.

           -Б.Баяраа: Таг хөдөөний, ямар ч бэлтгэл хийж байгаагүй юм чинь тэгэлгүй яах вэ. Миний хүү энэ талаараа сайхан яриа дэлгээч?

           Г.Ганхуяг: Би багшийнхаа удирдлага доор бэлтгэл хийсэн цагаасаа хойш зүгшрэх гэж бараг хоёр, гурван жил болсон. Нэгдүгээр ангид ороод А үсэг заалгаж байгаа юм шиг л эхнээс нь сурсан даа. Тухайлбал, барилдахдаа яаж өрөх вэ, хэрхэн хамгаалах вэ гээд л яриад байвал дуусашгүй. Үүнээс гадна нуруу маань бөгтөрдүү байсан. Багш “Чи эхлээд нуруугаа засах хэрэгтэй” гэдэг байсан. Намайг бэлтгэлийн заал тойроод гүйж байхад багш ирээд нуруу руу ороолгоно. Тэгсээр байгаад л бага багаар сурч эхэлсэн дээ. 

 

Ер нь шантрах тохиолдол бишгүй л байсан

-Бөхийн эрдэмд эхнээс нь суралцаж, хүнд хүнд бэлтгэл хийж байх явцдаа “Больё” гэж шантрах тохиолдол байв уу?

           -Г.Ганхуяг: Ер нь шантрах тохиолдол бишгүй л байсан. Ер нь больё гэж дотроо бодож байсан. Гэхдээ энэ талаар багшид бол огт хэлээгүй. Тэгээд нэг өдөр дотроо “Хаа хол газраас бөх болох гэж ирчихээд ингээд болих гэж үү. Аав, ээж минь хөдөө хэдэн малаа хариулангаа хүүгээ сайн бөх болно гэдэгт итгэж байгаа. Бэлтгэлээ даахгүй шантраад очвол яах бол. Эр хүн санасандаа хүрэх, эрдэм сурах хоёроос хойш сууж болно гэж үү” хэмээн бодсон. Тэгээд л бөхийн спортоос шантарна гэдэг бодлоо эгнэгт орхисон доо. Үүнээс гадна хамт бэлтгэл хийж байгаа ах нар “Бид ч гэсэн чам шиг л учраа олохгүй анх энэ спортод хөл тавьсан. Бэлтгэлээ сайн хий, бусдаас битгий ич” гэж хэлсэн.

-Тэгэхээр та ичимхий байсан хэрэг үү?

           Г.Ганхуяг: Би их ичимхий, бүрэг байсан. Мэх давтаж байгаад хүн харахаар шууд больчихдог байлаа. Хажууд хүн байхгүй бол мэхээ байнга давтана. Мөн багш гадаад руу тамирчин аваад явахдаа надад үүрэг болгож “Ирэхэд энэ мэхийг давтаад сурсан байгаарай” гээд явна. Тэгээд багшийн сураарай гэсэн мэхийг давтаад байдаг байлаа. Багшийг ирэхэд мэдээж шалгалтаа өгнө. Багадаа 14 хоног бэлдсэн мэхээ хийж үзүүлээд багшаас “Сайн байна” гэдэг үгийг сонсоод их урамшдаг байсан даа. Үүнээс гадна намайг бэлтгэлээ сайн ойлгохгүй мунгинаж явахад улсын начин Ө.Батзул ах сэтгэлийн дэм өгч, ойр дотно нөхөрлөдөг, зөвлөдөг байсан.

           Б.Баяраа: Та бүхэн сая Г.Ганхуягийн ярианаас анзаарсан байх. Би ер нь их хатуу багш юм шиг байна лээ. Нэг мэхийг багадаа долоо хоног давтуулдаг гэх мэт. Өөрт маань ч тэгж санагддаг л даа. Г.Ганхуягаас гадна Б.Наранбаатар, Г.Мандахнаран, Э.Ням-Очир гээд шавь нараа дурсвал нэлээд урт нэр цуварна. Би шавь нараа их ирлэж, ясыг нь янгинатал бэлтгэл хийлгэнэ. Бэлтгэл дуусаад хувцсаа өмсөөд гарах гэж байхад нь “Б.Наранбаатар, Г.Мандахнаран, Э.Ням-Очир нар үлд” гэнэ. Тэгэхээр л шавь нарын минь яс янгинаад явчихдаг гэсэн. Энэ тухайгаа надад хуучлаад бөөн инээд болж байлаа. Сүүлийн үед хэдэн хүүхдэдээ зөөлөн байх гээд хэрэндээ л үзэж байна даа. Олон жил багшлаад ирэхээр шавь нарыгаа зааланд орж ирээд хувцсаа солихоос нь эхлүүлээд ажигладаг болчихдог юм байна. Би шавь нартаа өрсөлдөгчөө хайрлах нинж сэтгэлийг л суулгахыг хүсдэг. Тэгж гэмээнэ л шавь нар минь амжилт гаргана. Амжилт гаргаад биеэ тоохгүй бусадтай хүнлэг сайхан харилцана шүү дээ.

 Амжилт гаргаад биеэ тоохгүй бусадтай хүнлэг сайхан харилцана шүү дээ.

-Багш нь хатуурхахад хэр хэцүү байдаг вэ?

           -Г.Ганхуяг: Бэлтгэл дээр хатуурхах нь зарим үед жаахан хэцүү л байдаг. Гэхдээ бэлтгэл тараад, дэвжээнээс буусны дараа бол багш яг л найз шиг илэн далангүй, нөхөрсөг болчихдог. Сүүлд орж ирсэн дүү нарыг багш бидний үеийнхээс арай л их эрхлүүлдэг. Би заримдаа багшид “Та биднийг зодож, зодчихоод дүү нарыг эрхлүүлээд байх юм” гэж тоглоомоор хэлдэг. Тэгэхээр багш инээгээд л өнгөрдөг дөө.

-Г.Ганхуяг харцагын аав, ээжийнх нь удамд барилддаг хүн бий юү?

           Б.Баяраа: -Миний шавь Г.Ганхуягийн аав гүндүүгүй сайхан монгол эр. Надтай их сайхан найз. Би заримдаа шавийнхаа талаар алтан хошуу хүргэх нь бий. Тэгэхээр аав нь “Та нэг сайн гөвөөд өгөөрэй" л гэнэ. Манай Г.Ганхуягийн аав их бэлгэ дэмбэрэлтэй, ам сайнтай хүн. Шавь минь аймгийн арслан цол хүртсэний найрыг Ховд аймгийн Булган суманд хийсэн. Тухайн үед би шавийнхаа аав Ганбаатартай гэрт нь гал дээр мах үйчихээд хэвтэж байсан чинь “Хоёулаа хүүгээ дахиад дэлхийн аваргаас медаль авахаар ч юм уу, улсын цолонд хүрэхээр нь Сэргэлэн дэнж дээр гэрээ барьж, хаяагаа шуучихаад ганц шил юм хувааж хүртээд, хэвтэж байх юм сан, тийм ээ” гэсэн. Тэгэхээр нь би “Чи ямар сайхан ерөөлтэй үг хэлнэ вэ. Хоёулаа ерөөлийг нь биелүүлнэ ээ” гэж билээ. Ерөөл биелдэг юм байна. Одоо харцага цолны найраар нь Булган суманд очно доо.

           -Г.Ганхуяг: Аав, багш хоёрынхоо ерөөлөөр болсонд их баяртай байгаа. Удахгүй харцага цолны минь найраар аав, багш хоёр гэрээ бариад, хаяагаа сөхөөд суух нь дамжиггүй байх. Аавын удам талаас бөх бараг л байхгүй. Харин ээжид бол бөхийн удам бий. Багадаа хонины бэлчээрт ах нар болон үеийнхээ хүүхдүүдтэй барилдаж өссөн. Овооны наадамд очиж их барилдана. Заримдаа түрүүлээд, даагаар шагнуулаад л гэртээ очдог байлаа. Багаасаа л барилдаж өссөн болохоор бөхийн спортдоо их хайртай. Илүү их амжилт гаргахын төлөө хичээх болно. Намайг тусалж дэмждэг бүх хүнд баярлаж явдгаа дахин хэлмээр байна.

Бидний яриа энд хүрээд өндөрлөсөн юм. Багш, шавь хоёрын энгийн даруу ярианы ард ёс зүй, хайр, хүндлэл, хүнлэг чанар халуу төөнөн буйг анзаарч суулаа. Нэг нэгнийхээ амжилтыг дурсаж, магтахаас илүүтэй цаашид гаргах амжилтынхаа төлөө ил ярихгүй ч сэтгэл зүрхээрээ нэг хүн мэт болон хамтдаа зүтгэж байгаа нь ч мэдрэгдэж байлаа. Бидний хөөрөлдөөнөөс уншигч та ч үүнийг анзаарсан байх. Тэд удахгүй болох ДАШТ-д оролцож, олимпын эрх авахаар бэлтгэлдээ ороод байгаа юм. Багш, шавь хоёрт илүү амжилтыг уншигчдынхаа өмнөөс хүсэн ерөөж байна.

 


БАГШ, ШАВЬ ХОЁРЫН ХАЛУУН ХӨӨРӨЛДӨӨН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 12
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-04 12:39:21
    халх: Ганхуяг Батзаяа баторших хоёрт хэдийг өгсөн бэ найраагаар явсан лалараа хэлчих
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-31 07:29:18
    [email protected]: Сайхан ярилцлага болжээ. Гэхдээ үг үсгийн алдаагаа засаарай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-28 01:17:56
    Үнэн: Урагшаа явж барилддаг тэсэрлтээ жоохон нэмээд өгвөл нилээн үзэх юм дуулгах хүү дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-27 21:41:30
    Б.Чулуунбат: Багш шавь хоёрт амжилт хүсье.Дэлхийн дэвжээнд амжилт гаргаарай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-27 20:56:20
    Д.Баатаржав: Ховдын Ванчинхүү арслан шиг арслан Энхээ болон бусад чөлөөтийн алдартай бөхчүүд шигээ Дэлхий олимтын мёдальтан болж Ховдчууд Монгол түмнээ баярлуулж яваарай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-27 20:41:26
    З.Хайлда : Багш шавь хоёрт Их амжилт хүсье Г.Ганхуягт харцага болсонд нь халуун баяр хүргэе ээ...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-27 10:28:57
    Очирбат: Эрхэм багш шавь хоёрт амжилт хүсье
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-27 09:57:20
    Зочин: Сайхан бөх залууд амжилт хүсэе, хийморь золбоотой хичээнгүй бэлтгэлтэй байж дэлхийн дэвжээнд монгол улсын алдрыг дуурсгаарай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-25 12:52:56
    Тулга: Баяраа мундаг багш шүү амжилт
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-25 11:02:54
    Ариунболд. З морин спорт : сайхан ярилцлага байна . Дэлхийн дэвжээнд амжилт гаргаарай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-25 10:32:13
    zochin: Gankhuygtaa amjilt
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-25 09:28:18
    Chimeg: ДОРЖПАЛАМ УДАХГҮЙ ГАНЧИМЭГЭЭС Ч ТОМ ЯРИЛЦЛАГИЙН МАСТЕР БОЛНО ОО. ЯРИА БОЛГОНЫГ НЬ УНШДАГ УЯН ЗӨӨЛӨН НАЙРУУЛГАТАЙ, ӨВӨРМӨЦ САНАГДДАГ ШҮҮ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188