• Өнөөдөр 2026-11-25

ГАРРИ КАСПАРОВ: БИ XX ЗУУНД ХАМГИЙН ИХ ЗОВЛОН ТУУЛСАН ЕВРЕЙ, АРМЕН ҮНДЭСТНИЙ ЦУС ХОЛИЛДСОН ХАГАС ЦУСТАЙ ХҮҮ

Шатрын спортын домогт их аварга Гарри Каспаровын 2016 онд АНУ-ын дэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Билл Кристолтой хийсэн нэгэн сонирхолтой ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

Бүх цаг үеийн хамгийн агуу шатарчин Гарри Кимович Каспаров хачирхалтай, сонин гэмээр амьдрал туулсан алдартнуудын нэг. ХХ зуунд Зөвлөлтийн харьяанд байсан Азербайжаны Баку хотод төрж, өссөн хүү ЗХУ-ын бодлогоор хүүхдүүдийг хүчээр шатрын спортод оруулж байхад анх шатартай танилцаж, идэр залуу насандаа хагас еврей, хагас армен цустайдаа оросууд дундаа ч “Босогч” гэж нэрлэгдэж явсан байдаг. Гэсэн ч Гарри Каспаров “Хагас цустай босогч”-оос шатрын дэлхийн аваргад Зөвлөлтийн баатар Анатолий Карповыг буулган авч, 22-хон настайдаа хамгийн залуу аварга болж, цолоо дахин 15 жил дараалан хамгаалж, үнэмлэхүй аварга болсон түүхтэй.

Дэлхийн шатрын спортын 20 гаруй жилийн түүхийг ганцаараа бичиж, хоёр арваныг ноёлосон Гарри Каспаров зөвхөн шатраас гадна улс төрийн томоохон хөдөлгөөнүүдэд оролцож, ЗХУ-ыг нуран унах шалтгаан болсон ардчиллын төлөөх хөдөлгөөнд нэгдэж, хожим ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг хүчтэй эсэргүүцэж, “Иргэний нэгдсэн фронт”, “Өөр Орос” эвслийг үүсгэн байгуулж, толгойлж байсан нэгэн. Гэсэн ч Гарри Каспаров эсрэгээрээ улс төрийн дарамт шахалтад өртөж, 2013 онд Америк руу дүрвэж, тэндээсээ Латвийн иргэншил хүссэн боловч татгалзсан хариу сонссон байдаг. Улмаар түүний дараа жил нь буюу 2014 онд Хорват Улсын иргэншил авч, өдгөө тэндээ амар жимэр амьдарч байгаа билээ.

- Таныг ЗХУ-ын Азербайжан Улсын Баку хотод төрж, өссөн гэдэг. Нийслэлээс хэр хол өссөн бэ? Тэр үед Зөвлөлтийн Бүгд найрамдах улсуудын сурагчдыг хүчээр шахуу шатар тоглуулж, тэндээс гоцгойрсон авьяастнуудаар Зөвлөлт шатрын спортын ноёрхлоо хадгалж үлдэх бодлого барьж байсан гэдэг. Та ч мөн тэр үеэс шатар тоглож эхэлсэн үү?

- Баку хот Москвагаас өмнө зүгт 1500 миллийн зайд байдаг. Хажууханд нь Каспийн тэнгис бий.

Аав маань еврей хүн. Аавын талынхан бүгд хөгжимчин. Аав ч гэсэн хийлчээр хөгжмийн сургууль төгссөн ч инженер болсон хүн. Ээж маань ч ялгаагүй инженер. Тухайн үед Азербайжан томоохон газрын тосны төв байсан учир аав, ээж хоёр инженерээр ажиллах гэж тэнд очоод танилцсан хэрэг. Харин дээр дурдсан Зөвлөлт хүүхдүүдийг хүчээр шатар тоглуулж байхад аав маань анх надад санал болгож, зааж өгсөн юм. Харамсалтай нь, аав надад удаан заагаагүй. Намайг долоотой байхад нас барсан. Аавыг нас барснаас хойш түүний орыг ээж орлож, надад зааж сургах, намайг сайн шатарчин болж, амжилт үзүүлэхэд өөрийн амьдралаа зориулсан.

Намайг энэ хүртэл өсгөж, хүмүүжүүлсэн хүмүүс ээж, өвөө, эмээ гурав. Харин аавын талаас авга ах маань надад их нөлөөлсөн гэж боддог. Аав минь еврей, ээж маань армен. Би ХХ зуунд хамгийн их зовлон туулсан еврей, армен үндэстний дундаас төрсөн хагас цустай хүү. Авга ах маань намайг багаас Баку дахь еврей сэхээтнүүдтэй танилцуулсны ачаар би Зөвлөлтөд тэр бүр олддоггүй ховор номнуудыг унших завшаан тохиосон. Басхүү аав, өвөөгийнхөө, еврейчүүдийн түүхийг сонсож, тэдний хэлээр ярьж, уншиж чаддаг байсан нь сайхан байсан.

- Тэр цагаас хойш Оросоос дүрвэж, хэд хэдэн орны иргэншил хүсэж, сүүлд Хорватын иргэн болсон ч “Би орос хүн” гэж ярьдаг тухай нь дуулсан. Үнэн үү?

- Би 1976 онд Зөвлөлтийн 18 хүртэлх насны шатрын аварга шалгаруулах тэмцээнд орж, 13 насандаа улсын аварга болсон. Үүний дараа намайг Франц руу 16 хүртэлх насны дэлхийн аварга руу явуулсан. Анх удаа ЗХУ-аас гарч, гадаадад очоод Зөвлөлт олон улсад хэрхэн харагдаж, ойлгогддог орон бэ гэдгийг мэдэж авсан. Би зүгээр ч нэг жижиг тосгоны хүүхэд биш шүү дээ. Баку бол ЗХУ дотроо Москва, Ленинград, Киевийн дараа орох, аж үйлдвэржилт хөгжсөн дөрөв дэх том хот. Хэдий аав минь еврей, ээж маань армен байсан ч би Орост төрж, өссөн, хэл, соёл маань орос учир өөрийгөө орос хүн гэж боддог.

Ээж маань еврей хүнтэй, эгч нь армен хүнтэй, дүү нь азери хүнтэй суусан ч бүгд оросоор ярьдаг. Зөвлөлт нурж унахад ч Азербайжанд үлдэх бус Москва руу нүүсэн нь тийм ч гайхмаар зүйл биш гэж боддог. Тэр ч байтугай Зөвлөлтийн нэг хэсэг байгаагүй ч оросоор ярьдаг армен, гүржийн хот, тосгоны иргэд өөрсдийгөө “Би орос хүн” гэх нь байдаг шүү.

- Азербайжаны нийслэлийн нэгэн буйдхан хороололд төрж, өссөн эгэл амьдралтай хүү тэгтлээ өөрчлөгдөж, дэлхийд танигдахад хүргэсэн гол хүч юу байв. Юу таныг өөрчилж, энэ хүртэл явах нөлөө үзүүлсэн бэ?

- Аз таарч унших завшаан тохиосон шилдэг номнууд. Тухайн үед бидэнд “Twitter”, “Facebook” байсангүй. Мэдээлэл олж авах хэцүү, шатрын ном ч ховор байсан. Сайн ном уншъя гэвэл сайн ухаж, судлах хэрэгтэй болдог. Харин надад 1981 онд Зөвлөлтийн нэрт зохиолч Александр Солженицыныг унших завшаан тохиосон юм. Зөвлөлтийн хөдөлмөрийн лагер, Дотоод хэргийн яамыг шүүмжилж бичсэнээсээ болж гадагшаа дүрвэж, Зөвлөлт нурах хүртэл эх орондоо ирж чадаагүй гайхалтай зохиолч. Харин түүний номыг санамсаргүйгээр олж уншсан минь хувь хүний талаас намайг төлөвшүүлж, өөрийн гэсэн үзэл бодолтой болоход минь тусалсан гэж боддог.

Нөгөөтээгүүр ном, зохиол, шатрын сурах бичиг ховор тэр үед өөрөө дэвтэр хөтөлж, түүнийгээ сурах бичиг болгон хадгалдаг байлаа. Гадаад орон руу тэмцээн, уралдаанд явахдаа олж авсан мэдээллүүдээ тэмдэглэж, таарч тоглосон олон улсын тоглогчдынхоо арга барил, нүүдэлд дүн шинжилгээ хийснээ тэмдэглэдэг байв. Одоогийн хүүхдүүд ойлгоход хэцүү байх. Ямар ганц дэлгэц дээр гараа гүйлгээд юм тэмдэглэх биш дээ (инээв). Бүгдийг нь гараараа бичиж, өөрөө өөртөө л сурах бичиг хийж явсан даа.

- Александр Солженицыныг тухайн үед ЗХУ-д ном зохиол хэвлэж, уншигчдыг ч уншихыг хүртэл хааж, хорьдог байсан үе. Харин та түүний ном, зохиолыг хэрхэн олж уншсан байх вэ?

- Би ээж, өвөө, эмээтэйгээ өссөн гэж хэлсэн дээ. Ээжийн маань аав их коммунист хүн байсан. Зөвлөлтийн Коммунист намын гишүүн байсан хүн. Би өвөөтэйгөө эвтэй байна гэж үгүй, гэр дүүрэн л мэтгэлцээн өрнүүлдэг байлаа (инээв). Газрын тосны салбарт насаараа ажилласан коммунист өвөө дээрээ өссөн хүн чинь гадаах зүйлсийг мэдэхийг хүсэж, илүү шунадаг юм байна шүү дээ. Тиймээс ЗХУ-д олддоггүй номнуудыг гаднын орнуудаар тэмцээнд явж байхдаа авч уншсан даа. Харин өвөө маань намайг дэлхийн аварга болохын өмнө 1981 онд нас барсан. Үргэлж муудалцаж, мэтгэлцдэг байсан ч бид их дотно байсан. Аавгүй өссөн надад аав минь байсан юм шүү дээ.

КАСПАРОВЫН ЭСРЭГ КАРПОВ

- Тэр үеэс л магад өвөөгийнхөө, аавынхаа, ХХ зуунд хамгийн их зовлон үзсэн еврей үндэстний нэгэн залгамжлагч болж үлдсэн байх?

- Бардамнамааргүй байгаа ч тэр үед би хэдийнэ мэргэжлийн шатрын спортод орчихсон, дэлхийн их мастеруудыг ар араас нь буулган авч байсан юм. 18 насандаа Зөвлөлтийн аварга болсноос маань хойш хүн бүр намайг Анатолий Карповын хамгийн хүчирхэг өрсөлдөгч гэж ярьдаг болов. Үнэндээ Бакугийн нэг жижигхэн гэр бүлээс гаралтай, хагас еврей, хагас армен залууд үндэстний баатар Анатолий Карповтой тулна гэдэг санаснаас хэцүү. Гэхдээ дотроо хэчнээн хэцүү байсан ч туулж ирсэн бүхэн минь надад тусална гэж итгээд “тулалдсан” даа. Тэгж л би дэлхийн хамгийн залуу шатрын аварга болсон.

- Та одоо шатрын их аварга Анатолий Карповын талаар ямар бодолтой явдаг вэ. Та хоёрын тэр тоглолт өнөөг хүртэл домог болж яригддаг шүү дээ?

- Анатолий Карпов бол үнэхээр гайхамшигтай тоглогч. Би түүнд талархаж явдаг юм. Бид хоёрын нэгнийхээ эсрэг тоглосон дэлхийн аваргын финал 1984 оны есдүгээр сард Москвад эхэлсэн. Тэгэхэд би 21 настай, А.Карпов 33-тай байлаа. А.Карпов шатарчид дундаа надтай адил залуудаа ордог байсан ч хэдийнэ хувь хүн, шатарчныхаа хувьд төлөвшсөн нэгэн. Нөгөөтээгүүр надад ч итгэл хүлээлгэсэн хүмүүс байсан. Хүн бүр “А.Карпов, Г.Каспаров хоёрын дунд том тулаан болно” гэсэн хүлээлттэй байсан даа.

- Шилдэг залуу шатарчдын домогт тоглолтыг Г.Каспаров тэргүүлж эхэлсэн гэдэг шүү. Гэсэн ч А.Карпов эргэн барьж, эцсийн өрөг хүртлээ таныг сандаргасан гэж дуулсан?

- Дэлхийн аваргын финалын тоглолт эхлээд эхний дөрвөн өрөгт би хоёр ничиж, нэг хожиж, дараалан дөрвөн оноо авсан. Гэтэл Анатолий Карпов тав дахь өргөөс гэнэт л өөр хүн шиг болчихсон. Нүүдэл, техник нь өөрчлөгдөөд ар араас нь залгуулан хэд хэдэн өрөг дараалж оноо авсан. Бид 23 өргийн турш тэнцүүхэн тоглосон. Тэр жилийн дэлхийн аваргын финал А.Карпов, К.Корчной хоёрын тоглосон ижил дүрэмтэй. Хэн түрүүлж зургаан өрөг авсан нь ялна эсвэл А.Карпов нийт оноогоороо надтай 12:12-оор тэнцэхэд л ялалт байгуулж, аваргаа хамгаалах байсан юм. Гэхдээ тийм зүйл болоогүй.

А.Карпов бид хоёр 23 өрөг тоглож, 12:11 онооны харьцаатай, би таван хожил, тэр гурван хожилтой эцсийн 24 дэх өрөг эхэлсэн юм. Эцсийн өрөгт А.Карпов бүтэн оноо авсан бол нийт оноо тэнцэж, аварга цолоо хамгаалах байлаа. Гэтэл гэнэт А.Карповын нүүдэл эрчгүй, хөшүүн болж, намайг алдаа гаргахыг хүлээж эхэлсэн. Сүүлийн өрөгт Олон улсын шатрын холбооны Ерөнхийлөгч Флоренсио Кампоманес орж ирээд “Шатарчид хэт ядралттай байгаа тул хэн нэгэн нь ядарч, унах дээрээ тулбал тоглолтыг зогсооно” гэж мэдэгдсэн. Гэхдээ би ч, тэр ч хэн нь ч зогсохыг хүсээгүй. Бид эцсээ хүртэл тоглосон. Тэр тоглолтод хамгийн их хожихыг хүсэж байсан учраас эцсийн өрөгт тийм ч том алдаа гаргалгүй явсаар хожил байгуулж, хамгийн залуу дэлхийн аварга болсон. Ердөө ингээд ярьчихаж байгаа хэдий ч бид бүхэл бүтэн таван сарын турш тоглосон юм шүү дээ.

Нөгөөтээгүүр миний А.Карповыг хожсон тоглолт Зөвлөлтийн нэг домогтой адил гэж боддог юм. Тэр үед хагас еврей, хагас армен намайг оросууд “Эрх чөлөөний төлөө тэмцэгч”, “Босогч” гэж нэрлэдэг байв. Тиймээс үндэстний агуу аварга А.Карповыг хожсон нь нэгэн тэмцэгч дахин эрх чөлөөг авчирдаг Зөвлөлтийг домогтой адилхан санагддаг.

- Дэлхийн шатрын 10 жилийг эзэгнэсэн шилдэг шатарчин Анатолий Карповыг буулгаж авсны дараачаас таны нэр дэлхий даяар алдаршсан шүү дээ. Гэхдээ аваргын нэрийг дагаж Зөвлөлтөөс тоглох эрхийг чинь хасна гэсэн таагүй мэдээллүүд гарч байсан шүү?

- А.Карповыг ялсны дараа жил буюу 1985 оны тавдугаар сард Германы “Der Spiegel” нэртэй сэтгүүлд ярилцлага өгчихсөн юм. Уг нь тийм ч онц зүйл яриагүй. Германы шилдэг шатарчин Роберт Хюбнертэй хийсэн тоглолт, бэлтгэл зэргийг яриад л өнгөрсөн. Гэтэл тэр ярилцлага хэвлэгдсэний дараа Зөвлөлтийн спорт хариуцсан удирдлагууд намайг “ЗХУ-ын нэр хүндийг гутаасан” гээд улсын нэр дээрээс тоглох эрхийг маань хасуулахаар Коммунист намын Төв хороонд хандчихсан байдаг юм.

Тэгэхээр нь би тэр жилийн наймдугаар сард ЗХУ-ын Ерөнхийлөгч Михаил Сергеевич Горбачёвтэй уулзаж, “Нөхөр Горбачёв, энэ чинь зүгээр шатрын тухай ярилцлага, шатрын тэмцээн шүү дээ” гэж хэлээд спорт хариуцсан дарга нарын шийдвэрийн тухай хэлсэн. Түүний дараа Ерөнхийлөгч М.Горбачёв намайг дагуулж ороод Коммунист намын Төв хорооны их хурал дээр илтгэл тавихдаа “Шатарчин хүн шатраа л тоглох ёстой. Үүнд хэн нэгэн хүн нөлөөлөх ёсгүй” гэж мэдэгдээд, миний эрхийг хасах тогтоолыг хүчингүй болгож өгсөн.

ДАХИН ШАТАР ТОГЛОЖ ЭХЭЛСЭН Ч ӨМНӨХ ШИГЭЭ СЭТГЭЛ ХӨДЛӨХГҮЙ, ДОГДЛОХГҮЙ БАЙХ

- Тэр цагаас хойш хэдэн жил дараалж дэлхийн аварга цолоо хамгаалсан байдаг байх аа. Олон жил тогтвортой тоглож байсан ч удалгүй Зөвлөлт задран унасан санагдаж байна?

- Би 21 настайдаа дэлхийн аварга болсон. Тэр цагт дэлхийн аварга цол маш ариун нандин зүйл байлаа. Түүнээс хойш 1986 онд хоёр дахь түрүүгээ авч, 1987 онд аварга цолоо хамгаалсан. Гэхдээ тэр үеэс зөвхөн шатар бус улс орны маань бодлого, системийн тухай бодох болсон. ЗХУ-ын урагшлах цорын ганц арга бол коммунизмыг устгаж, шинэ тогтолцоог олох явдал байсан юм. Тиймээс өөрийн чадахаараа ардчиллын төлөөх хөдөлгөөнд нэгдсэн.

- Зөвлөлт Холбоот Улсын задралын тухай юу гэж боддог вэ? Тэр үед цөөнгүй язгууртан, сэхээтэн, алдартан ардчиллын төлөөх хөдөлгөөнд оролцож байсны нэг нь та шүү дээ?

- Хэрэв 1983-1985 оны үед “ЗХУ задран унана” гэж яривал хэн ч итгэхгүй байсан. Төсөөлөхөд ч бэрх. Гэхдээ тэр үзэл бодол асар хурдан өөрчлөгдөж, орос үндэстэн 1987-1988 онд хэдийнэ Зөвлөлтийн задралыг төлөөлдөг болчихсон байсан шүү. Тэгэхэд би зүгээр нэг шатар тоглохоос илүүтэй ардчиллын төлөөх хөдөлгөөнийг ахиулахын тулд өөрийн чадахаа хийж, тусалж чадах юм байна гэдгээ ойлгосон. Гэхдээ надад бүхэл ард түмэнд найдвар өгч, ардчилалд дөхүүлэх мэргэн ухаан алга байлаа л даа. Харин бусдаас илүү ганц давуу тал байсан нь би дэлхийн аварга. Тэгээд 1990 оны намар ардчиллын төлөөх хөдөлгөөнд оролцож байгаагаа зарлаж, олон нийтийн өмнө Зөвлөлтийн далбаан дор тоглохоос татгалзсан юм. Түүний оронд Оросын далбаатай тоглохыг шаардсан. Улмаар 1990 оны аравдугаар сард гэр бүлийнхнийгээ авч эргэн Баку руу буцах болсон. Миний чадах зүйл, толгойд буусан мэргэн ухаан тэр л байсан.

- Зөвлөлт Холбоот Улсын үе болон Зөвлөлт нуран унасан үеийг нийлүүлээд та 1985-2000 он хүртэл 15 жил дэлхийн аварга цолоо хамгаалсан байдаг. “Ялагдашгүй аварга” хэмээн нэрлэгдэж байхдаа 1997 онд “Deep Blue” нэртэй шатрын компьютертэй хүртэл тоглож байсан. Гэсэн ч компьютертэй тоглохдоо гурван ничээ, нэг өргөөр ялагдал хүлээсэн байдаг шүү. Тэр тоглолт таны шатрын тухай бодлыг өөрчилсөн үү?

- Миний 1997 оны тавдугаар сарын 11-ний өдөр “Deep Blue” шатрын компьютертэй тоглосон нь шатрын спортын хувьд маш гунигтай өдөр болж үлдсэн гэж боддог. Тэр өдөр зөвхөн би биш, дэлхийн шатар хожигдсон, маш их хохирол амссан. Гэхдээ би өөрийн хэмжээнд эцсээ хүртэл чадахаа хийж, зодог тайлахдаа ч аз жаргалтайгаар замналаа өндөрлүүлсэн.

- Яагаад зодог тайлах болсон юм бэ? Шатрын спортын хувьд 41 нас гэдэг залуудаа ордог. Бүр зарим тоглогч нас ахиад ирэхээрээ илүү амжилтад хүрдэг шүү дээ?

- Би 40 хүрээд “Амжилт гэж юу вэ” гэж өөрөөсөө асуух болсон. Амьдралд олон тохиолдолд ялалт хамгийн чухал зүйл биш шүү дээ. Дэлхийн шатрын спортыг би 20 жил тэргүүлсэн. Харин гэнэт зодог тайлах нь өөртөө, мөн чанартаа хийсэн томоохон өөрчлөлт байсан гэж болно. Одоо би шатар тоглохоос өөр зүйлс хийхийг хүсэж байна. Сэтгэлийг минь хөдөлгөдөг өөр зүйлтэй болж, зорилготой баймаар байна.

- Хэдий зодог тайлсан ч та эргэн ирж, тоглох боломжтой биш гэж үү? Нэрт сагсан бөмбөгч Майкл Жордан хүртэл хоёр ч удаа зодог тайлж, эргэн ирж байсан шүү дээ?

 -Зодог тайлснаас хойш хагас жил өнгөрөөд байтал Энэтхэгийн шатрын их мастер Вишванатан Ананд надаас “Эргэж ирэхгүй гэдэгтээ итгэлтэй байна уу” гэж асуусан. Тухайн үед би “Бүрмөсөн орхихгүй ээ” гэсэн. Шатрын спортыг орхиод зургаан сар, нэг жил өнгөрлөө. Нэг өдөр би өглөө сэрээд “Бурхан минь, би шатаргүйгээр амьдарч чадахгүй юм байна” гэж бодож байсан үе бий. М.Жордан тухайн үед юу бодож, ямар мэдрэмж төрж байсныг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ одоо надад их олон зүйл байна. Шатрын спортод эргээд хөл тавьсан ч өмнөх шигээ сэтгэл ханаж, догдлохгүй байх.

- Дэлхийн шатрын спортод тогтоосон таны хамгийн залуу дэлхийн аварга, хамгийн удаан чансаагаар нэгт бичигдсэн, мэргэжлийн тэмцээнүүдээс хамгийн олон цом дараалж хүртсэн зэрэг амжилтыг хэн нэгэн хэзээ нэгэн цагт эвдэж чадах болов уу?

- Өнөө цагт үнэлгээ, үнэлгээний систем өөрчлөгдөж болно. Дэлхийд шатрын спорт хурдацтай хөгжиж байна. Хэн нэгэн таван жилээс дээш хугацаагаар тэргүүлэгчийн байр сууриа хадгалж чадах эсэх нь эргэлзээтэй. Таван жил байсан ч өнөө үед маш том амжилтад тооцогдоно шүү дээ.

- Та бүх цаг үеийн шилдэг шатарчдыг эрэмбэлэх болбол өөрийгөө хэдэд жагсаах вэ?

- Үнэндээ би иймэрхүү асуултад дургүй. Хэтэрхий субъектив шинж чанартай шүү дээ. Олон хүн өндөр гүйцэтгэл, хүчний байдалтай холбон тайлбарлаж, намайг нэгдүгээрт жагсаадаг. Намайг 1972 онд жаахан хүү, дөнгөж мэргэжлийн тоглогч болж байхад Бобби Фишер шилдэг нь байлаа. Түүний дараа Анатолий Карпов 10 жил дараалж тэргүүлсэн, тэгээд би, дараа нь залуу үе. Гэсэн ч би шинэ үеийнхэнтэй хөл нийлүүлж, тэднийг ялсан. Би 20 жилийн турш дэлхийн шатрын спортын чансааг тэргүүлж, хамгийн шилдэг нь байж чадсан. Үе үеийн шилдгүүдтэй тоглож, тэднээс суралцаж, уусан нэгдэж, шинийг эрэлхийлж байсан минь надад номер нэг байх эрхийг олгосон гэж хэлмээр байна.

- Таны үзэж байсан хамгийн шилдэг шатрын тоглолт юу байсан бэ? Үнэхээр үзээд л гайхширсан тоглолт байв уу?

- Өрөөсгөл байж магад, гэхдээ бид аль хэдийн хамгийн сайныг нь харчихсан шүү дээ. 1980, 1990-ээд оны үеийн шатрын тоглолтууд хамгийн сайн нь. Харин орчин үеийн шатрын спортод шинжлэх ухаан, спортын элементүүд давамгайлах болсон. Спорт гэхээсээ урлагийн шинж чанартай болсон ч гэж болохоор байна. Х.Накамура, М.Карлсен, С.Каржакин гэсэн гурван нэрийг тогтоогоод аваарай. Миний бодлоор энэ гурван тоглогч шатрын спортод шинэ эринийг эхлүүлнэ.

- Өөрийгөө шатрын спортын түүхэнд, үзэгч, дэмжигчдийн дунд хэрхэн дурсагдаж үлдээсэй хүсдэг вэ?

- Хүн бүр л миний талаар өөр өөрийн дурсамжтай байх болно. Би одоо ч дэлхийн өнцөг булан бүрээс надад хаягласан үзэгч, дэмжигчдийн захидлыг уншаад баяртай байдаг. Тэр үедээ л “Би ч шатрын спортын төлөө чадахаа хийжээ. Сайн шатарчин гэж дурсагдах байх даа” гэж боддог юм. Харин 20-30 жилийн дараа хэрхэхийг хэлж мэдэхгүй байна. Би ердөө л өөрийгөө “Шатарт өөрчлөлт хийсэн байгаасай” гэж найддаг хүн.

- Шатрын спортын ертөнцийг орхиж, зодог тайлсандаа харамсах үе гардаг уу?

- “Би дахиад ч 3-4 жил дэлхийн шатрыг тэргүүлэх байсан” гээд хэлчихвэл тийм ч бардамнасан хэрэг болохгүй байх. Гэхдээ амьдралд шатраас илүү чухал зүйл олон байгааг мэдсэн, мөн зөв цаг нь ирсэн учраас больсон гэж боддог. Надад уншиж үзмээр, сурмаар, бичмээр байгаа зүйлс олон бий. Би шатрын тухай номоороо хямрал нүүрлээд буй Оросын ард түмнийг сэргээхэд дэм болно гэж бодож байгаа.

Харин харамсаж явдаг үе гэвэл гарцаагүй 1993 он. Олон улсын шатрын холбоо авлигад идэгдсэн. Бүр ОХУ-ын Шатрын холбооноос ч намайг дарамталж байсан. Тэр жил хэн ч шатрыг шатраар нь тоглоогүй. Бүгд л мөнгөний төлөө тоглосон.

- Тухайн үеийн улс төрийн нөхцөл байдал ч хэцүү байсан байх?

- Шатрын спортын салбар авлигад идэгдээд зогсохгүй энэ спорт Зөвлөлтийн дараа гарч ирсэн шинэхэн Оросын эрхшээлд орсон. Оросуудын хянадаг тоглоом болж хувирсан шүү дээ. Харин өнөө цагт улс төр бол улс төр, шатар шатраараа үлдсэн нь олзуурхууштай. Гэхдээ улс төрд шатарчин байхад тийм ч буруудах зүйлгүй. Шатарчин хүн улс төр хөөж яваа нь ижил замаар яваа генералаас юугаараа муу гэж. Би өмнө нь ч хэлж байсан. Орост хэтэрхий олон ухаан муутай генерал, хурандаа байна. Яг ингээд л Орос буруу замаар яваад байгаа юм шүү дээ.

- Та ирээдүйд сонгуульд нэр дэвших үү? Энэ талаар бодож үзсэн үү?

- Мэргэжлийн шатарчны хувьд би үе шаттайгаар төсөөлөл хийж дассан. Тиймээс сонгуульд нэр дэвших эсэх нээлттэй асуудал. Гэхдээ бид өөрчлөлт хийхгүй бол ойрын ирээдүйд ОХУ-д шударга сонгууль болно гэж бодохгүй байна.


ГАРРИ КАСПАРОВ: БИ XX ЗУУНД ХАМГИЙН ИХ ЗОВЛОН ТУУЛСАН ЕВРЕЙ, АРМЕН ҮНДЭСТНИЙ ЦУС ХОЛИЛДСОН ХАГАС ЦУСТАЙ ХҮҮ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188