• Өнөөдөр 2026-11-26

Г.МӨНХХИШИГ: Кембрижийн олон улсын шалгалтаар дэлхийн шилдгүүдийн эгнээнд багтсандаа баяртай байна

Кембрижийн A-Level шалгалтын математик, физик, эдийн засгийн гурван хичээлээс бүгдээс нь A* авч, Монгол Улсад нэгдүгээрт шалгарсан Г.Мөнххишигтэй шалгалтад хэрхэн бэлдсэн, ямар алдаа гаргаж, яаж сурах аргаа олсон талаар ярилцсанаа хүргэж байна. 

-Сайн уу. Өөрийгөө танилцуулаач, ямар хичээлийн шалгалтаар шилдгүүдийн эгнээнд багтсан бэ?

-Сайн байна уу. Намайг Гантөмөрийн Мөнххишиг гэдэг, Орчлон олон улсын сургуулийг 2026 онд төгссөн. Кембрижийн олон улсын шалгалтаар дэлхийн шилдгүүдийн эгнээнд багтсандаа баяртай байна. Би 2026 оны Кембрижийн олон улсын A-Level шалгалтад Математик, Физик, Эдийн засаг гэсэн гурван хичээлээр бүгдэд нь A* үнэлгээ авсан. Үүний үр дүнд Outstanding Cambridge Learner Awards 2026 шалгаруулалтаас “Best Across Three Cambridge International A Levels – First Place in Mongolia” буюу гурван хичээлийн нийлбэр дүнгээр Монгол Улсад нэгдүгээр байр, “Top in Mongolia – A Level Economics” буюу эдийн засгийн хичээлээр Монгол Улсад нэгдүгээр байр гэсэн хоёр шагнал хүртсэн. Мөн шагналын ёслолын үеэр шилдэг сурагчдын төлөөлөл болж үг хэлэх завшаан тохиосон нь их сайхан дурсамж болж үлдсэн.

-Кембрижийн шалгалт Монголын сургуулийн хичээлээс юугаараа ялгаатай вэ. Даалгавар нь цээжлэхээс илүү бодох, задлан шинжлэх шаардлагатай юу?

-Манай сургууль хос хөтөлбөртэй учраас би Монголын болон Кембрижийн хөтөлбөрөөр хоёулангаар нь зэрэг суралцсан. Миний хувьд Монголын сургалтын хөтөлбөр маш нарийн бөгөөд зарим талаараа бүр илүү хүнд, ачаалалтай санагддаг. Ялангуяа математик, байгалийн ухааны онолын суурь, бодлогын гүнзгий байдал нь үнэхээр сайн.

Харин гол ялгаа нь агуулгын бүтэц болон шалгалтын форматад байдаг юм шиг санагддаг. Монголын хөтөлбөр олон хичээлийг жигд, өргөн хүрээнд гүнзгий үздэг бол Кембрижийн A-Level нь ахлах ангидаа цөөн хичээл сонгож, илүү төвлөрч судалдаг. Даалгаврын хувьд аль ч хөтөлбөрт суурь мэдлэг, томьёо, ойлголтоо сайн эзэмших шаардлагатай ч Кембрижийн шалгалтад тэр мэдлэгээ шинэ нөхцөлд буулгаж тайлбарлах, задлан шинжилж үндэслэл бичих хэсэг их жин дардаг. Жишээлбэл, Физикийн бодлогод зөвхөн хариу гаргахаас гадна яагаад тийм үзэгдэл болж байгааг үгээр тайлбарлах, Эдийн засагт нэг асуудлыг олон хүчин зүйлтэй холбож хоёр талаас нь дүгнэх шаардлагатай болдог.

Тиймээс аль нэгийг нь илүү гэж харьцуулахаас илүүтэй, энэ хоёр хөтөлбөр надад бие биеэ маш сайн нөхөж өгсөн гэж боддог. Монголын хөтөлбөр надад хүчтэй суурь, ачаалал даах чадвар өгсөн бол Кембриж тэр мэдлэгээ олон улсын шалгалтын хэлбэрээр цэгцтэй илэрхийлж, шинжлэх дадлыг суулгасан.

-Шалгалтыг англи хэлээр өгөхөд хэл бэрхшээл болсон уу? Хэрхэн даван туулсан бэ?

-Би англи хэлээр хичээлээ үзэж ирсэн учраас шалгалтаа англи хэлээр өгөх нь миний хувьд томоохон саад болоогүй. Гэхдээ тухайн хичээлийн нэр томьёо, асуултад ашигладаг үг хэллэгийг сайн ойлгох нь чухал байсан.

Ялангуяа эдийн засгийн хичээлд “explain”, “analyse”, “evaluate” гэх мэт асуултын үйл үгс хоорондоо өөр шаардлага тавьдаг. Асуултад яг юу шаардаж байгааг ойлгохгүй бол мэддэг зүйлээ бичсэн ч оноогоо бүрэн авч чадахгүй. Тиймээс би хичээлийн номоо тогтмол уншиж, нэр томьёог зөвхөн орчуулгаар нь бус, утга агуулгаар нь ойлгохыг хичээдэг байсан.

Миний бодлоор англи хэлний мэдлэгээс гадна тухайн хэлээрээ хичээлийн агуулгыг ойлгож, өөрийн бодлоо тодорхой илэрхийлж сурах нь чухал.

-Шалгалтад хэр удаан, хэрхэн бэлдсэн бэ.Ямар ном, материал, өмнөх жилийн шалгалтын даалгавар, нэмэлт сургалт ашигласан бэ?

-Би A-Level-д бэлдэхдээ өмнөх IGCSE-ийн үеийнхээсээ нэлээд өөр арга барилтай болсон. IGCSE-ийн үед заримдаа даалгавраа хугацаанд нь хийхгүй явсаар шалгалт дөхөхөөр YouTube-ээс бүх сэдвээ нөхөж үздэг, ихэвчлэн өөрөө бие дааж бэлддэг байлаа. Харин A-Level дээр багш нарынхаа өгсөн даалгаврыг цаг тухайд нь хийж, хичээл дээрээ бүрэн төвлөрөхийг хичээсэн. Ойлгоогүй зүйлээ дараа нь өөрөө нөхөхөөс илүүтэй, шууд багшаасаа асуух нь илүү үр дүнтэй байсныг ойлгосон.

Мөн хичээл бүрт ижил аргаар бэлдэх боломжгүй юм билээ. Математикийн хувьд өмнөх жилийн бодлогуудыг олон удаа бодож, алдсан бодлогоо эргэж харах, томьёогоо сайн мэддэг байх нь хамгийн үр дүнтэй байсан. Физикт бол томьёо цээжлэхээс гадна тухайн үзэгдэл бодит байдал дээр хэрхэн явагдаж байгааг төсөөлж, учрыг нь ойлгохыг хичээдэг байв. YouTube-ийн бичлэгүүд энэ тал дээр их тусалсан.

Эдийн засагт гол ойлголтуудаа сайн мэдэхийн зэрэгцээ тэдгээрийг хооронд нь холбож, нэг асуудлыг олон талаас нь тайлбарлаж сурах шаардлагатай байсан. Номоо олон дахин уншиж, өмнөх жилийн шалгалтын материал болон mark scheme-ийг тогтмол ашигладаг байлаа. Мөн Cambridge-ийн сурах бичгүүдийн ZNotes хураангуйг хэвлэж авч ашигласан. Ингэснээр бүх тэмдэглэлээ гараар дахин бичихэд цаг зарцуулахгүйгээр гол агуулгаа давтах боломжтой болсон.

Сонирхолтой нь, анги ахих тусам хичээлийн агуулга улам хүндэрч байсан ч би суралцах арга барилаа олсны дараа өмнөхөөсөө бага цаг зарцуулдаг болсон. A2 түвшинд хүрэхэд хичээл бүрт хэрхэн бэлдэхээ мэддэг болсон учраас хичээлээс гадуур хэт олон цагаар суух шаардлагагүй болсон. Би зуны амралтаа бүхэлд нь хичээлд зориулж, нойроо хасаж бэлдээгүй. Харин хичээлээ цаг тухайд нь ойлгож, үр дүнтэй сурах нь олон цагаар суухаас илүү чухал гэдгийг ойлгосон.

-Хамгийн хэцүү байсан сэдэв, бэлтгэлийн хамгийн том алдаа юу байв?

-Гурван хичээлээс эдийн засаг надад хамгийн хэцүү байсан. Би математик, тоо бодох зүйлд илүү дуртай болохоор эдийн засгийн ойлголтуудыг уншиж, багшийн тайлбарыг сонсоод ойлгох нь гайгүй байсан. Харин ойлгосон зүйлээ шалгалтын эсээ хэлбэрээр зөв илэрхийлэхэд бэрхшээлтэй байсан.

Эхэндээ тухайн сэдвийг ойлгосон л бол эсээгээ сайн бичиж чадна гэж боддог байлаа. Гэхдээ шалгалтад зөвхөн мэдлэгээ харуулах биш, асуултад тохирсон аргумент гаргах, түүнийгээ тайлбарлах, өөр өөр санааг хооронд нь холбож дүгнэх шаардлагатай. Тиймээс би сайн эсээний жишээнүүдийг судалж, өөртөө тохирсон бичих загвар гарган ашиглаж эхэлсэн. Мөн mark scheme-ийг олон дахин уншиж, эсээ бичихээсээ өмнө оруулах санаануудаа цэгцэлж, жагсааж бичдэг болсон. Энэ арга надад их тусалсан.

Харин бэлтгэлийн явцад гаргасан гол алдаа маань анхнаасаа тодорхой төлөвлөгөөгүй, нэг зүйлээс нөгөө рүү үсчиж бэлддэг байсан явдал. Юуг түрүүлж үзэх, юуг давтах, аль хэсэгт илүү цаг зарцуулах вэ гэдгээ сайн төлөвлөдөггүй байлаа. Харин дараа нь хичээлээ сэдэв сэдвээр нь дараалалтай үзэж, эхлээд юу хийхээ төлөвлөсний дараа бэлтгэлдээ ордог болсон. Ингэснээр юу хийхээ мэдэхгүй сандрах нь багасаж, цагаа ч илүү үр дүнтэй ашиглаж сурсан.

-Багш, гэр бүлийнхэн нь их баярласан байх даа?

-Тийм ээ, маш их баярласан. Гэр бүлийнхэн маань надад дүнгийн талаар хэзээ ч илүү дарамт өгч байгаагүй, харин ч хичээл, волейболын бэлтгэлээ зэрэг авч явахад минь үргэлж ойлгож дэмждэг байсан. Тэр дэмжлэгийнх нь хариуг сайн үр дүнгээр барих надад их сайхан санагдсан. Багш нар маань ч ялгаагүй хичээл дээр асуусан олон асуултад минь төвөгшөөлгүй хариулж, ялангуяа эсээ бичих арга барил дээр чиглүүлж өгсний хүчинд ийм амжилтад хүрсэн учраас надтай адилхан баярлаж, бахархсанаа хэлэхэд их урам орсон.

-Шалгалтын өдөр сандарсан уу. Дүнгээ анх сонсоод яаж хүлээж авсан, хэнд хамгийн түрүүнд хэлсэн бэ?

-Шалгалтын өдөр мэдээж бага зэрэг сандарсан. Гэхдээ өөртөө хэт их дарамт өгөхгүй байхыг хичээсэн. Энэ бол миний хувьд маш чухал шалгалт байсан ч эцсийн эцэст бусад шалгалтын л адил гэдгийг өөртөө сануулж, үр дүнгийн талаар хэт их бодохын оронд тухайн өдөр хийх ёстой зүйлдээ төвлөрсөн.

Дүнгээ харахад гурван хичээлдээ A* авсан байсан. Ялангуяа Эдийн засагт A* авах эсэхдээ эргэлзэж байсан болохоор үнэхээр сайхан санагдсан. Гэхдээ хичээл тус бүрдээ хүссэн дүнгээ авахын төлөө бэлдэж байсан учраас үр дүндээ бүрэн гайхсан гэхээсээ илүү баяртай байсан.

Харин дараа нь “Best Across Three” шагнал хүртсэнээ мэдэхэд үнэхээр их гайхаж, баярласан. Үүнийг огт хүлээж байгаагүй. Хамгийн түрүүнд гэр бүлийнхээ групп чатад хуваалцсан. Миний хувьд энэ шагнал A-Level-ийн гурван хичээлдээ зориулсан хичээл зүтгэл маань талаар өнгөрөөгүйг мэдрүүлсэн их том урам болсон.

-Ядарч бууж өгөхийг бодсон үе байсан уу? Юу түлхэц болсон бэ?

-Бүрмөсөн бууж өгнө гэж бодоогүй ч ядарч, өөртөө эргэлзсэн үеүд мэдээж байсан. Тэр дундаа хос хөтөлбөрийн хичээл, шалгалтын бэлтгэл, волейболын бэлтгэл давхцаад өдөр бүр шахуу хуваарьтай явах үед нэлээд ядарч, шантармаар санагддаг байлаа.

Тийм үед надад хамгийн их түлхэц болсон зүйл нь дараа нь өөртөө харамсахгүй байх гэсэн бодол. Хэрэв би чадах бүхнээ хийгээгүйгээсээ болоод хүссэн үр дүндээ хүрэхгүй бол хожим нь их харамсана гэдгээ сайн мэддэг. Тиймээс ч би ямар ч зүйлийг барьж авсан, дараа нь харамсах зүйлгүй байхын тулд тухайн үедээ өөрөөсөө гарах бүх хичээл зүтгэлээ гаргахыг зорьдог. Яг энэ зарчим маань намайг ядарсан үед ч зогсохгүй урагшлахад хамгийн их түлхэц болсон.

-Хичээлээс гадуурх хобби, амрах цагаа яаж тохируулдаг вэ?

-Миний хамгийн их цаг зарцуулдаг зүйлсийн нэг бол волейбол. Сургуульд байхдаа долоо хоногт дунджаар дөрвөн удаа бэлтгэл хийдэг байсан. Эхэндээ хичээл, бэлтгэл хоёроо зохицуулах амаргүй байсан ч нэгийг нь сонгоод нөгөөг нь орхихыг хүсээгүй. Тэгээд хичээлээ анги дээрээ сайн ойлгож, даалгавраа цагт нь хийж дуусгахыг хичээдэг болсон.

Волейбол надад хичээлээс өөр зүйлд анхаарлаа төвлөрүүлж, толгойгоо амраах боломж өгдөг. Мөн хааяа Chess.com дээр шатар тоглодог. Сүүлийн үед Python хэл сурч, жижиг программ, тоглоом, физикийн симуляц хийх сонирхолтой болсон.

Эдгээрийг бүгдийг нь заавал амжилт гаргах ёстой зүйл гэж хардаггүй. Заримдаа зүгээр л сонирхсондоо хийж, шинэ зүйл туршиж үзэх нь надад таалагддаг. Хичээлээс гадуурх амьдралтай байх нь суралцахад саад болдоггүй, харин ч өдөр тутмын амьдралыг илүү тэнцвэртэй болгодог гэж боддог.

-Цаашид ямар мэргэжил, дээд сургууль мөрөөддөг вэ?

-Одоогоор би байгаль орчны шинжлэх ухаан эсвэл байгаль орчны инженерчлэлийн чиглэлээр суралцах сонирхолтой байгаа. Яг аль мэргэжлийг сонгохоо эцэслэн шийдээгүй ч байгаль орчны асуудлыг шинжлэх ухаан, тоон судалгаа, бодит хэрэглээтэй холбож судлах хүсэлтэй.

Ялангуяа Монголын цөлжилт, бэлчээрийн доройтол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлуудыг сонирхдог. Энэ чиглэлээр судалгаа хийхэд зөвхөн байгалийн шинжлэх ухаан хангалтгүй юм шиг санагддаг. Тухайн асуудал малчдын амьжиргаанд хэрхэн нөлөөлж байгаа, эдийн засгийн ямар үр дагавартай, төрийн бодлого болон орон нутгийн нөхцөл байдалтай хэрхэн холбогдож байгааг хамтад нь ойлгох шаардлагатай. Тиймээс бакалавр болон магистрын түвшинд гадаадад суралцаж, байгаль орчны шинжлэх ухаанаас гадна эдийн засаг, бодлого зэрэг чиглэлээр мэдлэгээ өргөжүүлэхийг хүсэж байна. Одоогоор нэг их сургуулийг бүхнээс илүүд үзэж байгаа гэхээсээ илүү ийм өргөн хүрээнд суралцах боломжтой орчин хайж байгаа.

-Ирээдүйд эх орондоо юу бүтээхийг мөрөөддөг вэ? 

-Ирээдүйд Монголын байгаль орчныг хамгаалах, ялангуяа бэлчээрийн доройтол, цөлжилтийг бууруулах чиглэлээр бодит ажилд хувь нэмрээ оруулахыг хүсдэг. Мөн сэргээгдэх эрчим хүчний салбар надад их сонирхолтой. Монголд нар, салхины эрчим хүчний нөөц их байдаг ч түүнийг хэрхэн үр ашигтай ашиглах, эрчим хүчний системдээ зөв нэгтгэх, орон нутгийн иргэдэд хүртээмжтэй болгох зэрэг олон асуудлыг шийдэх шаардлагатай гэж боддог.

Би их сургуульд сурчихаад шууд бүх асуудлыг шийднэ гэж боддоггүй. Харин эхлээд тухайн салбараа сайн судалж, туршлага хуримтлуулж, Монголд хэрэгжүүлж болохуйц бодит шийдлүүд дээр ажиллахыг хүсэж байна.

-10-20 жилийн дараах Монголыг юу гэж төсөөлдөг вэ? Боловсролын системд юуг хамгийн түрүүнд өөрчлөх хэрэгтэй гэж бодож байна?

–Эх орон минь байгаль орчноо хамгаалах, эдийн засгаа төрөлжүүлэх, эрчим хүчний хувьд илүү бие даасан болох чиглэлд бодит ахиц гаргасан улс байгаасай гэж хүсдэг. Гэхдээ энэ нь зөвхөн технологи нэвтрүүлэх асуудал биш. Байгалийн нөөцөө хэрхэн ашиглах, орон нутгийн иргэдийн оролцоог яаж хангах, урт хугацааны үр дагаврыг хэрхэн тооцох зэрэг олон зүйлээс шалтгаална.

Боловсролын системийн тухайд, би хичээл дээр үзэж байгаа зүйлс маань бидний эргэн тойрны бодит амьдрал, дэлхий ертөнцтэй хэрхэн холбогддогийг олж харахдаа үнэхээр их сонирхож, шимтдэг. Тийм ч учраас зөвхөн мэдээлэл цээжлэх, шалгалтын дүнд төвлөрөхөөс гадна тэр мэдлэгээ бодит нөхцөлд хэрхэн ашиглахыг ойлгуулах нь хамгийн чухал гэж боддог. Үүний тулд сурагчдад асуулт тавих, өөрийнхөөрөө бодох, алдаагаа ойлгож засах орон зайг илүү олгох хэрэгтэй. Мөн сурагч бүрийн сонирхол, давуу тал өөр байдаг учраас өөр өөр чиглэлээр хөгжих боломжийг нь нээж өгдөг байгаасай гэж хүсдэг.

-Дэлхийн түвшний шалгалтад тэнцсэн залуус эх орондоо үлдэх үү, гадаадад явах уу” гэдэг. Чиний хувьд?

-Чадварлаг хүн болоход заавал гадаадад сурах албагүй гэж боддог. Бүр эсрэгээрээ, олон салбарын хувьд эндээ сурах нь бүр илүү давуу талтай. Гадаадад сурсан зүйл манай улсын бодит нөхцөл, ажлын байрны онцлогтой шууд нийцэхгүй үе их байдаг бол дотооддоо сурсан оюутнууд эртнээс салбарынхаа хүрээлэлд орж, бодит туршлага хуримтлуулж чаддаг.

Миний хувьд гадаадад суралцахыг хүсэж байгаа маань зүгээр л шинэ ертөнц, өөр соёл, судалгааны өргөн орчинд өөрийгөө сорьж үзэх сонирхолтой холбоотой. Түүнээс биш хаана сурснаараа хэн нэгнээс илүү болчихно гэж боддоггүй.

-Кембрижийн шалгалт өгөхөөр бэлдэж буй сурагчдад хамгийн чухал гурван зөвлөгөө юу вэ? Дахин өгвөл юуг өөрөөр хийх байсан бэ?

-Эхнээсээ тодорхой төлөвлөгөөтэй бэлд. Сэдэв сэдвээр нь дараалалтай үзэж, юуг хэзээ давтахаа тодорхой болговол нэг зүйлээс нөгөө рүү үсчиж сандрахгүй.

Хичээл бүрт өөрт тохирсон аргаа олж, mark scheme-тэй сайн ажилла. Математик, Физик, Эдийн засаг гээд хичээл бүр өөр шаардлагатай тул өмнөх онуудын шалгалтын материал болон шалгуур хуудсыг эртнээс судалж, шалгагч яг юу хүсэж байгааг ойлгох нь их чухал. Ойлгоогүй зүйлээ цаг тухайд нь асууж, өдөр тутмын тэнцвэрээ хадгал. Анги дээрээ анхаарч, багшаасаа шууд асуух нь дараа нь олон цаг ганцаараа суухаас хамаагүй үр дүнтэй. Бас хобби, амралтаа бүрмөсөн орхих хэрэггүй.

Харин хэрэв дахин өгвөл би бэлтгэлийнхээ эхэн үеэс л илүү цэгцтэй төлөвлөгөө гаргаж, бүх хичээл дээрээ хугацаа барьж дасгал ажиллах дадлаа арай эртнээс жигдрүүлж эхлэх байсан.


Г.МӨНХХИШИГ: Кембрижийн олон улсын шалгалтаар дэлхийн шилдгүүдийн эгнээнд багтсандаа баяртай байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188