• Өнөөдөр 2026-11-24

“АМЬТНЫ ФЕРМ” МЕТАДРАМЫН ЖҮЖГЭЭС ТЭМДЭГЛЭХҮЙ

2026-11-24,   102

Илжиг урт настай амьтан

     Бенжамин бүхнийг мэдэж байсан. “Хэрэв би хөгшин илжиг Бенжамины оронд байсан бол болж буй бүх үйл явдлын учрыг мэдэж байсан ч зориг гарган бусаддаа хэлэх байсан уу, эсвэл түүн шиг амиа бодон хулчийгаад хэдэн арван жилийг элээсэн ч болж буй бүхэнтэй эвлэрэн чимээгүйхэн орших сонголтыг хийх байсан болов уу, бүр эсвэл энэ сонголтыг аль хэдий нь хийчихээд одоо чимээгүй амьдарч байна уу” гэх олон асуулт Долма театрын “Амьтны ферм” жүжгийг үзсэний дараа төрж байлаа. 

Нийгэм, улс төрийн зохиолуудаараа алдартай Английн зохиолч Жорж Оруэллийн ижил нэрт зохиолоос сэдэвлэсэн энэхүү метадрамын жүжгийн тайзны зохиолыг Т.Мөнхбулган бичиж, ерөнхий найруулагчаар нь Т.Цэнд-Аюуш ажиллажээ. Тайзны засал, жүжигчдийн нүүр хувиргал, жижиг хэрэгсэл бүгд нийлж гаднах ертөнцөөс ангижруулж жүжигт бүрэн автуулж буй мэт. 

Жүжгийн метадрамын хэлбэр тун сонирхолтой. Тайзан дээрх үйл явдалд бүрэн автчихсан суухад гэнэт л ухаан бодлыг эвдээд жүжигчид үзэгч бидэнтэй харьцаж эхлэдэг. Тайзны уран бүтээлийг төвлөрч үзэж чаддаггүй хүнд бол оновчтой хэлбэр шиг санагдсан. Ард, урд, хажуу гээд бүх талаас жүжигчидийн дуу хадаж орчноос тасран тухайн фермийн нэг амьтан мэт санагдаж байлаа. 

Хамтдаа зохиосон дүрэм өөрчлөгдсөн

     “Амьтны ферм” бүтээлээрээ алдаршсан зохиолч Оруэлл эрх мэдэл хүний бодол санаа, итгэл үнэмшил, үнэн гэж найддаг бүхэнд нь хэрхэн нөлөөлж болохыг зохиолоороо харуулдаг. Тус жүжгийн бүх л үйл явдал, утга учир “Тэгш эрх” гэх хоёрхон үгэн дээр тогтох мэт. Анх хамтдаа зохиосон дүрмийг үзэгч бидний нүдэнд ч анзаарагдахгүй удирдагч гахайнууд өөрт ашигтайгаар сольсон байдаг. Энэ нь хуулийн цоорхой гэгчийг овжиноор ашиглаж буй ижилсүүлэл шиг санагдлаа. Амьтад мэдээгүй шалтгаан ердөө тэд уншиж чадахгүй. Бидний нийгэм ч ялгаагүй. Энд зөвхөн уншиж чадах эсэх асуудал яригдаагүй. Энэ мэт “Мэдэхгүйн” цаана бид хичнээн их зүйлийг алдаж, ямар үнэтэй зүйлсийг анзааралгүй өнгөрүүлсэн бол. 

Үзэж суухдаа амьтдын анхны итгэл, үнэмшлийн талаар бодож байлаа. Өөрсдийнхөө амьдралыг өөрсдөө шийдэж, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэнэ гэж итгэхэд буруу юу байх вэ. Тийм энгийн хүслийг төгсгөлд нь бодоход ч харамсмаар. Урьд нь хамт ирээдүйгээ ярьж байсан нэгнээсээ хожим “Яагаад энэ бүхэн буруу болчихов” гэж асуухаас хүртэл эмээж амьдрах хичнээн уйтай. Инээд хөөр, цөхрөл гуниг, эргэцүүлэл, харамсал бүх л мэдрэмж нэг дор. Сонголтоо зөв хийх хэрэгтэй.

Тэд эсэргүүцээгүй зүгээр л өөрсдийн үзэл, бодлоо илэрхийлэх гэсэн

    Алим бол тэдний нэг төрлийн хахууль. Амьтад өөрсдийн нөхцөл байдлын тухай эргэцүүлэх гэж оролдох бүрт “Шуурхай мэдээ”-ний ширүүн салхинд бодол нь замхарч одно. Тэдэнд асуух ч завдал өгөхгүй. Үнэн худал нь мэдэгдэхгүй, өөрсдийнх талаарх мэдээг өөрсдөд нь тарааж анхаарлыг нь сарниулдаг юм байх. Тэдний хамгийн том айдас нь нохойнууд. Үзэл бодлоо илэрхийлснийхээ хариуд тэдэнд хазуулж, уруулах вий гэх айдас тэдний өөрсдийгөө гэх үзлээс дээр оршино. Тиймдээ ч өвөл, хаврыг ажрахгүй нөхцөл байдлыг өдий хүртэл явсан биз. Амьтад өдөр бүр хөдөлмөрлөдөг. Ялангуяа Боксер. Ажил хүндэрч байна уу, идэх юм хүрэлцээтэй байна уу гэдгийг тэд өөрсдөө хамгийн сайн мэднэ. Гэтэл амьдрал нь ямар байгааг Напьлеон нэрт удирдагч өмнөөс нь тайлбарлаж “Амьтдын аз жаргалын түвшин өссөн байна” хэмээх нь тэдэнд өдөр бүр үзэж, туулж байгаад эргэлзээ төрүүлэх мэт. Напьлеоныг ийн хэлсний дараа жүжигчид рүү харахад тэд цөхөрч туйлдсан царайны илэрхийлэмжтэй байдаг. Үзэж суугаа миний хувьд ч “Хэн аз жаргалтай байгаа юм бэ” гэх бодол өөрийн эрхгүй төрж суулаа. 

Боксер шиг амьтад байдаг тулдаа л энэ дэлхий эргэдэг

           Боксерийг хараад өглөө эрт ажилдаа яваад орой тартал эсвэл илүү цагаар сууж ажилладаг хүмүүсийн дүр л хамгийн түрүүнд буулаа. Тэдний хийдэг ажлыг бусад нь өдөр бүр хүлээгээд сурчихсан болохоор хэр их хүч гаргаж байгааг хэн ч анзаарч, тооддоггүй. “Би илүү их ажиллана” гэх түүний үг хүчтэй сэтгэгдэл төрүүлэхүйц. Хэцүү үед бусдадаа тус болох сэтгэл тэр үгэнд байсан болохоор ч тэр юм уу. Жүжиг дундрах тусам Боксерийн өөрийнхөө хичээл зүтгэлээр бүхнийг бүтээнэ гэх тусам өмнөөс нь эмзэглэж байв. Фермд ямар нэг зүйл бүтэлгүйтэхэд тэр өөрөөсөө дахиад хүч гаргах гэж эрмэлзэнэ. Энэ бүх хичээл зүтгэлийн эцэст түүнд юу үлдэв гэх бодол оюун санааг бүрхлээ. 

Төгсгөлд удирдагч гахай Сквиллер “Жүжиг дуусаагүй. Гараад эргээд л үргэлжилнэ” хэмээх хэсэг үзэгч бидний тархи, зүрхэнд зэрэг буусан биз ээ. Жүжигт нэг ч удаа нийгэм гэж хэлээгүй ч бидний одоо байгаа нөхцөл байдлаар хөнгөхөн тохуурхаж чадсан гэж бодож байна. Бүх зүйл нь танил тус жүжгийн хэсэг бүрээс амьдралаа эргэцүүлмээр. Бид энэ фермийн аль амьтан нь болох мөн аль хэсэгт оршиж буй гэдгийг бүгд дор дорноо бодсон нь зүйтэй. 


“АМЬТНЫ ФЕРМ” МЕТАДРАМЫН ЖҮЖГЭЭС ТЭМДЭГЛЭХҮЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188