• Өнөөдөр 2026-11-24

ТЭД БИДНИЙ ТУХАЙ: МАН ДОТОРХ “ДАЙН” БУЮУ ЕРӨНХИЙЛӨГЧГҮЙ БОЛСОН МОНГОЛ УЛС

Эргэлт.мн мэдээллийн сайт “Тэд бидний тухай” буландаа олон улсын хэвлэл мэдээллийн сайт, агентлагуудад Монгол Улсын тухай бичсэн нийтлэлийг хөрвүүлэн хүргэдэг. Тэгвэл энэ удаагийн дугаартаа “Euro News”-ийн нийтлэлч Томирис Билял, Догю Ли нарын хамтран бичсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр огцорсон тухай болон МАН-ын дотоод тэмцлийн талаарх нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна.

МОНГОЛЫН УЛС ТӨРД ЭРХ МЭДЛИЙН ТЭМЦЭЛ ХУРЦДАЖ, ЕРӨНХИЙЛӨГЧ НЬ ОГЦОРЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн огцрох хүсэлтийг УИХ хүлээн авснаар тус улсын улс төр, эдийн засгийн тодорхойгүй байдал улам нэмэгдлээ. Инфляц өсөж, шатахууны хомсдол нүүрлээд буй энэ үед эрх баригч Монгол Ардын Нам доторх нөлөө бүхий бүлэглэлүүдийн эрх мэдлийн төлөөх тэмцэл ч хурцдаж байна.

Авлигын хэрэгт холбогдсон гэх мэдээллийг няцааж буй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх огцрох шийдвэр гаргаснаар Монгол Улсад ээлжит бус Ерөнхийлөгчийн сонгууль явуулах нөхцөл бүрдлээ.

Монгол Улсын парламент буюу Улсын Их Хурал өнгөрсөн пүрэв гарагт Ерөнхийлөгчийн огцрох хүсэлтийг хүлээн авсан юм. Ингэснээр Монгол Улсын ардчилсан түүхэнд бүрэн эрхийн хугацаагаа дуусгалгүйгээр огцорсон анхны Ерөнхийлөгч болж байна. Төрийн мэдээллийн агентлагийн мэдээлснээр, хуралдаанд оролцсон 104 гишүүний 96 нь түүний огцрох хүсэлтийг дэмжжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, Улаанбаатар хотын захирагч асан Х.Нямбаатар цахим орчинд шууд дамжуулалт хийх үеэрээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон төрийн өндөр албан тушаалтнуудыг авлигын хэрэгт холбогдуулан буруутгасан юм. Харин Ерөнхийлөгч уг мэдэгдлийг няцааж, өөрийгөө гэм буруугүй гэдгийг нотлох боломж олгохын тулд огцрох шийдвэр гаргаснаа тайлбарлажээ.

Энэ нь Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш төрийн тэргүүн бүрэн эрхийн хугацаагаа дуусгалгүйгээр огцорсон анхны тохиолдол болж байна. Өмнө нь Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 2027 оны зургадугаар сард явуулахаар товлоод байсан юм.

Х.Нямбаатар өөрийн фэйсбүүк хуудсаар шууд дамжуулсан мэдэгдэлдээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед буюу Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн гэрээ байгуулагдсан 2019 онд 22 сая ам.доллараас дээш хэмжээний мөнгө авсан байж болзошгүй гэж мэдэгджээ. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр уг шууд дамжуулалтыг Х.Нямбаатар Канадаас хийсэн байна.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь Өмнөговь аймгийн нутаг дахь Тавантолгойн нүүрсний ордыг БНХАУ-тай хиллэдэг Гашуунсухайт боомттой холбосон, 234 километр урт хүнд даацын төмөр зам юм.

Х.Нямбаатарын мэдэгдсэнээр, тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүх уг төмөр замын барилгын ажлын гэрээг нээлттэй тендер зарлалгүйгээр “Бодь Интернэшнл” ХХК-д олгох нөхцөлийг бүрдүүлсэн аж. Мөн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр нарыг ч уг хэрэгт холбогдуулан дурдсан байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мягмар гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр өөрийнх нь нэр хүндэд удаа дараа халдаж байгааг мэдэгдээд, авлигын талаарх буруутгалыг эрс няцаажээ.

Тэрбээр “Би ард түмнээсээ ч, төрөөсөө ч нэг ч төгрөг хулгайлж байгаагүй” хэмээн мэдэгдээд, “Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, жирийн иргэн болно” гэж хэлсэн байна.

Үүний дараа сөрөг хүчний Ардчилсан нам Ерөнхийлөгчийг огцрохыг шаарджээ.

УИХ-ын хуралдаанд оролцсон 104 гишүүний 96 нь буюу 92.3 хувь нь огцрох хүсэлтийг дэмжсэн бол найман гишүүн эсрэг санал өгсөн байна. Тэдний дунд Ерөнхий сайд Ням-Осорын Учрал багтжээ.

Харин төмөр замын бүтээн байгуулалтыг хариуцсан компани авлигын талаарх мэдэгдлийг няцаасан байна. Тус компанийн мэдээлснээр, төслийг 2019-2022 онд 2013 онд батлагдсан төсөвт өртгийн хүрээнд хэрэгжүүлж дуусгажээ.

Мөн төслийн захиалагчаас шилжүүлсэн 286 тэрбум төгрөг буюу ойролцоогоор 79 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг зөвхөн зориулалтын дагуу зарцуулсан гэдгийг гүйцэтгэлийн тайлан, санхүүгийн гүйлгээ болон банкны хуулгаар нотлох боломжтой гэж мэдэгдсэн байна.

Тус компанийн мэдэгдэлд “Төслийг хэрэгжүүлэх бүх хугацаанд нийт өртөг нэг ч төгрөгөөр нэмэгдээгүйг холбогдох баримт бичгүүд нотолж байна” гэжээ.

ЭРХ БАРИГЧ НАМ ДОТОРХ ЭРХ МЭДЛИЙН ТЭМЦЭЛ

Монголын улс төрд өрнөж буй энэ удаагийн хурцадмал байдлын цаана 2016 оноос хойш төрийн эрх барьж буй Монгол Ардын Намын дотоод зөрчил, эрх мэдлийн төлөөх тэмцэл байгаа юм.

Х.Нямбаатар нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нэгэн адил МАН-ын гишүүн боловч нам доторх өөр өөр бүлэглэлд харьяалагддаг.

Монголын хэвлэл мэдээллийн “Тэнгэр ТВ” компанийн гүйцэтгэх захирал У.Ундрал Амарсайхан Euronews агентлагт өгсөн ярилцлагадаа эрх баригч намын дотоод зөрчил улс төрийн хямралын гол эх үүсвэр болж байгааг онцолжээ.

Тэрбээр “Эрх баригч нам доторх өрсөлдөгч бүлэглэлүүд улс төрийн гол сөрөг хүчин болж, дотоод маргаанаа улсын хэмжээний улс төрийн хямрал болгон хувиргах боломжтой” гэж тайлбарласан байна.

Түүнчлэн улс төрийн тогтворгүй байдал эдийн засагт сөргөөр нөлөөлж байгааг дурджээ. Монгол Улсын инфляц 13.6 хувьд хүрч, 2022 оноос хойших хамгийн өндөр түвшинд очсон бол шатахууны хомсдол зуны улирлаас эхлэн ажиглагдах болсон байна.

“Монгол Улс сүүлийн нэг жилийн хугацаанд гурван Засгийн газартай боллоо. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ болон нам доторх өрсөлдөгч бүлэглэлүүдийн зөрчил улам ил тод болж байна. Энэ бол зөвхөн хариуцлага тооцох асуудал биш. Харин намын ирээдүйг хэн тодорхойлох вэ гэдэгтэй холбоотой тэмцэл юм” гэж У.Амарсайхан ярьжээ.

Харин Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүх өөрийн нэр төрийг сэргээж, шударга ёсны төлөө тэмцэхийн зэрэгцээ ард түмэнтэйгээ хамтран ажиллана, улс орон хаана дуудсан ч тэнд зүтгэнэ гэдгээ мэдэгдсэн байна.

У.Амарсайханы үзэж буйгаар, Ерөнхийлөгчийн огцрох шийдвэр нь улс төрийн тодорхойгүй байдлыг эцэслэхээс илүүтэй шинэ үеийн өрсөлдөөний эхлэл болж мэдэхээр байна.

Тэрбээр “Одоогийн нөхцөл байдлыг харахад энэ нь тодорхойгүй байдлын дахин нэг үе эхэлж буй мэт санагдаж байна. Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгууль, түүний дараа 2028 онд товлогдсон парламентын сонгууль нь өрсөлдөгч бүлэглэлүүдэд яг одооноос улс төрийн нөлөөгөө нэмэгдүүлэх хүчтэй сэдэл өгч байна” гэжээ.

Мөн “Ерөнхийлөгчийн огцрох шийдвэр төрийн тэргүүний суудлыг хэн хаших вэ гэдэг ойрын асуудлыг шийдвэрлэж болох ч эрх баригч намын дотоод хагарлыг арилгахгүй. Хэрэв Ерөнхийлөгч асан улс төрийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг урагшлуулахыг зорьвол эрх мэдлийн төлөөх тэмцэл улам өргөжиж, хурцдаж болзошгүй” хэмээн анхааруулсан байна.

Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу УИХ-ын дарга С.Бямбацогт Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллах юм. Шинэ Ерөнхийлөгчийг дөрвөн сарын дотор сонгох хүлээлттэй байна.

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН САНАЛ

Ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгөхөөсөө өмнө У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах санал дэвшүүлжээ.

Түүний саналд төрийн тогтолцоог өөрчлөх хоёр хувилбар багтсан байна. Нэгдүгээрт, хоёр танхимтай парламентын тогтолцоонд шилжиж, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн засаглалын тогтолцоонд шилжиж, төрийн тэргүүний гүйцэтгэх эрх мэдлийг нэмэгдүүлэх.

Эдгээр санал нь Монгол Улсын төрийн эрх мэдлийн хуваарилалт, парламентын тогтолцоо, гүйцэтгэх засаглалын бүтцэд томоохон өөрчлөлт оруулах агуулгатай юм. Гэвч уг асуудлаар улс төрийн хүчнүүд ямар байр суурь баримтлах, Үндсэн хуулийн өөрчлөлтийг ямар хүрээнд хэрэгжүүлэх нь одоогоор тодорхойгүй байна.

УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналын хүрээнд бүх нийтийн санал асуулга явуулах шийдвэр хараахан гаргаагүй байна.

ЕВРОПТОЙ ХАРИЛЦААГАА БЭХЖҮҮЛЭХ ЭРМЭЛЗЭЛ

Монгол Улс хоёр том хөрш болох БНХАУ, ОХУ-аас гадна бусад улс, олон улсын байгууллагатай харилцаагаа өргөжүүлэхийг гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэлийн нэг болгож ирсэн. Энэ хүрээнд хэрэгжүүлдэг “Гуравдагч хөршийн бодлого” нь Европын Холбоо зэрэг олон улсын түншүүдтэй улс төр, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэхэд чиглэдэг.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх огцрохоосоо ердөө нэг сарын өмнө ХБНГУ-д төрийн айлчлал хийж, тус улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайертай уулзсан юм.

Айлчлалын хүрээнд Монгол, Германы тал стратегийн түншлэлийн харилцаагаа бэхжүүлэх тухай хамтарсан тунхаглалд гарын үсэг зуржээ. Уг баримт бичигт сэргээгдэх эрчим хүч, боловсрол, аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг тусгасан байна.

Мөн зургадугаар сарын 29-нд Брюссель хотод болсон уулзалтын дараа Европын Холбоо Монгол Улсын “Гуравдагч хөршийн бодлого”-ыг дэмжиж байгаагаа дахин илэрхийлжээ.

Европын Холбоо Монгол Улстай тогтоосон түншлэлийн харилцаагаа ардчилал, хууль дээдлэх зарчимд тулгуурласан гэж тодорхойлж, тус улсын эдийн засгийг төрөлжүүлэх бодлогыг дэмжиж буйгаа нотолсон байна.

Монгол Улсын хувьд Европын орнуудтай харилцаагаа өргөжүүлэх нь гадаад бодлогын тэнцвэрийг хадгалахаас гадна эдийн засгаа төрөлжүүлэх, хөрөнгө оруулалт татах, шинэ зах зээлд гарах чухал ач холбогдолтой.

Гэвч дотоодын улс төрийн тогтворгүй байдал, төрийн эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн, Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал нь Монгол Улсын гадаад бодлогын залгамж чанарт хэрхэн нөлөөлөх вэ гэдэг нь анхаарал татаж байна.

Ерөнхийлөгчийн огцрох шийдвэр Монголын улс төрд үүссэн зөрчлийг эцэслээгүй, харин ч эрх баригч намын дотоод тэмцэл, авлигын талаарх мэдэгдэл, төрийн тогтолцооны ирээдүйн асуудлыг нэгэн зэрэг хурцатгалаа. Ирэх дөрвөн сарын хугацаанд шинэ Ерөнхийлөгчийг сонгох үйл явц өрнөхийн зэрэгцээ 2028 оны парламентын сонгуулийн өмнөх улс төрийн хүчний харьцаа ч тодорхойлогдож эхэлнэ.

Тиймээс Монголын улс төрд өрнөж буй энэ үйл явдлыг зөвхөн Ерөнхийлөгчийн огцролтоор хязгаарлан ойлгох боломжгүй. Энэ бол эрх баригч намын ирээдүйн удирдлага, төрийн тогтолцооны чиг хандлага, эдийн засгийн тогтвортой байдал, гадаад бодлогын залгамж чанартай холбоотой өргөн хүрээний улс төрийн өрнөл юм.


ТЭД БИДНИЙ ТУХАЙ: МАН ДОТОРХ “ДАЙН” БУЮУ ЕРӨНХИЙЛӨГЧГҮЙ БОЛСОН МОНГОЛ УЛС
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188