• Өнөөдөр 2026-11-24

Зудын эрсдэлийг аймаг, сумаар бодит цагт хянах систем ашиглалтад орлоо

“Гамшгийн үеийн удирдлагын нэгдсэн систем”-ийн хүрээнд Зудын гамшгийн эрсдэлийн бодит цагийн хяналт, мониторингийн системийг нэвтрүүлж, ашиглаж эхэлжээ. Ингэснээр зудын аюул аль аймаг, сумын нутагт хамгийн их нөлөөлөх, аль малчдын бүлэг илүү эмзэг байгааг эрт тодорхойлж, урьдчилан сэргийлэх боломж бүрдэж байна.

Тус систем нь зайнаас тандан судлах болон газарзүйн мэдээллийн системд суурилсан. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд зудын эрсдэлийг эрт илрүүлж, нөлөөллийг нь бодит хугацаанд хянахад зориулагдсан бөгөөд төр, хувийн хэвшил, иргэдийг аюулаас урьдчилан сэргийлэх, цаг алдалгүй хариу арга хэмжээ авах, хохирол багатай даван туулахад дэмжлэг үзүүлнэ.

Системийн онцлог нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Үндэсний статистикийн хороо, Цаг уур, орчны шинжилгээний газар, Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллийн системүүдтэй уялдсанд оршино. Бодит цагийн мэдээлэлд үндэслэн зудын аюул, өртөх байдал, эмзэг байдал, чадавхыг аймаг, сумын түвшинд орон зайн дүн шинжилгээгээр тус бүрд нь тооцож, эдгээрийн үр дүнд тулгуурлан зудын гамшгийн эрсдэлийг гаргадаг ажээ.

Холбогдох байгууллагаас мэдээлснээр систем нь аюулд ямар мал, малчдын бүлэг, аль бүс нутаг хамгийн их өртөх магадлалтайг эмзэг байдлын үзүүлэлтүүдтэй нь уялдуулан тодорхойлдог. Мөн улс, бүс, аймаг, сумын аль нэгийг сонгон тухайн нутаг дэвсгэрийн аюулын нөлөөлөл, эрсдэлийн нэгдсэн үнэлгээ хийх боломжтой. Ингэснээр зудаас урьдчилан сэргийлэх, эрт хариу арга хэмжээ авах, нөөцийг оновчтой хуваарилахад дэмжлэг болж, шийдвэр гаргахад шаардлагатай бодит суурь мэдээллийг боловсруулахаас гадна төрөл бүрийн сэдэвчилсэн дүн шинжилгээ хийхэд ашиглагдана.

Б.Наранцолмон


Зудын эрсдэлийг аймаг, сумаар бодит цагт хянах систем ашиглалтад орлоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188