• Өнөөдөр 2026-11-25

НАЙРУУЛАГЧ Ц.ХҮСЭЛБААТАР БУЮУ ТҮГШҮҮРИЙН ЭЗЭН

           Найруулагч Ц.Хүсэлбаатар Монгол Улсын УГЗ цол хүртээхээр болжээ. Түүнийг өндөр дуугаар ярьж байхыг сонссон хүн цөөн байх. Харин хийсэн бүтээл нь түүнийг орлож ярьдаг. Тайзнаас дэлгэц рүү алхсан, багшийнхаа сургаалыг мэдсээр байж зөрсөн ийм л уран бүтээлч. 

УДАМ ДАМЖСАН УРАН БҮТЭЭЛЧ 

            Түүний гэрт урлаг тусдаа сэдэв биш, өдөр тутмын амьдрал хэв маяг байв. Түүний ээж Ардын дуу бүжгийн чуулгад хувцасны эрхлэгч байжээ. Харин аав нь  наймдугаар Богд Жибзундамбын дүрээрээ ард түмэндээ хайрлагддаг Монгол Улсын Гавьяат жүжигчин Ёндонгийн Цог. “Говь хянганд тулалдсан нь”, “Зарлаагүй дайны оршил”, “Бид мартахгүй” кинонд тоглосон цэрэг, офицер, тагнуулын дарга Цогийг уншигч та андахгүй мэдэх билээ. Гэхдээ тэр хүүхэд байхдаа гэрээсээ бараг гардаггүй, зураг зурж, ном уншдаг урлагаас хол хүүхэд байсан гэдэг.

            1983 онд Москвагийн театрын сургуулийн шалгалтад тэнцсэн ч Багшийн сургуульд сурч байсан тул явж чадаагүй. Тэр үед багш Г.Доржсамбуу түүнийг театрт авна гэж амласан гэдэг. 1985 онд бага ангийн багш мэргэжлээр төгсөөд шууд Драмын эрдмийн театрт дагалдан жүжигчнээр томилогдож, хоёр жил ажилласан байдаг. Үүний дараа 1991-1995 онд СУИС-ийн найруулагчийн ангид Х.Энхжаргал багшийн удирдлагаар суралцжээ. Багш нь түүнд өөрийн бичсэн зохиолыг өөрөө найруулахгүй байхыг сургадаг байж. Хүн өөрийн хүүхдийг хайрлахтай адил муу зохиолоо ч хайрлаж, хасаж чаддаггүйтэй адил гэсэн үг. Тэр кинондоо зохиолоо өөрөө бичдэг ч ганцаараа ажилладаггүй. "Аюултай харилцаа"-ны зохиолыг өөр хоёр зохиолчтой хамтран бичиж, "Нинжин сэтгэл"-ийн зохиолыг найман есөн удаа шүүсэн. Ингэхээр сургаалийг бүрэн сахисан ч биш, бүрэн орхисон ч биш. Эвлэрсэн хэлбэр гэмээр…

            Тэрбээр "Аюултай харилцаа", "Нинжин сэтгэл", "Галзуу зугаалга" зэрэг арав гаруй кино найруулсан. "Ядуугийн зовлон 2" киног ч үзэгчдэд хүргэсэн. Төрлөөр нь харахад олон өнгө туршсан нь тод. Инээдмийн кино чадна гэдгээ мэдэж авч, аймшгийн кино ч туршсан. Эцэст нь түгшүүрт драм, триллерээс өөрийгөө олжээ. Түүнд триллер бол зүгээр л айдас түгээх төрөл биш, хүний дотоод сэтгэлийн чанад руу харах оролдлого гэж ойлгогддог. Үүний хажуугаар "Нинжин сэтгэл" киноны гол санаа нь уучлал байсан нь сонин зөрчил. Хатуу төрөл хийдэг хүн зөөлөн мелодрам руу орчихдог. Магад үүнийг түүний дотоод ертөнцийн хоёр тал гэж хэлж болох байх. 

АВЬЯАС ЦАЛГИСАН ГЭР БҮЛ

            "Хас урлан" студийн захирал Хүсэлбаатарын найруулсан 12 дахь кино нь "Хиртээгүй сарнай". Тэр кинонд гэргий МУГЖ С.Өлзийхүү, охин СТА Х.Баярмаа нь тоглосон байдаг  Гэргий нь түүний олон кинонд зургийн даргаар ажилласан. Нэг гэр бүл нэг уран бүтээлийн багийг бүрдүүлж байгаа нь түүний найруулагчийн ширээний ард яагаад тогтуун сууж чаддагийн нэг тайлбар байх. Тайзыг ч мартсангүй. "Дурлалын сүм" жүжгээрээ "Гэгээн муза" шагнал авч, хүүхдийн мюзикл жүжиг ч найруулжээ. 

            Охин Х.Баярмаа  аав ээжийгээ дагаж кино натурт явдаг байсан бага наснаасаа тэр урлагт дурлаж,өссөн ахуй орчин нь түүний эхлэл байсан бол "Би жүжигчин, найруулагч болно" гэж эрс шийдсэнээс хойш чамгүй уран бүтээлийн гол болон туслах дүрд тоглосон. Сүүлд гэхэд, "Ээж ээ зорино", "Хавтаст хэрэг-2" тэргүүтэй кинонуудад тоглосон. Түүний мөн онцлох нэгэн уран бүтээл бол 2 найруулагч М.Батболдын "Гэм зэм" жүжгийн Дунягийн дүр. Хүү Х.Сумъяадорж "Бид нэг гэр бүл"-ийн ах, "Амьдрах сайхан"-ы дурлалт залуу,“Мөрч"-ийн Агь, "Хүлээх өрөө" гээд хөвөрнө. Түүнээс гадна "Ододтой бүжиглэе" шоуны энэ жилийн тун амжилттай оролцогчдын нэг. Ингээд харахаар олон талын авьяастай, уудлах тусам баялаг уран бүтээлч тэр юм. Мөн тайзны дүрийг нь ч онцлохгүй өнгөрч болохгүй. 2024 оны хавар тэрбээр "Монгол" театрын анхны уран бүтээл болох "Клеопатра" жүжгийн Октавиан жанжны дүрийг бүтээсэн. Түүнчлэн "Маск" продакшнд ч харьяалагдан хошин урлагийн тайзнаа ч гарч амжсан. Сүүлийн жилүүдэд Сумъяагийн дүрд нь тоглоогүй кино ч ховор болж гэгдэж буй. Энэ мэтээр урлагт тэр олон төрлөөр хүч сорьж, өөрийгөө үзэгчдэд өргөнөөр харуулсаар байна.

            Хашгирахгүй ч өөрийнхөө үгэнд хүрэхийг хичээдэг, багшийнхаа сургаалийг зөрсөн ч үнэнийг нь алддаггүй, зөөлөн зан чанараа найруулагчийн хатуу ажлын хэрэгсэл болгож чаддаг учраас тэр кино урлагт тогтуун түгшүүрийн эзэн. Тогтуун хүн дуугарахдаа түүний үг ихэвчлэн жин даадаг. 


НАЙРУУЛАГЧ Ц.ХҮСЭЛБААТАР БУЮУ ТҮГШҮҮРИЙН ЭЗЭН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188