• Өнөөдөр 2026-11-25

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян “Хаана ч аюулгүй” уриан дор эхэллээ

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян энэ жил “Хаана ч аюулгүй: Бодит ба цахим орчинд шударга ёсыг хангаж, хохирогчдыг хамгаалж, ял завшилтыг эцэслэе” уриан дор өрнөж байна. Аян 11 дүгээр сарын 25-нд буюу Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах олон улсын өдрөөс эхэлж, 12 дугаар сарын 10-нд буюу Хүний эрхийн өдөр хүртэл үргэлжилнэ.

Энэ жилийн уриа нь НҮБ-ын “UNiTE” аяны дэлхий нийтийн сэдэвтэй уялдаж байгаа юм. 2026 оны аяны дэлхийн сэдэв нь “Эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийллийг таслан зогсооход нэгдье: Шударга ёсыг хангаж, хохирогчдыг хамгаалж, ял завшилтыг эцэслэе” юм. Энэ нь гэр бүл, ажлын байр, олон нийтийн амьдрал, цахим орчин гээд хаана ч байсан бүх эмэгтэйчүүд, охидод үйлчилдэг шударга ёсыг шаардаж байна. Энэ сэдэв шүүх эрх зүйн тогтолцоо болон олон нийт хамтран ажиллах шаардлагатайг онцолж байна.

Монголд дэвшүүлсэн “Хаана ч аюулгүй” уриа бодит болон цахим орчныг зэрэг хамарч байгаа нь онцлог. НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын мэдээлснээр зургийг нь ашиглан дарамтлах, цахимаар мөрдөж хавчих, хиймэл оюунаар үүсгэсэн хуурамч бичлэг (deepfake), үзэн ядсан үг хэллэг зэрэг цахим хүчирхийлэл хурдацтай нэмэгдэж байна. Энэ нь зөвхөн онлайнд хязгаарлагдахгүй, бодит амьдралд шилжиж, удаан хугацааны хор хохирол учруулдаг. 

Аяны хүрээнд хохирогчдод шударга ёсыг хангах, ял завшилтыг таслан зогсоохыг уриалсан, олон нийтэд харагдахуйц арга хэмжээ зохион байгуулахыг НҮБ уриалж байна. Жил бүр 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны хооронд дэлхийн 180 гаруй улс энэ аяныг зохион байгуулдаг. Төрийн байгууллага, олон улсын түнш, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, иргэд бүр аянд нэгдэж, хүчирхийллийг үл тэвчих байр сууриа илэрхийлэхийг уриалж байна.


Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян “Хаана ч аюулгүй” уриан дор эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188