• Өнөөдөр 2026-11-25

“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Х.ПҮРЭВЖАРГАЛЫН “ХУЛГАЙ”-Н БАРИМТУУД-I

2026-11-25,   23

        “Тавантолгой төмөр зам” ТӨХК-ийн анхны гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал нүүрсний хулгайн хэрэгт холбогдож, хил даваад “шувуу” болж зугтсан. Түүний оронд ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлийн “тавиул”, тендерчин Н.Будбаяр гэгчийг томилж, хоёр жил ажиллуулаад чөлөөлсөн. Түүний араас Ховдын Засаг дарга асан Б.Дүгэржавыг томилсон ч хагас жил болоод ажил дээрээ архидаж, агсам тавиад хөөгдсөн. Харин одоо “Тавантолгой төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар Х.Пүрэвжаргал гэгч ажиллаж буй. 

        Үндэсний аудитын газраас “Тавантолгой төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Пүрэвжаргал компаниудтай тендергүйгээр шууд гэрээ байгуулах байдлаар их хэмжээний санхүүгийн зөрчил гаргаж байгааг ЗГХЭГ-т анхааруулсаар байгаа. Тэгээд болоогүй, Х.Пүрэвжаргалд сахилгын шийтгэл ногдуулах шаардлагыг ч ЗГХЭГ-т хүргүүлсэн байдаг. 

      “Тавантолгой төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Пүрэвжаргалын тухайд МАН-ын дэргэдэх СДМЗХ-ны Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, тус холбооны Ерөнхийлөгч асан, Ерөнхий сайд Н.Учралтай найзууд. Тиймдээ ч Үндэсний аудитын дүгнэлтийг үл тоон албан тушаалаа хашсаар буй гэгддэг. 

Тэгвэл Х.Пүрэвжаргал “Тавантолгой төмөр зам” ТӨХК-аас эрхэн хулгайлж, хумсалж буй баримтуудыг цувралаар танилцуулахаар бэлтгэлээ. 

     Төрийн өмчийн компани 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй бараа, ажил, үйлчилгээ авахдаа тендер зарлах хуультай. Тийм ч учраас “Тавантолгой төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Пүрэвжаргал тендер зарлахгүйн тулд найзуудынхаа компанитай 18 сая, 19 сая, 19.7 сая гэх мэт дүнгээр шууд гэрээ байгуулдаг шалгарсан аргатай нэгэн ажээ.  

Эхний жишээ нь, 

      “Тавантолгой төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Пүрэвжаргал 2026 оны наймдугаар сарын 21-нд “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын төслийн талбайд шууд дамжуулалт хийлгэх ажил” нэртэйгээр “Медиа фойнт” ХХК-тай 18 сая төгрөгийн шууд гэрээ байгуулжээ. 

“Медиа фойнт” ХХК-ийг Гансүхийн Мөнхсүх эзэмшдэг. Ноцтой нь, “Медиа фойнт” ХХК-ийн захирал Г.Мөнхсүх, “Тавантолгой төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Пүрэвжаргал хоёр МАН-ын дэргэдэх СДМЗХ-д хамт ажиллаж байсан, халаас нэгтэй эртний найзууд. Тухайлбал, Г.Мөнхсүх, Х.Пүрэвжаргал хоёр 2021 оны арванхоёрдугаар сарын 27-нд “Алтай сарнай манлайлал” ТББ-ыг хамтран байгуулж, тэргүүнээр нь Х.Пүрэвжаргал ажиллаж  ирсэн. Илүү ноцтой нь, Г.Мөнхсүх, Х.Пүрэвжаргал хоёрын “Алтан сарнай манлайлал” ТББ-ын СБД-ийн 6-р хороо, 27-20 тоот гэх нэг хаяг дээр Г.Мөнхсүхийн “Медиа фойнт” ХХК нь давхар бүртгэлтэй байдаг. 

        Өөрөөр хэлбэл, “Тавантолгой төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Пүрэвжаргал өөрийн эзэмшдэг “Алтан сарнай манлайлал” ТББ-ынхаа хаяг дээр давхар бүртгэлтэй, бизнесийн хамтрагч, халаас нэгтэй найз Г.Мөнхсүхийнхээ “Медиа фойнт” ХХК-руу 18 сая төгрөг шилжүүлчихсэн гэсэн үг. 

       “Тавантолгой төмөр зам” ТӨХК-аас шууд гэрээгээр 18 сая төгрөг тоншсон Х.Пүрэвжаргалын найз Г.Мөнхсүхийн тухайд, 2023 онд СБД-ийн 6-р хорооны МАН-ын дарга болж, 2024 оны орон нутгийн сонгуулиар “Н.Учралын багийн гишүүн” нэрийн доор МАН-аас СБД-ийн ИТХ-д нэр дэвшээд унасан байдаг.  

      Бид дараагийн дугаартаа “Тавантолгой төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Пүрэвжаргалын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн танилцуулга нэвтрүүлэг, контент, график видео хийлгэх, камер дагалдах хэрэгслийн хамт түрээслэх гэх мэтээр 19.5, 19.7 сая төгрөгийн шууд гэрээ байгуулсан компаниудын эздийг танилцуулах болно. 

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...


“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Х.ПҮРЭВЖАРГАЛЫН “ХУЛГАЙ”-Н БАРИМТУУД-I
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188