• Өнөөдөр 2024-04-25

УДАМ ДАМЖСАН ЖАЛАМ ХАР

2023-02-12,   1390

             Урт гэзэгтэй, урсгал ус шиг хөдөлгөөнтэй, удам дамжсан их авьяастай донжтой нэгэн бүжигчин бий. Монголын урлагийн ноён оргилын нэг бүжиг дэглээч “СЭВЖИД” хэмээх уулын өвөрт ургасан үелзэл, долгисол. Хөдөлгөөнийг удирдаж, үе үеэр нь эсгэгч. Мөнхүү нэгтгэн нийлүүлэгч, задлан, залруулагч.

           Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн Гавьяат зүтгэлтэн, Хөдөлмөрийн баатар, найруулагч, бүжиг дэглээч С.Сүхбаатар ийм л нэгэн авьяастан. Бүжгийн үе, үйлдэл, хөдөлгөөн бүрийг өөрийн тархи, зүрхнээс “урладаг” уран бүтээлч. Гурван үеийн удам дамжсан бүжгийн их авьяас цусаар нь “гүйж” буй. Анхлан Нарны домог хэмээх бүжгийг дэглэснээс хойш тэр аавтайгаа хамтран, аавынхаа бүжгийн их урлагт оруулсан хувь нэмрийг залгуулан олон гайхам бүжиг дэглэх болсны нэг нь Жалам хар. Тэдний нэрийн хуудас болсон энэ алдарт бүжгийг мэдэхгүй хүн байхгүй. Тиймээс энэхүү бичвэртээ түүнийг УДАМ ДАМЖСАН ЖАЛАМ ХАР гэж онцлон хүргэж байна.

 

-ААВ ЖАЛАМ ХАР-

                           Ардын жүжигчин, Төрийн шагналт, ХХ зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжид хэмээх хүнгүйгээр Монголын бүжгийн урлаг гэх "сүрлэг сайхан мод"-ны тухай ярих боломжгүй. Тэр дундаа Үндэсний бүжгийн урлаг гэх салаа мөчрийг нь хөгжүүлэх үйлсэд 50 шахам жил зүтгэж, “Мандухай сэцэн хатан”, “Шарай голын гурван хаан”, “Учиртай гурван толгой” зэрэг арав гаруй дуурь, хөгжимт драмын жүжгийн бүжиг, өнөө л бидний мэдэх, “Хөдөө нутгийн залуус”, “Адуучин”, “Хатад”, “Саальчин”, “Ээрүүлт” гэх бүжгийг дэглэсэн гэхээр навч нахиа бүр нь түүнээс ургасан байгаа юм.   

         "Адуучин аавын хүү бил ээ би..." гэдэг шиг бүжигчин, бүжиг дэглээч аавын хүү билээ, тэр. Агтны төвөргөөнд өсөөгүй ч морьдын төвөргөөн анирдаж, түүнээс хөдөлгөөн үүсгэн дэглэсэн, монгол ахуй соёлоосоо бүжгийн үр соёолуулсан удмын үргэлжлэл юм. Тэрбээр “Би аавынхаа хүү болж төрснөөс хойш уран бүтээл ярьсан. Намайг хэрхэн хөлд орохыг хүртэл бүжгийн хөдөлгөөнтэй сүлэлдүүлсэн мэт санагддаг. Аавтайгаа би зургаан жил хамтарч ажилласан” хэмээн дурсан ярьсан байдаг. Аавын ийм л хүү, ардын их авьяас билгийн уурхай болсон бүжиг дэглээчийн их өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч тэр аав шигээ бүжиг дэглэхийг хүсэж мөрөөддөг. Гэвч аавынхаа энд хүрч, сэтгэсэн шиг нь сэтгэж, эсгэсэн шиг нь эсгэж, бодсон шиг нь ханатал бодож арай гүйцээгүй, мацаж л яваа. Жалам хар бол Монголын бүжгийн урлагт дархлагдсан өөрийн гэсэн орон зай, имиж төрхтэй бүжиг. Аавынхаа тухай ярьдаг дурсамжийг нь энд мөн зүйж өгөх нь зүйтэй байх. Түүний бүжигт "шогшуулах" болсон он жилүүдийн эхлэл эндээс хөвөрнө.

        Хөгжим бүжгийн дунд сургуульд ороход, Ардын бүжгийн чуулгад хоёр хүүхдийн хамт томилогдон очиж байлаа. Тухайн үед чуулгын дарга бидэнд “Сайн бүжигчид болоорой. Одоо та нар бүжиг дэглээч Ц.Сэвжид гэх хүнтэй уулз” гээд өрөөг нь зааж өгдөг юм байна. Аавын өрөөнд ортол, нөгөө хоёр хүүхэд “Багшаа” гээд юм асууж гарлаа. Би “Аав аа” гээд асуух гэтэл, “Өнөөдрөөс эхлээд ажил, амьдралаа ялгаж, салгаж байгаарай. Ажил дээр би чиний багш. Харин гэртээ очоод аав чинь” гэж хэлсэн байдаг. Ингэж л түүний аав амьдрал, уран бүтээлийнх нь хувирашгүй багш байж бүжгийн гүн их ертөнц рүү хөтлөн давхижээ.

  -ХҮҮ ЖАЛАМ ХАР-

             С.Сүхбаатар бүжиг дэглээч Хөгжим бүжгийн коллежийн ардын бүжгийн багшийн анхны ангийг дүүргэснээр Дуурь бүжгийн эрдмийн чуулгад 1971 онд бүжигчнээр орсноос хойш уран бүтээлийн гараагаа эхэлж, урлагт одоо ч "бүжгэн хүлгээ" сойсоор яваа. Түүний хамгийн анхны бүтээл нь “ШИГШРЭГТ”. Аав шигээ бүжиг дэглээч болохыг хүсэж, аавдаа анхлан бүтээлээ үзүүлж л дээ. Морьдын чимээний тухай өгүүлэх эл бүтээлээрээ тэр өөрийн замаа нээж, бүжгийг нь үзсэн Ю.Цэдэнбал гуайн эхнэр Флатова “Энэ бүжиг дэглэсэн залууг олон улсын театрт урлагийн сургуулийн бүжиг дэглээчийн ангид явуул” гэх шийдвэр гаргаснаар Оросын Холбооны Улсын оюутан болоод авч. Ингэж аавынхаа татсан замыг өөрийн хичээл, зүтгэл хөдөлмөрөөр өнгө нэмж,   урлагт жолоо татаж эхэлсэн нь энэ. Ааваас шингэсэн, бүр нь цусанд нь булгилж байх нэг зүйл бол монгол ахуй соёлын дотроос онож харж, буулгаж, сүлжин, сүлж боддог нарийн ухааныг нь авсан байдаг. Нэг ёсондоо аавынхаа, агуу бүжиг дэглээчийн уламжлалаас ургуулах ухааныг тэр бүжиг дэглэлтдээ шингээгч юм. Түүний бүжиг дэглэлтийг утас хөвөрдөж, үйл мэтгэдэг оёдолчинтой зүйрлэвэл онох нягт нямбай.

-АЖИГЛАГЧ-

         Ажиглалт түүний гол ажиллагаа. Юмсыг, ахуй соёлыг ажиглахгүйгээр, тэдгээрийн хоорондох хөдөлгөөний зүй тогтол, хоршил, холбоосыг мэдрэхгүйгээр үндэстний дархлагдсан бүтээл төрөх үндэсгүй. Тэгэхээр Сүхбаатар бүжиг дэглээч ахуйг сайтар ажиглан, шинжлэн судлагч юм. Хөдөлгөөн бүр учиртай, хоорондын нарийн сэжимтэй гэдгийг нарийн ажиглалт, торгон мэдрэмжээс л олж, татан буулгадаг болов уу. Холболцон орших юм бүхэн учир утгатай оршиж, тэднийг салгаж, задалж, нэгтгэж гэмээнэ сая бүжгийн дэглэлт төрдөг болов уу. Үүгээрээ тэр гярхай ажиглагч. 

Тэгж гэмээнэ “АЙ” гэх морьдын чимээ ямар гоё сонсогддог юм бэ гэж олж, анирдснаар бүжиг гэгч "мэндэлдэг" болов уу.

-БОДОГЧ-

              Тархи оюундаа хурааж, хуримтлуулсан, тарьж, тариалсан ажиглалтаа бүтээл болгох дараагийн дамжлага нь бодох. Тэр үүгээрээ байнгын бодогч. Холбоо орших хоёр зүйлээс юуг төрүүлж, эсгэж, оёж, эвлэлдүүлж болох вэ гэдэгт тархи нь ажиллаж, хөдөлгөөний хоорондын уусалт, нэгдэлт, зохицлыг мэдрэхээр удаан бодолдоо "нухна". Түүний тэр чинээний даацтай бодлын үр хөврөлөөс дэглэлт төрж, түүнийг хүмүүс хөдөлгөөнөөр дамжуулан хүний сэтгэлд хүргэдэг гэдгийг бид төдийлөн мэдэрч, ойлгож, харах нь ховор. Харин хүмүүс эсэргээрээ гайхамшигтай авьяастай, агуу бүжиг дэглээч юм чинь шууд л  бүжиг дэглээд, бүжиглэдэг гэж амархан ойлгох, мөчидхөн бодох талтай. Гэхдээ гар, хөл, бэлхүүс, толгой гээд хүний эд эрхтэн бүхэн, бүр амьсгал, зүрхний хэмнэл, инээх, найтаах цөм хөдөлгөөний нарийн холбоос байдгийг ажигласан бодлоо нэрж, шим шүүсийг нь гаргадаг. Нарийн ийн тайлбарлаад байгаагийн учир энэ бүхэн өөрөө бүжигчин хүн юм. Бүжигчин, бүжиг дэглээч хүний мөнхийн эрэл, бодол ийм л зүйлд оршдог. Үүгээрээ "хооллож", амьсгалж, зүрх сэтгэлээ тэтгэдэг. Тэгэхээр сайн ажиглалт, бодолт бол Сүхбаатар бүжигчин өөрөө.

            Эргээд өнөө удаан хугацааны дараа гарсан шим шүүсний чанга, сул амтыг үзэгчид шүүж, түүгээрээ тэрбээр бүжиг дэглээч, өөрийнхөө бүтээлийг хэмжиж, хаах нь явааг мэдэх боломжтой. Тэгэхээр бодож, боловсруулах түүний гол процесс, арга барил. Өнөө хүртэл өөрийгөө хөтөлж ирсэн зам. Ингэж ажиглаж, бодож, өөрийн ахуй соёл, зан заншил, уламжлалын үндсээс сайн бүтээл тариалж, оюун санаандаа дахин боловсруулдаг болохоор тэр их бардам, бахархал мөнхүү шавхагдашгүй баялгийн санг өөртөө бүрдүүлсэн эрхэм. Бүжгийн энэ их авьяасыг ганцхан өөрөөс биш бүр удам угсаагаараа дамжуулан "үйлдвэрлэдэг" болохоор тэр шүү дээ. Ийм дээ  ч “Манайх гурван үеийн бүжгийн их авьяастнууд. Надтай өрсөлдөх бүжиг дэглээч Монголд байхгүй” гэж онгирч, дэвэрч, үелздэг. С.Сүхбаатар бүжигчин зөвхөн өөрөө л гэхэд өнөөдөр Монголын үндэсний урлагийн бүжиг хэмээх мөчирт 50 гаруй жил зүтгэж, хөгжүүлэн бадрааж яваа.

-НАЙРУУЛАГЧ-

                Ажиглаж, бодсон бүтээлээ найруулна. Бичигч үг, өгүүлбэрээ олчихоод найруулан буулгахгүй бол хэнд ч ойлгогдохгүйтэй адил бүжиг дэглээч хүн ажиглалт, бодсоноо найруулан, базаж, боловсруулж, бүтээдгээрээ онцлог. Тэгэхээр тэр мөн найруулагч. Хөдөлгөөний хойноос хөөцөлдөгч. Хөдөлгөөн хоорондын холбоо хамаарлыг нээн илрүүлж, илрүүлсэндээ бүр баярлаж, түүндээ ханаж, цадаж амьдардаг. Тэгээд болоогүй аль хөдөлгөөнийг араас нь оруулж өгвөл оновчтойг ч бодож, өөртөө туршиж үзэж, сүлэн, бүрэлдүүлснээр бүжиг гэх урлагийн том төрөл төрж, дараа нь хэнээр, хэчнээн хүнээр бүжиглүүлэх үү гэдгийг ч давхар төлөвлөн, алс харж, шатраар бол нэг ч өрөг алдахгүй суудаг нь дамжиггүй. Хэрэв алдах л юм бол бүтээл нь бүрдэж өгөхгүй дахиад сар, жилээр ч бодож, бодлын аглагт суухыг үгүйсгэхгүй. Тэгэхээр одоо ч тэр бодож, шинэ бүжиг дэглэхээр мэрийж л суугаа.

-ҮНДЭСНИЙ УРЛАГИЙГ УДМААРАА ХӨГЖҮҮЛЭГЧИД-

                       Үндэсний урлагийг удмаараа хөгжүүлэх үүрэг авсан болов уу л гэмээр юм тэд. С.Сүхбаатар бүжигчний том хүү “Хар сарнай” хамтлагийн Амармандахыг хүмүүс андахгүй. Аав шигээ бүжигчин биш ч гэлээ түүний үйлдэл хөдөлгөөн бүжигчнээс өөрцгүй. Анхлан орчин үеийн дууг үндэсний урлагийн хувцастай хослуулан өмсөн, дуулж гарч ирснээрээ олны анхаарлыг татаж байсан тэрбээр одоо ч дуулж л яваа. Аавтайгаа адилхан гэж жигтэйхэн. Харин бага хүү нь харин морин хуурч. Мөн л Үндэсний урлагийн өөр нэгэн салаа мөчрөөр сурч яваа. Гэхдээ бид түүнийг “ХАТАРИШ” дуугаар нь түлхүү танина. Ер бидний мэдэхээр ийм. Одоо ч араас нь авьяасын удам залгаж, олон ч авьяастнууд төрсөөр байгаа. Үүгээрээ тэд удам дамжсан үндэсний авьяастнууд. Үндэсний урлагийг ураг удмаараа хөгжүүлж, өөрсдийн гэх урлагт зүтгэхээр төрсөн хүмүүс. Үндэсний урлагийн хөгжлийн түүхэн замналыг нээж үзвэл, Ц.Сэвжид хэмээх агуу бүжиг дэглээчээс эхлэлтэй авьяастнуудын цуваа тодорсоор байна.


УДАМ ДАМЖСАН ЖАЛАМ ХАР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-31 10:22:52
    zochin: Ai daa xuu mini Ardiin bujig Amidral mini bilee gej Aguu bujig degleech SEVJID guai xelsen gedeg
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188