Монгол Ардын Нам УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, дангаараа засаглаад арван жил өнгөрлөө. Өөрөөр хэлбэл сүүлийн гурван сонгуулийн үр дүнгээр эрх баригч намд ялагдсан сөрөг хүчний тоо цөөдөж, бяр дутсан он жилүүд байв. Хүч тэнцвэргүй засаглалын эсрэг дуугарч, хүн ардынхаа талд ганхашгүй зогсох ёстой цөөнх “амь бүлээн” явсаар өнөөг хүрсэн.
Харин өнөөдөр сөрөг хүчин гэмээ нь сөрөг хүчин шиг мэдэгдэл хийлээ. Тэдний мэдэгдэл, шаардлага нэр бүхий УИХ-ын гишүүд болон авлигын хэрэгт холбогдсон хэн бүхнийг хуулийн байгууллагад шалгуулах тухай байв. Эрх баригч нам энэ бүхнийг ойлгох сөхөөгүй өвөр дотроо жийлцэж, өдөр шөнөгүй “нүдэлцэж” байна. Хууль зүй дотоод хэргийн сайд асан нөлөө бүхий гишүүд нь ч цахим орчинд нэгнийгээ чичлэх болов. Тэдний хагарал зүгээр ч нэг маргаан, үл ойлголцол бус их хэмжээний авлига, албан тушаалын гэмт хэргийг олны анхааралд дэлгэж орхисон юм. Тодруулбал нэг хэсэг мартагдах шахсан “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын гэрээтэй холбоотой “Бодь”-ийн 110 сая ам.долларын авлигын хэрэг гэгдэх дуулианд хэд хэдэн нэр бүхий улстөрч, гишүүд харилцан бие биеэ буруутган нэрлээд байна. Ард иргэд энэ сэдвийг амьсгал даран хүлээж, эрх баригчдын шийдвэрийг нүд цавчилгүй харж байгаа. Иймээс авлигал авч, өгснөө ичиж зовохгүй ил ярилцах болсон МАН-ынхан дээрх хэрэгт нэр холбогдсон хүмүүсээ шударга хууль, үнэн ёсны өмнө хүлээлгэн өгөх цаг нь болжээ.
Нийслэлийн Засаг дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатарын цахим орчинд дэлгэсэн мэдээлэлтэй холбогдуулан хэн, юу хэлснийг эргэн харцгаая.
МАН-ын үе үеийн хамгийн том өрсөлдөгч Ардчилсан нам байсаар ирсэн. УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр уг асуудлаар хаалттай хуралдаж, хянан шалгах түр хороо байгуулах болон уг хэрэгт нэр холбогдсон зарим өндөр албан тушаалтныг огцруулах шаардлага хүргүүлэхээр хэлэлцсэн. Улмаар тус намын дарга О.Цогтгэрэл “Төрийн тэргүүн У.Хүрэлсүх болон авлигад холбогдсон сайд, албан тушаалтнууд ажлаа өгч шалгуулахыг Ардчилсан нам шаардаж байна. Хэрэв уг шаардлагыг хүлээж авахгүй бол Ерөнхийлөгчийг огцруулна. Ард түмэнтэйгээ талбайд гарна” хэмээн мэдэгдэл хийв.

Мөн Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өөрийн цахим хуудсаар дамжуулан “Хэлж байгаа мөнгөн дүн, хийж байгаа ажлыг нь харахад олон улсын мафи хүртэл ийм ажил төлөвлөж хийж, чадах уу гэмээр гэмт хэргүүдээ дэлгэж байна. Жирийн иргэн биш Ардын намын дөрвөн хууль зүйн сайд нэг нэгэн рүүгээ баримт шидэлцэж, хэн нь ямар хэмжээний хулгай хийсэн, авлигын мөнгийг хэрхэн дамжуулж, өгч авалцдаг байсан тухайгаа нэр ус, тоо баримттай нь дэлгэж байна. Эдгээр хүмүүсийн ярианаас МАН төрийн эрх мэдлийг авлигын пирамид болгон хувиргасан гэдэг нь харагдаж байна. Хамгийн ноцтой нь авлигын мөнгөөрөө сонгуулийн саналыг худалдан авч, төрийн эрхийг хууль бусаар луйвардсан тухайгаа ярьж байна. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга нь сая сая ам.доллар зөөж өгдөг, иргэдийн санал хэрхэн гуйвуулсан тухай мэдээлэл ч зах зухаасаа ил болж байна. Энэ бол тогтолцооны авлига. Авлигын шатыг доороос нь шүүрдэж цэвэрлэдэггүй, дээрээс нь цэвэрлэдэг. Төрөөр тоглож байгаа энэ гэмт хэрэгтнүүдийн үйлдлийг таслан зогсоож, төрөөс холдуулах цаг болсон байна” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Харин УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу энэ асуудлын талаар “МАН-ыг төр барьж байхад гарсан авлига, хулгай, хүн амины хэрэг гээд өчнөөн асуудал бий. Х.Нямбаатарын дэвшүүлээд байгаа асуудал шинэ зүйл биш. Тиймээс тус асуудал дээр сонсгол зохиох нь төөрүүлэх арга хэлбэр. 2023 онд АТГ-ынхан болон З.Дашдаваа даргын нүдэн дээр бид энэ “кино”-г үзчихсэн. Тухайн үед бүх мэдээлэл нь яваад байхад АТГ юу хийсэн бэ гэдэг нь тодорхойгүй. Авлигатай тэмцэх газар гэж байна уу, дарга нь амьд уу. Маш олон авлигын хэрэг сөхөгдөж, бүх мэдээлэл нүдний өмнө байхад анзаараагүй мэт байснаа гурван жилийн дараа нэг хүн гарч ирээд лайв хийхэд тоодог байж болохгүй. Эрх барьж байгаа намын талд үйлчилж, сөрөг хүчний эсрэг үйл ажиллагаанд АТГ их шуурхай ажилладаг харагдсан. Нэр дурдагдсан бүх хүнийг шалгах хэрэгтэй. Ганц сайдыг огцруул гэж хүмүүс их шаардаж байна лээ. Монголын төрөөс МАН-ыг огцруулахгүйгээр юу ч шийдэгдэхгүй. “Монголчуудын хамгийн том зовлон бол Ардын нам боллоо” гэдгийг намынх нь жирийн гишүүд хүртэл хэлж байна. Хэдэн жилийн өмнө “60 тэрбум төгрөгөөр Монголын төрийг хулгайлж, хуваагаад идсэн” хэрэг гарсан. Тухайн үед бид эсэргүүцэж жагсаал, цуглаан хийж байснаа мартсан бололтой. Одоо 60 их наяд төгрөгийн хулгай багадаж байна. Ардын намын жирийн гишүүд “Зуун жилийн түүхтэй тусгаар тогтнолыг авчирсан нам минь хэдэн хулгайч нарын гарт үрэгдээд дууслаа” гэж байна. Жирийн гишүүд бол бидэнтэй л ижилхэн ард иргэд. Тэр хүмүүсийг “Хулгайч болоорой” гэж энэ хүмүүс сонгуульд нь гүйдэггүй. Б.Энхбаяр гэх ганцхан хүнийг шалгах бус, дээд албан тушаалтнуудаас эхлээд бүгдийг нь шалгах ёстой. Хэрэв шалгахгүй байвал Ерөнхий сайд Н.Учрал та АТГ-ын дарга З.Дашдавааг солих хэрэгтэй. Гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийг Засгийн газар хэрэгжүүлэх үүрэгтэй. Н.Учрал сайдыг залуу хүн илчтэй, цогтой гээд залуу үеийнхэн итгэн, дэмжиж байгаа. Яг одоо АТГ-тай нүүр тулж чадахгүй бол ажлаасаа больсон нь дээр. Энэ тухай 3-4 жил УИХ-ын нээлттэй сонсгол явуулж байхад Ерөнхий сайд нь одоог хүртэл арга хэмжээ авч чадахгүй байгаа бол больчих. Хувь заяаны эрх, үүрэг нь ирсэн учир энэ олон жилийн хулгайтай тэмцэх нь Ерөнхий сайдын ажил. Монголын ард түмэн бүгд л хулгайн хэргээр толгой дотроо нэг, хоёр хүний нэр бодож байгаа. Бид бүгд мэдэж байхад АТГ ажлаа хийхгүй байгаа нь хэний эрх ашиг вэ гэдэг нь чухал асуудал. Шийдэхгүй бол төр байж яадаг юм. МАН өнөөдрийг хүртэл хийсэн үйлийн үрээ эдлэх ёстой. Энэ үйлийн үр нь Ардчилсан нам, бусад нам эвслийнхэн болон жирийн иргэд байх ёстой” хэмээн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Авлигын хэрэгт нэр холбогдож, харилцан мэдэгдэл хийж буй МАН-ын гишүүд, улстөрчдийн байр суурийг товчхон хүргэе.
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ түүнийг уг төслийн материалыг судалсны дараа асуудлыг өөр тийш эргүүлж, шагналд нь нэг сая ам.доллар авсан хэмээн олон нийтийн сүлжээгээр буруутгасан. Харин Б.Энхбаяр 110 сая ам.доллар валютаар бус 286 тэрбум төгрөгөөр шилжсэн гэх тайлбарыг өгч, уг асуудалд хамааралгүй гэдгээ илэрхийлж байгаа юм.

УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ. Тэрбээр "Тавантолгой төмөр замын данснаас “Бодь интернэшнл” ХХК-ийн данс руу 110 сая ам.доллар шилжиж, тэр шөнөдөө бэлнээр гарсан. Улмаар оффтек гэрээ байгуулсан улстөрчдөд тараагдсан" гэх мэдээллийг анх дэлгэсэн байдаг. Тодруулбал "Тавантолгой төмөр замын ТУЗ-ийн дарга Мэргэний шийдвэрээр анхны 110 сая ам.доллар шилжсэн. “Эрдэнэс Монгол”-оос Тавантолгой төмөр зам руу. Тавантолгой төмөр замаас Бодь руу. Тавантолгой төмөр замын 8145100943 дугаартай Голомт банкны данснаас Бодь интернэшнл ХХК-ийн 8154100935 дугаартай Голомтын данс руу “валют арилжаа” утгатайгаар шилжсэн. Мөнгө шилжсэний дараа энэ данс устсан. Гэхдээ баримтууд дээр үлдсэн. Ингээд орой нь бэлнээр гаргаж аваад хуваасан. Зарим мөнгийг Хүүхдийн паркад, зарим нь олон нийтийн саунд, мөн зочид буудлуудад, төрийн тусгай хамгаалалттай обьектуудад гэрээ байгуулахад оролцсон улстөрчдөд хувааж тараасан" хэмээн мэдэгдсэн байдаг.

Улаанбаатар хотын дарга, Хууль зүйн сайд асан Х.Нямбаатар. Тэрбээр цахим шууд дамжуулалтаар 110 сая ам.доллар хэрхэн шилжсэн болон мөнгө тээвэрлэсэн хүмүүсийн нэрсийг зарлаж дуулиан дэгдээсэн. Харин түүний талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн Ө.Шижир "Х.Нямбаатар энэ асуудалд бүх цаг үед оролцсон тул гадаадаас мэдэгдэл хийхийн оронд ирж шалгуулах ёстой" хэмээн мэдэгдсэн.

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан. “Бодь интернэшнл” компанийн гүйцэтгэх захирал асан А.Амундра түүнийг “Бодь” группийн удирдлагуудтай уулзаж нэг сая ам.долларын авлига авсан хэмээн мэдэгдсэн. Гэвч Т.Аюурсайхан түүний мэдэгдлийг эрс үгүйсгэж, ямар нэгэн мөнгө аваагүй хэмээдэг. Тухайлбал "Бодь интернэшнл" компанийн Гүйцэтгэх захирал асан А.Амундра "Н.Удаанжаргал, Д.Баясгалан, Т.Аюурсайхан гурав “Сastle” ресторанд уулзаж, Т.Аюурсайханд нэг сая ам.доллар өгсөн. Тэнд ажиллаж байсан хүмүүс гэрчилнэ” хэмээн анх твиттер хуудастаа нийтэлж байсан. Харин Т.Аюурсайхан нэвтрүүлэгт орох үеэрээ “Би нэг сая ам.доллар аваагүй. Жолоочийн хариуцлагын даатгалыг шинэчлэх гэж үзээд Бодийг бараагүй. Төрийн цагдаагаар айлгаж байгаад жолоочоос татвар авчхаад ядаж нэг гэрлэн дохио шинээр тавих ёстой шүү дээ. Амундра дүү, хүнийг ингэж гүтгэж болохгүй шүү. Нэг ширхэг ам.доллар авсан юм байхгүй шүү. Чи өөрийнхөө хэргийг өөрөө хариуцах ёстой. Баримт байвал гарга. Наадах чинь худал” хэмээн мэдэгдэж байв.
Улаанбаатар хотын захирагчийн ажлаа өгсний дараа гадаадад гарч, улмаар цахим шууд дамжуулалт хийх болсон Х.Нямбаатарын ярианд Ерөнхийлөгч У. Хүрэлсүхээс эхлээд хэд хэдэн хүнийг нэр цохон дурдсан. Жишээ нь, Я.Содбаатараар дамжуулж сонгууль руу 22 сая ам.доллар, "Эрдэнэс Тавантолгой"-н захирал Б.Ганхуягт 15 сая ам.доллар, "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалд 10 сая ам.доллар, Одоогийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны захирал асан, Япон улсад суугаа Элчин сайд Б.Баярсайхан, Зам тээврийн яамны Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Мэргэн, Хууль зүйн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нарт тус бүр 10 сая ам.долларын авлига бэлнээр авсан тухай асуудал дэгдээд байна. Үнэхээр л авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон бол хүний өөрийн, танай манай гэлгүй шударга шийддэг байхыг ард түмэн хэзээнээсээ шаардаж ирсэн. Иймээс улс төрийн ууган хүчин, олон жил эрх барьсан хүчирхэг намын удирдлага гэдгээ харуулж авлигын хэрэгт нэр холбогдсон гишүүдийнхээ бүрэн эрхийг нь дуусгавар болгож, хууль, хяналтын байгууллагад хүлээлгэж өгөх цаг нь болжээ, Ерөнхий сайд аа. Зангаргатай шийдвэр гаргаж, нам дотроо гал авалцсан асуудлаа цэгцлэхгүй бол дараачийн сонгууль даанч ойрхон байна даа. Цаг үеэ мэдэрч, нөхцөл байдлаа ойлгож дорвитойхон хөдлөхгүй бол сөрөг хүчний чинь "Засгийн газрыг унагаж, Парламентыг тарааж, Ерөнхийлөгчийг огцруулахын тулд гадаа гарч, ард түмэнтэйгээ нэгдэнэ" гэдэг амбиц аль хэдий нь газар авсан байгаа шүү.
| АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГТ НЭР ХОЛБОГДСОН АРДЫН НАМЫНХАН АЖЛАА ӨГЧ, ШАЛГУУЛАХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ |
|
Пара таеквондо-гийн улсын аваргууд тодорлоо
2026-11-17 07:20:00
Жюү жицү-гийн дэлхийн аварга Б.Цолмонд хүндэтгэл үзүүлэв
2026-11-17 07:10:00
“ЗУНЫ ШӨНИЙН ЗҮҮД”, “ЖАРГААГҮЙ НАР”, “БИ ЭНДЭЭС ЯВАХГҮЙ” ТЭРГҮҮТЭЙ ЖҮЖГИЙН НАЙРУУЛАГЧ Ч.ТҮВШИН
2026-11-17 07:02:35
“ТОД МАГНАЙ” КИНОНЫ БОСОО ХЭЭР МОРИНЫ ЭЗЭН Ё.АЮУРЗАНА: САМСАА УУЖИМ, ХӨЛ, ШИЛБЭ БҮДҮҮН, САЙХАН НҮДТЭЙ ХЭЭР МОРЬ МИНЬ КИНОНД МӨНХӨРСӨН ДӨӨ
2026-11-17 07:00:37
СЭТГҮҮЛЧДИЙГ ЗАЛХААН ЦЭЭРЛҮҮЛДЭГ "ПРАКТИК АЛБАДЛАГА" ГЭЖ ЮУ ВЭ
2026-11-17 07:00:00
АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГТ НЭР ХОЛБОГДСОН АРДЫН НАМЫНХАН АЖЛАА ӨГЧ, ШАЛГУУЛАХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ
2026-11-17 07:00:00
ХОТЫН АВАРГААС ЭХЭЛСЭН ХОЛЫН МӨРӨӨДӨЛ
2026-11-17 07:00:00
ГАДААД ӨР 11 ИХ НАЯДААР НЭМЭГДЭХ УЛСЫН ТӨСВИЙН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-17 06:50:49
CЭТГҮҮЛЧ Б.ДАВААХҮҮГИЙН ӨМГӨӨЛӨГЧ: Прокурорын байгууллагаас нотлох баримтыг танилцуулаагүй
2026-11-16 18:01:21
Н.Учрал: Монголбанкнаас төсвийн шинжтэй арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ
2026-11-16 17:56:32
СҮХБААТАР АЙМГИЙН АЖИЛ ОЛГОГЧ, ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧ 200 ИРГЭН ХАБЭМ-ИЙН МЭДЛЭГ ОЙЛГОЛТОО НЭМЭГДҮҮЛЛЭЭ
2026-11-16 17:06:37
Нийслэлийн автозамд өнөөдөр 299.7 тонн давс, 53 тонн бодис цацжээ
2026-11-16 16:17:09
БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭНИЙ ҮҮРГИЙН БИЕЛЭЛТИЙГ ХАНГУУЛАХ, ХУГАЦАА ХЭТЭРСЭН ӨР ТӨЛБӨРИЙГ ШҮҮХЭД ӨГӨХИЙГ АМГТГ-Т ДААЛГАЖЭЭ
2026-11-16 15:29:12
Э.БАТШУГАР: ХҮҮХДИЙН ХЭЛ ЯРИАНЫ ХӨГЖЛИЙГ БАГА НАСНААС НЬ ДЭМЖИНЭ
2026-11-16 14:52:55
Т.Сайцфолла дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-16 12:31:16
Монголын мөсөн сийлбэрчид Испанид дахин түрүүллээ
2026-11-16 12:10:23
СТИВЕН КИНГИЙН “ГАСЛАН” НОМЫН ЭШЛЭЛ
2026-11-16 11:39:26
НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 18-нд болно
2026-11-16 11:33:35
С.Алтантуяа агсны аав С.Шаарийбуу олон нийтээс дэмжлэг хүслээ
2026-11-16 11:17:26
Шатрын хаан Карлсен Будапештэд бүдэрлээ
2026-11-16 10:56:34
НӨМРӨГИЙН ДЦГ-Т УЧИРСАН ХОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЛАА
2026-11-16 09:55:03
“ЖЭЖҮ УЛЬТРА МАРАФОН 2026” гүйлтийн тэмцээн боллоо
2026-11-16 09:53:04
Үндэсний бөхийн залуучуудын улсын аварга өндөрлөв
2026-11-16 09:40:27
Женев хотод Олон улсын цахилгаан холбооны байгууллагын их хурал эхэллээ
2026-11-16 09:24:39
Н.Ундрамзаяа дэлхийн хүүхдийн фестивалиас алтан медаль хүртлээ
2026-11-16 09:08:32
Б.Сэр-Од Кобэгийн марафонд амжилттай оролцлоо
2026-11-16 08:56:18
2026-11-16 08:34:21
АҮЭБ-ИЙН САЙД Г.ДАМДИННЯМ “ЭРЧИС ОЙЛ” ТӨХК-ИЙН ЗАХИРЛААР НАЙЗЫГАА ТОМИЛСНЫ АРД ЯМАР АШИГ СОНИРХОЛ НУУГДАЖ БАЙНА ВЭ
2026-11-16 08:30:00
Монголын баг "Davis Cup-2026" Asian, Oceania, Group V” тэмцээнд түрүүлллээ
2026-11-16 07:20:00
Гардан тулааны Азийн аваргаас 12 алт, 8 мөнгө медаль хүртлээ
2026-11-16 07:10:00
“ХЭЛТГИЙ ЗАЯА”-ГИЙН СЭНДЭРЭЭС “АХАН ДҮҮС” ХҮРТЭЛХ ДҮРИЙН ЭЗЭН Б.ЭРДЭНЭЧИМЭГ
2026-11-16 07:00:00
АНЧИН М.ГАНТУЛГА: АХ НЬ ЗАЛУУДАА САХЛЫНХАА ЦАНГ ШУДРААД, БУУГАА ШАГАЙХАД ЯМАР Ч АМЬТНЫГ ДАВХИЛ ДУНД НЬ УНАГАДАГ БАЙЛАА
2026-11-16 07:00:00
“ТӨСВИЙН ХУЛГАЙН ШИНЭ БҮЛЭГЛЭЛ” БУЮУ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДЭРГЭДЭХ ХУУЛЬ БУС ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБАД
2026-11-16 07:00:00
“ТОМ”-ЧУУД ЦҮНХ ЦҮНХЭЭР АМ.ДОЛЛАР ЗӨӨЛЦӨЖ БАЙХАД ИРГЭДИЙН АМЬДРАЛ УЛАМ ДОРДОЖ БАЙЛАА
2026-11-16 07:00:00
“НОРСОН ЗҮРХ”-НИЙ ЦОХИЛОХ ЧИМЭЭГ АНИРДАХУЙ
2026-11-16 07:00:00
ДЭЛХИЙН ШИЛДЭГ НИЙТЛЭЛ: “ХАМАС” ХАЛДСАН ӨДӨР
2026-11-16 07:00:00
МОНГОЛЫН ЖҮДОЧДЫН ӨРСӨЛДӨӨНГҮЙ "ЗАГРЕБ ГРАН ПРИ-2026"
2026-11-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |