• Өнөөдөр 2026-11-26

ЕРӨНХИЙЛӨГЧ НЬ ГЭНЭТ ОГЦОРСОН ДЭЛХИЙН УЛСУУД УЛС ТӨР, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ЯМАР СОРИЛТУУДТАЙ ТУЛГАРДАГ ВЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийж, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн. Улмаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүсэлтийг УИХ хэлэлцэж, дэмжсэнээр Монгол Улсын түүхэнд Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацаанаас өмнө огцорсон анхны тохиолдол бүртгэгдсэн. 

          Тэгвэл дэлхийн улс төрийн түүхэнд төрийн тэргүүн нь хугацаанаасаа өмнө огцорсон энэ төрлийн жишээ цөөнгүй бий. Гэсэн ч Ерөнхийлөгч огцорсны дараа зарим нь улс төрийн тогтолцоогоо шинэчилж, ардчилсан институцээ бэхжүүлсэн бол зарим нь эдийн засгийн гүн хямрал, засгийн газрын ойр ойрхон солигдолт, нийгмийн тогтворгүй байдалтай нүүр тулж ирсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор Эргэлт.мн мэдээллийн сайт Ерөнхийлөгч нь бүрэн эрхийнхээ хугацаанаас өмнө огцорсон дэлхийн улсууд ямар улс төр, нийгэм, эдийн засгийн сорилтуудтай тулгарч, хэрхэн шийдвэрлэсэн, эсвэл хэрхэн доройтсон талаар тоймлон хүргэе.

АНУ: АРДЧИЛЛЫН ИНСТИТУЦИЙН ШАЛГАСАН НЬ БУЮУ РИЧАРД НИКСОНЫ ОГЦРОЛТ

АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон 1974 оны наймдугаар сарын 8-нд мэдэгдэл хийж, маргааш өдрийн үдээс эхлэн албан тушаалаасаа огцрохоо зарласан юм. Тэрбээр Уотергейтийн дуулиантай холбоотойгоор Конгрессын дэмжлэгээ алдсан бөгөөд Төлөөлөгчдийн танхимын Хууль зүйн хороо импичментийн гурван зүйл анги дэвшүүлэхээр санал хураалт явуулаад байв.

Уотергейтийн хэрэг нь 1972 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ардчилсан намын төв байр байрлаж байсан Уотергейт цогцолборт хууль бусаар нэвтэрч, мэдээлэл цуглуулсан хэрэгтэй холбоотой. Гэвч дуулианыг улам томруулсан зүйл нь уг ажиллагааг нуун дарагдуулахад Цагаан ордны өндөр албан тушаалтнууд оролцсон явдал байлаа.

          Никсон огцорсноор АНУ-ын улс төрийн хямрал шууд дууссангүй. Дэд Ерөнхийлөгч Жеральд Форд Ерөнхийлөгчийн тангараг өргөж, төрийн эрх мэдлийг шилжүүлэн авсан. Харин ердөө нэг сарын дараа буюу есдүгээр сарын 8-нд Форд Никсонд холбооны түвшинд үйлдсэн байж болох гэмт хэргүүдийнх нь төлөө бүрэн өршөөл үзүүлсэн нь өөрөө улс төрийн томоохон маргаан дагуулжээ.

Огцролтын дараах улс төрийн үр дагавар

          Никсоны хэрэг АНУ-ын төрийн байгууллагуудын хяналт, тэнцвэрийн тогтолцоог бодит сорилтод оруулсан. Конгресс Ерөнхийлөгчийн эрх мэдэлд тавих хяналтаа чангатгаж, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны ил тод байдал, сонгуулийн санхүүжилт, гүйцэтгэх засаглалын хариуцлагын асуудалд шинэчлэл хийх улс төрийн нөхцөл бүрдэв.

Гэхдээ Фордод тулгарсан хамгийн том асуудал нь эдийн засаг байлаа. АНУ 1973 оноос эхэлсэн газрын тосны үнийн огцом өсөлтийн дараах инфляц, ажилгүйдэл, эдийн засгийн удаашралтай тэмцэж байсан юм. 1974–1975 онд эдийн засгийн уналт гүнзгийрч, шинэ Ерөнхийлөгчийн засаг захиргаа инфляцыг бууруулах болон ажилгүйдлийг хязгаарлахад хүндрэлтэй тулгарсан.

Никсоныг өршөөсөн шийдвэр Фордын улс төрийн нэр хүндэд ч сөргөөр нөлөөлж, 1976 оны сонгуульд ялагдах шалтгаануудын нэг болсон.

Ингэснээр АНУ-ын жишээ нэг чухал зүйлийг харуулсан юм. Ерөнхийлөгч огцорсон ч төрийн байгууллагуудын хэвийн ажиллагаа үргэлжилж болох боловч түүний дараах улс төрийн итгэлийн хямралыг даван туулахад олон жил шаардагдаж болно.

АРГЕНТИН: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ОГЦРОЛТ БА ЭДИЙН ЗАСГИЙН УНАЛТ

Дэлхийн улс төрийн түүхэнд Ерөнхийлөгчийн огцролт эдийн засгийн хямралтай хамгийн хүчтэй давхацсан жишээ бол Аргентин юм.

Тус улсын Ерөнхийлөгч Фернандо де ла Руа 2001 оны арванхоёрдугаар сарын 20-нд албан тушаалаасаа огцорсон. Түүний засаг захиргаа дөрвөн жил үргэлжилсэн эдийн засгийн уналт, өрийн дарамт, ажилгүйдэл, нийгмийн эсэргүүцлийг даван туулж чадаагүй юм.

          Хямралын суурь шалтгаан нь 1990-ээд оноос хэрэгжүүлсэн эдийн засгийн бодлоготой холбоотой байв. Аргентин песог ам.доллартай нэг нэгээр нь тэнцүүлсэн тогтмол ханшийн тогтолцоо нэвтрүүлж, эхний үед инфляцыг бууруулж чадсан ч эдийн засгийн өрсөлдөх чадвар суларч, улсын өр нэмэгдэн, төсвийн алдагдал гүнзгийрсэн байна.

2001 он гэхэд тус улсын эдийн засаг хүнд байдалд оржээ. Засгийн газар банкнаас иргэдийн авах мөнгөний хэмжээнд хязгаарлалт тогтоосон нь олон нийтийн бухимдлыг улам нэмэгдүүлэв. Иргэд банк дахь хадгаламжаа чөлөөтэй авч чадахгүй болсон нь дундаж давхаргын эсэргүүцлийг эрс нэмэгдүүлсэн юм.

          Арванхоёрдугаар сарын 19-нд Ерөнхийлөгч онц байдал зарласан ч жагсаал цуглаан, мөргөлдөөн намжсангүй. Улмаар арванхоёрдугаар сарын 20-нд де ла Руа огцрох өргөдлөө өгч, нийслэл Буэнос-Айрес дахь Ерөнхийлөгчийн ордноос нисдэг тэргээр гарсан юм. Тухайн үеийн үймээн самууны улмаас 28 хүн амиа алдсан тухай АНУ-ын Конгрессын судалгааны албаны тоймд дурджээ.

Огцорсны дараа юу болов

Аргентины улс төрийн хямрал де ла Руагийн огцролтоор дууссангүй. Харин ч төрийн эрх мэдлийн залгамж чанарын ноцтой сорилт эхэлсэн юм.

          2001 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр ердөө хэдхэн хоногийн дотор Ерөнхийлөгчийн албан тушаал хэд хэдэн удаа солигдов. Де ла Руагийн дараа Рамон Пуэрта түр Ерөнхийлөгчөөр ажиллаж, улмаар Адольфо Родригес Саа томилогдсон боловч тэрбээр мөн оны арванхоёрдугаар сарын 30-нд огцорчээ. Эцэст нь 2002 оны нэгдүгээр сарын 1-нд Конгресс Эдуардо Дуальдег Ерөнхийлөгчөөр сонгосон байна.

          Энэ хугацаанд Аргентин гадаад өрийн төлбөрөө зогсоож, тухайн үедээ дэлхийн түүхэн дэх хамгийн том улсын өрийн дефолтын нэгийг зарлав. Песогийн ам.доллартай тогтоосон харьцааг халж, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш огцом унасан нь иргэдийн худалдан авах чадварт хүндээр нөлөөлөв.

          Ажилгүйдэл, ядуурал нэмэгдэж, бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаа хумигдан, олон мянган өрх амьжиргааны хүнд нөхцөлд орсон юм.

          Гэсэн хэдий ч Аргентин улс төрийн тогтолцоогоо бүрэн алдаагүй. Дуальдегийн засаг захиргаа эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээ авч, дараа нь 2003 онд Нестор Киршнер Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор улс төр, эдийн засгийн харьцангуй тогтвортой үе эхэлсэн.

          Аргентины туршлагаас харахад Ерөнхийлөгчийн огцролт эдийн засгийн хямралын эхлэл биш, харин өмнө нь хуримтлагдсан асуудлууд төрийн удирдлагын хямрал болон ил гарч буй үйл явц байж болно.

ПЕРУ: ФУХИМОРИЙН ОГЦРОЛТЫН ДАРАА АВЛИГЫН СҮЛЖЭЭ ИЛЧЛЭГДЭЖ, ТӨРИЙН ШИНЭЧЛЭЛ ЭХЭЛСЭН НЬ

Перугийн Ерөнхийлөгч Альберто Фухиморигийн огцролт нь авлига, төрийн эрх мэдлийг хэт төвлөрүүлэх, сонгуулийн шударга байдлыг алдагдуулах зэрэг асуудал нэг дор хуримтлагдсаны үр дагавар байв.

Фухимори 1990 онд Ерөнхийлөгчөөр сонгогдож, 1990-ээд оны турш улс төрийн эрх мэдлээ бэхжүүлсэн нэгэн. Түүний засаг захиргаа инфляцыг бууруулах, зэвсэгт босогчдын үйл ажиллагааг хязгаарлах чиглэлээр тодорхой үр дүнд хүрсэн ч 1992 онд парламентыг тарааж, шүүх болон төрийн бусад байгууллагын хараат бус байдалд халдсан нь ардчиллын ноцтой ухралт болсон юм.

          2000 оны Ерөнхийлөгчийн сонгуульд гурав дахь удаагаа ялалт байгуулсан ч сонгуулийн шударга байдалд эргэлзээ үүсэж, сөрөг хүчнийхэн болон олон улсын байгууллагууд түүний засаглалыг шүүмжилж эхэлжээ.

Гэвч Фухиморигийн улс төрийн хувь заяаг шийдсэн гол үйл явдал нь түүний Үндэсний тагнуулын албаны дарга байсан Владимиро Монтесиностой холбоотой авлигын дуулиан байв. Монтесинос улс төрчид, шүүгчид, хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мөнгө өгч, өөрийн талд татаж буй бичлэгүүд ил болсон нь эрх баригчдын нэр хүндийг үндсээр нь унагав.

          Үүний дараа Фухимори шинэ сонгууль явуулах санал гаргаж, улмаар 2000 оны арваннэгдүгээр сард Япон улсад байхдаа огцрох хүсэлтээ факсаар илгээсэн юм. Гэвч Перугийн Конгресс түүний хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, албан тушаалаа хэрэгжүүлэх чадваргүй болсон гэж үзэн огцруулсан шийдвэр гаргасан байдаг.

          Фухимори огцорсны дараа Перугийн улс төрийн тогтолцоонд шилжилтийн үе эхэлсэн. Конгрессын дарга Валентин Паниагуа түр Ерөнхийлөгч болж, 2001 онд шинэ сонгууль зохион байгуулжээ. Улмаар Алехандро Толедо Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.

Шинэ засаг захиргааны өмнө гурван том асуудал тулгарсан нь

          Нэгдүгээрт, төрийн байгууллагуудын нэр хүндийг сэргээх. Фухиморигийн засаглалын үед авлигын сүлжээ төрийн байгууллагуудын олон түвшинд нэвтэрсэн байсан тул хууль сахиулах байгууллага, шүүх, тагнуулын байгууллагын үйл ажиллагааг шинэчлэх шаардлага үүсэв.

          Хоёрдугаарт, хууль ёсны хариуцлагыг тогтоох. Монтесиносын бичлэгүүд авлигын хэргийн цар хүрээг ил болгосны дараа олон албан тушаалтан шалгагдаж, төрийн эрх мэдлийг хувийн болон бүлэглэлийн ашиг сонирхолд ашигласан хэргүүдийг мөрдөн шалгах ажиллагаа өргөжсөн юм. Фухимори өөрөө 2007 онд Перуд буцаж ирснийхээ дараа хэд хэдэн хэрэгт шүүхээр шийтгүүлсэн.

Гуравдугаарт, ардчилсан институцийн итгэлийг сэргээх. Шинэ сонгууль зохион байгуулж, эрх мэдлийн хуваарилалт, хэвлэл мэдээллийн хараат бус байдал, шүүхийн тогтолцоог сэргээх нь шилжилтийн гол зорилго болсон.

          Эдийн засгийн хувьд Перу Аргентины адил төрийн өрийн дефолтод ороогүй. Макро эдийн засгийн бодлогын залгамж чанар харьцангуй хадгалагдаж, улс төрийн шилжилт эдийн засгийн бүрэн сүйрэлд хүргээгүй юм. Гэхдээ авлига, нийгмийн тэгш бус байдал, төрд итгэх итгэлийн асуудал дараагийн жилүүдэд ч тус улсын улс төрийн гол сорилт хэвээр үлдсэн.

Перугийн жишээ Ерөнхийлөгчийн огцролтын дараа төрийн байгууллагуудын авлигын сүлжээг илрүүлж, хариуцлага тооцох нь шинэ засаг захиргааны хамгийн чухал ажил болж болохыг харуулдаг хэмээн олон улсын шинжээчид үздэг.

БОЛИВИ: ОЛОН НИЙТИЙН ЭСЭРГҮҮЦЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ОГЦРУУЛЖ, БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН ТӨЛӨӨХ ТЭМЦЛИЙГ ШИНЭ ШАТАНД ГАРГАСАН НЬ

Боливийн Ерөнхийлөгч Гонсало Санчес де Лосада 2003 оны аравдугаар сарын 17-нд албан тушаалаасаа огцорсон нь Латин Америкийн улс төрийн түүхэнд нийгмийн хөдөлгөөн төрийн тэргүүний хувь заяаг шийдсэн томоохон үйл явдал болсон юм.

          Тухайн үед Боливи байгалийн хийн асар их нөөцтэй боловч хүн амынх нь томоохон хэсэг ядууралд амьдарч байв. Засгийн газар байгалийн хийг Чилийн боомтоор дамжуулан АНУ болон Мексикт экспортлох төлөвлөгөө боловсруулсан нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан юм.

          Энэ асуудал зөвхөн экспортын чиглэл, эдийн засгийн ашиг сонирхлын маргаан байгаагүй. Боливийн иргэд байгалийн баялгийн өгөөжийг хэн хүртэх, үндэсний баялгийг ашиглах шийдвэрийг хэн гаргах, гадаадын компаниудтай байгуулсан гэрээний үр өгөөж ард түмэнд хэрхэн хуваарилагдах талаар шаардлага тавьж байлаа.

2003 оны есдүгээр сараас эхэлсэн жагсаал, замын хаалт аравдугаар сард улс орон даяар өргөжиж, Ла-Пас болон Эль-Альто хотод мөргөлдөөн хурцдав. Засгийн газар жагсаалыг хүчээр тараах арга хэмжээ авсан нь нөхцөл байдлыг улам дордуулжээ.

          Олон улсын валютын сангийн 2004 оны тайланд тухайн хямралын үеэр 70 орчим энгийн иргэн амь үрэгдсэн гэж тэмдэглэсэн байдаг. Үүний дараа Ерөнхийлөгчийн улс төрийн холбоотнууд дэмжлэгээ татаж, дэд Ерөнхийлөгч Карлос Меса ч хүч хэрэглэсэн бодлоготой санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн юм.

Ингээд Санчес де Лосада огцрох хүсэлтээ Конгресст хүргүүлж, улмаар АНУ руу явсан байна. Түүний оронд дэд Ерөнхийлөгч Карлос Меса төрийн тэргүүн болов.

Огцролтын дараах улс төр, эдийн засгийн өөрчлөлт

Месагийн засаг захиргаа эхэндээ олон нийтийн өндөр дэмжлэгтэй байлаа. Гэвч түүний өмнө байгалийн хийн асуудлыг шийдвэрлэх, нийгмийн эсэргүүцлийг намжаах, эдийн засгийг тогтворжуулах гэсэн хоорондоо нягт холбоотой хүнд сорилтууд тулгарсан.

          Тэрбээр байгалийн хийн бодлогыг бүх нийтийн санал асуулгаар шийдвэрлэх, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, байгалийн баялгийн ашиглалтад төрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэл баримталжээ.

2004 оны долдугаар сард Боливид байгалийн хийн асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулсан нь тус улсын улс төрийн шинэ үеийн эхлэл болов. Үүний дараа 2005 онд нүүрсустөрөгчийн шинэ хууль батлагдаж, байгалийн хийн салбар дахь төрийн оролцоо болон татварын ачаалал нэмэгдсэн юм.

Гэвч улс төрийн тогтвортой байдал сэргэсэнгүй. Парламенттай үүссэн зөрчил, байгалийн баялгийн орлого хуваарилах асуудал, бүс нутгийн автономит эрхийн шаардлага, нийгмийн хөдөлгөөнүүдийн шахалт үргэлжилсээр байв.

          Эцэст нь Карлос Меса 2005 оны зургадугаар сард өөрөө огцорч, улс төрийн шилжилтийн дараа 2005 оны арванхоёрдугаар сарын сонгуульд Эво Моралес ялалт байгуулсан юм.

Моралесийн засаглалын үед байгалийн баялгийн салбарт төрийн хяналтыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжиж, 2006 онд нүүрсустөрөгчийн салбарыг үндэсний мэдэлд авах шийдвэр гаргасан.

Боливийн жишээний гол сургамж нь Ерөнхийлөгч огцорсон ч түүнийг огцруулахад хүргэсэн нийгмийн шаардлага арилдаггүйд оршино. Харин ч шинэ Ерөнхийлөгч өмнөх засаг захиргааны шийдвэрлэж чадаагүй асуудлуудыг шийдэх улс төрийн үүрэг хүлээдэг байна.

ЭКВАДОР: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОЛИГДОЛТ ТӨРИЙН ТОГТВОРГҮЙ БАЙДЛЫН ДАВТАМЖ БОЛСОН НЬ

Эквадор Улс Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа тасалдах үзэгдэл нэг удаагийн улс төрийн үйл явдлаас хальж, төрийн тогтолцооны архаг асуудал болсон орны нэг юм.

2000 оны нэгдүгээр сарын 21-нд Ерөнхийлөгч Хамил Мауадын засаг захиргаа эдийн засгийн хүнд хямрал, уугуул иргэдийн өргөн хүрээний эсэргүүцлийн дунд унасан. Тухайн үед тус улсын эдийн засаг уналтад орж, үндэсний мөнгөн тэмдэгт сукре огцом суларч, инфляц өсөж, банкны салбарын хямрал гүнзгийрсэн байв.

1999 онд Эквадорын дотоодын нийт бүтээгдэхүүн 7.5 хувиар буурч, инфляц 60 хувьд хүрсэн тухай АНУ-ын Конгрессын судалгааны албаны тайланд дурдсан байдаг.

          Мауадын засгийн газар үндэсний мөнгөн тэмдэгтээс татгалзаж, ам.долларыг албан ёсны мөнгөн тэмдэгт болгох шийдвэр гаргасан нь иргэдийн эсэргүүцлийг улам хурцатгажээ. 2000 оны нэгдүгээр сарын 20-нд цэргийнхэн Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь зайлуулж, богино хугацаанд цэргийн болон иргэний төлөөллөөс бүрдсэн зөвлөл төрийн эрхийг авахыг оролдсон боловч эцэст нь дэд Ерөнхийлөгч Густаво Нобоа засгийн эрхийг шилжүүлэн авсан юм.

Огцролтын дараах эдийн засаг, нийгмийн өөрчлөлт

Эквадорын хувьд хамгийн сонирхолтой нь улс төрийн хямралын дараа эдийн засгийн бодлого үндсэндээ өөрчлөгдөөгүй явдал байв.

Нобоагийн засгийн газар Мауадын эхлүүлсэн долларжуулах бодлогыг үргэлжлүүлсэн. Үүний үр дүнд үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн уналт, инфляцын хяналтгүй өсөлтөөс үүдсэн тодорхойгүй байдал аажмаар буурч, эдийн засгийн макро тогтвортой байдал сэргэх нөхцөл бүрджээ.

          Гэвч энэ бодлого нийгмийн өндөр өртөгтэй байв. Банкны хямралын улмаас иргэд хадгаламжаа алдсан, бизнесийн байгууллагууд хаагдсан, ажилгүйдэл нэмэгдсэн. Эдийн засгийн доройтол нь Эквадорын түүхэн дэх хамгийн том цагаачлалын давалгааны нэгийг бий болгосон юм. Олон мянган иргэн амьдралаа дээшлүүлэхийн тулд гадаад улс орнуудыг зорьжээ. Гэхдээ улс төрийн тогтворгүй байдал зогссонгүй.

2003 онд Ерөнхийлөгч болсон Лусио Гутьеррес 2005 оны дөрөвдүгээр сарын 20-нд дахин огцруулагдав. Түүний шүүхийн дээд байгууллагуудын шүүгчдийг өөрийн улс төрийн холбоотнуудаар солих оролдлого олон нийтийн эсэргүүцлийг төрүүлсэн юм.

          Энэ удаагийн эсэргүүцэл эдийн засгийн шууд хямралаас бус, төрийн байгууллагын хараат бус байдал, эрх мэдлийн хэт төвлөрөл, улс төрийн элитүүдэд итгэх иргэдийн итгэл алдарсантай холбоотой байлаа. Конгресс Гутьерресийг албан тушаалаас нь чөлөөлж, дэд Ерөнхийлөгч Альфредо Паласио төрийн эрхийг шилжүүлэн авсан байна.

Эквадорын жишээ нэгэн анхаарал татахуйц сургамжтай. Ерөнхийлөгч солигдлоо гээд төрийн хямрал шийдэгддэггүй. Хэрэв улс төрийн институцийн сул дорой байдал, эдийн засгийн бүтцийн асуудал, нийгмийн бүлгүүдийн зөрчил хэвээр үлдвэл дараагийн Ерөнхийлөгч ч мөн адил хямралтай нүүр тулна.


ЕРӨНХИЙЛӨГЧ НЬ ГЭНЭТ ОГЦОРСОН ДЭЛХИЙН УЛСУУД УЛС ТӨР, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ЯМАР СОРИЛТУУДТАЙ ТУЛГАРДАГ ВЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188