• Өнөөдөр 2026-11-24

Т.ДОРЖХАНД: БИ ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИХГҮЙ

Шадар сайд Т.Доржханд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

            Тэрбээр “ХҮН намын хувьд “Ерөнхийлөгчөө захиалья” аяныг 2021 онд хийж байсан. Энэ нь бүх ард түмнээс саналыг нь авч, хамгийн их санал авсан улс төрчдөдөө санал тавиад нэр дэвшүүлж байсан. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд яг энэ зарчмаа барьж ажиллана. Т.Доржханд би өөрөө намаасаа нэр дэвшихгүй. Ерөнхийлөгч ард түмнээс сонгогдсон, эв нэгдлийн бэлгэдэл учир аль нэг намын төлөөлөл байх боломжгүй. Тиймдээ ч энэхүү үүрэгт ажлыг авч буй хүн боловсролтой, анхнаасаа нам бус, хууль, хүчний ямар ч эрх мэдэлгүй байх ёстой. Өнөө үед хэн Ерөнхийлөгч болох нь чухал биш. Ерөнхийлөгч болон парламентын засаглалтай учир Ерөнхий сайд хоёрын аль нь эрх мэдэлтэй вэ гэх тогтолцооны асуудлыг эргэж харах нь чухал. Энэ байдлаар засаглал маань хана мөргөчихөөд байна. Үүнийг ХҮН нам 2023 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр намуудыг цуглуулж таван асуудал дэвшүүлсний нэг нь уг асуудал. Тус асуудлуудаас УИХ-ын гишүүдийн тоог өсгөх, Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай зөвхөн нэг удаа сонгох хоёр асуудал л дэмжигдсэн. 2020 онд Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг албан тушаалаа үргэлжлүүлэн хашуулахгүйн тулд 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үр дүнгээр эрх мэдлийг нь хумих хэрэгтэй байсан юм. Аргаа бараад АН-ын бүлгийн дарга асан Д.Ганбаттай тус асуудлыг хамт шийдэхээр хөөцөлдөөд ч дэмжигдээгүй. М.Нарантуяа-Нара гишүүний хэлж байгаа нь үнэн. 2020-2024 онд Ерөнхийлөгч асан Х.Баттулга парламентын тэнхимд орж ирэхэд ялаа нисэх нь сонсогдохоор чимээгүй болдог байсан. Бүгдээрээ доошоо хараад суучихдаг. МАН, АН бүгд л айдаг байсан. Энэ байдал цаашид ч үргэлжилнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч үүрэгт ажлаа өгсөн байгаа энэ үед УИХ-ын гишүүд болон улс төрийн намууд айж эмээлгүйгээр асуудлыг нэг талд нь гаргаж, зөвшилцөлд хүрэх боломжтой. Бид ардчилсан эрх чөлөөтэй улс байя гэвэл парламентын засаглалтай байх нь зөв. Ардчилал, эрх чөлөөгөө хумиж нэг хүний тогтолцоогоор богино хугацаанд хөгжих нь бидний хувьд хоёр дахь сонголт. Гэхдээ би Монгол улсад хоёр дахь сонголт тохиромжгүй гэж үздэг. 2026 оны байдлаар таван нам л байна. Парламентын засаглалд олон намаас сонголт хийх боломж бүрдэх ёстой. Бодит нөхцөл дээр бид олонхгүй байна. 2028 оны сонгуульд олонх бүр багасна. Эндээс сонгогдсон Ерөнхийлөгч нэг намын төлөөлөл байх боломжгүй. Дээр дурдсанчлан 2022 онд ХҮН намын дэвшүүлсэн таван асуудлын үлдсэн хоёр нь “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн өөрчлөлт” болон хуульч Д.Үүрцайхын санаачилсан “Германы загвар” хоёр байсан. Харамсалтай нь дэмжигдээгүй. Тогтолцооны асуудлыг нэг тийш нь болгох нь бидний хувьд хамгийн чухал зүйл. Дараагийн Ерөнхийлөгчөөс хүсэх зүйл бол шоронгийн түлхүүр барьчихаад өөрийнх нь эсрэг зогссон хэн нэг улс төрчийг айлгадаггүй байя. Эрх мэдэл, албан тушаалд шунахгүй, парламентын тогтолцоог биелүүлнэ гэх ам мөчгөө өгдөг байя хэмээн хүсч байна” гэв.

М.Сүндэр


Т.ДОРЖХАНД: БИ ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИХГҮЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188