• Өнөөдөр 2026-11-24

“Дурсамж 1988” цувралын жүжигчин Ко Кён Пё согтуугаар жолоо барьж, осол гаргажээ

“Дурсамж 1988” цувралаар олны танил болсон Өмнөд Солонгосын жүжигчин Ко Кён Пё (36) согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж, хог тээврийн машин мөргөсөн хэргээр 11 дүгээр сарын 23-нд Сөүл хотын Мапо дүүргийн цагдаагийн хэлтэст сэжигтнээр мэдүүлэг өгсөн байна. Осол 11 дүгээр сарын 14-ний үүрийн 03:30 цагийн орчим Мапо дүүргийн Донгё-дон хороололд гарсан. Жүжигчин өөрийн хувийн машиныг жолоодож явахдаа ажлаа гүйцэтгэж байсан хотын цэвэрлэгээний машиныг мөргөжээ. Түүний цусан дахь согтууруулах ундааны хэмжээ жолоодох эрхийг хасах босго буюу 0.08 хувиас давсан байсан гэж Солонгосын хэвлэлүүд мэдээлэв. Ослын улмаас цэвэрлэгээний нэг ажилтан хөнгөн гэмтэл авсан байна.

Ко Кён Пё оройн 18:53 цагт цагдаагийн хэлтэст ирж, ойролцоогоор 1 цаг 40 минут байцаагдсан. Тэрээр сэтгүүлчдийн өмнө удаа дараа бөхийж, “Олон хүний хайр, анхаарлыг хүлээсэн атлаа ийм хариуцлагагүй үйлдэл хийсэндээ уучлал гуйж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд чин сэтгэлээсээ хамтран ажиллана” хэмээжээ. Хэр их уусан бэ гэсэн асуултад “Их уусан гэж санаж байна” гэж хариулсан.

Сэтгүүлчид “Яагаад орлон жолооч дуудаагүй вэ?” гэж асуухад тэрээр санаа алдаж, хэсэг дуугүй байснаа “Энэ талаар мэдүүлэг өгөхдөө тайлбарлана” гэж хариулав. Мөн осолд өртсөн цэвэрлэгээний ажилтантай биечлэн уулзаж уучлал хүссэнээ хэлсэн байна.

Байцаагдсаны дараа жүжигчин сэтгэл хөдөлж, дуу нь чичирсэн чигээр хамтран ажиллагчдаасаа уучлал гуйсан. “Та бүхэн надад итгэсэн байхад би засашгүй хариуцлагагүй зан гаргалаа. Маш их уучлалтай байна” гэсэн бол фэнүүддээ хандаж “Та бүхний хайр, дэмжлэгийг ийнхүү хариулсандаа үнэхээр уучлал гуйж байна” гэжээ.

Ослын дараа нийгмийн сүлжээгээр уучлал гуйж, бүх үйл ажиллагаагаа зогсоосон Ко Кён Пёгийн оролцсон хэсгийг MBC-ийн “What’s Going On?”, tvN-ийн “Sixth Sense: B-Side”, удахгүй гарах “Bo-gum Magical 2”, TVING-ийн “Great Escape: Urban Legends” шоунуудаас бүрэн хасажээ. Ко Кён Пё 2010 онд дэбютээ хийсэн бөгөөд 2015 оны “Reply 1988” цувралд Сон Сону дүрийг бүтээж олонд илүү танигджээ. 


“Дурсамж 1988” цувралын жүжигчин Ко Кён Пё согтуугаар жолоо барьж, осол гаргажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188