• Өнөөдөр 2026-11-24

С.БАТЗОРИГ: ЗАЛУУ НАСНЫХАА ЭНГЭРТ “ЦАГААН УУЛ” ХАТГАЛАА

Хайрын шүлгийн “Цагаан уул” наадам энэ сарын 20-ны өдөр болсон. Энэ наадмын цомыг өмнө нь А.Эрдэнэ-Очир, Л.Өлзийтөгс зэрэг нэрт найрагчид өргөж байсан удаатай. Энэ жил наадмын бичгийн шатанд 109 яруу найрагч өрсөлдсөн бөгөөд хоёр дахь шатанд ердөө 13 нь үлдсэн. Тэдний дундаас “Цагаан уул-2026”-ын цомыг залуу яруу найрагч С.Батзориг өрөглөө. Тэрбээр Хөвсгөл аймгийн Мөрөнд төрж, Жаргалант сумын Идэрийн голын хөвөөнд өссөн. Мэргэжлээрээ Монгол хэл, уран зохиолын багш, хажуугаар нь шүүмж бичиж, ном редакторлодог. Наадамд гурав дахь удаагаа оролцож, өмнөх хоёртоо тусгай байр эзэлж байжээ. Түрүүлсэн шүлгээ наадмын өмнөх шөнө бичсэн бөгөөд түүнтэй наадмын дурсамж, их зохиолч Д.Нацагдоржийн 120 жилийн ой, бага насны номын сан, багшийн ажил, хайрын шүлгийн тухай ярилцлаа. Ярилцлагын төгсгөлд найрагчийн тэргүүн байр эзэлсэн “Мөрөөдөл шиг барьцгүй талыг төсөөлөхөд” шүлгийг хүргэж байна.

Будаг нь ханхалсан, цоо шинэ шүлгээр түрүүллээ

-Сайн байна уу, танд энэ өдрийн мэнд хүргэе. “Цагаан уул-2026” цомын эзэн болсонд баяр хүргэе. Хайрын шүлгийн наадамд шүлэг өргөж, цом атгах хүсэл залуу найрагч бүрт бий. Та наадмын дараа “Залуу насныхаа энгэрт ‘Цагаан уул’ хатгалаа” гэж бичсэн байсан. Яг энэ мэдрэмжийн тухайд юу хэлэх вэ?

-Баярлалаа. Цагаан уул цэцгийг үхэшгүй мөнхийн хайрын бэлгэдэг цэцэг гэдэг. Залуу насны нэг тод дурсамж боллоо гэж бодож бичсэн. 

-Энэ удаагийн наадмын бичгийн шатанд 109 яруу найрагч өрсөлдсөн гэж сонссон. Та энэ наадамд хэдэн удаа оролцож байгаа вэ. Энэ жилийн онцлог юу байв. Түрүүлэх итгэл хэр байсан бэ?

-Гурав дахь удаагаа оролцлоо. Өмнөх хоёртоо тусгай байранд орж байсан. Энэ жилийн наадмын онцлог нь 2-р шатанд их цөөн яруу найрагч үлдээсэн явдал байсан юм уу. 109-өөс 13 гэхээр огцом хасаж байгаа биз дээ, “Харанхуй даваа”-д явчих вий гэж айж л байлаа /инээв/.

Түрүүлэх итгэл байсан. Шүлэгтээ итгэнэ. Өөртөө итгэнэ. 

-Шат бүрт ямар шүлэг уншсан бэ. Тэргүүн байр эзэлсэн шүлгийн тухайд?

-Эхний шатанд “Зураач"-д, “Незабудка” гэдэг хоёр шүлэг өгсөн. Хоёрдугаар шатанд “Чамд сонсгох гурван дуу” гэдэг шүлэг уншсан. Хуучин шүлэг л дээ. 2020, 2021 онд бичиж байсан байх. Харангын “Зүүд”, Никитоны “Хожимдсон гэмшил”, A Sound-ын “Forever” гэдэг гурван дууг сонсоосой, надад ингэж сонсогдлоо гэдэг л ийм энгийн шүлэг. Сүүлийн шатанд наадам болохын өмнөх шөнө бичсэн, ёстой жинхэнэ “будаг нь ханхалсан, цоо шинэ шүлэг”-ээ уншлаа /инээв/. “Мөрөөдөл шиг барьцгүй талыг төсөөлөхөд” гэдэг нэртэй. Хүмүүс ойлгомжгүй байна л гээд байгаа юм /инээв/.

-Хайрын шүлгийн “Цагаан уул”-ын цомыг өмнө нь А.Эрдэнэ-Очир, Л.Өлзийтөгс зэрэг нэрт яруу найрагчид өргөж байсан түүхтэй. Тэдний эгнээнд нэрээ бичүүллээ. Сэтгэгдэл ямар байна вэ?

-Цээж дүүрэн баяртай байна. Аливаа зүйлд утга агуулга оноогдоод, агуулга нь хэлбэртэйгээ уялдаад ирэхээрээ гоё болдог доо. Таны дурдаж буй яруу найрагчид, бидний хайрлаж хүндэлдэг олон ч яруу найрагчид энэхүү наадмын цомыг өргөн бууриа хатгаж эхлээд, их уран зохиолын түүхэнд үлдсэн байна. Тэднийг хүндлэх сэтгэл л өнөөдрийг хүртэл “Цагаан уул” наадмын агуулга, хэлбэрийг аваад явж байгаа гэж бодож байна. 

-Шүүлтийн тухайд, шүүгчдийн бүрэлдэхүүн болон хамт оролцсон найрагчид ямар санагдсан бэ?

-Манай уран зохиолын хүрээний ойр дотно явдаг яруу найрагч, судлаач шүүмжлэгч ах нар, мөн нэгэн сайхан эмэгтэй наадмыг шүүн явуулсан. Хашаа ах, Сайнаа, Эдмон, Эба найзууд, танил залуучууд, нэмээд шинэ танилууд. Гоё наадам болсон, энэ хэдтэйгээ гоё байсан. Аа, гэхдээ МҮОНТ дээр яруу найргийн наадам болох бага зэрэг төвөгтэй юм. Голоор нь гарч ороод л, шүлгээ ярилцаад л, наадмын гоё нь тэр шүү дээ. Тэгсэн төрийн объект дээр очихоор нэг л хашигдсан, командлуулсан, харилцаагүй болчихдог юм билээ. “За, одоо алгаа таш, одоо боль” гэсээр байгаад л таарсан.

-Энэ жил их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой тохиож байна. Монголын зохиолчдын эвлэлээс танд түүний сайхан хөрөг зургийг бэлгэнд өгсөн. Түүний тухай яруу найрагчийн хувьд, багш хүний хувьд юу хэлэх вэ?

-Монголчуудын хүндэтгэж, бахархаж тэмдэглүүштэй ой тохиож байна. Монголын зохиолчдын эвлэлийн удирдлагууд зохион байгуулж буй, хамтран ажиллаж буй бүхий л үйл ажиллагаандаа Их зохиолчийн хөргийг дурсгал болгон хадгалуулж байгаа нь үнэхээр сайхан зохиолтой байгаа. Ардын зураач Г.Одонгийн зурсан хөрөг гэсэн. Маш гоё хувилсан байна билээ бас. Д.Нацагдоржийг бид бүгд нэгдмэл нэг үнэт зүйлийн түвшинд үзэх ёстой гэж боддог л доо. “Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч” гэхээр хачин улс төржүү сонсогддог. “Эзэн Чингис хааны удмын бичгийн их хүмүүн” гэдэг тодорхойлолт өмнөх үеийн “ядуу тайжийн гэрт төржээ” гэдгээс бол гоё.

Гёте, Сервантес, Пушкинийг үндэстэн нь яаж ухамсарладаг юм бэ. Түүн лүгээ жишим тийм нэгдмэл нэг баримжаа хэрэгтэй байна. Багш нар сурагчдадаа тэр нэгдмэл нэг баримжаагаа ярьмаар байна. Нэг нь “хохь тайжийн гэрт” гээд, нөгөө нь “тайж байсан болохоор багаасаа ном сурах боломжтой байжээ” гээд яриад байж боломгүй.

Хоёр жил тоггүй өвөлжсөн нь намайг номд хөтөлсөн

-Таны төрсөн нутаг, өссөн орчноос яриагаа үргэлжлүүлэе. Аав, ээж, гэр бүл тань таныг шүлэг бичдэг гэдгийг анх хэзээ мэдсэн бэ?

-Би Хөвсгөл аймгийн харьяатай хүн. Мөрөнд төрж, Жаргалантад өссөн. Жаргалант сум бол аймгийнхаа хамгийн урд талд, урдуураа Архангай, баруун талаараа Завхан аймагтай хиллэдэг залгаа нутаг. Идэрийн голын хөвөөнд өссөн гэж хэлнэ дээ. Хуучнаар Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу. Манай хөгшин ээжийн өвөг дээдэс энд л нутаглаж, амьдарч ирсэн юм билээ. Аав, ээж намайг шүлэг бичдгийг мэдэхээс илүү би өөрөө шүлэг бичдгээ мэдсэн нь бүр оюутан байхад. Арван жилд байхдаа шүлгийн тэмцээн, уралдаанд ороод явдаг байсан. Гэхдээ нэг их хорхойсож дурлаагүй санагддаг юм. Яг шүлэгт “орсон нь” 3-р курс. Тэр үед одоо байгаагаасаа ч илүү “яруу найрагчлаг” байсан даа. Тэгээд л ээж, аав хоёр мэдэхээс биш яах вэ.

-Шүлэг бичиж эхэлсэн түүхээс тань сонирхъё. Анхны шүлгийнхээ тухай. Ер нь шүлэг бичих нь танд ямар мэдрэмж төрүүлдэг вэ?

-Анхны шүлгийг би бага ангидаа бичиж байсан. Яруу найрагч Ц.Бавуудоржийн “Дорно” шүлгийг телевизээр сонсчихоод, “Өрнө” гэж шүлэг бичиж байсан нь хамгийн тод санагдаж байна /инээв/. Түүнээс өмнө бол бичиж л байсан байх. Гэхдээ хадгалж, хурааж хумьсан юм байдаггүй. Багадаа шүлэг бичихээс илүү зураг зурдаг хүүхэд байлаа. Хээлтэй үнээ зурж байгаа гээд нэг том үхэр зурснаа гэдсэн дээр нь ахиад нэг жижигхэн үхэр зурах жишээтэй “урлан бүтээдэг” байв /инээв/.

Ер нь уран зохиол сонирхдог болоход манайх хоёр жил тоггүй өвөлжсөн явдал юу юунаас илүү нөлөөлсөн. Ном уншихаас өөр аргагүй л болсон хэрэг. Ээж минь сумын номын сан руу хөтөлж оруулснаас хойш гурван жил шахам долоо хоногт 2–3 удаа номын сангаар хөлхдөг боллоо. Н.Энхбаяр ерөнхийлөгч “Сонгодог 50”-ийг хэвлүүлж, сум болгоноор тараагаад л, Аюурын улаанууд гараад л, тэр 2010-аад оны үе ер нь маш гоё шинэ номууд гарсан, ном хэвлэлийн “хувьсгалын үе” байжээ. Би бол тэр шинэ номуудыг хамгийн түрүүнд гартаа барьдаг хүн шүү дээ. За, уншиж бол базаахгүй, 50 ботийг бүгдийг нь эргүүлж тойруулсан, хамгийн сайн ойлгосон нь мэдээж “Гулливерийн аялал” байсан. Одой орны хааны нэр гайхалтай шүү. “Дэлхийн сонгодог яруу найраг” номын зургуудыг цээжилнэ. Ийм маягаар уншаад “аймаар лаг” болоод байсан гэхээсээ зөндөө олон “нэртэй болсон” гэсэн үг. Улмаар манайх тогтой болж, би дунд ангид орон, бөмбөг сонирхох болсноор жаахан хөндийрсөн ч гэсэн өнөөх нэрүүд юу гэж мартагдах вэ дээ. МУБИС-ийн МХУЗ-ын багшийн 1-р ангид орж ирэхдээ “Утга зохиол шинжлэлийн удиртгал” хичээл дээр бөөн танилтайгаа дахин учирснаар уран зохиолын замнал руу орсон гэмээр юм даа. Ингээд шүлэг бичихэд мэдрэмж төрдөг юм байна гэдэг рүү шилжсэн ч байж мэднэ.

-Та багшаар ажилладаг. Ажил мэргэжлийнхээ тухай уншигчидтай хуваалцахгүй юу. Шавь нар тань таны шүлгийг сайн мэдэх үү?

-Тийм ээ, би багш. Багшийн ажил надад Дандар баатрын “Хүсэх юм биш, хүрээд ирвэл зугтах юм биш” гэдэг үг шиг санагддаг. Нийтээрээ үнэлж байгаа талаас нь харвал угаас хэцүү. Гэхдээ сайхан нь илүү.

12-р ангиа төгсөөд ЭЕШ өглөө. Монгол хэлээр л хуваарь авах нь бараг ойлгомжтой байлаа л даа. Би дотроо МУИС-ийн Утга зохиолын ажилтны ангид юм уу, сэтгүүл зүйд орно гэсэн бодолтой. Гэтэл аав “Хүнд заах эрхтэй хүн гэдэг сайхан шүү. Багшаас өөр тийм эрхтэй хүн байхгүй” гээд багахан ятгах маягтай ярьсан юм. Тэгсэн л нээрэн “Багш чинь ер нь их эрх чөлөөтэй маягийн мэргэжил байна даа” гэсэн бодол төрөөд явчихсан уу, онооны хөнгөлөлт энэ тэр ч нөлөөлсөн байх, багш болохоор шулуудсан. За, тэгээд одоо хааяа шүүмж ч бичиж байна, шүлэг ч бичиж байна, редакторын ажил ч хийж байна. Багшилж ч байна. Харшилдах юм эдгээрт алга аа.

Би хүүхдүүдтэйгээ сайн зузаан болж чаддаггүй юм. Уг нь хатуурхаад, загнаад байдаггүй ч гэсэн хүүхдүүд аминчхан яриагаа надтай огт ярьж байгаагүй ээ. Багшилж эхэлж байхад эвгүйдүү санагддаг байж. Багш нарын баяраар хажууд суугаа багш нарт бөөн талархлын захиа зурвас, дурсамж дүүрэн бичвэрүүд ирж байхад надад нэг ч байдаггүй. Гомдох гээд ч байх шиг хаха. Дараа нь “Сурагч нь багшаасаа бага зэрэг бэргээтэй байвал юм сурах нь илүү” гэсэн санаатай “Үнэмшлийн айдас” гэдэг нэр томьёо сонсоод “За за, энэ үнэмшлийн айдас байхгүй юу, гэмгүй гэмгүй” гээд өөрийгөө нэгэнт тайвшруулсан /инээв/. Үүнийг ярьдгийн шалтгаан нь тодорхой байлгүй дээ. Манай сурагчид миний шүлгүүдийг мэдэхгүй. Би сурагчдадаа “Яруу найрагч шүү, би” гэж зарлаад байхгүй. Уншдаг нь өөрсдөө олоод унших цаг ирнэ биз ээ.

Хайрын шүлэг бичих тийм ч амар биш

-Шүлэг бичихгүй үед, эсвэл бүр яруу найраг, утга зохиолын салбараас явмаар санагдах үе байдаг уу. Тэр үед юуг илүү боддог вэ?

-Шүлэг бодохгүй өдөр гэж байхгүй ч шүлэг бичихгүй өдөр нь жилийн ихэнхийг эзэлдэг. Цөөн бичдэг. Шүлэг бичихгүй байх үе их гэсэн үг. Тэгэхээр шүлэг бичихгүй байх нь миний хувьд бол хэвийн /инээв/. 

Харин өдөр бүр бодож, өдөр бүр шүлэг уншиж, өдөр бүр алхаж явахдаа ч юм уу “айдол”-уудынхаа шүлгээс амандаа үглэж явдаг. Басхүү энэ салбарт ороод дурлаж тэмүүлж эхэлсэн цагаасаа тооцвол бараг 10 жил болоод, өөр салбар нүдэнд харагдахгүй болчихсон юм шиг санагдах болсон учир эндээс явмаар санагдаж байсангүй. Зөвхөн уран зохиолын салбар дахь уран зохиолын бус хүмүүсээс болж “тийрэх” үе бий /инээв/.

-Яруу найргийн наадамтай холбоотой сайхан, муухай дурсамж бий юу. Сүүлийн үед хэд хэдэн наадамд шүлэг дуудаж харагдсан?

-Байгаа, байгаа. Тоолж үзлээ. Найман удаа наадамд орсон байна билээ. Энэ жил “Мөнгөн хазаарын чимээ”, “Мөнгөн арвай”, “Цагаан уул” гэсэн гурван наадамд орлоо.

-Хайрын шүлгийг яруу найрагчийн хамгийн сайн бүтээл гэдэг ч, зарим найрагчид үүнтэй санал нийлдэггүй. Таны хувьд хайрын шүлэг бичих нь ямар санагддаг вэ?

-Далайц нь том юм даа, тийм ээ. Мөнхийн сэдэв. Одоо урлагийн салбарынхан, ялангуяа үгийн урлаг, уран зохиолынхон хувь хүнийг, хайрыг их жижигхэн гэж боддог болсон юм шиг санагддаг. “Болор цом” үзэхээр битүү геополитик, сансар судлал, тэнгэр газар, орчлон хорвоогийн нэгдмэл зүй тогтлын тайлал. 

Хайрын шүлэг бичих тийм ч амар биш байдаг. Хэн нэгэнд зориулж л бичнэ гэсэн үг шүү дээ.

-Хайр гэдэг үгийг шүлгээрээ биш, энгийн үгээр тайлбарлаач гэвэл та юу гэж хэлэх вэ?

-Ер нь хайрын тухай ярихдаа, хайртай гэж хэлэхдээ ч юм уу, ичээд байгаа юм шиг байдаг шүү дээ. Дорно дахины хүмүүсийн онцлог байх. Гэхдээ шүлэгтээ би нэлээн ний нуугүй бичдэг гэж өөрийгөө боддог. Уншаад үзвэл “энгийн л” үгээр бичсэн байгаа даа.

-Ном бүтээлийн тухайд. Өөрийн гаргасан ном, антологи, зэхэж байгаа шинэ ном, бас уншдаг ширээний номоосоо хуваалцаач. “Болор цом”-д зорих бодол бий юу?

-Шүүмж судлалын ном гаргана гэж ойр зуураа яриад бараг гурван жил болчихлоо доо. Сая “Цагаан уул”-аар “Ном хэвлүүлэх эрх”-ээр ч шагнуулчихлаа. Одоо ер нь гялалзуулъя гэж бодож байна /инээв/.

Өмнө нь “Залуу нас” дугуйлангийн “Дөт”, “Мөр” антологиудад шүлэг маань орсон. Багш мэргэжлийнхээ чиглэлээр судалгааны тайлан, эмхэтгэл, гарын авлагууд гаргасан. Дөрвөн роман, хоёр богино хэмжээний хүүрнэл, нэг шүлгийн ном редакторлосон байна. “Болор цом”-д шүлэг өгнө өө.

 (“Цагаан уул-2026” наадмын тэргүүн байрын шүлэг) 

Мөрөөдөл шиг барьцгүй талыг төсөөлөхөд

Үдэш өнгөрүүлж гүн харанхуйг гэтэлж

Үүрийг залгуулж өглөөг эхлүүлж

Үдийг туулаад өдий хэвийж буй наран дор

Ганцаар зогсоо гэж төсөөлөхөд

Харах мэдрэхүйг тэнгэр газар хоёр

Хагас хагасаар нь хуваан авч

Тас ширгээж харваас шараас цэнхэр лүү

Татаж дурандан ширтвээс цэнхрээс шар луу

Ухаандаа намар оройн хярман дээгүүр

Уртаас урт сүүдэр тусган зогсоогоор төсөөлөхөд

Сэлж чадахгүй ч ус руу үсрэн орох шиг

Сэрэхүй бүхэн нэгэн зүг тэмүүлээд

Живэхдээ цүнхээлийн ёроол налан газардаж

Жирийн л нэг элгэн чулуу болчих шиг, чи

Нисэж чадахгүй ч хавцлаас үсрэх шиг

Мэдрэхүй бүрээрээ чиний төлөө тэмцэж

Унахдаа шинэсний мөчирт өлгөгдөн тогтоод

Удахгүй салхинд хийсэх шилмүүс болчих шиг, би

Хүсэл шиг хүршгүй чамтай

Энхрийхэн харцаар ширтэлцэж суугаад

ирэх өдрүүдийн тухай ярилцаж биш

Хөл татарсан үдшийн цагаар

Хүйтэн өвлийн гудамжинд

Хөтлөлцөн алхаж буйгаар төсөөлөхөд

Өндөрхөн дэрсний толгой салхины аясаар ганхаад

Өөр нэгийн оройтой ончрон ороолдож

Салах гэсэндээ байдгаараа найган савламагц

Саяын дэрсний гол хуга тусан

Их далай мэт талын гүн рүү

Эгц доошоо унаж байгаа шиг, би

Харуулдах тусам өөртөө шингээн татах нь

Аймшиг болоод гайхамшгийг зэрэг төрүүлж

Ус эсвэл тэнгэртэй ижилсэн

Улам алсарсаар уусан арилах ариун шаргал өнгө, чи

Сэтгэл сульдахаар гэрээ улам илүү санахын адил

Унан арилсаар энэ мэдрэмж үгүй болох ч

Тасдаж авсан цэцгээ дэвтэрт хавчуулаад орхих

Талын дунд зогсоо хүн хэн нь юм бэ, бидний

Аз жаргалаа дэнчин тавьж чадахгүйн учир

Ам эвлэхгүй үггүйдэн суугаа чамайг бодон

Хацрын чинь жихүүнийг санаандаа илбэн бүлээцүүлж

Халирган яваа надаас ганц үг унахыг сонс.

Насаараа ийм л байгаасай гэж хүсэж яваа

Надад эрхэм амьдрал гэдэг угтаа

Гэрэл бараадан цасан будрах намуунд

Гэргий минь үсээ дэрлэн унтах амгалан шөнө.


С.БАТЗОРИГ: ЗАЛУУ НАСНЫХАА ЭНГЭРТ “ЦАГААН УУЛ” ХАТГАЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188