Хөдөөгийн буйдхан нутагт мал маллан амьдардаг Э.Санчир-Эрдэнийн гэр бүл Монгол ахуй, нүүдэлчин соёлоо “Гурван зүрх-Family vlog” хэмээх цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд хүргэдэг билээ. Аав, ээж, хүү гурвын өдөр тутмын эгэл амьдарлыг харуулдаг тус хуудсыг өдгөө 125 мянган хүн дагаж байгаа. Тэгвэл бид тэдэнтэй малчин айлын өдөр тутмын энгийн нэг амьдралыг контент хэлбэрээр нийтлэх болсон шалтгаан, бичлэгийн цаана өрнөж буй малчдад тулгарах хүнд хэцүү зүйлс болон өвөлжилтийн бэлтгэлийнх нь талаар ярилцлаа.
- Монголчууд бидний тээж цааш өвлүүлэх хамгийн том өв болох нүүдэлчин аж ахуйг бичлэгээр харуулж, олон нийтэд сурталчлах санаа анх хэрхэн төрсөн бэ?
- Юуны өмнө та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Б.Нямбаяр, нөхрийг маань Э.Санчир-Эрдэнэ гэдэг. Манай гэр бүл Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд амьдардаг. Бид хөдөө гараад гурван жил болж байна. Бичлэг хийх санаагаа 2025 оны арванхоёрдугаар сарын сүүлч шинэ оны гарч буй учир зорилгоо тодорхойлж байхад анх нөхөр маань олсон. Тэгээд л 2026 оны нэгдүгээр сараас бичлэгээ хийж эхэлсэн. Бичлэг хийх үндсэн зорилго гэвэл, нүүдэлчин ахуйгаа харуулахын зэрэгцээ, мал аж ахуйгаас гадна шинэ орлогын эх үүсвэр бий болгох мөн залуу хойч үедээ хөдөөний амьдралыг сурталчлах байсан. Миний хувьд шинэ зүйл туршихаас их эмээдэг хүн болохоор нөхөр минь ихэнх зүйлийн санааг гаргадаг. Харин би цааш биелүүлэх тал дээр нь ажилладаг.
- Анхны бичлэг тань юуны тухай байсан бэ. Мөн яагаад вэ?
- Бидний анхны бичлэг монгол ахуйн өдөр тутмын амьдралын тухай байсан. “Айл гэрийн амьдрал цайны дээжээр эхэлдэг” гэж боддог учир эхний дүрс аргал, хомоолоор галласан зуухан дээрээ сүүтэй цайгаа чанаж буй дүрсээр эхэлсэн. Дараа нь тал нутгийн өглөөний нар мандаж буй агшин, мал бэлчиж буй зэргийг хослуулан тайван уур амьсгал мэдрэгдэхүйц бичлэг хийж байсан. Энгийн л нэг өдөр тутмын амьдрал минь. Би өөрөө хотод хэсэг хугацаанд амьдарч үзсэн. Хотын хүмүүс өдөр тутамдаа ямар их стресс, асуудалтай тулгардаг билээ дээ. Үүнтэй харьцуулж хөдөөгийн бидний өглөөг эхлүүлж буй агшин, өдөр ийм тайван амар байдаг гэдгийг л харуулахыг хүссэн.
- Та хоёрт өдөр тутмын энгийн ажил мэт санагддаг ч үзэгчдэд сонин, содон зүйл байсан байх. Тухайн үед хүмүүс юу гэж бодож байсан бол?
- Бичлэг хийж эхэлснээс хойш хүмүүс бүх зүйлийг маш их сонирхож байгаа нь харагдсан. Тэр дундаа хөдөө гэртээ кострул гээд орос саванд гал дээрээ талх барьж буйгаа нийтэлсэн. Хүмүүсийн хамгийн их сонирхсон нь тэр. “Хэрхэн талхаа барьдаг вэ, хэр хөөлгөх вэ, сав нь ямар байх ёстой вэ” гээд олон хүн асууж байсан. Мөн сарлагийн өрмийг хуулахад үхэртэй харьцуулахад зузаан тогтсон байдаг. Ийм зузаан өрмөө өөрийн барьсан талхан дээрээ тавиад идэх бидэнд энгийн. Хотынхонд харин их сонин байсан. “Өрөм чинь яаж ийм зузаан байгаа юм бэ” гээд л асуулт мундахгүй шүү дээ. Энэ бүгдээс нэг зүйлийг ойлгосон. Монголчууд, тэр дундаа хотын хүмүүс нүүдэлчин мал аж, ахуйгаасаа холдчихсон юм байна. Бид түгээн дэлгэрүүлэгчдийн нэг том төлөөлөл нь байх ёстой юм байна гэх урам зориг авсан.

- Хөдөөгийн ажил барагдахгүй, хүнд хэцүү зүйл олон. Бичлэг хийх заваа хэрхэн зохицуулдаг вэ, хүндрэлтэй хэцүү зүйл олон байдаг уу?
- Хамтарч ажиллаж буй байгууллага, үзэгчдээс урам авч, аль болох уян хатан байдлаар, залхуурахгүй хийдэг. “Нүүдэлч монгол ахуйгаа түгээн дэлгэрүүлж байгаа та бүхэндээ баярлалаа” гэх сэтгэгдэл ороод ирэхээр цаанаасаа урам авч байгаа юм чинь. Би ихэвчлэн гэрийн ажлаа хийж, нөхөр гадаах ажлаа дааж авдаг. Нөхөр адуу малдаа явж, бэлчээдэг бол, би гэртээ сүү хөөрүүлэх, өрөм загсаах, тараг бүрэх гэх мэт ажил хийдэг. Хань минь намайг их дэмжинэ. Аль болох надад зав гаргаж өгөхийг хичээдэг. Би бичлэгээ хийж, янзалдаг юм. Өөрөө сонирхолтой болохоор харьцангуй гайгүй дээ.
- Өвлийн улирал малчдын хувьд хүнд даваа. Танайх өвлийн бэлтгэлээ хэрхэн базааж байна вэ?
- Өвөл эрс хүйтэрдэг учир хэцүү. Өвс шарлан, шим тэжээлээ алдах үед мал турж эхэлдэг. Эргэн тарга, хүчийг нь нэмэх боломж хомс. Өвлийг өнтэй давахын тулд, нэгдүгээрт, тэжээлийн малыг сайн тэжээх. Хоёрдугаарт, малын хэвтэр хашааг сайн дулаалах хэрэгтэй. Хамгийн түрүүнд, намартаа өвсөө сайн базааж авна. Манайх өнгөрсөн намар шинэ өвөлжөө гаргасан. Тэр өвөлжөөгөө үхрийн баасаар сайн шавсан. Үүний дараа эртхэн шиг хонио оруулж, шар өтөгшүүлээд, доод хэвтрийг нь дулаалаад явсан юм. Энэ жил ирэхэд баас нь хатаж, өм цөм болоод уначихсан байсан. Дахиад л битүүлж, дулаалсан. Ээж минь “Тэвний чинээ нүхээр тэмээн чинээ жавар орно” гэж захидаг байсан. Тэр үгийг нь бодон малын хашаагаа хараад жижигхэн завсар үүссэн л байх юм бол нойтон баасаар чигждэг. Дулаан л байвал хавартаа мал хорогдох нь бага.
- Хөдөө хот айл болон амьдрах ойр дотно сайхан шүү. Харин хотын нөхцөлд хөрш айлаа таньж мэддэг байх нь ховор. Танай гэр бүлийн хувьд саахалт айлууд тань хэр ойр дотно, тус дэмтэй байдаг вэ?
- Манайх Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Чичин багийн Асаат нарийн гэх газар амьдардаг. Энэ газрын хувьд бартаа их, бэлчээр ховор тул нэг дор олуулаа амьдрах боломж хомс. Энэ жилээс л хамжаа айлтай болж байна. Их сэтгэл амар байдаг юм байна. Өмнө нь нөхөр яаралтай ажлаар сумын төв ч юм уу орох үед би хониндоо явах хэрэгтэй болдог. Хүү минь нялх учир санаа зовоод, хонио ч олигтой хариулж чадахгүй сэтгэл хоёрдоод хэцүү. Энэ жилийн хувьд хамжаа айл минь мөн нялх хүүхэдтэй учир санаа амар хүүхдээ үлдээгээд хониндоо явж байгаа. Бид ч гэр бүлээрээ сумын төв орох боломжтой болсон. Бие, биенийхээ арыг бат даагаад тухтай.
- Танайх ямар мал голчлон маллаж байгаа вэ?
- Голчлон сарлаг үхэр, бог малаас ямаа давамгай. Сарлаг үхэрний сүүний тослог монгол үхэртэй харьцуулахад өндөр учир өрөм зузаан тогтдог. Амт ч чимчгэнэсэн онцгой. Зөвхөн энэ ч биш, сарлаг монгол үхрээс ялгарах зүйл олон. Өвлийн улиралд огт ногоон өвс идэхгүйгээр онд орох чадвартай. Уулын оргил, хад асга ихтэй энгэр, хэгээн мал очиж чадахгүй жалга зэргээр бэлчиж, шим тэжээл ихтэй эмийн ургамал өвсөөр хооллодог. Тиймдээ ч мах нь маш гоё хар, бор шөл гаргадаг. Сүүний тослог нь үүнээс хамаардаг байх. Би өөрөө судалж үзэхэд, сарлагийн мах, сүүг ардын уламжлалт эмчилгээнд ч их ашигладаг юм билээ.
- Анх айл болохдоо хаана, ямаршуу аж төрөхөө хэрхэн шийдсэн бэ. Тэр үед төсөөлж байсан амьдралаас тань одоо юу өөр байгаа вэ?
- Манайх бусад залуу гэр бүлтэй л ижил. Бидэнд анх хөдөө аж төрөхөд хэрэг болох унаа тэрэг, өвөлжөө, хаваржаа бэлэн юм юу ч байгаагүй. Хадам аавынхаа гадаа ямар ч гэсэн буусан. Хадмын маань гэр бүл бидэнд өргөө цагаан гэр гаргаж өгсөн. Ингэж л бидний амьдрал эхэлсэн. Аавын гадаа нэг жил гаруй амьдарсан. Дараа нь урьд нь айл бууж байгаагүй, нутаглаж болох шинэ газар хайн одоо байгаа газраа ирсэн. Аав, ээжээсээ холдон мал аж ахуй эрхлэх асуудал бидний толгой дээр буухад их айж байсан. Би чинь бага насаа хөдөө өнгөрүүлсэн ч хотод ШУТИС-д хүнсний чанар, эрүүл ахуй шалгагч мэргэжлээр сургуулиа дүүргэсэн хүн. Хотод сайн сайхан амьдрах хүсэл мөрөөдөл, амьдрал шулуун дардан гэх бодлоор л хотыг зүглэсэн. Төсөөлж байснаас минь шал өөр байсан л даа. Хөдөө амьдрахгүй гэх бодол энэ үед л өөрчлөгдөж байсан. Нэгэнт хөдөө амьдрах шийдвэр гаргачихсан хүн чинь айх эрхгүй. Өдгөө энд аж төрж эхлээд хоёр жил болсон байна.

- “Тусдаа гарахад мал маллаж чадах болов уу гэх айдастай байсан” гэж та хэллээ. Мал маллах явцдаа шантарсан, хэцүү мөч байсан уу?
- Өмнө жилийн намрын сүүлч үеэр 20-30 сантиметр хүрэхүйц нэлээд өндөр цас орсон юм. Өвс цасанд дарагдаад мал идэх зүйлгүй болсон. Маргааш, нөгөөдрөөс нь нар гарч цас бага багаар хайлж эхэлсэн ч гэлээ “Дахиад цас орж, зуд болвол яана” гэх айдас байсан. Малчин бидэнд шантрах үе их. Тэр дундаа хаврын улиралд. Хавар мал тэжээл тэнхээ авахад хэцүү. Зуны эх, хаврын сүүлч үеэр ногоо дөнгөж цухуйж эхэлдэг болохоор. Үүн дээр нэмээд, мал төллөх явц хүнд даваа. Хавар хүйтэн, сэрүүн. Учраа мэдэхгүй төл хашаанаасаа гараад хөлдөж, үрэгдэх тохиолдол цөөнгүй. Мөн дор хаяж 10 ямаа ишиглэлээ гэхэд 40 хувь нь ишгээ мэддэггүй. Ишгийг нь таниулна гээд ажил бас байна. Аяганы амсар зуух ч сөхөө олдохгүй. Уг нь мал онд сайн орсон бол хавар, намартаа үрэгдэх нь бага. Гэсэн ч энэ бүхний дараа зун болж, төл мал маань том болчихсон шаагин тоглож буйг нь харах юутай сайхан. Өөрөө төрүүлснээс өөрцгүй шүү дээ.
- Нүүдэлчин ахуйн соёлыг үр хүүхэд нь цааш авч явна гэж боддог уу?
- Нөхөр бид хоёр хоёулаа хөдөө өссөн. Хүүгийн минь бага нас биднийхтэй их төстэй. Гэхдээ л шал өөр хоёр үе. Тиймдээ ч хүүгийн минь сэтгэхүй арай илүү юм шиг санагдсан. Технологийн хувьд, зурагт, утас л ялгаатай. Ахуйн хувьд, ондоо зүйл бараг л байхгүй. Төрсөн цагаас нь хөдөө өсгөсөн учир нүүдэлчин соёлоо хүүдээ өвлүүлэн, үлдээж байна гэж боддог. Мэдээж ирээдүйд сургуульд явуулж эрдэм мэдлэг, боловсролтой хүн болгох алсын хараа байгаа. Гэхдээ мал аж ахуйгаасаа хэзээ ч мартаж холдохгүй хүн болгон хүмүүжүүлнэ гэж боддог. Хүү минь том болох үед ч хот, хөдөөгийн ялгаа бүдгэрээд илүү ойр болсон байж мэднэ.
- Цаашдын зорилго, хүсэл мөрөөдөл тань юу вэ. Төлөвлөсөн зүйл байгаа юу?
- Нүүдэлчин аж ахуй соёлоо малчны хотон дахь бичлэгээрээ Монгол төдийгүй дэлхийд таниулах хүсэл эрмэлзэлтэй байна. Бид ийм эрүүл агаарт, эрүүл хүнсээр үр хүүхдээ өсгөх боломжтой, бүтээгч ард түмэн шүү дээ гэдгийг л монгол хүн бүрд ойлгуулмаар байдаг. Тиймдээ ч өнгөрсөн зун амралтын гэр барьж үзсэн. Гэр барьсан санаа нь том зорилготой минь уг нь нийцэх учиртай. Бидний бичлэгийг үздэг хүмүүс зорьж ирэх боломжтой юм билээ. Даанч нэг л холдоод байсан. Гэхдээ шантрахгүй хичээнэ ээ, та бүхэн минь цаг алдалгүй биднийгээ үзэж, дэмжиж байгаарай.
М.Сүндэр
| Б.НЯМБАЯР: МОНГОЛЧУУДЫН ДИЙЛЭНХ НЬ СОЁЛЫН ҮНЭТ ӨВ, НҮҮДЭЛЧИН АХУЙГААСАА ХОЛДЧИХСОН |
|