• Өнөөдөр 2026-11-25

ТОМУУГИЙН УЛИРАЛД БАГА НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ ӨРХҮҮД ХҮНДРЭЛТЭЙ БАЙНА

Хүйтний улирал эхэлж, томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдэхийн хэрээр бага насны хүүхдийн өвчлөл ихэсч байна. Өвчин хурдан халдварлаж, зарим тохиолдолд хүндэрч байгааг иргэд ярьж байна. Томуугийн улирлын нөхцөл байдал, иргэдийн авч буй арга хэмжээ, урьдчилан сэргийлэх зөвлөмжийн талаар Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны “Энхийн санаа” өрхийн эрүүл мэндийн төвөөс сурвалжиллаа.

ИРГЭН: ГЭР БҮЛЭЭРЭЭ ХАНИАД ХҮРЭЭД ХЭЦҮҮ БАЙНА

Томуугийн улиралд бага насны хүүхэдтэй өрхүүдэд асаргаа, эмчилгээтэй холбоотой хүндрэл тулгарч байна. Тухайлбал, өрхийн эмнэлэгт үзүүлэхээр ирсэн Э.Урангоо гурван хүүхдийнхээ хамт ханиад хүрчээ.

“Манайх гурван бага насны хүүхэдтэй. Хүүхдүүд маань ч, би ч ханиад хүрсэн. Эхэндээ дархлааг нь дэмжих гэж шөлтэй хоол, витамин өгч байсан ч өвчин маш хурдан халдварлаж, хүндэрсэн. Тиймээс эмчид үзүүлж, зөвлөгөө авахаар ирлээ. Ханиад, томуугийн улирал залуу гэр бүлүүдэд олон хүндрэл учруулдаг. Би нярай хүүхэдтэй, гэртээ байгаа болохоор бусад хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь явуулалгүй асарч байна” хэмээн тэрбээр ярив.

Тус эмнэлэгт эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөхөөр ирсэн нэгэн иргэн саяхан ханиад хүрч, нэлээд удаан зовсон тухайгаа бидэнтэй хуваалцлаа. “Даатгалаа төлөхөө мартсан болохоор өнөөдөр эмээ хөнгөлөлттэй үнээр авч чадсангүй. Одоо эрүүл мэндийн даатгалын мөнгөө төлж байна. Саяхан ханиад хүрээд эдгэрлээ. Нэлээд хүндэрч, биед их зовиуртай, удаан эдгэдэг ханиад байсан. Ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг болохоор ээждээ халдаахгүй гэж их хичээсэн. Шим тэжээлтэй хоол идэж, антибиотик уугаад дөрөв, тав хоноод эдгэсэн” гэв.

Иргэд гэрийн нөхцөлд шинж тэмдгээ намдаахын тулд янз бүрийн арга хэрэглэдэг ч эмчийн зааваргүйгээр эм, тэр дундаа антибиотик хэрэглэх нь эрсдэлтэйг эмч нар анхааруулдаг. Томуу вирусээр үүсгэгддэг тул антибиотик түүнд нөлөөлдөггүй бөгөөд вирусны төрлүүдээсээ хамаараад өөр, өөр эм бичиж өгдөг байна. 

ЭМЧ: 0-5 НАСНЫ ХҮҮХДИЙН ӨВЧЛӨЛ ИХ БАЙНА

“Энхийн санаа” өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Ж.Сүрэндарь томуугийн шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх арга замын талаар "Томуугийн үед толгой хүчтэй өвдөх, өндөр халуурах, хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Өвчин хүндэрвэл бөөлжих, суулгах зэрэг зовуурь гарч болно. Томуу, томуу төст өвчний зарим шинж тэмдэг COVID-19 халдварынхтай төстэй. Манай эмнэлэгт хандаж буй өвчтөнүүдийн дунд 0-5 насны хүүхэд олон байна. 

Иргэд гэртээ өөрсдөө эмчлэх гэж оролдон, эмнэлэгт хандахаа хойшлуулбал өвчин хүндэрч, уушгины хатгаа болох эрсдэлтэй. Мөн дур мэдэн эм хэрэглэвэл харшлын урвал илэрч болзошгүй. Өвдсөн хүүхдийг бүрэн эдгэрсний дараа л сургууль, цэцэрлэгт нь явуулах хэрэгтэй. Ингэснээр бусдад халдвар тараахаас сэргийлнэ. Урьдчилан сэргийлэхийн тулд дулаан хувцаслах, гараа тогтмол угаах, амны хаалт зүүх, дархлаагаа дэмжих нь чухал. Эцэг эхчүүд хүүхдийнхээ асаргаа, хооллолтод анхаарч, өглөөний цайг нь тогтмол уулгах хэрэгтэй” гэв. Бага насны хүүхдүүд томуунд илүү өртөмтгий энэ үед шинж тэмдгийг үл тоомсорлохгүй байх, дур мэдэн эм хэрэглэхгүй байх, шаардлагатай үед эмчид цаг алдалгүй хандах нь чухал юм.

Б.Наранцолмон


ТОМУУГИЙН УЛИРАЛД БАГА НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ ӨРХҮҮД ХҮНДРЭЛТЭЙ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188