• Өнөөдөр 2026-11-06

ХЭҮК-ын хараат бус байдлыг хамгаалахаар нэгдэв

2026-11-06,   177

Хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн томоохон байгууллагууд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнийг сонгон шалгаруулах журамд оруулсан өөрчлөлтийг эсэргүүцэж нэгдсэн аян өрнүүлж эхлээд байна. Тэд холбогдох газруудад шаардлагаа хүргүүлсэн ч өнөөдрийн байдлаар тодорхой хариу аваагүй байгаа тухай онцоллоо. 

Аянд Хүний эрхийн форум, МОНФЕМНЕТ үндэсний сүлжээ, Монголын Залуучуудын Эвсэл, "Бүх нийт боловсролын төлөө!" үндэсний эвсэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл нэгдсэн. Мөн Монголын Эмнести Интернэшнл, Цогц хөгжлийн үндэсний төв, Хүний эрх, хөгжил төв, Монголын Эмэгтэйчүүдийн Хөдөлмөрийг Дэмжих Холбоо зэрэг байгууллагууд оролцож байна.

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо аравдугаар сарын 26-ны өдрийн 25, 26 дугаар тогтоолоор журамд өөрчлөлт оруулж, нэр дэвших хугацааг сунгасан. Өөрчлөлтөөр нэр дэвшигчийн мэргэжлийн болон хүний эрхийн чиглэлээр ажилласан туршлагын доод хугацааг хассан. Мөн сүүлийн таван жилд улс төрийн, намын удирдах албан тушаал хашаагүй байх шаардлагыг хассан. Түүнчлэн олон нийтэд нээлттэй сонсголыг ярилцлагаар сольж, ажлын хэсгийн шийдвэр гаргах босгыг өөрчилжээ.

Байгууллагууд эдгээр өөрчлөлт Комиссын хараат бус байдал, ил тод байдал, олон нийтийн оролцооны баталгааг сулруулж байна гэж үзэж байна. ХЭҮК төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хүний эрхийн үүднээс хяналт тавьдаг. Тиймээс гишүүд нь улс төрийн нөлөөллөөс ангид, мэргэшсэн байх ёстой гэдгийг тэд онцолж байна. Эдгээр баталгаа алдагдвал ХЭҮК-ын Парисын зарчимд бүрэн нийцсэнийг илэрхийлдэг олон улсын "А" статус эрсдэлд орж болзошгүйг ч анхааруулжээ.

Иргэний нийгмийн байгууллагууд Байнгын хорооноос журмын өөрчлөлтийг дахин хэлэлцэхийг шаардаж байна. Мөн мэргэшил, хараат бус байдал, олон нийтийн оролцоог хангах шаардлагуудыг сэргээн бэхжүүлэхийг хүсчээ.


ХЭҮК-ын хараат бус байдлыг хамгаалахаар нэгдэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188