• Өнөөдөр 2026-11-06

Б.МӨНГӨНЦЭЦЭГ: “ШИВНЭЭ” ЗОЧИД БУУДЛЫН ШАТНААС ХҮҮ МИНЬ ГУЛГАЖ УНААД, АМИА АЛДСАН БАЙХАД НАДАД ХЭЛЭЛГҮЙ ДОЛОО ХОНУУЛААД, ЗАДЛАН ХИЙСЭН БАЙСАН

2026-11-06,   323

       Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шивнээ” дэн буудлын гурван давхрын шатнаас 20 гаруй настай залуу унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Талийгаачийн ээж өөрийн цахим хуудастаа “Зовлон үзсэн хүн сургах сургамжтай юмсыг өгүүлэх байх. Миний хүү шатнаас гулгаж унаад бурхан болсон юм. Хүндээ ээлгүй улс юм даа. МХЕГ байсан бол гэж бодох юм” хэмээн бичсэн байдаг. Тухайн үед чухам юу болсон талаар талийгаачийн ээж Б.Мөнгөнцэцэгээс тодруулаа.

-Танай гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Хүү нь чухам юунаас болоод шатнаас унаж, амиа алдсан юм бэ?

      -Хүү минь есдүгээр сарын 16-ны өглөө 07:18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны хажууханд байрлах “Шивнээ” зочид буудлаас ажилчдаа авахаар орсон юм билээ. Тухайн үед ажилчид нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учир ганцаараа буудлаас гарч явахдаа шатны хажуугийн төмөр дээр сууж, гулгаж байгаад хойшоогоо савж унаад, амиа алдсан байсан. Хэрвээ шатны доор буюу нэг давхартаа буйдантай байсан бол хүү минь амь эрсдэхгүй байх магадлалтай байсан. Хүүгийн минь унаж, амиа алдсан шат шиг шаттай сургууль, цэцэрлэг, орон сууц олон байдаг тухай хүмүүс сэтгэгдэл үлдээсэн байна лээ. Тиймээс том, жижиг гэлтгүй бүгд шатаар явахдаа анхаарал болгоомжтой явахгүй бол гэнэтийн аюулд өртөх магадлалтай байна. Би хүүхэд, залуучуудад сэрэмжлүүлэг болгох үүднээс хүүгээ шатнаас унаж, амь эрсдсэн тухай олон нийтийн сүлжээнд бичсэн юм.

-Тухайн үед танд хүүгийнх нь тухай мэдээллийг хэн өгсөн бэ?

     -Хүүг минь шатнаас унаж, амиа алдчихаад байхад долоо хоногийн дараа цагдаагаас надад мэдэгдсэн. Яагаад ийм олон хоногийн дараа хэлж байгаа талаар асуухад “Бид талийгаачийн эхнэртэй холбогдсон. Эхнэр нь жирэмсэн байсан учир хэлж чадаагүй” гэсэн. Хэрвээ эхнэрт нь хэлж болоогүй бол миний утасны дугаарыг аваад надад хэлж болох байсан. Үүнээс гадна хүүгийн минь цогцсыг Шүүх шинжилгээний эмнэлэгт хүргээд задлан хийчихсэн байсанд нь би гомдолтой байгаа. Бас олон хоногийн дараа надад мэдэгдсэн ч эргэлзэж байгаа.

-Хүү нь гэр бүлтэй юу. Олон хоног сураггүй байхад та бүхэн хайгаагүй юу?

      -Хүү минь эхнэр гурван хүүхэдтэй. Бурхан болсноос нь хойш дөрөв дэх хүүхэд нь төрсөн. Эхнэр нь надад хэлээгүй учир би асууж, сураглаагүй олон хоног болсон.

-Шүүх шинжилгээний дүгнэлт гарсан уу?

     -Шүүх шинжилгээний дүгнэлтээр тархи нь бяцралттай гэж гарсан байна лээ.  Хэргийн газар цагдаа нарыг очиход анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх боломжгүй болчихсон байсан гэсэн. Шүүх шинжилгээнийхнээс “Биднээс зөвшөөрөл авалгүй яагаад задлан хийсэн юм бэ” гэтэл “Ийм байдалтай нас барсан тохиолдолд ар гэрийнхнээс заавал асууж, зөвшөөрөл авах шаардлагагүй байдаг” гэх тайлбарыг өгсөн. Бид олон хоногийн дараа хүүгээ амь эрсдсэнийг мэдсэн учир буян ажил нь гурав дөрөвхөн хоногийн дотор болж өнгөрсөн.

-Та "Шивнээ" зочид буудлын камерын бичлэгийг шүүж үзсэн үү. Буудлын хүмүүс тантай холбогдсон уу?

        -Цагдаа нар камерийн бичлэгийг бидэнд бүтнээр нь үзүүлээгүй. Шатнаас гулгаад унааж байгаа хэсгийг л хальт үзүүлсэн. Буудлын эзэд надтай холбоо барьж, эмгэнэл илэрхийлээгүй. 

-Хэрэг нь хаагдсан уу. Ямар шатандаа яваа вэ?

     -Би өмгөөлөгч авч хүүгийнхээ хэргийн хойноос дахин хөөцөлдөнө гэж бодож байгаа. Дөнгөж өчигдөр л хүүгийн минь 49 хоног боллоо. Энэ хугацаанд хэл ам хийж явахыг хүсээгүй. Гэхдээ надад маш хүнд байна.

 


Б.МӨНГӨНЦЭЦЭГ: “ШИВНЭЭ” ЗОЧИД БУУДЛЫН ШАТНААС ХҮҮ МИНЬ ГУЛГАЖ УНААД, АМИА АЛДСАН БАЙХАД НАДАД ХЭЛЭЛГҮЙ ДОЛОО ХОНУУЛААД, ЗАДЛАН ХИЙСЭН БАЙСАН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188