• Өнөөдөр 2026-11-06

МОНГОЛЧУУДЫГ МАДЛАЖ, МОНГОЛ ТӨРӨӨР ТОХУУРХСАН ОЮУТОЛГОЙ

-Оюутолгойд ажиллах нь Монголын төрд ажиллахаас ч эрх дархтай болчихлоо-

         Үе үеийн Засгийн газрын өмнө Оюутолгойн хөрөнгө оруулагчид том байлаа. Тэд Оюутолгойн төслийг хэрэгжүүлж эхэлснээсээ хойш төрд суугаа толгойтой болгоноор нь тохуурхаж, эрх мэдэлтэйг нь хэрэгт унагааж, байгалийн баялгаасаа ашиг хүртэх гэж нүдээ ширгэтэл хүлээж суугаа монголын ард түмэнд цонхны цаанаас мөн ч олон удаа чихэр долоолгосон доо.


         Цаашлаад Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ зурагдснаас хойш монголын ард түмэн ногдол ашиг хүртэх нь битгий хэл Монголын Засгийн газар их хэмжээний өрд унаж, олон жилийн алдагдал хүлээсэн гашуун түүхтэй.

          Харин Оюутолгойн гэрээг эхэлүүлснээсээ хойш 17 жилийн дараа монголчууд анх удаа ногдол ашгаа хүртэх эрхтэй болж, монголын төр чухам хэрхэн ард түмэнд хүртээх вэ гэдэг дээрээ нойр хоолгүй толгой гашилгаж байна. Засгийн газраас ногдол ашгийг дэд бүтэц, эрчим хүчний салбарт зарцуулах санал гаргаж, төсвийн төсөлдөө боловсруулан оруулж ирсэн ч олны дэмжлэг авч чадалгүй Засгийн газар төслөө буцаан татав. Улмаар олон нийтэд ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараах санаачлага  гаргаж, 100 мянган иргэний дэмжлэг авснаар Ерөнхийлөгч Оюутолгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх саналаа Засгийн газарт хүргүүллээ. Гэтэл эдийн засаг хямарсан энэ цаг үед бэлэн мөнгөөр ногдол ашгийг тараах нь инфляцийн өдөөж, эдийн засгийг сүйрүүүлнэ гэдгийг судлаачид, улстөрчид эдийн засагчид шүүмжлэж, Үндэсний баялгийн сандаа төвлөрүүлэх ёстой хэмээн сануулж байна. Энэ мэтчилэн 10 гаруй жил хүлээлтэд байсан Оюутолгойн ногдол  ашгаа хэрхэн хувиарлах вэ дээр дооргүй бужигнаж, монголчуудын үзэл санаа хэдэн хэсэгт хуваагдаж байхад Оюутолгойн удирдлагууд “Борлуулалт хийж чадахгүй байхад ямар юмных нь ногдол ашиг байх вэ дээ” хэмээн даналзаж байна.

        Нэг ёсондоо монголчуудыг монголын ард түмнийг тэд арав гаруй жилийн турш ингэж тохуурхаж ирсэн.   Оюутолгой төсөл эхэлсэн цагаасаа Монголын урдаа барих улстөрчдийн “эрлэг” болж, төрөөс төрсөн тэрбумтнууд төрсөн нь ч үнэн. Угтаа бол Оюутолгойн гэрээтэй холбогдсон Монголын урдаа барьдаг улстөрчид авлигын хэрэгт холбогдож, “аавын” хаалга татаж байлаа. Эрх мэдэлтэй, эдийн засгийн тооцоололтой улстөрчдөд оффшорт хөрөнгөө нуух хэмжээний авилга өгч, “худалдаж” авсан хар түүхүүд ч өнгөрсөн 10 жилийн хугацаанд хэрүүл алим болж ирсэн.

         Үнэндээ том төслийн ард том эрх ашиг байсан. Хөрш орнуудын ашиг сонирхлыг хөндсөн асуудал ч бий.   Оюутолгойн гол алдаа нь 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээгээр манай тал “Оюу толгой”-н 34 хувийг эзэмшихээр болсон. Ингэснээрээ “Оюу толгой” төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нийт зардлын 34 хувийг манай Засгийн газар, 66 хувийг “Туркойз хилл ресурс” компани гаргах үүрэг хүлээсэн.  Гэтэл манайд тухайн үед “Оюу толгой” төслийн хөрөнгө оруулалтын зардлын 34 хувийг санхүүжүүлэх мөнгө байгаагүй. Тиймээс манай улсын гаргах ёстой санхүүжилтийг хөрөнгө оруулагч тал манай өмнөөс зээл хэлбэрээр гаргаж, тэр мөнгөө ногдол ашиг хуваарилж эхлэх үед бидний авах ёстой ногдол ашгаас суутгаж авахаар тохирсон.

         Иргэд ирээдүйд “Оюу толгой” төсөл ашигтай ажиллаж эхлэх үед ногдол ашиг авна гэсэн хүлээлттэй байсан ч үнэн хэрэгтээ хөрөнгө оруулалтын зардлын зээлэнд суутгагдахаар гэрээндээ заагдсан гэсэн үг. Хөрөнгө оруулалтын гэрээний гол алдаа, басхүү байгуулагдсан цагаасаа шүүмжлүүлж байгаа шалгаан энэ. Дараа нь 2015 онд Дубайн гэрээг хийж, 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдсан зардлын санхүүжилтээ 6.8 тэрбум ам.доллар болгож нэмэгдүүлсэн.

      Үүнээс шалтгаалж “Оюутолгой” төслөөс манай тал 34 хувьдаа ногдол ашиг хүртэхгүй, харин ч хөрөнгө оруулагч талд 22 тэрбум ам.долларын өртэй үлдэхээр болсон. Ийн Оюутолгой, Дубайн гэрээний гол “автор” тухайн үеийн төрийн томчууд бүгд гэмт хэрэгтэн болсон гашуун түүхтэй. Оюутолгой, Дубайн гэрээний гол “автор” нь Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт, Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн асан Б.Бямбасайхан, Да.Ганболд Ч.Сайханбилэг нар. Оюутолгойн гэрээгээр хөлжсөн улстөрчдийн тоо цөөн хэрэн хүнээр тогтохгүй.

      Энэ талаар Сангийн сайд С.Баярцогт “Дубайн гэрээг хийснээр гурван жил зогссон далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Харин муу тал нь татварын маргааныг хүлээн зөвшөөрч, ногдол ашиг авах хугацааг хойшлуулсан. 100 хувь буруу, 100 хувь буруу гэсэх зүйл байхгүй” хэмээн байр сууриа илэрхийсэн. Үе үеийн Засгийн газрын сайд нараас эхлээд ТУЗ-д багтсан гишүүдээс өлжсөн хүн дэндүү олон. Үнэндээ эрх мэдэл нөлөө бүхий улстөрчид томорч, эцэст нь ард түмэнд хумс нь ч хүртэхгүй байх хэмжээнд хүрснийг сонсголд цухас дурдаад өнгөрсөн нь бий.

  Үнэндээ дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгддэг орд уурхайнаас монголчууд ямар ашиг хэзээ хүртэх вэ гэдэг дээр бүрэн дүүрэн мэдээлэл багатай байсан нь ч нууц биш. Оюутолгойн гэрээ зурагдснаар хойш сайн талууд байгаа ч сайжруулах тал хэчнээн олон байгааг бид харлаа. Гаднын тэр тусмаа гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт нэрээр халхавчилж, мөн ч их толгойг нь илсэн жишээ ч их байна.

        Цаашлаад Оюутолгойн хөрөнгө оруулагчид Монголын хуулийг уландаа “гишгэж” дүрэмгүй юм шиг аашилж ирсэнийг ч сануулж байна. Оюутолгойн олборлолт ямар ТЭЗҮ боловсруулаагүй явсан. 2009 оны аравдугаар сарын 6-нд Хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсаны дараа анхны ТЭЗҮ-гээ 2010 онд батлуулсан. ТЭЗҮ-ийн шаардлага, хүлээн авах журамд таван жил тутам ТЭЗҮ-г тодотгох, инэчлэх буюу шинээр боловсруулах үүрэг хүлээнэ гэж заасны дагуу 2015 онд ТЭЗҮ-д тодотгол хийсэн. Харин 2020, 2023 онд ТЭЗҮ нь удаа дараа батлагдаагүй хуучин ТЭЗҮ-ээрээ явуулсан талаар Оюутолгойн сонсголын үеэр онцлох дуулиан болсон.

Дээр нь Оюутолгой компани гүний усны нөөцийг ашигладаг. Хоногт 43 сая тонн буюу Улаанбаатар хотынн хоёр өдрийн усны нөөцийг ашигладаг хэрнээ ус бохирдуулсны төлбөр ч төлдөггүй.    

         Нэмээд Оюутолгой ХК хог хаягдлын менежмент муутай, уул уурхайн аюултай хог хаягдал, үйлдвэрт хэрэглээд ашиглахгүй болсон техник хэрэгслийн дугуй зэрэг байгальд хор нөлөөтэй хог хаягдал их гарч байгааг орон нутгийнхан ч хэлж ярьсаар ирсэн. Харамсалтай нь, гаднын хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулалтын гэрээнд тусггагдаагүй гэдэг асуудлаар халхавчилсаар зөвхөн алтыг нь ухаад авдрыг нь үлдээхээр улайрч байгаа нь нууц биш юм. Энэ мэтээр монголчуудыг Оюутолгойн хөрөнгө оруулагчид мөн ч их тохуурхаж, монголын төрийг юман чинээ тоохоо болиод удаж байна. Бүхэл бүтэн Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газарт саналаа илэрхийлсний дараа Оюутолгойн гүйцэтгэх захирал нь гарч ирээд “Борлуулалтын орлого байхгүй” гэж даналзах хүртлээ төрөөс том эрх ашигтайгаар ажиллаж байна. Үнэндээ Оюутолгойд ажиллах нь Монголын төрд ажиллахаас ч ирэх дархтай болж буй жишээ энэ юм.


МОНГОЛЧУУДЫГ МАДЛАЖ, МОНГОЛ ТӨРӨӨР ТОХУУРХСАН ОЮУТОЛГОЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188