• Өнөөдөр 2026-11-06

“Бурхан багшийн шүтээн зурагт намтар” Ази, Номхон далайн бүсийн жагсаалтад бүртгэгдлээ

   Бүгд Найрамдах Индонез Улсын Жакарта хотноо 2026 оны арваннэгдүгээр сарын 2-6-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “ЮНЕСКО”-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн хорооны арваннэгдүгээр Ерөнхий чуулганы үеэр Монгол Улсаас нэр дэвшүүлсэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж буй "Бурхан багшийн шүтээн зурагт намтар” (“Iconographic Biography of the Buddha” of the Zanabazar Museum of Fine Arts) өвийг тус бүсийн жагсаалтад бүртгэлээ.

Энэхүү өв нь XIX зууны үед бүтээгдсэн таван зурагт бүтээлээс бүрдэх бөгөөд Бурхан багшийн амьдралын 34 үйл явдлыг дүрслэн өгүүлсэн түүх, соёл, шашны үнэ цэнтэй баримтат өв юм. Тус өвийн нэр дэвшүүлэх материалыг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн хамт олон “ЮНЕСКО”-гийн Монголын үндэсний комисстой хамтран боловсруулж, бэлтгэсэн байна.

    Ази, Номхон далайн бүсийн 23 улсын 100 гаруй төлөөлөгч оролцож буй тус Ерөнхий чуулганд Монгол Улсыг төлөөлж Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирал, урлаг судлалын ухааны доктор (Ph.D) П.Байгалмаа, тус музейн зөвлөх О.Батсайхан болон ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Мэдээлэл, харилцаа холбооны асуудал хариуцсан мэргэжилтэн, “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Монголын үндэсний хорооны нарийн бичгийн дарга О.Дэлгэрцэцэг нар оролцож байна.

    Чуулганы үеэр Монгол Улсын төлөөлөгчид Дэлхийн дурсамж хөтөлбөрийн Монголын үндэсний хорооны 2024-2026 оны үйл ажиллагааны тайланг танилцуулахын зэрэгцээ баримтат өвийн бүртгэл, хадгалалт хамгаалалт, хүртээмжийг сайжруулах болон бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр гишүүн орнуудтай санал солилцов. Тус өвийг Ази, Номхон далайн бүсийн жагсаалтад бүртгүүлсэн нь Монгол Улсын баримтат өвийн үнэ цэнийг олон улсын түвшинд таниулах, судлах, хадгалж хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо. Монгол Улс “ЮНЕСКО”-гийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн олон улсын жагсаалтад долоон өв, Ази, Номхон далайн бүс нутгийн жагсаалтад зургаан өвийг тус тус бүртгүүлээд байна.


 

 


“Бурхан багшийн шүтээн зурагт намтар” Ази, Номхон далайн бүсийн жагсаалтад бүртгэгдлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188