• Өнөөдөр 2026-11-06

Н.ЦЭРЭНЛХАМ: СПОРТ БИЕ ГАЛБИРЫГ ТӨДИЙГҮЙ ДОТООД СЭТГЭЛИЙН ГОО САЙХНЫГ ХӨГЖҮҮЛДЭГ

2026-11-06,   324

Европ тивд 2026 оны аравдугаар сарын 24-ний өдөр болсон олон улсын бодибилдинг, фитнесийн “NATURAL PRO QUALIFIER” тэмцээнд ОУХМ Н.Цэрэнлхам өрсөлдөж хүрэл медаль хүртжээ. Тэрбээр 2016 оны оюутны улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медальтай. 2017 оны пауэрлифтингийн Орхон аймгийн хотын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальтай.  2017 оны УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналт IV байрт шалгарч байлаа. 2019 оны УАШТ-ээс хүрэл авч байв. 2023 онд Франц Улсын цомын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн. 2026 оны “NATURAL PRO QUALIFIER” олон улсын тэмцээний хүрэл медаль хүртээд байна.

-Өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

     -Намайг Мөнхбаярын Цэрэнлхам гэдэг.

–Аль аймаг, хотод төрж, өссөн бэ?

     -Би 1992 онд Эрдэнэт хотод төрж, өссөн.

-Спортын ямар зэрэг, цолтой тамирчин бэ. Хэд дэх жилдээ фитнесийн спортоор хичээллэж байгаа вэ?

    -Би 2024 онд Олон улсын хэмжээний мастер цол, зэрэг хүртсэн. Бодибилдинг, фитнесийн “фит модел” ангиллийн тамирчин. Одоо 11 дэх жилдээ энэ спортоор хичээллэж байна.

-Одоо Монголдоо байна уу, гадаад улс оронд амьдарч байгаа юу?

   -Одоогоор Франц Улсад гэр бүлийн хамт амьдарч байгаа. Хоёр сайхан хүүгийн ээж болсон.

-Сая бодибилдинг фитнесийн ямар тэмцээнд амжилттай оролцож, ямар медаль хүртсэн юм бэ?

     -Спорт бол миний амьдралын салшгүй нэг хэсэг. Олон жилийн хөдөлмөр, сахилга бат, тууштай байдлын үр дүнд гардаг. Сая 2026 оны аравдугаар сарын 24-ний өдөр анх удаа олон улсын “Pro Qualifier” тэмцээнд оролцон хүрэл медаль хүртсэн.

-2023 онд хүүхдээ төрүүлчихээд, хоёр ойтой байх үедээ Францын Улсын аварга болж байжээ. Тэр үеийнхээ дурсамжийг хуваалцахгүй юу?

   -Тийм ээ, 2022 онд кесар хагалгаагаар төрөх үедээ би дахин хэзээ ч тайзан дээр гарч чадахгүй байх вий гэсэн маш том айдастай байсан. Ээж болсныхоо дараа өмнөх шигээ бэлтгэл хийж, хүссэн хэмжээндээ хүрч чадах эсэхдээ эргэлзэж байлаа.

   Аз болж эмч нартайгаа сайтар ярилцаж, зөвлөлдсөний үндсэн дээр хэвлийн нилээн доод хэсгээр зүслэг хийлгэж, тэр нь ч харьцангуй хурдан эдгэрсэн. Би аажмаар бэлтгэлдээ эргэн орж, мөрөөдлөө орхилгүй үргэлжлүүлэн хөдөлмөрлөсөн. Хамгийн гайхалтай нь анхны хүүгээ хоёр ой хоёр сартай байхад 2023 онд Францын цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, алтан медаль хүртсэн юм. Тэр мөч надад үгээр хэлэхийн аргагүй их аз жаргал, бахархал, өөртөө итгэх итгэлийг өгсөн гэж боддог.

-Бодибилдинг фитнесийн ямар, төрөлд ангиллаар тэмцээнд ордог вэ. “Natural pro” ангиллын тамирчин  уу. Хэд дэх жилдээ бодибилдинг, фитнесийн спортоор хичээллэж байгаа вэ?

    -Би бодибилдинг, фитнесийн “фит модел” ангиллийн тамирчин. Одоо 11 дэх жилдээ энэ спортоор хичээллэж байна.

-Анх яагаад бодибилдинг, фитнесийн спортыг сонгож хичээллэх болсон бэ?

    -Анх фитнесээр хичээллэж эхлэхдээ тамирчин болно гэсэн бодол байгаагүй. Тэр үед би 170 см өндөртэй. Биеийн жин маань 47 кг байсан. Маш туранхай хүүхэд байсан шүү. Тиймээс өөрийнхөө бие галбирыг сайжруулах, булчин масстай болох эрүүл чийрэг байх зорилго тавьсан.

   Харин цаг хугацаа өнгөрөх тусам энэ спортод улам бүр дурлаж, өөрийгөө сорих хүсэл төрсөн. Би өөрийнхөө өмнөхөөсөө илүү сайжрахын төлөө хичээх дуртай. Өнөөдрийн би өчигдрийн өөрөөсөө илүү байх нь миний хамгийн том урам зориг байдаг. Ээж болсноос хойш надад төрсөн хамгийн том хүсэл, бодлуудын нэг бол ээжүүдийг ямар нэгэн спортоор хичээллээсэй гэж хүсэх болсон.

–Бодибилдинг, фитнесийн спортын анхны багш нь хэн бэ. Одоо хаана ямар клуб дээр хэн багшийн удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа хийж байгаа вэ?

     -Мэдээж энэ амжилтууд ганц хүнийх байдаггүй миний багш болох спортын мастер Б.Пүрэвдорж гэж маш гайхалтай мэдрэмжтэй дасгалжуулагч бий. Хамгийн гол нь тамирчны сэтгэл зүйг маш сайн дасгалжуулж чаддаг мундаг багш байгаа юм. Намайг маш сайн удирдан чиглүүлдэг дасгалжуулагч. Энэ завшааныг ашиглан миний спортын замналд үнэтэй хувь нэмэр оруулж, мэдлэг туршлагаасаа харамгүй хуваалцан, үргэлж дэмжиж ирсэн багшдаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

–Бодибилдинг, фитнесийн спорт болон бусад спортоор гаргасан амжилтуудаасаа танилцуулахгүй юу?

   -2016 онд оюутны улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль хүртсэн. 2017 оны пауэрлифтингийн Орхон аймгийн хотын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальтай. Мөн 2017 онд УАШТ-ээс хүрэл медаль, 2017 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналт IV байрт шалгарч байлаа. 2017 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны “Спортын алдар” тэмдэг хүртсэн.  2019 онд улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль авсан. 2023 онд Франц Улсын цомын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн. 2026 оны “NATURAL PRO QUALIFIER” олон улсын тэмцээний хүрэл медальтай.

–Бодибилдинг, фитнесийн спортоор хичээллэхийн хамгийн сайхан мэдрэмж нь юунд байдаг вэ?

    -Спорт зөвхөн бие галбир, гадаад үзэмжийг өөрчлөхийн зэрэгцээ дотоод сэтгэлийн гоо сайхныг хөгжүүлдэг юм.  Миний бодлоор тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь хүний сэтгэл зүй, өөртөө итгэх итгэл, сэтгэл санааны эрүүл мэндэд маш сайнаар нөлөөлдөг. Ээж болсон цагаасаа хойш ээжүүд бидний амьдралд маш олон үүрэг хариуцлага нэмэгддэг. Заримдаа гэр бүлдээ хамаг анхаарлаа хандуулаад, өөрийгөө хамгийн сүүлийн цэгт тавих нь бий. Өөртөө цаг гаргахаа мартдаг. Гэтэл ээж хүн өөрөө сэтгэл санааны хувьд тайван, эрүүл, аз жаргалтай байж чадвал тэр нь гэр бүлийнх нь уур амьсгалд ч эерэгээр нөлөөлдөг. Ээжийн ядаргаа, стресс, сэтгэл санааны байдал гэр бүлийн өдөр тутмын харилцаа, уур амьсгалд ч нөлөөлдөг шүү дээ. Тиймээс ээжүүд өөрсдийгөө ч бас хайрлаж, өөртөө цаг гаргаж, эрүүл мэнддээ анхаараасай гэж хүсдэг. Заавал мэргэжлийн тамирчин болох, өндөр амжилт гаргах шаардлагагүй. Өөрт тохирсон ямар нэгэн спортоор хичээллэж, өөрийнхөө эрүүл мэнд, сэтгэл санаанд анхаарах нь өөртөө хийж буй хамгийн сайн хөрөнгө оруулалтын нэг юм.

-Цаашдын зорилго, зорилт, хүсэл мөрөөдөл гэвэл?

    -Цаашдын зорилго, төлөвлөгөө гэвэл одоогоор миний хувьд булчингийн чанар, хөгжүүлэлт дээрээ дахин сайн ажиллах шаардлагатай гэж харж байгаа. Тиймээс ойрын хугацаанд өөрийгөө улам хөгжүүлж, биеийнхээ чанарыг сайжруулахад анхаарна. Миний дараагийн том зорилго бол 1–2 жилийн дараа дахин олон улсын хэмжээний томоохон тэмцээнд оролцох мөрөөдөл бий. Амжилт гарган, эх орныхоо далбааг өндөрт мандуулах хүсэл тамирчин бүрт байдаг байх. Энэ удаа би олон улсын тэмцээнд  Монгол Улсынхаа төрийн далбаагаа авч явсан ч хүссэнээрээ мандуулж чадсангүй. Гэхдээ энэ нь надад дахин илүү их хичээж, зорилгынхоо төлөө тууштай ажиллах том урам зориг, ташуур боллоо гэж харж байна.

 


 

 


Н.ЦЭРЭНЛХАМ: СПОРТ БИЕ ГАЛБИРЫГ ТӨДИЙГҮЙ ДОТООД СЭТГЭЛИЙН ГОО САЙХНЫГ ХӨГЖҮҮЛДЭГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188