• Өнөөдөр 2024-04-19

Х.НЯМБААТАР ШТС-ТАЙ ХАЯА ЗАЛГАН 360 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ХОТХОН БАРЬЖ БАЙНА

2023-03-10,   1635

       Хувьсгалын ажил Х.Нямбаатаргүйгээр явахаа больсон. Засгийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ Ажлын хэсэг байгуулсан ч, хэвлэлийн хурал хийсэн ч, ер нь хамаг л ажлаа хамар хашааны найз, хамаатан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатартаа хариуцуулсаар өдий хүрч буй. Нүүрсний хулгайн хэргийг хянан шалгах Ажлын хэсгийн ахлагч, Оюу толгойгоос хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх Ажлын хэсгийн ахлагч, Авлигын эсрэг Ажлын хэсгийн ахлагч, Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах Ажлын хэсгийн ахлагч, Боомтуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх Ажлын хэсгийн ахлагч гээд Х.Нямбаатарт ахлаагүй Ажлын хэсэг гэж үгүй. Тэр байтугай, Халдварт тахлын хөл хорионы үеэр автомашинуудад QR олгох Ажлын хэсэг байгуулахад ч Х.Нямбаатар ахалж байв. Нэгтгэвэл, тэр Хууль зүй, дотоод хэргийн сайд болсноосоо хойш Засгийн газрын 50 гаруй Ажлын хэсэгт ахлагч, гишүүнээр ажиллаад буй гэх. Сүүлийн үед Х.Нямбаатар Л.Оюун-Эрдэнийн “Таван Ш” ажиллагааг ахалж, төрд түүн шиг толгой өндийх завгүй хүн байхгүй мэт харагдах болсон. 
 
Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хувьсгалын ажлынхаа хажуугаар хувийн бизнесээ ч цэцэглүүлж амжиж байгаа ажээ. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдтэй тэмцэж, намынхнаа “намнаад” тун завгүй яваа Х.Нямбаатар хотын төвд 15 давхар хос барилга барьж байгаа юм байна. “Төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүдийн хувийн бизнесийн хуулиар журамлана. Төрд ажиллах уу, бизнесээ хийх үү гэдэг сонголт өгнө” гэж ярьж яваа Х.Нямбаатарын өөрийнх нь хувийн бизнес өдрөөс өдөрт өргөжөөд байгаа нь үг, үйлдэл хоёр нь зөрөөд байгааг илтгэх шиг.  
 
Тодруулбал, Х.Нямбаатар, эхнэр И.Баярмаагийн хамт “Хамаг монгол групп” ХХК-ийг эзэмшдэг. Тэд “Хамаг монгол групп” ХХК-иараа Баянгол дүүргийн IV хороо, X хорооллын уулзварт буюу Олон улсын Эдийн засаг, бизнесийн дээд сургуулийн чанх урд “Neverland town” гэх орон сууцны хотхон барьж байгаа ажээ. “Neverland town” хотхон нь тус бүр 16 давхар А, Б хоёр блоктой, нийт 360 айлын хотхон ажээ. “Neverland town” хотхоны эхний ээлжийн 111 айлын “А” блок нь ирэх зургадугаар сард ашиглалтад орох бөгөөд захиалгаа урьдчилж аваад дуусжээ. Борлуулалтын албаных нь утас руу нь залгахад “Манай хотхоны байрууд зарагдаад дууссан тул борлуулалтын алба ажиллахаа больсон. Хоёр болон гурван өрөөтэй хэдхэн л сонголт байгаа. Ирээд үзэж болно” гэх тайлбар өгч байна. 
Хамгийн ноцтой нь, Х.Нямбаатарын "Хамаг монгол групп" ХХК-ийн барьж буй “Neverland town” хотхон нь X хорооллын “Петровис ШТС-28” салбартай хаяа залган баригдаж байгаа. Тус ШТС-ын хашаанаас хоёрхон алхмын зайтай л баригдаж байна. Ард түмний аюулгүй байдлыг бодож, хот доторх ШТС-уудыг цэгцлэх ёстой байтал өөрийнхөө хотхоныг хаяа залгуулан барьчихжээ. Өнгөрөгч арванхоёрдугаар сард УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн “Тэс петролиум” ХХК-ийн Дархан дахь шатахууны агуулах дэлбэрч, хүний амь нас хохирсон. Төв суурин дотор ШТС, агуулах сав байрлах нь ямар аюул дагуулж болохыг энэ ослоос хаа хаанаа харцгаасан л баймаар. 
 
       Багш, өмгөөлөгч хийж явсан Х.Нямбаатарын 2012 онд СХД-ийн ИТХ-ын дарга болсныхоо дараа барилгын бизнес хийж эхэлсэн. Дээр танилцуулсан “Neverland town” хотхон бол түүний “Хамаг монгол групп” ХХК-ийн гурав дахь хотхон гэж болно. Тодруулбал, Х.Нямбаатар СХД-ийн ИТХ-ын дарга байхдаа буюу 2014 онд “Хамаг монгол групп” ХХК-иараа СХД-ийн Нэгдсэн эмнэлгийн чанх ард 63 айлын “Мишээл” хотхоныг барьж байлаа. УИХ-ын гишүүн болсныхоо дараа буюу 2020 онд СХД-ийн Нэгдсэн эмнэлгийн чанх ард,  “Мишээл” хотхонтойгоо хаяа залгуулж, 15 давхар, 156 айлын “Хамаг Монгол” хотхоныг барьж, худалдаж байлаа. Энэ хоёр хотхоныг барьж байх үедээ “СХД-ийн ИТХ-ын даргын албан тушаалаа ашиглан СХД-ийн Нэгдсэн эмнэлгийн газраас авч барилга барилаа” гэж багагүй хэл аманд өртөж явсан. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд болсныхоо дараагаас 360 айлын “Neverland town” хотхоныг барьж байна. Товчхондоо, төрийн өндөр албан тушаалд томилогдсоноо тохиолдуулж нэг хотхон барьдаг гэлтэй. 
Тайлбар: Х.Нямбаатарын "Хамаг Монгол" хотхон
 
Төгсгөлд нь, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “Хамгийн олон барилгачин сайдтай байсан” гэж төрийн түүхэнд үлдэх нь. Тодруулбал,  
 
- Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын эхнэр Ц.Ганцэцэг нь “Гурван билэг констракшн” ХХК-иараа Хан-Уул дүүрэгт тансаг зэрэглэлийн “Ханбогд ресиденс” хотхон, “Хан төгөл” хотхоныг тус тус барьж худалдсан. 
 
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарын эхнэр Б.Хишигжаргал нь “Камдер” ХХК-иараа Хан-Уул дүүрэгт “Оргил апартмент” хотхон, “Энканто таун” нэртэй хотхонуудыг “өндөглүүлсэн”. Одоо Сүхбаатар дүүрэг III хороо, хуучнаар “Автобус-3”-ын хашаанд 25 давхар, дөрвөн блок бүхий орон сууцны хороолол барьж буй. 
 
- Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн эхнэр Д.Энхгэрэл нь “Хаус инвест” ХХК, “Хурд” ХХК-иараа Хан-Уул дүүрэг, “Төв цэнгэлдэх хүрээлэн” орчмыг “KH” хотхон, “Энхтайван” хотхон, “Академи” хотхон, “Рапид харш” хороолол, “Наран тауэр” хотхон, “Хүннү 2222” хотхон, “Хүннү стандарт” хотхон, “Хүннү плас” хотхон зэргээр дүүргэсэн. Одоо Баянзүрх дүүрэгт “Чингис” зочид буудалтай хаяа залгаад “Сансар гарден” гэх хотхоныг хэл амтай барьж буй. 
 
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулууны эхнэр Д.Жавзан нь “Дорнод гурил” ХХК-иараа Дорнод аймгийн төв Чойбалсан хотод амины орон сууцны “Хишиг” хотхон, “Залуус” хотхоныг тус тус барьж, борлуулсан. 
 
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-эрдэнийн эхнэр Д.Болортуяагийн ах Д.Жавхлан нь “Рич констракшн” ХХК-иараа Баянбүрдийн тойргоос Гэсэр сүм явах зам дагуу оффис, үйлчилгээний “Ялалт плаза” барилга, Сүхбаатар дүүргийн IX хороонд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцны барилга тус тус барьсан. 
 
- Шадар сайд С.Амарсайхан төрсөн ах С.Ганбат, С.Отгонбаяр нарын хамт “Оюуны ундраа групп” ХХК, “Оюуны ундраа пропертийз” ХХК-иараа “Зайсан хилл” цогцолбор, “Зайсан скуэр” барилга, “Скуэр ресиденс” хотхон, “Ботаник центр” хотхон зэргийг барьж, борлуулсан. 
 
- Соёлын сайд Ч.Номингийн аав Л.Чинбат нь “Гацуурт пропертиз” ХХК-иараа “Монгол тв” цамхаг, хадам аав Т.Ганхуяг нь “Гурван гол холдинг” ХХК-иараа “Гурван гол” оффис үйлчилгээний барилгыг тус тус барьсан. 
 
- Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-амгалангийн эхнэр М.Сэржмядагийн “Интер групп интернэйшнл” ХХК-ийн охин компаниудын нэг “Титэм блок” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Л.Энх-Амгалангийн эгчийнх нь хүүхэд В.Баяржаргал нь “Интер констракшн” ХХК-иараа Спортын төв ордны хойно байрлах Гимнастикийн заалтай хаяа залган орон сууцны барилга барихаар сууриа ухаж эхэлсэн нь багагүй хэл ам дагуулж байлаа. 
 
      Дээрх сайдууд дээр мэдээж Х.Нямбаатар нэмэгдэнэ. Төрийн түүхэнд есөн сайд нь барилгын бизнестэй Засгийн газар байсангүй. Нийслэл хотыг “бетонон ширэнгэ” болгосон барилгын компанийн эздээр дүүрсэн Засгийн газар авлига, албан тушаалын хэрэгтнүүдтэй тэмцэнэ гэж ярих нь зохимжгүй ч юм шиг. 
 

Х.НЯМБААТАР ШТС-ТАЙ ХАЯА ЗАЛГАН 360 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ХОТХОН БАРЬЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-06 15:23:59
    Бичигч: Интерконстракш гэдэг компани нь ботаник центр нэртэй орон сууцны хотхоны 7 болон 8-р блокыг барьж эхлээд ашиглалтанд орох хугацацаанаасаа 3 жил хоцроож захиалагчдыг хохироосоор байна. Одоо хэр нь ашиглалтанд ордоггүй. Энх-Амгалаан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-10 13:58:26
    Zochin: Ikh mungutei khyn shyy. Ekh yysver n' yamar um bdg um boldoo. Shalgamaar um
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-10 08:14:27
    Zochin: Shygel ajillagaa ekheljee.Chono boroonoor gedeg boljee...Shyyrdegchiin bagiig tailj zad shyyrdekh n ene yed ygyi ch tsag khugatsaanii asuudal bolj yldekh baikhaa...
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188