• Өнөөдөр 2024-03-29

"СҮ", "МИЕЭ", "АЛТАНХУЯГ" ГЭХ ХАЯГТАЙ “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН ҮЕ ҮЕИЙН ЗАХИРЛУУДТАЙ ТАНИЛЦ

2022-04-06,   4146

        Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкийг хуу тоносон хулгайн араас “Эрдэнэс Монгол” ХХК—д “эзэн” суусан, охин компаниудад нь “орогносон” бүлэглэлүүдийг илчилнэ гэж зарлав. Засгийн газраас хэдийн Х.Нямбаатар сайдаар ахлуулсан, хууль хяналтынхныг багтаасан “хулгай” илрүүлэх ажлын хэсэг гарч, шалгалтаа эхлүүлээд байгааг дуулгав. Баттай сэжүүрээс барьж авсан учраас ийм бардам зарлаж буй бололтой юм. “Эрдэнэ Монгол” ХХК-д “эзэн” сууж, төрийн хяналтгүйгээр хууль бус мөнгө эргэлдүүлж буй тэр бүлэглэлүүдийг ил болговол асар том далд эдийн засаг задарч, манай улсын ДНБ-ний хэмжээ хоёр дахин тэлнэ гэснээс нь үзвэл Хөгжлийн банкны хулгайг хоёр нугалсан дайны дуулиан дэгдэж мэдэх нь.
         Тэгвэл бид өнгөрсөн 15 жилийн хугацаанд “Эрдэнэс Монгол” ХХК-ийг ямар хүмүүс удирдаж байсан болон тэд хэний хүмүүс болохыг цухас танилцуулж байна. “Эрдэнэс Монгол” ХХК 2007 оны хоёрдугаар сард буюу Миеэ.Энхболдын Засгийн газрын шийдвэрээр байгуулагдсан. Түүнээс хойш С.Баяр, Сү.Батболд, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг дамжиж, одоогийн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ирээд байна. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд нам, Засгийн газар ийн солигдох бүрдээ “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг өөрсдийн хүнээр сольж иржээ. Ийм байдлаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь нийт найман удаа солигдсон байна. Энэ бол эхлэл. Чухамдаа энэ компанийг хэзээ, хэн удирдаж байснаас хөвөрдөж, эцсийн цэгт “Эрдэнэ Монгол” ХХК-д эзэн суусан бүлэглэлийн цаад эздэд хүрч очих юм. 
 

“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН АНХНЫ ЗАХИРАЛ, “СҮ.БАТБОЛДЫН ХҮН” Д.ЗОРИГТ

         2007 он, тухайн үеийн Ерөнхий сайд Миеэ.Энхболдын Засгийн газар “Эрдэнэс Монгол” ХХК-ийг байгуулах шийдвэр гаргаж, анхны гүйцэтгэх захирлаар нь Үйлдвэр, худалдааны яамны газрын даргаар зургаахан сар ажиллаж байсан Д.Зоригт гэх залууг томилов. Гэхдээ Д.Зоригт “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар жил гаруйтай ажилласан. Улмаар 2008 оны УИХ-ын сонгуулиар С.Баяр, Сү.Батболд нарын сонгуулийн зөвлөхөөр ажиллаж, шанд нь С.Баярын Засгийн газарт Эрдэс баялаг, эрчим хүчний сайдаар томилогдож, тухайн үедээ л хамгийн залуу сайдаар нэрлэгдэж байв. Түүнийг ийнхүү Эрдэс баялаг, эрчим хүчний сайд байх үед нь одоо хүртэл “оньсого” мэт үлдсэн Оюутолгойн хэлэлцээр хийгдсэн. Уг нь Д.Зоригт тэр гэрээнд Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын хувиар гарын үсэг зурсныхаа хувьд Ерөнхий сайд асан С.Баяр нартай хамт хууль хяналтын байгууллагад шалгагдах ёстой байсан ч ганцаараа уснаас хуурай гарч дөнгөсөн. 
 
Тэгвэл түүнийг яагаад С.Баяр нараас “сугарч” үлдэж чадсаныг нь Миеэ.Энхболд, Сү.Батбол нартай холбон тайлбарладаг буюу түүнийг тэдний хүн гэдэг. Жишээ нь, Д.Зоригтын төрсөн аав нь Төв аймгийнх буюу М.Энхболдтой нутаг, нуга. Цаашлаад Миеэ.Энхболд Д.Зоригтыг толгой мэдэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилж байсан бол түүний төрсөн дүү Д.Бадраа агсныг нь Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилж байв. 
 
Харин Сү.Батболдтой холбоо хамаарал нь бүр ч гүнзгий. Жишээ нь, Д.Зоригт өдгөө Сү.Батболдын мэдлийн “Скаймедиа групп” ХХК, “Чингис хаан адвентурс” ХХК-иудыг түүний хүү С.Баттүшигтэй хамт удирдаж явна. 
 

ХЭРЭГТ ХОЛБОГДМОГЦОО ХИЛ ДАВЖ ЗУГТСАН, ХҮРГЭНЭЭ СҮ.БАТБОЛДОД “ДААТГАСАН” Б.ЭНЭБИШ

             2008 он, Д.Зоригтын орыг Б.Энэбиш залгав. Б.Энэбишийн хувьд Р.Гончигдоржийг УИХ-ын дарга байх үед Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар нь ажиллаж байсан нэгэн. Тэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийг гурван жил удирдсан боловч хамгийн муу нэртэй үлдсэн захирал. Жишээ нь, Б.Энэбиш энэ албан тушаалд байхдаа “Эрдэнэс тавантолгой” компанид 1.6 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 10 ширхэг хүнд даацын автомашин, 4.0 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх шаардлага хангахгүй дугуй сэлтийг шахсан, Хятадын “Чалко” компанитай нүүрс нийлүүлэх гэрээ байгуулахдаа Тавантолгойн Баруун цанхийг барьцаанд тавьсан зэрэгт хэрэгт нэр холбогдож байв. Ингээд прокуророос хэрэг үүсгэн шалгаад эхэлмэгц нь Австрали руу хил даван зугтсан гэдэг. Тухайн үедээ интерполоор хүртэл хайлгах шийдвэр гарч байв.
 
Мөн Б.Энэбиштэй холбоотой бас нэг таагүй мэдээлэл гарч байсан нь Б.Энэбиш ОХУ-ын хөрөнгө оруулалттай “Бату майнинг” ХХК-ийн Монгол талын захирлаар ажиллаж байх үед тус компани нь Өмнөговь, Хөвсгөл, Сэлэнгэ, Архангай, Завхан, Дорнод, Өвөрхангай, Баянхонгор, Сүхбаатар аймагт уул уурхайн 187 тусгай зөвшөөрөл авсан гэх хэрэг. 
 
Улс төрийн холбоо хамаарлын тухайд Б.Энэбишийг Сү.Батболд, Н.Алтанхуяг нартай их ойр гэдэг байв. Жишээ нь, Б.Энэбишийн хүргэн нь Сү.Батболдыг Ерөнхий сайд байх үед шадар туслахаар ажиллаж байгаад хожим Австрали дахь Элчин сайдын яам руу томилогдсон гэдэг.
 

ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Н.БАГАБАНДИ, Н.ЭНХБАЯР ХОЁРТ “ХАЛАМЖЛУУЛСАН” Я.ДОЛГОРЖАВ

          2012 он, Б.Энэбишийн дараа Я.Долгоржав томилогдож, жил орчим ажилласан. Тэрбээр 2001 оноос эхлээд Ерөнхийлөгч асан Н.Багабандийн улс төрийн бодлогын зөвлөх, дараа нь Н.Энхбаярын мөн улс төрийн бодлогын зөвлөх, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан нэгэн.
 
Улмаар Н.Энхбаярыг Ерөнхийлөгчөөс буумагц нь Куба Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогдсон. Тэгэх мөртөө 2012 онд элчин сайдын ажлаа хүлээлгэж өгөөд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож байв. Я.Долгоржавын мэргэжил нь философич гэх боловч уул уурхайн компанийн захирлаар томилогдсон нь олон хүн гайхаж байлаа. 
 

УИХ-ЫН ГИШҮҮН О.ЦОГТГЭРЭЛИЙН ТӨРСӨН АХ, Н.АЛТАНХУЯГИЙН ЗӨВЛӨХ АСАН, “ТЕСО”-ГИЙН О.САЙНБУЯН

         2012 оны арванхоёрдугаар сар,  Я.Долгоржавыг чөлөөлөгдмөгц О.Сайнбуян агсан орыг нь залгаж, “Эрдэнэс Монгол” ХХК-ийг гурван жил удирдсан. Ардчилсан нам эрх барих болж, энэ үеэс тус намын томилгоо хийгдэж эхэлсэн нь энэ байв.
 
О.Сайнбуянгийн хувьд одоогийн УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн төрсөн ах бөгөөд, “Тэсо” корпорацийн үүсгэн байгуулагч. Тэр нутаг нэгт Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаад ийнхүү “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал болон дэвшиж байв.
 
Түүнтэй холбоотой таагүй мэдээ нь, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үед нь төрсөн дүү О.Сайнжаргал нь “Сахал” хочит Д.Эрдэнэбилэг, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавын төрсөн дүү Д.Баатар нартай хамтран “Баюуд майнинг” ХХК-ийг эзэмшиж эхэлсэн бөгөөд хил дагуу хэд хэдэн орд авсан гэдэг. 
 

САНГИЙН САЙД АСАН С.БАЯРЦОГТЫН “ХАМСААТАН” Б.БЯМБАСАЙХАН

         2015 он, О.Сайнбуянгийн дараа “Эрдэнэс монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Бямбасайхан томилогдсон. Тэрбээр “Нова терра” ХХК-ийн захирал, Монголын бизнесийн зөвлөл”-ийн ТУЗ-ийн дарга, “Нью ком” группийн гүйцэтгэх захирал, Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад орон бус зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн. Улмаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал болж дэвшихэд нь түүнийг Н.Алтанхуягийн хүн гэж байлаа. 
 
Б.Бямбасайхан нь хожим нь буюу 2020 онд Сангийн сайд асан С.Баярцогттой хамт Оюутолгойтой холбогдох хэргээр хоригдсон. Улмаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Бямбасайханыг С.Баярцогтын хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон хэмээн буруутгаж, албан тушаал эрхлэх эрхийг гурван жилээр хасаж, дөрвөн жил хорих ял оноосон. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс түүний ялыг нэг жил гурван сар хорих болгож бууруулсан. Харин Улсын дээд шүүхээс Б.Бямбасайханд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, сулласан байдаг.
 
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан одоо “Шунхлай” группийн “Цахим хот” төслийн зөвлөхөөр ажиллаж байна. 
 

“УВС ФРАКЦ”-ЫН ТӨЛӨӨЛӨЛ, “ОЮУТОЛГОЙ”-Д “НААЛДСАН” Ц.ТҮМЭНЦОГТ

         2016 он, Б.Бямбасайханы дараа Ц.Түмэнцогт томилогдсон. Тэрбээр Увс аймгийн гаралтай, инженер мэргэжилтэй, Эрчим хүчний сайдын зөвлөх, “Женерал электрик” компанийн Монгол дахь төлөөлөгчөөр ажилласан байсан намтартай. Б.Бямбасайханы оронд Ц.Түмэнцогтыг томилогдоход “Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгдөхгүй” гэх агуулгатай шүүмжлэл гарч байсан. Учир нь Ц.Түмэнцогт нь “Увс фракц”-ийн төлөөлөл гэх бөгөөд Б.Бямбасайхантай тун ойр гэгдэж байв. 
 
Ц.Түмэнцогт нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлаа хүлээлгэж өгснийхөө дараа охин компани болох “Эрдэнэс оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал болсон бөгөөд мөн “Оюу толгой” компанийн ТУЗ-д багтах болсон байдаг. 

“МИЕЭГИЙН” П.ГАНХҮҮ

             2018 он, Ц.Түмэнцогтын орыг П.Ганхүү залгасан. П.Ганхүүгийн хувьд Ж.Эрдэнэбатын Засгийн газарт багтаж, Эрчим хүчний сайдаар томилогдсон. Тиймдээ ч Миеэ.Энхболдын хүн гэгдэж байв. Улмаар Эрчим хүчний сайдын сэнтийгээс буумагцаа “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон.
 
П.Ганхүүгийн хувьд Дэд бүтцийн яам, Эрчим хүчний яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга, агентлагийн орлогч байсан зэрэг намтраараа “мэргэжлийн хүн” гэгдэж байсан ч “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хамгийн муу удирдсан захирлаар нэрлэгдэж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Мөн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал байхдаа охин компани болох “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулуунтай хамтарч мөнгө “завшсан” хэрэгт нэр холбогдож байв. 

УИХ-ЫН СОНГУУЛИЙН ӨНЖСӨН “ШАГНАЛ”-АА АВСАН Ч ЖИЛ ХҮРЭЛГҮЙ БАРИГДСАН Д.ХАЯНХЯРВАА

       2020 он, УИХ-ын гишүүнээр 12 жил сонгогдон ажилласан Д.Хаянхярваа 2020 оны аравдугаар сарын 12-нд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. ЖДҮ-д нэр холбогдож, улмаар УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрхээ хасуулсан ч намаасаа шагналаа авлаа гэгдэж байв. Дархан-Уул аймгийн Засаг даргаас УИХ-д орж ирсэн, С.Баярын Засгийн газарт Сангийн сайдаар томилогдож, М.Энхболдын “ноёрхол”-ын үед УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан. Тиймдээ ч түүнийг М.Энхболдын талынх гэдэг. 
 
Гэвч Д.Хаянхярваа “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд удаагүй. Томилогдсоноосоо жилийн дараа хэрэгт холбогдсон. Тодруулбал, өнгөрөгч оны аравдугаар сарын 18-нд АТГ-аас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, Д.Хаянхярваагийн гэр, хувийн оффист нэгжлэг хийж, 20 мянган ам.доллар хураан авч, 48 цагийн хугацаатай цагдан хорьсон. Улмаар түүнийг цагдан хорих шийдвэрийг 30 хоног болгож сунгасан байдаг. Тухайн үед Д.Хаянхярваа эсэргүүцэж, Улсын Ерөнхий прокурорт хүсэлт хүртэл гаргаж байв. Ингээд Д.Хаянхярвааг Шивээ овоогийн нүүрсний уурхайг түшиглэн 200МВт-ын чадалтай цахилгаан станц барих төсөлтэй холбогдуулан албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр ялласан боловч тэр хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлж, 40 төгрөгөөр торгуулаад мултарсан байдаг. 
 

"СҮ", "МИЕЭ", "АЛТАНХУЯГ" ГЭХ ХАЯГТАЙ “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН ҮЕ ҮЕИЙН ЗАХИРЛУУДТАЙ ТАНИЛЦ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-07 09:59:05
    Арван баядын хошууны эрдэнэбат: manai UFS uud l iimerhuu zuil deer tolgoi ni ajillana daa muusain zalhuu uher halhuudiig bodwol.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-07 09:53:01
    ЗОЧИН: Дөрвөд хүн хүн биш, дөрвөн шийр мах биш гэдэг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-06 21:09:46
    Баагий: Эндээс харахад Увсынхан хор найруулахдаа гарамгай бололтой.Одоо ч Их Хуралд Увсын хэд бол хов хорлолдоо мундагдаа.Иднэ ч Эх орноо зарна ч.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-06 21:09:35
    Баагий: Эндээс харахад Увсынхан хор найруулахдаа гарамгай бололтой.Одоо ч Их Хуралд Увсын хэд бол хов хорлолдоо мундагдаа.Иднэ ч Эх орноо зарна ч.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188