• Өнөөдөр 2025-04-02

МАН 2016 ОНООС ХОЙШ ТОМИЛГООГ ИНГЭЖ ХИЙЖЭЭ

2022-01-19,   5844

      2016 оны УИХ-ын сонгуулиар МАН 65 суудал авч, үнэмлэхүй ялалт байгуулсан. Улмаар УИХ-ыг олонхоороо бүрдүүлсэн МАН Засгийн газраа дангаараа байгуулж, төрийн бүх шатанд томилгоо хийж, ноёрхлоо тогтоож эхэлсэн. Тэгвэл МАН төрийн эрхийг авсныхаа дараа томилгоонуудыг хэрхэн хийснийг тун сонирхолтойгоор  буюу ердөө ганцхан зургаар тайлбарлая. 
      Доорх зургийг Зам тээврийн дэд сайд асан, ШӨХТГ-ын даргад нэр нь яригдаж буй “Шилэн Цогоо” буюу Б.Цогтгэрэл 2016 оны нэгдүгээр сарын 3-ний өдөр “Амралт. 2016 оны ажлын гараа эрчтэй, хүчтэй. Андууддаа амжилт” гэх тайлбартайгаар өөрийн цахим хуудсандаа нийтэлж байжээ. 2016 оны УИХ-ын сонгуулиас таван сарын өмнө гэсэн үг. Эл зураг дээрх хүмүүсээс хоёр хүүхдийг хасвал 16 том хүн, тэднээс УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын эхнэрийг хасвал 15 хүн үлдэнэ. Сонирхолтой нь, үлдсэн 15 хүнээс ес нь 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш МАН-аас албан тушаал авч, гурав нь МАН-аас нэр дэвшин УИХ-ын гишүүн болж, нэг нь УИХ-д нэр дэвшсэн ч бүтэлгүйтжээ. Харин үлдсэн хоёр хүн нь хувийн бизнес эхлүүлж, МАН-ын “дэмжлэг”-тэйгээр тун амжилттай цэцэглүүлж явна. 
 
Тэгвэл тэд энэхүү зургийг авхуулах үедээ хэн байсан, 2016 оны УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт авснаас хойш хэн болсныг нь хүн тус бүрээр нь танилцуулъя. 
 
Тайлбар: Зураг дээрх хүмүүсийг дугаарласан байдлаар танилцуулна. 
 
1. Шадар сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын гишүүн Г.Занданшатарын зөвлөхөөр ажиллаж байсан Б.Ганхуяг.  Тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуулиас хоёр сарын дараа буюу 2016 оны есдүгээр сард “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Тэргүүн дэд захирал болж, 2018 оны тавдугаар сараас “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал болж дэвшсэн. 
 
2.Монголын сайтын холбооны Ерөнхийлөгч, НАМЗХ-ны Говийн бүс хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Х.Мандахбаяр. Тэрбээр 2016 онд “Зиндаа” сэтгүүлийг үүсгэн байгуулж, 2017 оны нэгдүгээр сараас Өмнөговь аймгийн МАН-ын дэд даргаар томилогдсон. Улмаар 2018 оны хоёрдугаар сард МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдож, 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Өмнөговь аймагт нэр дэвшсэн байдаг. 
 
3. Монголын Үндэсний маркетингийн холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ж.Золзаяа. Тэрбээр “SMS” төвийг үүсгэн байгуулж ажилласны зэрэгцээ, Инновац, цахим бодлогын байнгын хорооны зөвлөх, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци”-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг. Өдгөө түүний нэр дээр 10 орчим компани, төрийн бус байгууллага бүртгэлтэй бий гэх бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “цахим” амбицыг гүйцэлдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж яваа хүмүүсийн нэг гэгддэг. 
 
4.Шадар сайд У.Хүрэлсүхийн зөвлөх, МАН-ын Гадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Ё.Нямжав. Тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Гадаад харилцааны яамны Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газрын даргаар томилогдож, улмаар 2019 зургадугаар сард БНХАУ-ын Шанхай хотод суух Ерөнхий консулаар томилогдсон. Тодруулбал, 2019 оны хоёрдугаар сард УИХ-аас БНХАУ-ын Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тогтоол гарч, дөрөвдүгээр сард нь Шанхай дахь анхны консулаар Ё.Нямжавыг томилох Засгийн газрын шийдвэр гарч, улмаар зургадугаар сард албан ёсоор томилсон билээ. 
 
5.Сү.Батболдыг Ерөнхий сайд байхад нь зөвлөх, мөн түүний “Чингис хаан” зочид буудлын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Одбаяр. Тэрбээр 2016 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Стратеги төлөвлөлт эрхэлсэн дэд захирлаар томилогдсон. Улмаар 2018 оноос “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр сонгогдсон. 
 
6. НАМЗХ-ны Ерөнхийлөгч, Харвардын их сургуулийг төгсөж ирээд “Азийн хүлэг улс” бодлогын судалгааны хүрээлэнг байгуулан ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнэ. Тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуульд Хэнтий аймагт нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Улмаар 2019 онд ЗГХЭГ-ын дарга, 2021 онд Ерөнхий сайд, МАН-ын даргаар томилогдоод байгаа билээ. 
 
7. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын хяналт шалгалтын улсын байцаагчаар ажиллаж байсан Ж.Пунцаг. Тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа “УБТЗ” ХНН-ийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны даргаар томилогдсон. Гэвч энэ албан тушаад томилогдсон цагаасаа хэл амнаас салаагүй нэгэн. Тухайлбал, 2019 оны аравдугаар сарын 3-ний шөнө Тагнуулын ерөнхий газраас баривчилсан мэдээлэл гарч байсан. Мөн ИХШХЕГ-ын улсын байцаагчаар ажиллаж байхдаа Жан Юү гэх хятад иргэнээс таван сая төгрөгийн авлига авсан, визний хугацаагаа хэтрүүлэн хөдөлмөр эрхэлж байсан 14 хятад иргэнийг дахин хил нэвтрэх эрхтэйгээр нутаг буцаасан зэрэг асуудалд нэр холбогдож, АТГ-аас шалгагдаж, хэрэг нь нотлогдсоноор нэг жил, зургаан сарын хорих ял сонссон гэдэг. Мөн төмөр замын ажилчдаас коронавирусийн халдвар тархсан асуудал дэгдэх үед Ж.Пунцаг “16 мянган салаавч” хэмээн твиттерт жиргэж, ёс зүйгүй авирласнаараа хэл аманд өртөж байв. Мөн Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Ж.Пунцагийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр шалгуулах хүсэлт гаргаж байлаа.
 
8. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Шадар сайд У.Хүрэлсүхийн зөвлөх, НАМОХ-ны Ерөнхийлөгч байсан Д.Гантулга. Тэрбээр 2016 оны сонгуулиар Хэнтий аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдож, хамгийн залуу УИХ-ын гишүүнээр нэрлэгдэж байлаа. Гэвч хоёр ч удаа хүчингийн хэрэгт нэр холбогдож, Төрийн ордон дотроос “бандааш”-ны асуудлаар хэвлэлийн хурал хийсэн анхны УИХ-ын гишүүн болсон. Улмаар УИХ-ын гишүүний эрхээ хасуулсан билээ. 
 
9. УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын эхнэр. 
 
10. УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан Б.Энхбаяр. Тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуулиас сар гаруйн дараа буюу 2016 оны наймдугаар сарын 3-нд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилсон. Улмаар 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 
 
11. У.Хүрэлсүхийн туслах, НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан Н.Энхбаатар. Тэрбээр 2016 оны арванхоёрдугаар сард “МИАТ” ТӨХК-ийн Захиргаа, хууль эрх зүйн асуудал эрхэлсэн дэд захирлаар томилогдсон. Гэвч энэ албан тушаалд томилогдоод удалгүй “Н.Энхбаатар “Энканто таун” хотхонд бэлэн 400 сая төгрөгөөр байр, “Ланд-200” автомашин бэлэн 160 сая төгрөгөөр худалдаж авсан, ингэж гэнэт хөрөнгөжсөн үндэслэлээ тайлбарлаж чадаагүй” гэж хэвлэлүүдээр бичигдэж эхэлсэн. Улмаар 2018 оны долдугаар сард 600 сая төгрөгийн авлигын хэрэгт нэр холбогдож, АТГ-ынханд саатуулагдаж байсан. Гэсэн ч 2020 онд МАН-ын Улс төрийн бодлогын хэлтсийн дарга, 2021 онд МАН-ын Нарийн бичгийн даргаар томилогдсон билээ. 
 
12. МАН-ын “нууцлаг хүн” Б.Эрдэнэжаргал. “JCI Монгол” байгууллагын хуулийн зөвлөх байсан гэхээс өөр дорвитой мэдээлэлгүй Б.Эрдэнэжаргал нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн шадар хүн гэгддэг. Тэрбээр МАН-аас албан тушаал аваагүй ч Д.Амарбаясгалангийн угшилтай 20 орчим компани түүний нэр дээр бүртгэлтэй байдаг.
 
13. Шадар сайд У.Хүрэлсүхийн зөвлөх, МХЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ. Тэрбээр 2018 онд ЗГХЭГ-ын дэд дарга болж дэвшсэн ч “ЖДҮ”-гийн асуудалд орооцолдож албан тушаалаа өгсөн. Гэсэн ч 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа ШӨХТГ-ын дарга, “Эрдэнэс тавантолгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга болж дэвшсэн. Улмаар өчигдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болж дахин дэвшлээ. 
 
14. Монголын оюутны холбооны Ерөнхийлөгч байсан Н.Удаанжаргал. Тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр нь яригдаж байв. Гэхдээ энэ албан тушаалд Б.Энхбаяр томилогдсон. Улмаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх сэтэртэй явж байгаад “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал болж дэвшсэн. Өнгөрсөн онд тэрбээр Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулсан билээ. 
 
15. Дундговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан Ж.Мөнхчулуун. Тэрбээр 2016 онд Дундговь аймгийн Засаг даргын орлогчоор томилогдож, 2020 оны орон нутгийн сонгуулиар Дундговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр дахин сонгогдсон билээ. 
 
16. МАН-ын бүлгийн хэвлэлийн ажилтан, “Шилэн Цогоо” буюу Б.Цогтгэрэл. Тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуулиас сарын дараа буюу наймдугаар сарын 3-нд Зам тээврийн дэд сайдаар томилогдсон. Тэгвэл одоо БОАЖ-ын сайд болсон Б.Бат-Эрдэнэ найзынхаа оронд ШӨХТГ-ын дарга болохоор нэр нь яригдаж байна. 
2016 оны УИХ-ын сонгууль үнэмлэхүй ялалт байгуулсан МАН тэр цагаас томилгоог ингэж хийжээ. Ингээд харвал, МАН-ын дарга асан, Ерөнхий сайд асан, одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн туслах, зөвлөхүүд, одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нутгийнхан, НАМЗХ-нд хамт ажиллаж асан найзууд нь ихэвчлэн “томорцгоосон” байгааг харж болж байна. Өөр нэмэлт хачир тайлбар илүүц биз ээ.
 

МАН 2016 ОНООС ХОЙШ ТОМИЛГООГ ИНГЭЖ ХИЙЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-25 21:14:58
    irgen: Tur bol ter chigeeree luivarchid.turiivch neg humuusee tom alband tomilono.UBTZiig har daa.Ymar shan ITA .chadvarlag udirdagchidtai.ajil uils n mandaj blaa.MANiin tabiuluud .chavargui tanil talaa tataad.bolj bga uomgui bolgoloo.Ochirpurev.Shilen Tsogoo.Puntsag.Herlen.AN iin hulgaichuud bas ochij bsan.Odoo TZd ymarch hamt olni shan uur amisgal.Tsalin huls ch bhgui bolj bn.TZiin bayr.Shine jil temdeglehgui.13 dahi tsalin 6 huvaaj egsen bolson.Tgd Naadamd bolhoor handiv egch bga iom.Odoo Songuulid munge beltgej bga bha.Herlengee MAN tataj avaach.Henii amin naiz bh TZdad tui ch hamaahui
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-25 13:49:20
    Ганбаатар: Нэгэнтээ хулгайч Баярцогт надад юу ч хусах шаардлагагүй би өөрийн бизнёссээ хийгээд л явахад хангалттай мөнгө олох ухаан төгс хүн маягийн зүйлс ярьж би ч түүнд итгэв. Үнэндээ чадваргүй улс улс төр гээч "бизнесс"ээр оролддогийг мэдэж авлаа. Тэд жинхэнэ инженер техникийн ажилтануудийг цусгүй алж хөдөлмөрчидийг төөрүүлж өөрсөдөө эх ороноо тоногч бэртэгчид байж!? Үнэхээр дур гутаж огиудас хүрч байна?!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-27 08:57:05
    Зочин: 2016 онд цүнх баригч байсан Удаанжаргал 2021 онд хөлөлмөрийн баатар, ичээч чи пялдагаа. Одоо бүр оргон зайлсан, офшортоо дүрвэсэн. Эд бүгд улаан авлигачид болсон. Ганхуяг Цогоо Пунцаг гээд л... Хүрэлсүх Оюулзганы найзууд ийм л нөхдүүд, ийм амьтас улс удирдалцана гэнэ дээ ой гутам
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-26 12:44:17
    Зочин: Ер нь томилгоог ингэж л урьд нь хамт ажиллаж бсан болон нутаг ус найз ноход авгай нууц амраг гм дэвшинэ шуу дээ мэргэжилмэдлэг бол тийм сонин гол узуулэлт биш болсон шуудээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-26 12:44:15
    Зочин: Ер нь томилгоог ингэж л урьд нь хамт ажиллаж бсан болон нутаг ус найз ноход авгай нууц амраг гм дэвшинэ шуу дээ мэргэжилмэдлэг бол тийм сонин гол узуулэлт биш болсон шуудээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-19 11:03:50
    Зочин: Гөбс долоогч ариун цэврийн цааснаас дор новшнууд дийлэнх нь байна даа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188