Сонгуулийн сурталчилгааны өдрүүд наадам, цагаан сар шиг, сэрмээргүй зүүд шиг л өнгөрлөө. Засаг дарга нь ч зорьж зүглэдэггүй хотын захын хорооллууд, зочин айлчилдаггүй алслагдсан, аниргүй буйд суурингууд хүртэл хөл, хөдөлгөөнтэй, хөгжим нүргэлж, өнгө, өнгийн туг далбаа гудамжаар нь намираад л. Торгон дээлтэй, тансаг хослолтой, том хар жийптэй нэр дэвшигчид давхилдаад, хөгшдөд үнсүүлж, харчуудтай нь тамхилж, хүүхнүүдтэй нь зургаа татуулж, хүүхдийг нь өхөөрдөж тэврээд л, хачин халуун дотно байцгаалаа. Хаягдсан мэт ажин түжин амьдардаг хөдөөгийнхөнд маань хэдэн өдөр ч болов ингэж бужигнах, дөрвөн жилийн өмнө саналыг нь аваад саарал ордон руу явсан түшээтэйгээ дахин уулзаж, тохойгоо түшүүлэх сайхан байлаа.
Сурталчилгааны өдрүүдэд бялуурам, бялхам амлалтууд, яг л маргаашнаас хэрэгжүүлж эхлэх гэж байгаа хөгжлийн түм буман төлөвлөгөөнүүдийг нь сонсож суух бас сайхан. Талаас илүү хэрэгждэггүй ч гэлээ сонсож суухад сэтгэлд өег. Сая сурталчилгааны өдрүүдэд Хэрлэн, Орхон, Туул гол руу бараг л салаалан мяралзаад эхэллээ. Бас ахмадууд тэтгэврийн зээлээ, ажилчин ангийнхан цалингийн зээлээ нэг удаа тэглүүлэхээр нэр дэвшигчидтэй яс тас тохирч, бүр гар барьж баталгаажуулаад салцгаалаа. Хангайн бүс нутгуудад нэг их удахгүй ноос ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрүүд ашиглалтад орохоор болж байна. Гадаадын их дээд сургуулиудад үнэ төлбөргүй суралцах малчны хүүхдүүдийн нэрс бараг л тодорлоо. Ажилгүйчүүд анкетаа бөглөчихвөл ажлын байрууд нь бараг л бэлэн болж байгаа юм байна. Нэжгээд сум нийслэлтэй хар замаар шууд холбогдож, бас болоогүй өглөө, оройдоо онгоцны шууд нислэгтэй болохоор боллоо. За тэгээд, дундаж наслалтыг 80 хүргэхээр болж, 60 гарч яваа ахмадууд 20 жилдээ айлтгүй боллоо. Хорт хавдрыг ч нэн даруй устгахаар болсноо нэр дэвшигчид маань мэдэгдлээ. Улаанбаатар хот ирэх өвөл утаагүй, хавар гэхэд түгжрэлгүй болохоор боллоо. Бүр баярлууштай нь, ирэх дөрвөн жил 126 гишүүн маань төрөөс, татвар төлөгчдийн халааснаас сохор зоос, сэтэрхий зүү ч хулгай хийхгүй гэдэг ам тангаргаа өглөө.
Сонгуулийн бас нэг сайхан нь мөнгө. Сая сурталчилгааны өдрүүдэд 139 мянган иргэн ухуулагчийн ажил хийж, цалин авчээ. 16 хоногт 500 мянган төгрөг гэдэг бага мөнгө биш. Хүнсний дэлгүүрийн өрөө төлчихнө, хүүхдүүдээ нэг удаа чихрээр эрхлүүлчихнэ, хөргөгчөө нэг дүүргэчихнэ. Оюутан залуучуудад ч намар төлбөр нь нэмэртэй. Бас энэ сонгуулиар гэр хорооллын зарим айлууд хашааныхаа шон дээр намын туг төлбөртэй хатгаж, сул мөнгө олцгоов. Туг хатгах хашааны шонгийн түрээс гурав хоног нь 300 мянган төгрөгийн үнэтэй байжээ. Саналаа худалдах буюу овог нэр, регистрын дугаараа “зарж” мөнгө олдог бас нэг арга бий. Энэ жил ч эл наймаа ил, далд явагдаж байгаа тухай сураг сошиалаас дуулдаж л байна. Харамсалтай нь, ханш нь 20 мянган төгрөгнөөс өсөөгүй бололтой юм. За тэгээд, сумын жижиг гуанз, дэн буудлууд ч нэр дэвшигчдийг, тэднийг дагалдан яваа сурталчилгааны штабынхныг нь хооллож, ундалж, хоноглуулж орлого олцгоолоо. Малчид маань ч нэр дэвшигчдэд, тэдний багийнханд хорхог, боодогны хонь, ямаа зарж хэдэн төгрөг оллоо. Ер нь ч сонгуулиар нэр дэвшигчид ч, нийгэм ч нэг л өнгөлөг, мөнгөлөг болцгоочихдог нь сайхан.
Харамсалтай нь, дээр дурдсан бүхэн сурталчилгааны 16 хоногийн л зүүд, зэрэглээ. Сонгуулийн санал хураалт дуусах тэр мөчид бидний бодит, бас борог амьдрал эхэлнэ. Өр зээлүүд нэхэгдэнэ, өнөө маргаашийн хоол, хүнсээ яах вэ гэж гашилна. Түгжрэлд бухимдана, утаанд угаартана. Аятайхан цалинтай ажил олж хийхсэн гэж мөрөөднө, Солонгос явахыг тэмүүлнэ. Саяхан л өмнө тань сунаж мөргөхөөс наахнуур саналыг тань царайчилж байсан хүмүүс саарал ордноос хамраа цухуйлгахгүй, дахин үзэгдэхгүй л болов уу. Зээлийг тань тэглэнэ гэж амласан нэр дэвшигч машиндаа суугаад л тэгж амласнаа ч, тантай уулзаснаа ч мартчихсан байх вий. Авлига, хулгайтай тэмцэнэ, төрийг цэвэрлэнэ гэж амласан нэр дэвшигч мөдхөн тойргийнхоо тендерүүдийг түүчихсэн явах вий. Хүүхдийг тань ажилтай, ач, зээг тань сургуультай болгоно гэж амласан нэр дэвшигч ирэх намар өөрийнхөө охин, хүүгийн төлбөрийг төрөөр төлүүлчихсэн сууж байх вий. Устай болох горьдлого тээж хоцорсон говийнхон дөрвөн жилийн дараа гүний худагтаа оочерлож зогсох вий. Ноос ноолуур, арьс ширний боловсруулах үйлдвэрүүдтэй болно гэсэн найдлага тээж хоцорсон малчид дөрвөн жилийн дараа ч ноолуураа миалуулж, арьс, ноосоо жалганд хаяж зогсох вий.
Иймд, сонгогч та өнгөрсөн 16 хоногийн турш тойргийнхоо нэр дэвшигчдээс сонссон, сонин, сэтгүүлээс нь уншсан бүхнээ, бас ухуулагчдынх нь ухуулсан бүгдийг өнөөдөр эргэн нэг эргэцүүлээрэй. Хэн нь хөрсөн дээр хэрэгжихгүй хөөсөрсөн, худлаа амлалт өгснийг, хэн нь амьдарч буй аймаг, дүүргийг тань бодитоор хөгжүүлж чадах амлалт өгснийг дахин нэг бодоорой. Тэгээд ирэх дөрвөн жил тойргийнхоо түшээдийн хулгай луйврыг хууль хяналтынхнаас сонсож, хэвлэлээс уншиж халаглаж суухгүйн төлөө, бас улс шиг улсад амьдрахын төлөө хэнээр ч заалгахгүйгээр, хэний ч халаасыг царайчлахгүйгээр зөвхөн өөрийнхөө зөв гэж дүгнэснээр саналаа өгөөрэй.
ДӨРВӨН ЖИЛ ХАЛАГЛАЖ, ХАРАМСАХГҮЙН ТӨЛӨӨ ӨНӨӨДӨР ТУНГААЖ, ДҮГНЭЭРЭЙ, СОНГОГЧИД ОО |
|