• Өнөөдөр 2024-09-15

ШОРООТОЙ ГУТАЛТАЙ, ХӨЛСӨӨ АРЧИН ГҮЙХ СУМЫН АН-ЫН ДАРГЫН ДЭРГЭДҮҮР ХАР ЖИЙПТЭЙ МАН-ЫН ДАРГА СҮНГЭНҮҮЛЭН ДАВХИНА

2024-06-22,   410

    МАН засагладаг улсын сумын АН-ын дарга байх шиг ял ихтэй ч ямба нь ялихгүй алба үгүй байх. Сая МАН-ын тавтиргүй ухуулагчид төвөнхдөө өшиглүүлж амиа алдсан талийгч Сант сумынхаа АН-ын даргаар есөн жил ажиллажээ. Гэхдээ ганцхан жил л сумынхаа ИТХ-ын даргаар ажиллаж, ялихгүй ямба эдэлжээ. Бусад найман жилд нь хоймортоо Ц.Элбэгдорж, Х.Баттулгын хөрөгтэй, хөдлөх бүрд нь чахардаг хуучин ширээ, сандалтай, дээвэрт нь хөх туг намирсан жижигхэн шавар байшиндаа дарга нэртэй боловч ямба ч эдэлсэнгүй, яндар ч зүүсэнгүй суусаар эндээс буцжээ. 
    МАН-ын дараа хоёрт эрэмбэлэгддэг, хоёр удаа олонх болж үзсэн, 200 мянган гишүүнтэй АН орших тогтнохын тулд, олонх болохын тулд сумд бүрд хороотой, хороо нь даргатай, дарга нь дөнгүүр нэгэн байх ёстой. МАН ч адилхан. Гэхдээ сумын МАН-ын даргын зовлон АН-ын даргынхтай харьцуулшгүй нимгэн. Ялангуяа МАН угсраа найман жил засаглаж буй учраас тэд гэдэс цатгалан, гундах зовлонгүй маадгар сууцгааж байгаа. Харин АН-ын дарга нарын хувьд бүх юм эсрэгээрээ. 
 
Нэгэнт АН-ыг дагаж, сумын АН-ын дарга сэтэр зүүчихсэн бол гэр бүл нь гадуурхагдахаас зовлон нь эхэлнэ. Сумын АН-ын дарга байснаараа хань ижил, хүүхэд шуухад, хамаатан садандаа гай л болно уу гэхээс гийгүүлнэ гэж үгүй. Нөхөр чинь АН-ын дарга биз дээ гэж ажил хийлгэхгүй хална, хавчина. Аав чинь АН-ын дарга биз дээ гэж хөөнө, хяхна. Хамаатан садан, худ ураг байсан ч ялгаагүй. Эсрэг нам гээд сонгуулийн жил нөхрөө халгааж, хавьтуулдаггүй эхнэр байна гэдэг бол суманд намчирхал, танай, манай нам гэх талцал ямар хэмжээнд хүрсний бэлээхэн жишээ. Ийм байхад МАН засагладаг сумынхан АН-ын даргыгаа амар тайван амьдруулна гэж үү. 2020 оны сонгуулийн үеэр Увсын Улаангомын харьяат 30 хүрч яваа бүсгүй суман дахь намчирхлын тухай өөрийн түүхээ хоолой зангируулсан бичиж, тэр нь сошиалд хэд хоногийн сэдэв болж хэлэлцүүлэгдэж байлаа. Аав нь аль 2016 онд АН-аас Улаангомд Увсынхаа ИХТ-д нэр дэвшээд унаж, тэр жил МАН олонх болжээ. Дараа жил нь өнөөх бүсгүй их сургуулиа төгсөөд сумандаа очтол “Өнгөрсөн жил аав чинь АН-аас нэр дэвшиж, бидэнд гай тарихаа шахсан” гэх шалтгаар ажилд авах газар олдоогүй, арга буюу хот руу нулимстай буцсан тухайгаа бичсэн байсан. Мэргэжил мэдлэг эзэмшээд, төрж өссөн сумандаа ажиллъя гээд очиход нь “Аав чинь АН-ынх” гээд хөөж туугаад, хавчиж хяхаад байх хэнд сайхан байх вэ. Нутгаа зорих нэг насны хүсэлгүй болно биз дээ. 
 
    Сумын АН-ын дарга нар саарал ордонд ороод гарсан, бас одоо байгаа АН-ынхаа гишүүн, сайд бүх томчуудын лайг буй бие дээрээ үүрэхээс дараагийн зовлон нь эхэлнэ. С.Баярцогтын оффшорын сая ам.доллар, Ч.Сайханбилэгийн дубайн гэрээ, З.Энхболдын хувьчлалын хулгай, Х.Баттулгын “танкны” төмөр зам, Ц.Элбэгдоржийн системийн авлига, Н.Алтанхуягийн Чингис бонд, Лу.Гантөмөрийн Боловсролын зээлийн сан, ерөөс АН-ын удирдлагуудын хулгай, хуудуу бүхэн эцсийн цэгт сумын АН-ын даргад очиж л наалдана. “Танай АН-ын тэр дарга чинь төрийг тэгж тоноогүй бол энэ улс өдийд...” гэж дуртай нь орж ирж агсамнана. Бүр зодож нүднэ. Тэртээ 30 гаруй жилийн өмнө ардчилсан хувьсгал гарсан нь, АН 2012 онд олонх болсон нь, АН-ын харьяалалтай хэн нэгэн хулгай зэлгий хийж, засаг төр тоносон нь эцсийн эцэст сумын АН-ын даргын буруу болж хувирна. 
 
      Сумын АН-ын даргын ээлжит зовлон нь тэдний ихэнх нь ядуу. Яагаад гэхээр МАН засаглаж байна гэдэг нь зөвхөн Төрийн ордонд МАН-ынхан олноороо сууцгааж, бас аймаг, дүүрэг, сум, хорооны Засаг дарга нар МАН-ынхан байгааг хэлдэггүй юм. Намын засаглал сумын хүнсний дэлгүүр, хоолны гуанзанд хүртэл үйлчилнэ. Тэгэхээр МАН ялсан дөрвөн жил, найман жил АН-ын даргад тав арван төгрөг олох бизнес хийх байтугай, талхны мөнгөө залгуулах тун хэцүү байдаг нь нууц биш. Сэргэлэнтээд, сиймхий гаргаад “бичил” бизнес эхлүүллээ ч МАН-ынхан түүнийг нь зогсоох шалтгаа мундахгүй олноор олно. Амийг нь авчихаж байгаа юм чинь хүнсний дэлгүүрийг нь хаах бол юу ч биш. 
 
Дээрээс нь, эрх барьж буй нам л мөнгөтэй, хэдэн арван тэрбумаар нь хандивлагч олонтой, тэр хэрээрээ сумынхандаа намын даргад хаялага ихтэй. Харин хоёр сонгуульд угсраа ялагдаж, ихэнх нь гишүүд нь гудамжинд лааз өшиглөж яваа, ядаж УИХ-д суугаа 10 хүрэхгүй гишүүн нь үг хэл, үзэл бодол нийлдэггүй, тархай бутартай АН-д ямар юмных нь мөнгө байх вэ. Сумынхаа АН-ын дарга нартаа унаа тэрэг авч өгөх байтугай, өөрсдөө төв нам нь байргүй, Д.Эрдэнэбатыгаа царайчлан, “Залуучууд” зочид буудал нь сонгуулийнхаа төв штабыг нээгээд сууцгааж байгаа. Хөөрхий, сумын АН-ын дарга нар ихэнх нь хөл явган, хөлсөө дуслуулан, тоос татуулан манаргаад л явцгааж байгаа. Хувьдаа машинтай, “20”-той нь бий л дээ. Харин хажуугаар нь МАН-ын дарга хар жийптэй сүнгэнүүлэн давхина. Намын байр нь ч гэж сумандаа л орд харш, туг далбаа, зураг хөргөөр ёолкны мод шиг л болчихсон байгаа, өдийд. 
 
      Сумын АН-ын даргын бас нэгэн зовлон нь ял ихтэй. Ялангуяа сонгуулийн жил сумын АН-ын даргын ажил ар араасаа ундарч, унтах завгүй намдаа зүтгэнэ. Сумандаа намаа заавал ялуулаарай гэх “зарлиг”-ууд өдөр шөнө, өглөө оройгүй төв намаас нь ирнэ. Тойрогт нь АН-аас авлига, албан тушаалын боть зузаан түүхүүдтэй, сонгогч олноос хэзээ ч саналыг нь салгахааргүй нэр дэвшигч дэвшсэн байсан ч хөөрхий сумын АН-ын дарга ганц санал ч ганцдахгүй гэж сумынхаа иргэдийг ухуулна, хөөгдөнө, туугдана, ятгана. Яах вэ, намаа ялуулчихвал намар орон нутгийн сонгуульд сум, аймгийнхаа ИТХ-д нэр дэвшээд, ядаж Засаг дарга болчихвол гэж гэнэн мөрөөдөж, өөрийгөө урамшуулна. Сумын АН-ын даргаас саарал ордон хэтэрхий хол л доо, одоогийн нөхцөлд. 
 
     Энэ мэтээр буйдхан сумын АН-ын даргад дурдвал дундрашгүй зовлон бий. Тийм л их зовж, зүдэрдэг юм бол АН-ын дарга болох албатай юу, хүн хүчлээ юу гэх л байх. АН байгаа л бол хэн нэгэн сумын АН-ын хороог нь удирдах л ёстой. Тийм ч учраас албан тушаалыг бага гэж голдоггүй “бяцхан шуналтан”, эсвэл ардчилалд ухаангүй дурлачихсан, хонхны дуунд сэтгэлээрээ уярчихсан нэгэн “тэнэг” тэр сумын АН-ын даргын албанд суудаг юм. Сая нэг нь харамсалтайгаар буцлаа. 
 

ШОРООТОЙ ГУТАЛТАЙ, ХӨЛСӨӨ АРЧИН ГҮЙХ СУМЫН АН-ЫН ДАРГЫН ДЭРГЭДҮҮР ХАР ЖИЙПТЭЙ МАН-ЫН ДАРГА СҮНГЭНҮҮЛЭН ДАВХИНА
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188