• Өнөөдөр 2025-04-22

“УХУУЛАГЧИЙН ХЭРЭГ”-ЭЭР АН СЭРЖ, МАН САНДРАВ

2024-06-17,   691

     Нэгэн эрийн зураг нь сошиалд шэйрлэгдэж, зул нь талбайд бадамлаж хонолоо. Ардчилал ялах үед тэр цэл залуухан 18-тай цэрэг байж. Халагдаж ирээд ардчиллыг дагасан, ханьтайгаа учирсан, гурван сайхан хүүхэдтэй болсон, тэгээд төрөлх сумандаа тов хийсэн амьдрал босгож, төрд ч алба хашиж явжээ. Бас морь гэхээр ухаанаа тавьчихдаг нэгэн байж, хөөрхий. Даанч Ардчилсан намыг дагасан үзэл нь, Ардчилсан намын дарга гэх сэтэр нь амийг нь авчихаж. 
 
Бас нэгэн эрийн зураг нь сошиалд шэйрлэгдэж, нэр нь нийтэд зүхэгдэж хонолоо. Наймхан хоногийн өмнө тэр малчин байж. Гэвч долоо хоногийн өмнө МАН-ын ухуулагч болсон. Харин өнөөдөр тэр хүн амины хүнд гэмт хэрэгтэн. Өдийд Өвөрхангайн цагдаагийн газрын байцаалтын өрөөнд толгойгоо шааж, харуусал тээж суугаа. Малчнаас МАН-ын ухуулагч болсон сонголт нь түүнийг хэрэгтэн болгожээ. Гэхдээ сонгуулийн халуурал, согтуугийн солиог нь зөвтгөх аргагүй. 
 
Ердөө л 1000 гаруйхан өрхийн 3500-хан хүн амтай Өвөрхангай аймгийн Сант суманд МАН-ын ухуулагч нь АН-ын даргыгаа зодож хөнөөсөн ийм нэгэн хэрэг гарлаа. Хүүхдүүдийг нь хасвал, Сант сум санал өгөх сонгуулийн насны 2000 гаруйхан хүнтэй. Бөхийн өргөө 2500 хүний суудалтай гэхээр Сант сумын сонгогчид бүгд багтаад, суудал илүү гарна гэсэн үг. Ийм буйдхан атлаа АН, МАН-ын, танай, манай гэх талцал нь туйлдаа хүрч, эцэст нь ийнхүү нэг нь шороонд, нөгөө нь шоронд орлоо. 
 
Тэгвэл энэ хэрэг гарах үед чухам юу болсон, энэ хэргээс үүдэлтэйгээр юу өрнөж буйг товч тоймлож байна. 

ЭХНИЙ ӨДӨР ЮУ БОЛОВ- МАН-ЫН ЕСӨН НЭР ДЭВШИГЧ ХОЁР ХУВААГДАЖ, Г.ЗАНДАНШАТАР, Г.ТЭМҮҮЛЭН, Г.ГАНБОЛД, А.ЦОГЦЭЦЭГ, Г.САЙХАНБАЯР НАР САНТ СУМАНД ОЧЖЭЭ

     УИХ-ын дарга Г.Занданшатараар толгойлуулж, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээр удаалуулсан МАН-ын есөн нэр дэвшигч сонгуулийн сурталчилгааны эхний дөрөв хоногт Баянхонгор аймгийн бүх сумаар тойрсон. Ингээд зургадугаар сарын 15-ны бямба гарагийн өглөө Баянхонгор аймгийн төвд сүүлчийн уулзалтаа хийж, тус аймаг дахь сурталчилгаагаа дуусгасан. Улмаар МАН-ын есөн нэр дэвшигч дөрөв, таваараа хоёр хуваагдаж, бямба гарагтаа багтаан Өвөрхангай аймгийн хоёр, хоёр суманд уулзалт хийхээр үдийн алдад Баянхонгороос хөдөлсөн. Ингэхдээ С.Чинзориг, Б.Даваадалай, Б.Батцэцэг, Д.Тогтохсүрэн дөрөв Өвөрхангай аймгийн баруун хэсгийн Нарийнтээл, Хайрхандулаан суманд уулзалт хийхээр, Г.Занданшатар, Г.Тэмүүлэн, Г.Ганболд, А.Цогцэцэг, Г.Сайханбаяр тав Өвөрхангай аймгийн зүүн хэсгийн Өлзийт, Сант суманд уулзалт хийхээр хөдөлсөн байгаа юм. 
 
Ингээд МАН-ын нэр дэвшигч Г.Занданшатар, Г.Тэмүүлэн, Г.Ганболд, А.Цогцэцэг, Г.Сайханбаяр тав Баянхонгороос давхисаар Өвөрхангай аймгийн Өлзийт суманд ирж, тус сумын иргэд, сонгогчидтой уулзсан. Дараа нь, Өлзийт сумаас урагш 60 гаруй км-т байх Сант суманд очиж, тэндэх уулзалт нь 19:00 цагийн орчимд эхэлсэн. Ингээд 22:30 цагийн орчимд МАН-ын нэр дэвшигчдийн уулзалт дуусаж, Соёлын төвд цугласан сонгогчид тал тал тийш тарж эхэлсэн. Энэ үед МАН-ын ухуулагч П.О Соёлын төвөөс гарсан даруйдаа сумынхаа АН-ын штабын байранд очсон. Ингэхдээ өндөр зэргийн согтолттой буюу архи уусан байсан гэх. Ингээд П.О АН-ын дарга Б.Б рүү “УИХ-ын дарга, сайдууд ирчихсэн, уулзалт хийж байхад та нар яагаад уулзалтад нь оролцдоггүй юм” гэх агуулгаар агсарч, хүзүүнд нь өшиглөжээ. 
 
Улмаар Б.Б 23:30 цагийн орчимд эмнэлэгт хүргэгдсэн. Амин үзүүлэлтүүд нь унасан, төвөнх нь чихэгдсэний улмаас хүзүү хэсэг нь битүү хавдсан, амьсгал боогдож, бүх бие нь харлаж, хөхөрсөн байж. Эмч нар шаардлагатай арга хэмжээнүүдийг авсан ч 00:00 цагийн орчимд амьсгал хураажээ. Талийгаач Б.Б-г өшиглөсөн П.О-г тэр даруйд баривчилж, тэр шөнөд нь Өвөрхангай аймгийн төв рүү хүргэсэн. Тухайн үед П.О-ын согтолтын зэрэг 1.24 бүхэл байсан гэх. Одоо мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй. Сошиалд МАН-ын нэр дэвшигчид тухайн үед ухуулагчид болон сонгогчдодоо архи тараасан гэж ч бичицгээж буй. Хэрвээ тэгсэн бол асуудал бүр хүндэрнэ. 

ДАРААГИЙН ӨДӨР ЮУ ӨРНӨВ: АН СЭРЖ, МАН САНДРАВ

        Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б.Б МАН-ын ухуулагч П.О-д зодуулж, амиа алдсан мэдээ шөнөдөө АН-ын штабт ирж, ням гарагийн өглөө 11:00 цагийн орчимд сайтууд болон сошиал сүлжээнд цацагдсан. Ингэснээр хоёр хүний зодооны асуудал биш, АН, МАН-ын удирдлагуудын түвшний асуудал болж хувирсан. Өөрөөр бол, ажин түжин байсан АН-ынхан энэ хэргээр сэрж, харин МАН-ынхан сандарцгаалаа. 
 
Тодруулбал, АН-ын дарга Лу.Гантөмөр орон нутгаас мэдэгдэл хийсэн. Араас нь АН-ын ХЭГ-ын дарга Н.Лхагвадорж, АН-ын хуульч Б.Батхуяг, Р.Булгамаа нар хэвлэлийн хурал хийсэн. АН-ын энэхүү угсруулсан мэдэгдэл, хэвлэлийн хурлууд нь “МАН-ын дарангуйлал хэрээс хэтэрлээ. Сүүлийн найман жил МАН-ынхан ард түмнийг ч, Ардчилсан намыг ч хүссэнээрээ дээрэлхэж, дарамталсан. Эцэст нь, МАН-ын ухуулагч нь манай АН-ын хорооны даргыг зодоод алчихлаа. Хэрвээ МАН-ыг дахиад сонговол энэ улс сүйрэх юм байна гэдгийг бид нүдээрээ харлаа” гэх маш ноцтой агуулгатай байсан. Өөрөөр хэлбэл, энэ хэргийг АН-ынхан “МАН-ын дарангуйлал хүний аминд хүрч эхэллээ” гэдэг өнцгөөр өөрсдөдөө ашигтайгаар МАН-ын эсрэг дайралт болгож ашиглаж эхэлсэн. 
 
Ингээд болоогүй, жагсаал цуглаан зохион байгуулах, зарга хийх хийхдээ хэзээнээс зартай АН-ын Д.Монголхүү, “элийрэгч” Ц.Уянга хоёр нийлж “I тойрогт МАН-аас нэр дэвшиж буй есөн нэр дэвшигчийг бүгдийг нь эргүүлэн тат, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хариуцлага хүлээж, огцор” гэх турхиралтыг сошиалд эхлүүлсэн. 
 
Ингэснээр МАН-ынхан сандралд орсон. Ядахад, I тойрогт МАН-ын есөн нэр дэвшигчийн найм нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд сэтэртнүүд буюу тус намын томчууд. Өөрөөр бол, МАН-ынхны алдаж болохгүй тойрог. Хэрвээ энэ хэрэг даамжирвал, МАН-ынхан I тойргийг бүхэлд нь алдах, бүр цаашилбал нэр хүнд нь унаж, 2012 оны сонгуулийн дүн давтагдах аюул үүснэ. Иймд эхлээд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэвлэлийн хурал хийж “МАН-аас УИХ-ын I тойрогт нэр дэвшигч Г.Сайханбаярыг эргүүлэн татахаар боллоо” гэж зарласан. Уг нь Сонгуулийн тухай хуулиараа нэгэнт нэр дэвшигчээр бүртгэгдсэн л  бол МАН-ынхан мянга эргүүлэн татах шийдвэр гаргаад нэмэргүй. МАН-ынхан үүнийг мэдэхийн дээдээр мэдэж буй ч гал намжаахын тулд өөр сонголт байсангүй. Дараа нь МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өөрийн биеэр “Залуучууд” зочид буудалд байрлаж буй АН-ын сонгуулийн төв штабт очиж, АН-ын дарга Лу.Гантөмөртэй уулзаж, эмгэнэл илэрхийлсэн. Ингэхдээ “Эрх баригч намын даргын хувиар өөрөө очиж эмгэнэл илэрхийлж буй нь том соёл” гэж сошиалд бичүүлэхээ мартсангүй. Өчигдрийн хувьд, МАН-ын зүгээс гал намжаах хоёр оролдлого хийсэн нь энэ байлаа. 
 
Энэ хэрэг өчигдрөөр дуусахгүй, өнөөдрөөс АН-ынхан хэрхэн ашиглаж, МАН-ынхан хэрхэн бултахыг харцгаана. 

ХЭН БУРУУТАЙ ВЭ

 
      Өдөж агсарснаараа, өшиглөж хөнөөснөөрөө П.О буруутай нь мэдээж. Гэхдээ углуургаараа энэ хэрэгт АН, МАН-ын аль алин нь буруутай. Өнгөрсөн 30 жил нам гэх үзлийг тэд шашин мэт болтол хөгжүүлж, бүр төгөлдөржүүлсэн. Ялангуяа хөдөөд танай нам, манай нам гэх талцал туйлдаа хүрсэн. Эв найртай амьдардаг эхнэр, нөхөр хоёр сонгуулийн жил болмогц улаан, цэнхэр дээл өмсчихөөд, нэг нэгнээ үзэхээ больчихдог гэх. Гол нь, тэдэнд заавал аль нэг намын гишүүн байх, тэгж байж талхны мөнгөө олох сонголт тулгадаг. Сумын төвд амь зуухын тулд Тамгын газар, сургууль, цэцэрлэг гэх хэдхэн төрийн байгууллагад л ажил олох хэрэгтэй. Гэтэл сумын тамгын газарт галчаар ажилд ороход ч намын гишүүнчлэл хэрэгтэй болдог. Хэрвээ өөрийнх нь нам ялбал ажилтай байна, өрсөлдөгч нам ялбал ажилгүй болно. Ийм л сонголттой. Жишээ нь, 2012-2016 онд МАН-ын гишүүнчлэлтэй ажилгүйчүүд хөдөөгөөр дүүрэн байсан. Харин 2016 оноос хойш АН-ын гишүүнчлэлтэй нөхдүүд гудамжинд лааз өшиглөж байгаа. Өөрөөр хэлбэл, сонгуулиар намаа ялуулсан хүн сонгуулийн дараа ажилтай болдог хатуу зарчим хөдөөд үйлчилдэг болчихсон. Ийм учраас намын гишүүд сонгуулиар намаа ялуулахын төлөө үхэн хатан зүтгэдэг, намаа тахин шүтдэг. Эцэст нь нэгнийхээ аминд хүрчихлээ. Тэгэхээр энэ хэрэгт АН, МАН-ын аль алин нь буруутай. 
 

“УХУУЛАГЧИЙН ХЭРЭГ”-ЭЭР АН СЭРЖ, МАН САНДРАВ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188