АН-ынхан “алалцах” шахаж байж арай л гэж тойрогт болон жагсаалтад нэр дэвшигчдийнхээ нэрсийг гаргаж, нийтэд зарлалаа. УИХ-ын хоёр сонгуульд угсраа ялагдаж, найман жил лааз өшиглөсөн АН-ыг энэ сонгуулиар ядаж л сөрөг хүчин байх хэмжээнд сүр, сүлд ороосой гэж нийгэм битүүхэн хүлээсэн. Атал нэр дэвшигчдийнх нь жагсаалтыг хараад нийгмийн дур гутав. Жишээ нь, намын жагсаалтаа Лу.Гантөмөр өөрөө толгойлжээ. Найман жил “гудамж”-нд байсан, Төрийн ордон, түшээгийн сэнтий хоёроо санасан ч гэлээ ингэж улайрах нь зохисгүй байв. Бүр хоржоонтой нь, Лу.Гантөмөр 20 гаруйхан настай охин С.Цэнгүүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэн Ж.Баясгалан, улс төрд улиг болчихсон С.Одонтуяа гурвыг өөрийнхөө ардхан жагсаажээ. Хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг жагсаалтдаа багтаалаа гэж харагдах гээд их л ядсан харагдана. Өөрөөр бол, өөрөө жагсаалтаа тэргүүлснээ өнгөлөн далдлах гэсэн ёр нь энэ аж.
Цаашилбал, жагсаалтад нь АН-ын генсек нь, дэд дарга нар нь гээд “гал тогоо”-ныхон нь бүгд шахуу багтацгаажээ. Тэр байтугай, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал ч дунд нь тууж явна. АН-ын хамгийн залуу нэр дэвшигч С.Цэнгүүнийг төрөхөөс хоёр жилийн өмнө Р.Амаржаргал УИХ-ын гишүүн болчихсон байлаа шүү дээ. Эсвэл Лу.Гантөмөр жагсаалтаа хөгшдийг ч багтаалаа гэж харагдах гэсэн юм болов уу даа.
Ер нь АН-ын жагсаалтад багтагсдыг намынхаа хууччуулыг нутаг нуга, ах дүү, дарга цэрэг гэж салахгүй хормойдож ирсэн “жалга”-ныхан, авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хар түүхтэй хууль хяналтынхны хуучны танилууд, бас жагсаалтыг оочер дараалал байтугайг худалдаж авахад бэлэн бэл бэнчинтнүүд гэж үндсэн гурав хувааж болж байна. Энэ удаад АН-ын жагсаалтад багтагсдаас Х.Баттулга, Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ нарыг хормойдож өдий хүрсэн “жалга”-ныханыг танилцуулъя.
- Салдангийн Одонтуяа- Анх Эрүүл мэндийн сайд С.Ламбаагийн зөвлөх байлаа. Улмаар 2012 оны УИХ-ын сонгуулиар Баянгол дүүрэгт С.Эрдэнэтэй хамт нэр дэвшиж сонгогдсон. Тэр цагаас Баянгол дүүрэгт С.Эрдэнэ, С.Одонтуяа гэх хаан, хатан аятай улс төрийн “хос” бий болсон түүхтэй. 2016 онд Баянголдоо унасан. 2020 онд Баянголдоо дахин дэвшээд, МАН-ын Х.Ганхуяг, Ж.Ганбаатар хоёроос төө хол хоцорч, сүүлийн мөчид Д.Лүндээжанцанг 250 хүний саналаар арай л гэж ялсан. Тиймдээ ч энэ сонгуулиар С.Эрдэнэтэйгээ хамт Баянголдоо очоод унах нь тодорхойг тооцоолж, “эмэгтэйчүүдийн квот” гэх халхавчаар жагсаалтад багтжээ.
- Өлзийхүү Шижир- Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх сүүлийн жил нь Тамгын газрынх нь даргын албыг хашиж хань болсон. Улмаар 2022 онд Х.Баттулга Ө.Шижирийг АН-ын Тэргүүн дэд дарга болгож, дараа нь АН-ын дарга болгох гэж зүтгүүлсэн ч дээд шүүхээс буцаагдаж байлаа. Энэ сонгуульд Х.Баттулга Ө.Шижирийг говийн бүсийн VII тойрогт нэр дэвшүүлэх таамаг яригдаж байсан ч ийнхүү жагсаалтын тавд бичүүлж авчээ.
- Доржзовдын Энхтуяа- С.Эрдэнэ түүнийг УИХ-д зүтгүүлж буй. Учир нь тэд халаас нэгтэй. Тодруулбал, Д.Энхтуяа 2016 оноос “ТV2” телевизийн Ерөнхий захирлаар ажиллаж байгаа. “TV2” телевизийг “Эм Ди Энтертайнмент” ХХК эзэмшдэг. Харин “Эм Ди Энтертайнмент” ХХК-ийн 50 хувийг С.Эрдэнийн эхнэр Н.Нинжбадгар, нөгөө 50 хувийг нь Д.Энхтуяагийн нөхөр Д.Энхболд эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, Д.Энхтуяа нь С.Эрдэнийн хувь, хувьсгалын халаас нэгтэй хамтрагч нь.
- Эрдэнэбилэгийн Одбаяр- Түүнийг тэрний хүн гэх тун хэцүү. Учир нт намтарт нь урвалт олон бий. Тодруулбал, Э.Одбаяр С.Эрдэнийн хүү Э.Одбаяртай 10 жилийн нэг ангийн найзууд гэдэг. Тиймдээ ч Эрдэнийн Одбаяр Эрдэнэбилэгийн Одбаярыг аав С.Эрдэнэтэйгээ танилцуулж, АН-д оруулсан. Улмаар С.Эрдэнэ 2012-2016 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхдаа Э.Одбаярыг Хүүхдийн төлөө үндэсний газрын Тамгын газрын даргаар ажиллуулж, дараа нь АН-ын Хэрэг эрхлэх газрын даргаар томилж байв. Гэвч 2020 онд Э.Одбаяр Х.Баттулга, Ц.Туваан хоёрт урвасан. Үүнд нь С.Эрдэнийн хүү Э.Одбаяр уурсаж “урвагч цүнхчин” гэж сошиалд бичиж асан удаатай. Гэвч сүүлд Лу.Гантөмөрийг АН-ын дарга болоход Э.Одбаяр түүнийг дагаж, хувийн зөвлөх, Ажлын албаны даргаар нь ажиллаж байгаад АН-ын генсекээр томилогдсон байдаг. Тойрогт өрсөлдөөд торойх эсэхээ үзэхгүй жагсаалтад нуугддаг генсектэй АН мөн ч хөөрхий.
- Пүрэвийн Батчимэг- Төрсөн ах нь буюу Г.Батхүү агсан 2004, 2008, 2012 онуудад УИХ-ын гишүүнээр сонгогдож, Зам, тээврийн сайдаар ажиллаж байлаа. Уг нь П.Батчимэгийг ахынхаа орыг залгана гэцгээж байсан ч 2020 онд Дорнодод нэр дэвшээд унасан. Харин энэ удаад П.Батчимэгийг жагсаалтад багтаажээ. АН-ынханд Г.Батхүү агсанд энэ зэргийн өр бий биз. Нөгөөтээгүүр, П.Батчимэг жагсаалтад багтах дэнчинд ч хотойхгүй хөрөнгөлөг нэгэн.
- Батбаярын Жаргалан- Аав “Фортуна” хочит Н.Батбаяр нь 2004, 2008, 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, Барилга, хот байгуулалтын сайд, Эдийн засгийн хөгжлийн сайдаар тус тус ажиллаж байлаа. Б.Жаргалан аав Н.Батбаярыгаа УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд байхад туслах, зөвлөхөөр нь ажиллаж, Төрийн ордонтой бага багаар танилцаж байсан. Улмаар өнгөрөгч 2023 онд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч болж, УИХ-ын гишүүн болохоор ханцуй шууж эхэлсэн.
- Амгаланбаатарын Ганбаатар- Анх Г.Батхүү агсны NTV телевизийн захирал байсан. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Ц.Элбэгдоржийн “пи-ар”-ыг хариуцаж ажилласан. Улмаар Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байсан найман жил зөвлөхөөр нь ажиллаж, хамаг “хор”-ыг нь хариуцаж байв. Мөн АН-ын дарга Лу.Гантөмөртэй “Астра рүүт” ХХК-ийг хамтран байгуулж, эзэмшиж байсан нэгэн.
- Контарбай Жандос- Х.Баттулгыг хаа байсан Баян-Өлгийд өөрийн хүнээ жагсаалтад “чихнэ” чинээ хэн санах билээ. Судлаад үзвэл, К.Жандосыг 2020 онд Баян-Өлгий аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшиж байх үед Х.Баттулга тусгайлан очиж дэмжиж өгсөн байх юм. Ингээд К.Жандос Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр дөрвөн жил ажиллаад, ийнхүү УИХ-д Х.Баттулгын хөтөлгөө “морьд”-ын нэг болж орж ирж буй ажээ.
- Хүрэлбаатарын Оюунчулуун- С.Эрдэнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхад түүний тойрог буюу Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байсан. Дараа нь АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга болж дэвшсэн нэгэн.
- Наранчулууны Жавзанпагма- УИХ-ын гишүүн асан, Эрчим хүчний сайд асан Д.Зоригтын туслах, зөвлөхөөр ажиллаж байсан.
- Энхтөрийн Галбадрал- Ховд аймгийн уугуул. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байх хугацаандаа Э.Галбадралыг “Мон-Атом” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн орлогч захирлаар тус тус томилуулж “эрхлүүлсэн”. Ингээд болоогүй, Ц.Элбэгдорж 2017 онд Ерөнхийлөгчөөс буухдаа Э.Галбадрэ.лыг АНУ-ын Сан франциско хотод суух Ерөнхий консулаар томилж байв.
- Хуягийн Номингэрэл- Түүний аав Д.Хуяг нь Х.Тэмүүжингийн багш буюу МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багшаар 20 гаруй жил ажилласан. Мөн Д.Хуяг, Х.Тэмүүжин хоёр МУИС-ийн Хууль зүйн сургуульд хамт багшилж ч байсан. Тиймдээ ч Х.Тэмүүжин 2012 онд Хууль зүйн сайд болмогцоо багшийнхаа охин Х.Номингэрэлийг зөвлөхөөрөө авч дэргэдээ ажиллуулсан. Улмаар Х.Тэмүүжин Х.Номингэрэлийг 2013 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлаар томилж, тухайн үедээ багагүй хэл аманд өртөж байв.
- Пүрэвийн Нүрзэд- Х.Баттулга 2009 онд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд байхдаа Монгол хэлний багш П.Нүрзэдийг яамныхаа Тээврийн оношилгоо, хяналт зохицуулалтын хэлтсийн даргаараа ажилуулж байлаа. Улмаар Х.Баттулга Ерөнхийлөгч болмогцоо П.Нүрзэдийг зөвлөхөөрөө томилж, МоАХ-ныхоо дэд дарга болгож байв. 2020 онд Баянхонгорт нэр дэвшүүлсэн ч унасан. Харин энэ удаад ийнхүү жагсаалтад багтаажээ.
- Буянаагийн Ган-Очир- Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажилласан хоёр жил зөвлөхөөр нь ажилласан. Тэр цагаас АН-тай амьдралаа холбож, гал тогооноос нь ер гараагүй нэгэн.
- Оросоогийн Чулуунбилэг- Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлого хариуцсан зөвлөхөөр нь ажиллаж байлаа.
- Баатарын Болор-Эрдэнэ- 2012 онд Лу.Болдын сонгуулийн менежер, 2016 онд С.Одонтуяагийн гадаад харилцаа хариуцсан зөвлөхөөр ажиллаж байлаа. Улмаар 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулгын “Мөрийн хөтөлбөр”-ийг боловсруулах багт ажиллаж, сонгуулийн сурталчилгааны хугацаанд Хөвсгөл, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Булган аймгийн сонгогчдыг хариуцсан зохицуулагчаар ажилласан. Энэ цагаас Х.Баттулгын ивээлд багтаж, одоог хүртэл Х.Баттулгын МоАХ-ны дэд дарга, Багахангай дүүргийн МоАХ-ны даргаар ажиллаж байгаа.
Энэ мэтээр дурдвал, АН-ын жагсаалтад бичигдсэн 48 хүний тал нь шахуу АН-ын Х.Баттулга, Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ гэх хууччуулын нутгийн дүү нар, туслах, зөвлөх асан цүнхчид, цаашлаад Лу.Гантөмөрийн “гал тогоо”-нийхон байх ажээ. Бид дараагийн дугаартаа АН-ын жагсаалтад багтагсдаас хууль хяналтынхны хуучин танилуудыг нэрлэх болно.
АН-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН |
|