• Өнөөдөр 2025-04-22

ДАРААГИЙН ДОРЖХАНД Н.НОМТОЙБАЯР БОЛОХ НЬ

2024-05-17,   1079

    Ногоон нам, Үндэсний ардчилсан намын “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр энэ сонгуульд тойрогт бус, эвслийнхээ жагсаалтыг тэргүүлж нэр дэвшинэ гэдгээ зарлалаа. Хорихын хоол 307 хоног идэж асан түүнийг ирэх сонгуульд тойрог ч бай, жагсаалтаар ч бай нэр дэвших эрхгүй гэцгээж байсан. Харин өөрөө “Намайг улс төрөөс зайлуулахын тулд хилс хэрэг тохсон. Гэхдээ Улсын дээд шүүх хэрэгсэхгүй болгосон. Тэгэхээр би ирэх сонгуульд нэр дэвших бүрэн эрхтэй” гэж тайлбарлав. Ямартай ч нэр дэвших нь, ингэхдээ жагсаалтаар нэр дэвших нь ийн тодорхой боллоо. Гэвч Н.Номтойбаяр ордонд дахиад орлоо гэхэд урьдынх шигээ аархуу байж чадахгүй л болов уу. Өөрөөр бол, энэ сонгуульд МАН дахиад үнэмлэхүй олонх болж, харин Н.Номтойбаяр эвслээсээ ганцаараа сонгогдох зураглал тодорч буй. Ийм нөхцөлд Н.Номтойбаярт төрөлх МАН-даа үйлчилж амь зуухаас өөр сонголт үлдэхгүй. Яг л өнгөрсөн дөрвөн жил Т.Доржхандыг туулсан шиг замыг Н.Номтойбаяр туулна гэсэн үг.

Н.НОМТОЙБАЯРЫГ ОРДОН ХҮРГЭХЭД ЗОРИУЛЖ УГСАРСАН ГАЛТ ТЭРЭГ БУЮУ "ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ"

      Нуулгүй хэлэхэд, “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр энэ сонгуулиар өөрөө ганц суудал дэгээдэж болох ч эвслийнхэнд нь суудал зулгаах “шаанс” бараг л байхгүй. Жишээ нь, 26 мянган гишүүнтэй гэдэг Үндэсний ардчилсан намын дарга Б.Цогтгэрэлийг 2020 онд Лу.Болд, Ж.Батзандан хоёр “Шинэ эвсэл”-дээ элсүүлж, Сонгинохайрханд нэр дэвшүүлсэн. Гэвч Б.Цогтгэрэл айргийн тав байтугай, шөвгийн ест ч багтаагүй, сураггүй ялагдсан байдаг. Тэгэхээр Б.Цогтгэрэл энэ сонгуульд Н.Номтойбаярт хань болохгүй, ялалт авчрахгүй гээд хэлчихэд хилсдэхгүй. Ядахад, Үндэсний ардчилсан намын суурийг тавьж, галыг нь бадрааж асан М.Энхсайхан энэ сонгуульд Н.Номтойбаярт нэмэр, нөмөр болох биш, Т.Доржхандын ХҮН намын Ерөнхий менежерээр ажиллахаар болсноо зарлалаа, өчигдөр. М.Энхсайханыг дагаад Үндэсний ардчилсан намын хэчнээн дэмжигч ХҮН нам руу ханарах бол гэхээс Н.Номтойбаярын гол харлаж суугаа байх. 
 
Ногоон намын дарга О.Бум-Ялагчид ч Н.Номтойбаяр найдлага тавихгүй байгаа болов уу. Тэр 2020 онд Сүхбаатар дүүрэгт Ногоон намаасаа нэр дэвшээд бас л бараа сураггүй ялагдсан. “Босоо хөх Монгол”-ын П.Шинжээравдан хүртэл түүнээс олон санал авсан юм даг. Яах вэ, үүсгэн байгуулагдсан хугацаагаараа АН, МАН-ын араас гуравт эрэмбэлэгддэг Ногоон нам гэх нэр нь “Үндэсний эвсэл”-д хэрэгтэй гэж Н.Номтойбаяр тооцоолсон биз. 
 
      Цаашилбал, АН-аас урваж, Монголын либерал намын дарга болсон Д.Пүрэвдаваа уржигдар Н.Номтойбаярын “Үндэсний эвсэл”-ийн туганд нэгдэж буйгаа зарласан. Д.Пүрэвдаваа АН-ын буянаар 2012-2017 онд Баянзүрх дүүрэгт таван жил засагласан. Улмаар 2020 онд АН-аас Д.Пүрэвдаваад найдлага тавьж, Баянзүрхэд нь нэр дэвшүүлж боловч өвдөг шороодсон. Таван жил засагласан тойрогтоо үнэлэгдээгүй Д.Пүрэвдаваа “Үндэсний эвсэл”-д ялалт авчрах бараг боломжгүй гэсэн үг л дээ. 
 
Ингээд харвал, “Үндэсний эвсэл”-ээс Н.Номтойбаяр өөрөө л ганц суудал авбал “дээдийн заяа” гэж харагдаж байна. Тиймдээ ч Н.Номтойбаяр энэ магадлалыг тооцоолж, тойрогт бус, эвслийнхээ жагсаалтын эхэнд өөрийгөө бичиж буй биз. Ер нь ч сүүлийн хоёр сонгуулийн дүнгээс Н.Номтойбаяр эвсэл “моод”-ноос гарч буйг анзаарсан байх ёстой. Улс төрд урт зам туулсан, улстөрдийн дунд хар, хороороо хэзээнээс зартай Лу.Болд, Ж.Батзандан хоёрын “Шинэ эвсэл” 2020 онд хоосон хоцорсноос Н.Номтойбаяр дүгнэлт хийсэн л байх учиртай. Товчхондоо, энэ сонгуулиар Н.Номтойбаяр л УИХ-ын гишүүн болж байвал “Үндэсний эвсэл” үүргээ 100 хувь гүйцэтгэлээ гэж дүгнэж болно. 

ЭРХ БАРИГЧ НАМТАЙ АЙЛСАЖ АМЬ ЗУУХ ЭВСЛИЙН ГАНЦ ГИШҮҮНИЙ ГУНИГТ ХУВЬ ТАВИЛАНГ ТЭР ТУУЛАХ УУ

       Хатуухан хэлэхэд, Н.Номтойбаяр “Үндэсний эвсэл”-ээсээ УИХ-ын гишүүн боллоо гэхэд ирэх дөрвөн жил түүнийг өнгөрсөн дөрвөн жил Т.Доржхандын туулсан шиг л ирээдүй хүлээж буй. Өөрөөр бол, Н.Номтойбаяр дараагийн Т.Доржханд л болно. Юу гэх гээд байна гэхээр, 2020 онд “Зөв хүн электорат эвсэл”-ээс ганцаараа УИХ-ын гишүүнээр сонгогдсон Т.Доржханд өнгөрсөн дөрвөн жил МАН-ын төлөө өнөөх үдээсгүй бор элгэн гутлаа элэгдтэл гүйж “амь зуулаа”. МАН ямар л хор хутгана, шанага нь Т.Доржханд байж ирсэн. Өөрөөр бол, тэр МАН-ын “нохойд барьдаг мод”  нь болж ирсэн. Ямартай сайндаа л “МАН-ын халаасны хүн”, “МАН-ын хэвлэлийн ажилтан” хочтой болох вэ дээ. Т.Доржханд долигонууртаа МАН-д ингэж үйлчилсэн гэхээсээ эрх баригч намын хаяаг бараадсан эвслийн ганц гишүүний хувь тавилан ийм гэвэл онох болов уу. 
 
Жишээ нь, Т.Доржханд 2021 оны хавар Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших боломжгүй болгож, хуулийн хязгаарлалт тогтоолгохын тулд Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж, шийдвэрээ гаргатал нь хаалгыг нь хонон өнжин сахисан. Үр дүнд нь, Х.Баттулга нэр дэвших эрхгүй болж, 12 жилийн дараа МАН Ерөнхийлөгчийн суудлыг авсан байдаг. Дараа нь, 2022 онд Т.Доржханд МАН-аас давхар дээлийн хязгаарлалтыг алга болгох “даалгавар” авч, мөн л Үндсэн хуулийн цэц рүү гүйдэлтэй болсон. Бас л санасандаа хүрч, үр дүнд нь Л.Оюун-Эрдэнэ дандаа давхар дээлтэй сайд нараар засагтаа засвар оруулж байв. Сүүлд, МАН-аас УИХ-ын гишүүдийн тоог 126 болгох санал гаргахад мөн л оройлон манлайлж дэмжсэн хүн нь Т.Доржханд. Өөрөөр бол, МАН-ынхан бүх бохир ажлаа Т.Доржхандаар гүйцэтгүүлсэн. Харин Т.Доржханд шанд нь МАН-ынханд магтуулж, УИХ дотор гадуурхагдахгүй, ганцаардахгүй явсаар дөрвөн жилийг барж буй. МАН-тай айлсаж амь зуухын тулд хэлснээр нь хийхээс өөр сонголт байхгүйг Т.Доржханд ингэж баталсан. Товчхондоо, Н.Номтойбаярыг ирэх дөрвөн жил яг л ийм ирээдүй хүлээж буй. Магад, түүнийг бяртай, бүдүүн зоригтой учраас МАН-д Т.Доржханд шиг үйлчлэхгүй гэцгээх л байх. Гэхдээ анзаарсан бол харц нь бууж, ханд нь дарагдсан харагдана лээ. 
 
Дээрээс нь, Н.Номтойбаяр одоогийн МАН-ын томчуудтай таатай харилцаатай биш. Тэртээ 2015 онд Н.Номтойбаяр Л.Оюун-Эрдэнэтэй НАМЗХ-ны Ерөнхийлөгчийн сэнтийг булаалдан “дайтаж” байлаа. Дараа нь Н.Номтойбаяр У.Хүрэлсүхтэй муудаж, “чи, би”-дээ тулцгааж байлаа. Ингээд 2020 онд МАН-ын хаалгыг саваад гарсан. Одоо “сураггүй” эвслийн тэргүүний дүрээр дахин очиход нь МАН-ынхан нар үзүүлэхгүй байхаа харин ч нэг мэдэх биз. Саяхан л гэхэд Эрүүгийн цагдаагийнхан “Баян” хочит Р.Базарыг баривчилсан. Тэгмэгцээ Н.Номтойбаярыг сонгуулийн санхүүжилтийг босгож байсныг нь илрүүлж баривчилсан гэх агуулгаар сошиалд баахан сэвсэн. Өөрөөр бол, МАН-ынхан Н.Номтойбаярыг ордонд ороо ч үгүй байхад нь оролдоод, шоглоод эхэлчихсэн хэрэг. Товчхондоо, Н.Номтойбаярын ирэх дөрвөн жил тун ч бүрхэг байна даа.  
 

ДАРААГИЙН ДОРЖХАНД Н.НОМТОЙБАЯР БОЛОХ НЬ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-17 07:52:15
    Доржоо: Номтойбаяр доржханд шиг улс төрийн янхан биш. Өөрийн гэсэн бодолтой эр хүн
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188