• Өнөөдөр 2024-04-26

Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН ХОЁРТ ГОМДСОН АРДЫН НАМЫНХАН ХҮЧЭЭ НЭГТГЭЖ ЭХЭЛЛЭЭ

2023-05-28,   16057

        Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ, түүний “гал тогоо”-г барьж буй Д.Амарбаясгалан нар Ардын намынхаа ах нарыг “агнаж”, нэг үеийн нөхдөө ч “намнаж”, хайр, найргүйгээр хавчиж, хяхсаар жил тойрлоо. Тэгвэл Намын дарга, Нарийн бичгийн дарга хоёрынхоо улс төрийн ажиллагаанууд буюу угсруулсан “дэлбэрэлт”-үүдэд өртсөн гишүүд нь “Гомдогсдын бүлэг” байгуулж, бүл нэмсээр байгаа бөгөөд “сөрөг довтолгоо”-нд шилжихээр бэлтгэж байгаа аж. Одоогоор “Гомдогсдын бүлэг”-т 30 гаруй хүн хүчээ нэгтгээд буй гэнэ. 
 
Тухайлбал, 
 
- “Нүүрсний хулгай”-д УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн, Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Ц.Анандбазар, Б.Энх-Амгалан нарыг зарлаж, “золигт” гаргасан. Нарийндаа, Ардын намынхны бүгдийнх нь “амьжиргаа” нүүрс боловч намын даргадаа хаягдаж, нэр цохогдсон нь тэд. Нэгэнт “нүүрсний хулгайч” гээд нийтэд зарлагдчихсан учраас улс төрийн карьер нь ирэх оноор дуусах нь тодорхой болсон. Тиймдээ ч хорсож, хилэгнэж буй нь ойлгомжтой. 
 
- “Хөгжлийн банкны хулгай”-д УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нар холбогдож, Улаанбаатар чуулган зааланд шүүгдэж буй. Тэд уг нь Намын дарга, Нарийн бичгийн дарга хоёртойгоо нэг үе боломж хамгаалагдаж чадаагүй. Төрийн түшээгээр хоёр сонгогдож, сайдаар хүртэл ажиллаж үзсэн Ё.Баатарбилэг яая гэхэд анх удаа арай гэж сонгогдоод хар тамга даруулсан Г.Амартүвшин, Х.Ганхуяг хоёрын хувьд гомдох нь аргагүй. 
 
- “Газрын хулгай”-д М.Энхболд, түүний фракцынхан буюу Т.Билэгт, Ц.Батбаяр, Су.Батболд, Г.Мөнхбаяр нарын хууччуулыг холбогдуулж зарласан. М.Энхболдын хувьд төрийн тайзнаас Л.Оюун-Эрдэнэд хөөгдөж буусан. Түүнээс хойш Л.Оюун-Эрдэнэ түүний фракцынхныг нь томилгоо болгоноос үлдээж, үндсэндээ тайван байлгаагүй. Улмаар улс төрийн тайзан дээр дахин гарахаар Төв аймагтаа тойрч явтал нь “газрын хулгайч” гэж нийтэд зарласан, олны анхааралд дахин оруулсан нь таалагдахгүй байгаа нь ойлгомжтой. 
 
- “БЗС-гийн хулгай”-д УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Г.Ганболд, С.Чинзориг, Л.Энх-Амгалан, Х.Баделхан, Ш.Раднаасэд, Г.Дамдинням, Б.Энхбаяр, Б.Бат-эрдэнэ, ГХ-ны сайд Б.Батцэцэг, тэр байтугай Г.Занданшатар, У.Хүрэлсүх нарыг ч холбож зарласан. Мөн тэдэн дээр Н.Энхбаяр, Т.Бадамжунай, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Ж.Энхбаяр, Д.Лүндээжанцан, Б.Ундраа, Б.Ундармаа, Д.Оюунхорол, П.Ганхүү нарыг “хавсралтаар” нэмсэн. Хүүхдүүдээ хулгайч гэж зарлуулсан тэд Засгийг унагахаад ч бэлэн уурсаж байгаа гэх. 
 
Товчхондоо, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёрт Ардын намын асар олон гишүүн гомдчихоод байгаа бөгөөд тэр хэрээрээ “Гомдогсдын бүлэг” ч хүчирхэгжиж буй аж. Ардын нам 2016 оны сонгуулийн дараа 32 ба 33-ын бүлэг гэж хоёр хуваагдаж, хэсэгтээ л хэрүүлтэй байсан. 2017 оны төгсгөлд У.Хүрэлсүх намын дарга болж, улмаар 2019 онд М.Энхболд УИХ-ын даргаас бууснаар хуваагдал нь аньж, ямартай ч ил харагдах “шархгүй” болсон. Тэгвэл одоо ийнхүү Ардын нам Л.Оюун-Эрдэнэ ба түүнд гомдогсод гэх хоёр том бүлэгтэй болж, улс төр улайсаж мэдэхээр боллоо. 
 
    Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёр ингэж ах нараа “агнаж”, нөхдөө “намнаж”, намынхныхаа дайсан болсны цаад зорилго нь юу байв гэдгийг нухацтай харах ёстой. Тоймлож харвал, тэд Хөгжлийн банкны хулгай, нүүрсний хулгай, газрын хулгай, төрийн сангийн хулгай гэх хэргүүдийг гар хөлүүдээрээ зарлуулж, намынхнаа намнаснаараа дөрвөн төрлийг ашиг харсан гэж харагдаж байна. 
 
-Хууччуулаа хөөж явуулах буюу Ардын намыг ах наргүйгээр удирдаж, улсыг дангаараа атгах- 2016 онд Ардын нам төрийн эрхийг авснаас хойш хоёр үе “хөөгдөж”, гурав дахь үе нь одоо оргилд нь сууж байна. 2019 онд М.Энхболдыг дүү нар нь төв талбайгаас “үдэж” өгснөөр Ардын намд нэг үе хөөгдсөн. 2021 онд У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болгож, улс төрийн хэллэгээр “дэвшүүлэн зайлуулснаар” дараагийн үе солигдсон. Үе солих арга технологи нь улам л нарийн, улам л “харгис” болсоор. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын хувьд дөнгөж 40 гарч яваа, араас нь ойрын 10 жилдээ үед гарч ирэхгүй гэж сэтгэж байгаа. Тиймдээ ч хууччуулаа нэг мөр зайлуулчихвал 10 жил санаа амар засаглана гэж тооцож байгаа хэрэг л дээ. 
 
-Тойргуудыг нь суллаж “барууны боловсролтой” гэх имижтэй тойрон хүрээлэгчдэдээ хуваарилж, төрд гаргаж ирэх- Төрд ноёлохын тулд тэдэнд хүчирхэг баг хэрэгтэй. Нэгэнт хууччуултайгаа хамтрахгүй, нэг үеийнхэнтэйгээ нийлүүлэхгүй гээд шийдэцгээсэн Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нэр ирэх сонгуульд тойрог зураг эрхээ ашиглан шинэ баг гаргаж ирэхээр зорьж буй. Тухайлбал, Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ны дарга байхдаа “барууны боловсролтой” гэх имижтэй 15 залууг орон тооны бус зөвлөхийн албан тушаалд дэргэдээ ажиллуулдаг байв. Гэтэл 2020 оноос зөвлөхүүд нь цөм Засгийн газарт сайд, Засаг дарга, агентлагийн дарга нар болцгоосон. Жишээ нь, Л.Оюун-эрдэнийн зөвлөх О.Батнайрамдал нь УУХҮ-ийн дэд сайд, Э.Болормаа нь Ховд аймгийн Засаг дарга, Б.Болор-Эрдэнэ нь Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд, М.Ганхүлэг нь ХХААХҮ-ийн дэд сайд болсон гэх мэтээр үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ төрд өөрийн фракцыг шинээр бүрдүүлж байна гэсэн үг. Түүний дараагийн төлөвлөгөө нь энэ мэт тойрон хүрээлэгчдээ төрийн түшээ болгох. Ингэхийн тулд түүнд тойрог хэрэгтэй. Тойргуудыг хууччуул атгачихсан, тус тусын тойрогтоо дархлагдчихсан учраас улс төрийн ажиллагаагаар зайлуулж эхэлсэн хэрэг л дээ. Хөгжлийн банкны хулгай, Нүүрсний хулгайн хэргүүдээр л гэхэд Говь-Алтай, Архангай гэх мэт тойргууд ерөнхийдөө суларч байна. 
 
-Төрийн сангууд, Хөгжлийн банк, Монгол банк, “Эрдэнэс тавантолгой” ХК тэргүүтэй төрийн өмчит компаниудаас хууччуулын тавиулуудыг зайлуулж, өөрсдийн атганд оруулах- “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хуучин захирал, хууччуулын тавиул Б.Ганхуягийг нүүрсний хулгайгаар хорьсон. Одоо “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг Л.Оюун-Эрдэнийн “цэрэг”, Хэнтийн угшилтай БЭТ Ж.Ганбат удирдаж байгаа. “Таван толгой” ХК-ийн эзэн “Ажнай” Д.Бат-Эрдэнийг нүүрсний авлигаар АТГ-т ээрч, түшээгээс нь буулгаж, төрийн ордноос явуулсан. Одоо “Тавантолгой” ХК-ийг Х.Нямбаатарын “цэрэг” БЭТ П.Сайнзориг удирдаж байгаа. Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар Л.Оюун-Эрдэнийн “цэрэг”, өнөөх л Ж.Ганбат ажиллаж байгаа. Дээрээс нь, Хөгжлийн банкийг жил хагас удирдаж, Л.Оюун-Эрдэнийн “даалгавар”-ыг амжилттай гүйцэтгэсэн Н.Мандуул саяхан өөрийн хүсэлтээ ажлаа өгсөн. Л.Оюун-Эрдэнэ төрийн тайзнаас буух хүртлээ Хөгжлийн банкийг хариуцуулах итгэлтэй хүнээ олчихсон, томилгоог нь албажуулахаар тохиромжтой цагийг хүлээж байна гэсэн үг. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг Хөгжлийн банкны хулгайгаар АТГ-аас шалгаж байгаа. Л.Оюун-Эрдэнэ нэгэнтээ “Хувьдаа банк бус байгуулж, мөнгө хүүлдэг Монголбанкны удирдлага, газрын дарга нарын дунд бөмбөг тэсэлнэ шүү, болгоомжтой байгаарай” гэж ил цагаан дарамталсан. Б.Лхагвасүрэнг газрын дарга нартай нь чөлөөлж, шинэ томилгоонууд хийх нь цаг хугацааны асуудал. Боловсролын зээлийн сангийн захирал Д.Гарьдыг АТГ болон Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж эхэлсэн. Тун удахгүй Боловсролын зээлийн сангийн захирлаар Засгийн тэргүүний “тавиул” очих нь биз. Энэ мэтээр Төрийн сангууд, банкууд, компаниуд ар араасаа Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын атганд орж байна. 
 
-Төрийн бүх хулгайг цэгцэллээ гэж цэг тавиад өөрсдөө шинэ мөрнөөс, маш нарийн зохион байгуулалтаар хулгайлж эхлэх- Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар мацаж, маажсаар оргилд нь гартал ах нар нь аль хэдийнэ төрийн сангуудыг тоноод, Хөгжлийн банкийг хоослоод, нүүрсний сүлжээг хүртэл атгачихсан байсан. Гэвч тэдэнд улс төрд удаан ноёлохын тулд, нам гэх асар том аппаратаа санхүүжүүлэхийн тулд, намынхаа гишүүдэд бялуу хүртээхийн тулд тэдэнд хүссэн, хүсээгүй мөнгө хэрэгтэй. Тэгээд Намын дарга, Нарийн бичгийн дарга хоёр ах нараасаа төрийн өмчит банкуудаас сангуудаас, компаниудаас авсан мөнгийг нь нэхэж эхэлсэн. Мэдээж, өөрсдөө очоод “та өрөө төл” гээгүй буюу авсан зээлүүдийнх нь мэдээллийг нийтэд ил болгож, сошиалд сенсац дэгдээх тактикаар ард түмнээр нэхүүлсэн. Эхний ээлжид Хөгжлийн банкны ихэнх зээл эргэн төлөгдөж, дахин зээл олгох чадамжтай болсон. Араас нь “Эрдэнэс тавантолгой” ХК-д үүрлэсэн нүүрсний сүлжээ задарч, дахиад шинэ сүлжээ үүсгэн орон зай гарч ирсэн. Одоо ЖДҮХС, ХААДС, БЗС тэргүүтэй төрийн сангуудын зээлүүд ч төлөгдөж эхэлж байна. Товчхондоо, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар төрийн хулгайг шинэ мөрнөөс эхлүүлэх боломж бүрдлээ гэсэн үг. “Тэд өөрсдөө цэгцэлсэн юм чинь өөрсдөө хулгай хийхгүй” өмөөрөх нэгэн байх л байх. Харамсалтай нь, авдаг арга нь л өөрчлөгдөхөөс биш хулгай үргэлжилнэ.  Хулгай хийх боломжгүй бол 1.2 сая төгрөгийн цалинтай УИХ-ын гишүүний сэнтийд суухын төлөө сонгуульд 1.2 тэрбумыг зарцуулах “тэнэг” хүн байхгүй л байх, Ардын намд. 
 

Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН ХОЁРТ ГОМДСОН АРДЫН НАМЫНХАН ХҮЧЭЭ НЭГТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 17
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-25 09:58:50
    Бат инженер : Бараг үнэн. Эд нар Монголыг сайхан болгохын төлөө, ард түмнээ сайн сайхан амьдруулахын төлөө биш өөрсдөө аль болох удаан төрийн толгойд байхын төлөө рекламдаж байгаа юм шүү дээ. Уг нь АН-ыхныг намнана гэж бодсон чинь 80% нь өөрийнх нь намыхан байгаа болохоор одоо яая гэхэв. Гэхдээ зогсож болохгүй байх аа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-24 19:17:43
    өмгөөлөгч : зөв одоо л цэцглэж авахгүй бол 30 жил их даварсан даа бүгдийг нь хөөж явуул хамаагүй залуучуудаа одоо тавь сайн хү цаашаа явна муу хүн бол дороо мэдэгдээд буугаад явна одоо хууччуулаас их хуралд оруулж болохгүй шүү ерөнхий сайдыг дэмжинэ өөрийн гэсэн боловсролтой хүмүүсээ дэргэдээ тат
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-24 17:54:41
    Иргэн: Зөв юм хийж бна Шинэ боловсролтой залуучууд улсыг удирдах хэрэгтэй! Дэмжиж бна. Өөр шигээ хулгайч гэж битгий эндүүр! Харлуулах гээд ядсан диддаа вэ чи.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-24 17:53:37
    Ьлз: Адилхан хулгайч нарыг өмөарөөд яахав
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-24 17:53:13
    Ьлз: Адилхан хулгайч
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-24 17:26:45
    Зочин: Хулгайч нар нэгдээд харин ч хурдан шорон руугаа явах юм биш үү? Одоо ард түмэн үнэнийг хамгаалан тэмцэхэд бэлэн байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-24 15:11:57
    123: Ард түмэн ханмгаална
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-24 14:44:43
    Zanshir: Ynen ene 2g ******** tsag bolson
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-24 12:30:17
    рао: Наль наль Оюунэрдэнэ өөрөө хулгайч
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-24 12:17:56
    Зочин: Дандаа зарлагдаад буй хулгайчууд л нэгдсэн юм байна ш дээ Тэгвэл Оюун-Эрдэнэ,Амарбаясгалан 2 иргэдтэйгээ нэгдээд өндийхгүй болтол нам дарж таараа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-24 12:15:04
    Иргэн: Луйвар хулгай нь илчлэгдээд шорон явах дээрээ тулсан юмнууд энэ мэтийн бичээч хөлслөөд иргэдийн тархийг угаана гэж бодсон юм байхдаа.Одоо мйм юманд малладаг цаг өнгөрсөн байлгүй дээ.. Хулгайчтай тэмцэхээр хардаж сэргэнэ тэмцэхгүй бол ажил хийсэнгүй гэнэ,Ёстой тамын тогооны үлгэр шиг юмпаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-24 12:02:12
    Zochin: Ард түмнээс айхгүй юу.хулгайчууд аа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-24 11:39:24
    Зочин: Оюун эрдэнийг дахин ерөнхий сайдаар ажиллуулна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-24 10:47:13
    иргэн: Захиалгаар хатгаас хийж өнгөрсөн 30 жилийг үргэлжлүүлэн байлгах санаатай байна энэ бичсэн хүн. Нийгэм харьцангуй сайн мэдээлэлтэй болсон цаг шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-24 09:14:52
    Зочин : Хулгай хуурмаг явдал луйвартай тэмцэх ньбуруу гэж бгаам биздээ хулгайчдын хулгайтай тэмцэж бгаа хүнийг төрийг харлуулах гэсэн ээлжит явууллага харж л байя хэнийх нь зөв бхыг цаг хугацаа харуулнаа чинийхээр бол монгол хуучнаараа хулгай луйвар авилгалд өртсөн хэвээрээ бх ёстой юм бнаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-24 09:14:51
    Зочин : Хулгай хуурмаг явдал луйвартай тэмцэх ньбуруу гэж бгаам биздээ хулгайчдын хулгайтай тэмцэж бгаа хүнийг төрийг харлуулах гэсэн ээлжит явууллага харж л байя хэнийх нь зөв бхыг цаг хугацаа харуулнаа чинийхээр бол монгол хуучнаараа хулгай луйвар авилгалд өртсөн хэвээрээ бх ёстой юм бнаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-24 09:08:25
    1: unen helchjee ene 2n ajil bsan gej
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188