• Өнөөдөр 2024-05-19

БООМТЫН САЙД Б.ТУЛГА УУ, Н.ЭНХБАЯР УУ

2023-04-10,   1476

    Боомтын сайд Б.Тулгын нас, намтрынх нь тэн хагас нь Н.Энхбаярын дэргэд өнгөрсөн. Тэр Н.Энхбаярыг энэ улсын эзэн, хамгийн хаан байхад туслах нь байлаа. Туслахынх нь хувиар түүний өмнөөс нь баривчлагдаж, “туг тахигдах”-аа ч шахаж үзсэн. Дараахан нь Н.Энхбаярыг оймсоо гозолзуулан баривчлагдаж, орон шоронд ороход нь ч орхилгүй дэргэд нь байсан. Улс төрийн өлсгөлөн зарлаж, ухаан алдаж, сэхээний өрөөнд сандаргаж хэвтэхэд нь ч сахиж хамт байсан. МАХН хэмээх хоосон бууриа сахиж, хаягдаж хоцроход нь хажууд нь байсан. Улс төрд дахин орох эрхээ хасуулж, уруудаж явахад ч хамт байсан. Хожим нь, МАН, МАХН эргэж нэгдэхэд ч Н.Энхбаярын ард л алга ташиж зогссон. Товхондоо, Б.Тулга Н.Энхбаярын хажуугаас холдолгүй 20 жил хамт байжээ. 
Тайлбар: 2005-2009 он, Ерөнхийлөгч Н.Энхбаяр, туслах Б.Тулга
     Зөвхөн Б.Тулга ч биш, түүний төрсөн ах Б.Хуяг нь ч, төрсөн дүү Б.Бүжинлхам нь ч МАХН-д, тэр тусмаа Н.Энхбаярт зүтгэж ирсэн. Төрсөн дүү Б.Бүжинлхам нь МАХН-аас Н.Энхбаярын татаасаар жагсагчаас УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд болтлоо дэвшсэн З.Баянсэлэнгийн туслах байлаа. 2021 онд МАН, МАХН албан ёсоор нэгдэж, У.Хүрэлсүх, Н.Энхбаяр хоёр гар барьсны дараахан Б.Бүжинлхам Ерөнхийлөгчийн тамгын газарт буюу У.Хүрэлсүхийн удирдлага доор ажиллах болсон. 
 
Харин төрсөн ах Б.Хуяг нь Н.Энхбаяртай Б.Тулгаас ч дотно гэхэд хилсдэхгүй. Н.Энхбаяр, Б.Хуяг хоёрын хоршил, хамтралын нэг жишээг эргэн сануулъя. Тодруулбал, 2012 оны дөрөвдүгээр сард Н.Энхбаярыг сүр дуулиантайгаар буюу оймсыг нь гозолзуулан баривчилж, “Өргөө” зочид буудал болон “Улаанбаатар таймс” сонины барилгыг хамаарал бүхий этгээдүүдээрээ дамжуулан хууль бусаар хувьчилж авсан хэргээр шалгаж эхэлсэн. Ингэхдээ Н.Энхбаяр “Өргөө” зочид буудлыг хууль бусаар хувьчилж авахдаа өөрийн туслах Б.Тулгын төрсөн ах Б.Хуягийг, харин “Улаанбаатар таймс” сонины барилгыг хууль бусаар хувьчилж авахдаа өөрийн төрсөн дүү Н.Энхтуяаг тус тус ашигласныг нь баримтаар тогтоосон байдаг. Тухайлбал, Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа буюу 2007 оны арваннэгдүгээр сард тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяртай хуйвалдаж, 100 хувь нийслэлийн өмчид байсан “Өргөө” зочид буудлыг хувьчилж, төр, хувийн хэвшлийн хамтарсан компанид эзэмшүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргуулсан. Улмаар “Өргөө” зочид буудлыг “Дун өргөө” ХХК-д эзэмшүүлж, харин “Дун өргөө” ХХК-ийн 75 хувийг нь Б.Тулгын ах Б.Хуягийн “Хар дун” ХХК-д, 25 хувийг нь Нийслэлийн өмчийн газарт эзэмшүүлэх замаар Н.Энхбаяр “Өргөө” зочид буудлыг хувьчилж авсныг нь тогтоосон байдаг. 
     Ингэж хууль бус хувьчлалын хэрэг нь илэрсэн тул Н.Энхбаярын төрсөн дүү Н.Энхтуяа, Б.Тулгын төрсөн ах Б.Хуяг  нарыг баривчлах гэсэн боловч хил гарч зугтсан учир Интерполоор эрэн сурвалжилж эхэлснээр тухайн үедээ том дуулиан болж байв. Харин Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг Интерполоор эрэн сурвалжлуулахгүйн тулд Н.Энхбаяр өөрийн бүх “арми”-аа хөдөлгөсөн гэдэг. Тухайлбал, тухайн үед буюу 2012 онд Хууль зүйн дэд сайд байсан Н.Энхбаярын “цэрэг” Э.Эрдэнэжамъян Засгийн газрын өмнөөс Б.Хуяг, Э.Энхтуяа нарыг эрэн сурвалжлахыг зогсоох хүсэлтийг Интерполд явуулсан нь илэрч, улмаар албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр АТГ-т дуудагдаж байв. Мөн Э.Эрдэнэжамъянаас гадна тухайн үеийн УИХ-ын дэд дарга Л.Цог, Шадар сайд Д.Тэрбишдагва Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нар ч Интерполд хандан захидал бичиж байсан гэдэг. 
 
     Эцэст нь, Н.Энхбаярын хууль бус хувьчлалын хэрэгт хамсаатнаар оролцсон Б.Хуяг, Н.Энхтуяа хоёрын хэрэг хэрхсэн нь тодорхойгүй замхарсан. Харин Н.Энхбаярт Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс 2012 оны есдүгээр сард дөрвөн жилийн хорих ял оноож, 2012 оны арванхоёрдугаар сард Улсын дээд шүүхээс 2.6 жилийн хорих ял болгож бууруулсан. Шүүхийн энэхүү шийдвэрийг Н.Энхбаяр эсэргүүцэн өлсгөлөн зарлаж, улмаар 2013 оны наймдугаар сард Ц.Элбэгдоржийн өршөөлөөр суллагдсан байдаг. Харин Н.Энхбаяртай хуйвалдсан Нийслэлийн Засаг дарга, Өмч хувьчлалын комиссын даргаар ажиллаж Ц.Батбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 150.3 буюу эд хөрөнгө завших, үрэгдүүлэх зүйл ангиар 2.1 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.  
 
Өдгөө Боомтын сайд Б.Тулгын ах Б.Хуяг “Өргөө” зочид буудлыг эзэмшигч “Дун өргөө” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй хэвээр байгаа бол эцсийн өмчлөгчөөр нь Н.Энхбаярын хүү, УИХ-ын гишүүн Э.Батшугар 2020 онд бүртгүүлсэн. Харин Б.Хуягийн анх үүсгэн байгуулсан “Хар дун” ХХК нь Н.Энхбаярын хүү Э.Батшугарт шилжжээ. Мөн Б.Хуяг Н.Энхбаяр, түүний хүү Э.Батшугар хоёрын “Милленниум групп” ХХК-ийн охин компаниудын нэг “Рескон” ХХК-ийг одоо ч эзэмшиж байна. 
 
Энэ мэтээр Б.Тулга, түүний төрсөн ах Б.Хуяг нар өнгөрсөн 20 жил Н.Энхбаярт хүчин зүтгэж, нэг нь хувийн туслахаар нь, нөгөө нь хувийн компаниудынх нь захирлаар ажиллаж иржээ. Ийм байхад Боомтын сайд Б.Тулга уу, Н.Энхбаяр уу гэж асуух нь зүй ёсных биз ээ. 
 

БООМТЫН САЙД Б.ТУЛГА УУ, Н.ЭНХБАЯР УУ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-11 13:41:04
    Уншигч: Авилгалын загалмайлсан эцэгийн шадар туслах Б.Тулга том авилгалын албанд очцон байгаа юм байна даа. Уур хүрмээр юм.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188