• Өнөөдөр 2024-05-16

ЯДАРСАН АРДЫН ЗАДАРСАН ЕРӨНХИЙ САЙДЫН СҮҮЛЧИЙН НАЙДВАР СОЛОНГОС УУ

2023-02-18,   560

      Өвлийн улс төр “тачигнаж” өнгөрлөө. Төрийн ордон “нүүр”-ээ улалзуулж, Төв талбай “нуруу”-гаа хотолзуулсаар өвөлжив. Жавар, жагсагч хоёрт жин цохиулсан Ардын намынхан арай л гэж, амь голтой хавартай золголоо. Харамсалтай нь, хаврын улс төр ч “хавсаргатай” байх төлөв гарч, төлгө бууж байна. Өөрөөр бол, энэ хавар эрх баригч нам “Яллагдагчаар татагдсан хулгайч гишүүдээ яаж аргалж, хуулийн хариуцлагаас хэрхэн мултлах вэ”, “Үндсэн хуулийг өөрчлөх үндсэн зорилгоо хэрхэн хэрэгжүүлэх вэ”, “Дэлбэрэхэд бэлэн дарьтай торх шиг нийгмийн сэтгэл зүйг хэрхэн тайван байлгаж, төв талбайд гаргахгүй байх вэ” гэдэг том асуудлуудтай нүүр тулна. Хэрвээ тэд буруу хөдөлбөл хаврын тэнгэр аашаа үзүүлж, Ардын намд "хавсарга" тавьж эхэлнэ гэсэн үг. Өвлийг өлгөн салган, “өргүүлэн” аядаж давсан Ардын нам хавар "хавсарга"-тай тулбал туулж гарахад бэрх. Тиймдээ ч Л.Оюун-Эрдэнэ Ардын намаа аврах, ард түмэнд таалагдах давхар олон зорилготойгоор, сүүлчийн найдвар тээж Солонгосыг зорьсон дүр зураг харагдаж байна. Учрыг нь ухвал, дараах шалтгаануудаас ойлгомжтой харагдана. 
 
    Ардын нам УИХ-д олонх болж байсан шигээ өдгөө АТГ-т олонх болчихоод буй. АТГ-т “Нүүрсний хэрэг”, “Хөгжлийн банкны хэрэг”-т Ардын намаас 11 гишүүн шалгагдаж байгаа. “Нүүрсний хэрэг”-т шатахууны “шагчид” гэгдэх “Сод Монгол”-ын Ц.Анандбазар, “Тэс”-ийн Б.Баттөмөр, “НИК”-ийн Н.Наранбаатар, МАНАН-гийн генерал Ц.Сэргэлэн, авлигачдын дунд “Аяа” гэгддэг Ш.Раднаасэд, ядруухан найрагчаас ямбатан болсон Ж.Мөнхбат, төрөөс төрсөн тэрбумтан гэгдэх Т.Аюурсайхан, замаар дагнасан “Мишээл”-ийн Б.Энх-Амгалан нар шалгагдаж буй. Харин “Хөгжлийн банкны хэрэг”-т “Хера”-гийн Х.Ганхуяг, “Шарк” Г.Амартүвшин, “Архангайн гурвал”-ын Ё.Баатарбилэг нар шалгагдаж байгаа. Шалгагдаж буй дээрх гишүүдээс шил шилээ даран яллагчаар татагдаж, захаасаа зангиагаа тайлахдаа бэлдэж, Төрийн түшээгийн сэнтийгээс өөрийн хүсэлтээр буух өргөдлөө өгцгөөж эхэлсэн. Өөрөөр бол, Ардын намаас “аавынх” хүртэл зам зурайхад ойрхон байна. Гагцхүү, хулгайд холбогдсон эдгээр гишүүдээ эрх баригч нам хаацайлж хамгаалаад үлдээх үү, хууль хяналтынханд өгөөд явуулах уу гэдэг нь энэ хаврын гол улс төр байх болно. Хэрвээ “хулгайч” нараа хамгаалж үлдвэл “хуйгаараа” хөөгдөнө гэдгээ тооцоолж байгаа. Харин “хулгайч” нараа хамгаалахгүйгээр хууль хяналтынханд өгөөд явуулчихвал өөрсдөө өрөөл татанхай болж хувирна. Тэгэхээр Ардын нам тун зөв хөдлөхгүй л бол хаврын улс төр тэдний хувьд “хавсаргатай” болж хувирна гэсэн үг. 
 
 
Ардын намынхан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас өөр зорилгогүй мэт л байгаа. Хаврын чуулган эхэлмэгц хамгийн түрүүнд батлахаар хүлээж байгаа гэх тов бий. Гэхдээ ард түмэн Ардын намын хүслээр эцэг хуулиа “эвдүүлчихгүй”. Тиймдээ ч Ардын намынхан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийхийн тулд байж болох бүхий л аргуудыг ашиглаж байна. Саяхан, Н.Энхбаяраар дамжуулан тандалт хийж үзсэн. Тухайлбал, Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнийн даалгавраар “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг”-ийн ахлагчаар ажилласан Н.Энхбаяр бичиж боловсруулсан “Шинэ Үндсэн хуулийн төсөл”-өө ард түмэнд танилцуултал таалах бүү хэл, тасдаж шидэх шахсан. Н.Энхбаярт “Намын дарга маань даалгасан юм” гэж өөрийгөө өмгөөлөх боломж байсан ч өөрөө даагаад гарсан. Чухамдаа, “Шинэ Үндсэн хууль” оруулж ирвэл ард түмэн яаж хүлээж авахыг яг таг мэдэх гэсэн Ардын намынхны тандалт байсан гэхэд болно. 
 
     Харин одоо Ардын намынхан “Зөвлөлдөх санал асуулга” нэртэй уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулж байна. Түүврийн аргаар сонгосон гэх 850 иргэнийг Төрийн ордонд суулгаж, тэдний саналыг сонсож байгаа нэртэй л болохоос биш үнэндээ өөрсдийн саналыг тулгаж буй юм билээ. Өөрөөр бол, “Зөвлөлдөх санал асуулга” гэх уулзалтын дараа Ардын намынхан өөрсдийн боловсруулсан “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл”-ийг танилцуулна. Ингэхдээ “Бид ард түмний төлөөллийг Төрийн ордонд цуглуулж саналыг нь сонссон. Ард түмэн Үндсэн хуулийг өөрчлөх санал гаргасан. Бид тэр саналуудыг нь нэгтгээд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл боловсрууллаа” гэх тайлбар хийнэ. Чухамдаа, Ардын намынхны Үндсэн хуулийг өөрчлөх зорилгоо гүйцэлдүүлэхийн төлөө гүйлгэж байгаа заль гэж харагдаж байгаа юм. Гэхдээ ард түмэн 850 хүний саналаар боловсруулсан ҮХНӨ-ийг нь хүлээн зөвшөөрөх нь юу л бол. Чухамдаа, хаврын улс төрийн “хавсарга”-уудын нэг нь энэ байх болно. 
 
      Тэгвэл Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хаврын улс төрийг угтан Солонгосыг зорьжээ. Ингэхдээ, Л.Оюун-Эрдэнэ танхимынхаа сайдуудын талыг дагуулаад явсан байх юм. Тухайлбал, түүнийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрчим хүчний сайд Ч.Даваасүрэн, Соёлын сайд Ч.Номин, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр нар дагалдан явжээ. Бас, бизнесийнхнээс “М Си Эс” группийн Ж.Оджаргал, “Таван богд” группийн Ц.Баатарсайхан, “Моннис” группийн Б.Чулуунбаатар, “Шунхлай” группийн П.Батсайхан, МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшин нарыг ч авч явжээ. 
 
    Ажиглах нь ээ, Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ танхимын сайд нарынхаа талыг, бизнесийн томчуудаас сорчлон дагуулж Солонгосыг зорьсон нь хаврын улс төрийг угтсан нүүдэл гэж харагдаж байна. Өөрөөр хэлбэл, ядарсан монголчуудын амьжиргааг залгуулдаг “асран хамгаалагч” мэт болчхоод байгаа Солонгосыг Л.Оюун-Эрдэнэ зорилготойгоор зорьсон. Айлчлалынхаа хүрээнд ард түмнээр Ардын намдаа алга ташуулах ямар нэг тохиролцоонд хүрэх том зорилготой очсон гэсэн үг. Жишээ нь, “Ард түмнийг Солонгос руу визгүй зорчуулдаг болгочихвол Ард намын бүх алдаа уучлагдана” гэсэн тооцоолбор ч түүнд байж болох. Монголын нэг өрх тутмаас нэг хүн Солонгост ажиллаж үзсэн, эсвэл очиж ажиллах зорилготой гэсэн албан бус судалгаа бий. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ “хавсаргатай” байж мэдэх хаврын улс төрийг угтан Солонгосыг зорьж айлчилсан нь цаанаа “хулгайч нараа хуулийн хариуцлагаас мултлах”, “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө элдэв эсэргүүцэлгүй хийх”, “ард түмний сэтгэл зүйг тайвшруулах” гэх мэт далд олон зорилготой гэж харагдаж байгаа юм. Товчхондоо, Л.Оюун-Эрдэнийн Ардын намаа аврах, ард түмэнд таалагдах сүүлийн найдвар нь Солонгос байж мэдэх юм. 

ЯДАРСАН АРДЫН ЗАДАРСАН ЕРӨНХИЙ САЙДЫН СҮҮЛЧИЙН НАЙДВАР СОЛОНГОС УУ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188