• Өнөөдөр 2024-04-24

ШОРВОГ ДАРГАТАЙ, ГАШУУН ҮНСЭЛТТЭЙ МАН

2023-01-06,   4405

-Сайдын сэнтий сэрэл мэдрэхүйг сэрээдэг гэлтэй-
 
      Ард түмэн Төрийн ордны гадаа хацар, хөл хайруулан жагсаж байхад, дотор нь Ардчилсан намынхан үсдэлцэж, үзэлцэж, Ардын намынхан үнсэлцэж, үнгэлцэж байв, өчигдөр. Ардын намынхны тэр үнсэлтүүд албан тушаал тэдэнд ямар үнэ цэнтэйг, үхэн хатан уралдаад байдгийнх нь учрыг үггүйгээр ойлгууллаа, ард түмэнд. Сайдын сэнтийд заларсан нэгийгээ тангараг өргөж, туганд мөргөөд буцаж ирэхэд нь тив дэлхийн тэмцээнээс алтан медаль хүртсэн тамирчин аятай л тосож авцгаадаг юм байна. Эгээ тойрч зогсоод, дээш шидэх нь холгүй л хөл хөөр болцгоож, халуун дотноор тас тэвэрч, хацар, уруул гэхгүй хачин нялуун үнсдэг юм байна. Хэрвээ тэднийг хэн бэ гэдгийг мэддэггүй сэн бол “Албан тушаалд очоод ингэж их баярладаг, ажиллахын төлөө төрчихсөн хүмүүс юм байна” гэж ойлгохоор л байлаа. Сайд болсон нэгэндээ Төрийн ордонд, түмэн камерын өмнө ингэж нялуун баяр хүргэж байгаа тэд лав Тусгаар тогтнолын ордныг бол “нураадаг” байх. 
 
    Нөгөө айхтар “Нүүрсний хулгай”-н хэрэгт нэр цоллогдсон Б.Баттөмөрийг АТГ-ын хаалга сахиж, аврал эрж, амь тэмцэн сандарч яваа болов уу гэж төсөөлж байв. Гэтэл эсрэгээрээ байжээ. Шинэхэн сайд Х.Булгантуяаг шууд барьж аваад л, шунаг гэгч нь үнсэж байх юм. Хөгширснөө ч, хэрэгт шалгагдаж байгаа ч ор тас мартаж, орчлонгоос тасарсан янзтай, тийм хүчтэй үнссэнийг яана. “Х.Булгантуяагийн хацарт хамраа хугалчих шахлаа” гэж хошигнох нэг хэсэг байхад, “Баяр хүргэхдээ ингэж үнсэж байгаа юм чинь эхнэрээ бол “элдэвлэдэг” байх” гэж Б.Баттөмөрт “ханарах” янзтай нэг хэсэг ч байв. Х.Болорчулуун хүртэл тэдний үнсэлтийг хажуугаас нь хараад, уруулаа хазлан байсныг УИХ-ын гишүүд цөм батлах байх. 
 
     Чуулган бүр дээр хөмсөг атируулан хялайж, харц тулсан болгоноо шүлс үсчүүлэн шүүмжилж суудаг Ц.Даваасүрэнгийн сэрэл мэдрэхүй, сайхан аашийг сайдын сэнтий сэрээсэн гэлтэй. Тангараг өргөж, туганд адислаад буцах замдаа баяр хүргэхээр тосож очсон Г.Мөнхцэцэгийг тэвэрч аваад, гал халуунаар үнсэв. Б.Баттөмөрийн баяр хүргэсэн үнсэлт Х.Булгантуяагийн баруун хацар дээр байсан бол Ц.Даваасүрэн, Г.Мөнхцэцэг хоёрынх өөр байлаа. УИХ-ын гишүүн байтлаа бусдын уруул дээр үнсэж баяраа хуваалцах нь сайд гэх сэтэрт самууртлаа баярласных биз. 
 
Ер нь Ардын намынхан нэг тийм нялуун улс юм. Албан тушаал өгч, авалцах нь ч их юм, тэр бүрдээ л тас тэврэлдэж, тэгээд л үнсэлцэх юм. Ардын намынхны хэдэн “халуухан” үнсэлтийг эргэн сануулъя. 
 
       У.Хүрэлсүхийн уярам үгс, духан дээрх эцэг маягийн үнсэлт эрх баригч намынханд хэзээнээсээ алдартай. Хамгийн сүүлд, халадтай эхийн асуудлаар халаагаа өгч, өөрийнхөө оронд Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар өргөмжлөхдөө духан дээр нь ихэд дотноор үнссэн. Амны хаалттай хэдий ч ахын хайр шингэсэн үнсэлт байсан юм. Харамсалтай нь, тэр үнсэлтийн үнэ цэн удалгүй үгүй болж, тэд хоёр тийш болцгоосон доо. Түүнээс урьд нь, У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа хоёр нэг нэгийгээ ихэд нялуун үнссэн бас нэг түүх бий. “Хатан ижий” Д.Сарангэрэл үеийн үед үнсэлтийн түүхтэй байж ирсэн. Хамгийн сүүлд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдож, хэт их сэтгэл хөдлөлөөсөө болоод хэд хэдэн хүнийг үнсээд амжсан. Баярлаж, бахадсандаа юу, эсвэл огт мэдэхгүй салбарынхаа сайдаар очиж байгаадаа сандарсандаа юу, ямартай ч олон л хүн үнссэн. Харамсалтай нь, сар гаруйхны дараа сайдын суудлаасаа унасан. Хамгийн өөдгүй нь, Д.Сарангэрэлд үнсүүлсэн тэр олон түшээгээс хэн нь ч “Түүнийг огцруулж болохгүй” гэж үг хэлээгүй юм даг. Хахир, яхир, хатуу ширүүн гэгддэг Ц.Нямдоржид хүртэл “халуухан” үнсэлтийн түүх бий. Тэр жил М.Энхболдыг МАН-ын дарга болоход, тайзан дээр, түмэн олны өмнө үнсэж байлаа. 
 
Эцэст нь, эрх баригч намынхны энэ үнсэлтүүд хэр янаг, хэр шунаг байна, төдий чинээгээр ашиг сонирхлын асар том зөрчилтэй томилгоо байдгийг, бас эхлэлдээ "халуухан" үнсэлттэй байсан томилгоо төгсгөлдөө "гашуун" төгсдөгийг санахад илүүдэхгүй. У.Хүрэлсүхэд үнсүүлсэн Д.Хаянхярваа хожим нь авлигын хэргээр албан тушаалаа өгч, шүүхийн хаалга татсан. Ц.Нямдоржид үнсүүлж асан М.Энхболд  МАНАН бүлэглэлийн толгойлогч гэгдэж, УИХ-ын даргаас, бүр улс төрийн тайзнаас хөөгдсөн. Бялуурам үнсэлтээр дүүрэн байсан Д.Сарангэрэл сар бололгүй сайдаасаа унасан гээд олон жишээ дурдаж болно. 
 

ШОРВОГ ДАРГАТАЙ, ГАШУУН ҮНСЭЛТТЭЙ МАН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 9
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-07 08:28:48
    Амгаа: МАНАЙ ДАРГА НАР ИНГЭЖ ҮНСЭЛДЭЖ НЯЛУУРДГАА ЕР НЬ БОЛИМООР ЮМ ДЭЛХИЙ НИЙТИЙН ШИВШИГ БОЛЖ БАЙГААГАА МЭДЭДГҮЙ ЮМ БАЙХ ДАА ,..ОЛОН УЛСАД МОНГОЛЫН ДАРГА НАР АВИЛГАЛЧ ХУЛГАЙЧ ГЭЭД ШУУГИЖ БАЙХАД ...учиргүй пялдаг маягаар нялуураад ...олон улс харж шоолж байгаа шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-06 22:07:24
    Зочин: Естой онигоотой юмаа!!! Ухамсарынх нь хир нь энэ зайлуул.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-06 22:07:23
    Зочин: Естой онигоотой юмаа!!! Ухамсарынх нь хир нь энэ зайлуул.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-06 20:42:01
    Уншигч: Ямар гоё бичээ вэээ, чухам үнэнийг цөөн үгээр бичжэээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-06 18:29:33
    Дондог.Д: Үнсэж байгаа байдлыг харахаар ямар дондонгууд вэ? Иймэрхүү хүмүүс яаж олигтой ажиллах вэ ? Бүх талаараа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-06 17:20:49
    Би: Арай арай. Зүгээр сандал суудлын өвчтөнгүүд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-06 17:20:39
    Би: Арай арай. Зүгээр сандал суудлын өвчтөнгүүд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-06 17:20:38
    Би: Арай арай. Зүгээр сандал суудлын өвчтөнгүүд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-06 16:44:01
    James: Өөө тэр хушуувчаа өгөөд байгаа хүүхэн нөгөө яруу найрагч гишүүн юмуу? Давкаа сайдын ам их өмхий байсан даа аааала лаааа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188