• Өнөөдөр 2024-05-17

ТОЛГОЙ БАЯЧУУДДАА ТӨРИЙН ЯАМДЫГ ХУВААЖ ӨГСӨН НЬ СОНГУУЛЬ ОЙРТСОНЫ ДОХИО ЮУ

2022-09-05,   1299

       Засгийн газар “шилгээж”, сайд нараа “шигших” тухай яриа жил тойрч байж биеллээ олов. Удаан яригдсан болоод ч тэр үү, улс төр ундуй сундуй болж бужигнасан ч үгүй, сайд нарын тохироо нь Тусгаар тогтнолын ордон тэр дороо хийгдэж, Төрийн ордонд тангараг өргүүлсэн болоод хоёрхон хоногт шийдчихлээ. Ард түмнээ “Нарантуул” зах дээр хичээлийн хэрэглэл хайж байх хойгуур л амжуулчихлаа гэсэн үг л дээ, Ардын намынхан. Аль аль фракцынх нь ашиг сонирхолд нийцсэн бололтой, ярвайх хүн ч гарсангүй, ярс гээд л дэмжицгээлээ. 
 
       Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт замын дундаас “суусан” шинэ сайдуудыг сонжвол хэд хэдэн онцлох өнцөг байна. Эхнийх нь, эцэг хуулиа эвдэн байж Засгийн газартаа “залсан” сайдууд нь дандаа хууччуул байлаа. Цаашилбал, хот хоёр “дарга”-тай боллоо, Б.Бат-Эрдэнэ “төрхөм”-дөө буцаж ирж, спорт хариуцсан сайд боллоо, Д.Амарбаясгалан өрөөлийг биш өөрийгөө “уях” замаа засаж эхэллээ, Сонгууль ойртсоныг сануулж, толгой баячуудад төрийн яамдаа атгууллаа.

 АВАРГЫН АМЫГ ТАГЛАХ БУЮУ ДЭВШҮҮЛЭН ЗАЙЛУУЛАХ ТОМИЛГОО 

        Зодог шуудгаа тайлж, заалаа орхисон Б.Бат-Эрдэнэ 2004 онд зангиа хослол өмсөж, Төрийн ордонд түшээ болон заларч байв. Тэр цагаас хойш төрийн ордноос “гараагүй” буюу Улсын наадамд угсраа түрүүлж асан шигээ УИХ-ын сонгуульд ч уналгүй тав сонгогдоод буй. Бүр Батлан хамгаалахын сайдаар ч томилогдож амжсан. Тэгвэл ирэх сонгуулиар түүнийг тэтгэвэрт нь суулгах тохироо хийгдсэн гэх шуум дуулдах боллоо.
Тиймдээ ч Засгийн газрын “хатавчинд” Спорт, олимпизм хариуцсан сайд гэх шинэ суудал засаж, Б.Бат-Эрдэнийг тухлуулж буй гэх.  
 
      Ардын намынхан аваргатай ийм тохироо хийх нь өнөөдөртөө ч, өнө алсдаа ч ашигтай. Нэгдүгээрт, Аварга Ардын намынхаа эсрэг дөргүй бух шиг зөрж зогсох нь илт ихэссэн. Жишээ нь, хэдхэн хоногийн өмнө “Давхар дээл”-ийн асуудал халуун сэдэв байх үед Б.Бат-Эрдэнэ чуулганы индэр дээрээс “Бид өөрсдөө Үндсэн хуульдаа “Давхар дээлтэй гишүүн нь дөрөв байж болно” гэж тусгачихаад хоёрхон жилийн дараа өөрчлөх гээд байгаа чинь ямар учиртай юм. УИХ-ын гишүүд давхар дээл нөмөрч, Засгийн газрын гишүүн болох гэж зүтгээд байгаа нь ямар учиртай юм” гэж эрс эсэргүүцэж байлаа. Гэтэл өнөөдөр өөрөө давхар дээлтэй сайд болчихсон сууж байна. Тэгэхээр аварга үлдсэн хоёр жилдээ спортын сайдын суудал эзэгнэж, хариуд нь хэнтэй ч ам зөрөхгүй тохитой, томоотой сууж байгаад “амралт”-аа авахаар Ардын намтайгаа тохирсон гэж харагдаж байгаа юм. Аль нэг фракцын томилгоо гэхээсээ “ам таглах”, дэвшүүлэн зайлуулах томилгоо гэмээр. 
 
Хоёрдугаарт, өнгөрсөн 18 жил Хэнтийн тойрогт борвигүй мэт босоо сонгогдсон Б.Бат-Эрдэнэ зайгаа тавьж өгөх нь залуучуудад том боломж. Тэр тэтгэвэртээ сууснаар түүнийг дэмждэг сонгогчдын санал Л.Оюун-Эрдэнэд, эсвэл Ардын намын өөр нэг нэр дэвшигчид “өвлөгдөнө” гэсэн үг шүү дээ. Нөгөөтээгүүр, Л.Оюун-Эрдэнэ эсвэл У.Хүрэлсүх хоёрын хэн нэг нь Б.Бат-Эрдэнийн мандатыг хэн нэгэнд “бэлэглэх” эрхтэй болно. 

Д.АМАРБАЯСГАЛАН УЯДАГ БИШ УРАЛДДАГ НЭГЭН БОЛОХ НЬ

       Хөшиг ярагдаж, тайзнаа Д.Амарбаясгалан гарч ирлээ. Ардын намын “амжилт”-ын эзэн, хамаг “хор”-ыг нь найруулдаг “улс төрийн химич”, хурдан морьдын уралдаанд хундан цагаан хурга ч түрүүлүүлж чаддаг “уяач” гээд олон тодорхойлолт түүнд тохирно. Гэхдээ тэр хөшигний араас ил гарснаараа уядаг биш уралддаг нэгэн болохоор шийдсэнээ олон нийтэд харууллаа. 
 
Жишээ нь, Л.Оюун-Эрдэнэ МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга, Ерөнхий сайд, МАН-ын дарга гэж өгссөн шиг Д.Амарбаясгалан ч яг ийм замаар өгсөхөөр замаа засаж байгаа юм байна. Өөрөөр бол, МАН-ын дараагийн дарга, дараагийн Ерөнхий сайд тэр байх нь гэсэн “мессеж”-ийг өөрөө өөрийгөө ЗГХЭГ-ын дарга болгосон “томилгоо” нь хэлж өгөв. 
 
      Бас нэг сонирхолтой “мессеж” нь Д.Амарбаясгалан өөрөө гарч ирснээр, Ц.Нямдорж 1992 онд төрийн ордонд түшээ болж орж ирснээсээ хойш 30 жилийн дараа анх удаа албан тушаалгүй хоцорлоо. Удахгүй улс төрийн албан тушаал биш юм аа гэхэд төрийн өмчит үйлдвэрийн ТУЗ-г атгах л байх, магад. Гэхдээ л Ардын намынхны “ахмадууд”-даа үзүүлэх хайр нь дуусаж буйг харуулж, залуучууддаа зайгаа тавьж өгөхийг сануулж байх шиг. 
 
Бусдаар бол, Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын дарга боллоо гээд өдөр тутмын хийдэг ажилд нь онцын өөрчлөлт гарахгүй. Ардын нам дангаараа Засаг барьж буй учраас ЗГХЭГ бол эрх баригч намын бас л нэг гал тогоо гэсэн үг. Өөрөөр бол, Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын дарга болсноороо, намынхнаа Тусгаарт тогтнолын ордноос биш Төрийн ордноос “базна”, ялгаагүй. 

У.ХҮРЭЛСҮХ ТОХИРОО, ТОМИЛГОО ХИЙХ “ТЭНХЭЭ” ОРОВ БОЛОЛТОЙ 

       У.Хүрэлсүх хоёр удаа Засаг толгойлоход Д.Сарангэрэл, Ч.Хүрэлбаатар нар баруун, зүүн гар нь байсан. Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар нь улирааж, Д.Сарангэрэлийг Эрүүл мэндийн сайдаас Байгаль орчны сайд болгон “эрхлүүлж” байлаа. Өөрөөр бол, тэд “хурандаа” У.Хүрэлсүхийн хуучин фронтынхон буюу түүнийг том байхад тэд ч тод байлаа. 
 
Харин У.Хүрэлсүх Ерөнхий сайдын сэнтий, Ардын намын даргын суудлынхаа аль алиныг шилжүүлж, Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхар нам гүм суух болсноор Д.Сарангэрэл, Ч.Хүрэлбаатар нар ч сул гишүүний үүрэг гүйцэтгэж өдий хүрсэн. 
 
Тэгвэл Ч.Хүрэлбаатар Эдийн засгийн хөгжлийн сайдаар, Д.Сарангэрэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар эргэн ирлээ. Энэ бол У.Хүрэлсүх Ардын нам доторх “алдагдсан” нөлөөллөө сэргээж, тохироо, томилгоо хийх хэмжээнд “тэнхэрсэн”-ий тод илрэл юм. 

ТОЛГОЙ БАЯЧУУД ТӨРИЙН ЯАМДЫГ “ХУВААЖ” АВЛАА

       Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Б.Чойжилсүрэн, С.Бямбацогт, Х.Болорчулуун, Ж.Ганбаатар, Н.Учрал нар “ногоон гэрэл”-ээр орж ирлээ. Хатуухан хэлэхэд, толгой баячууд төрийн яамдыг “хувааж” авлаа. Өөрөөр бол, сонгууль ойртож, санхүүгийн хэрэгцээ ихсэхийг тооцоолсон гэмээр томилгоонууд байлаа. Ингэж хардахаас ч аргагүй, Б.Чойжилсүрэн “Хурд”-ын эзэн, Ж.Ганбаатар “Энканто”-нуудыг “өндөглүүлдэг” “Оргил”-ын босс, Х.Болорчулуун Дорнодчуудын хүнсийг “атгасан” “Дорнод гурил”-ын эзэн, С.Бямбацогт Ховдыг “эзэгнэсэн” “Ньюпрогресс групп”-ийн эзэн, Ч.Учрал “Их засаг”, “Хүннү”-гийн өв залгамжлагч гээд харвал тэд Ардын намын гол “хандивлагчид”. Тиймдээ ч, баячуудаа “тойглож”, ирэх сонгууль хүртэлх жил найман сарын хугацаанд сайдын суудал эзэгнэх эрх олгосон байж болох. 
 
Нөгөөтээгүүр, Засагт замын дундаас “суусан”дээрх толгой баячууд цөм давхар дээлтэй. Тэгэхээр тэднийг Үндсэн хуулийн цэцэд Үндсэн хуулиас “давхар дээл”-ийн хязгаарлалтыг авч хаях “захиалга” өгсөн “жинхэнэ эзэд” ч гэж харах өнцөг ч байна. Тэд өөрсдөө биш байлаа гэхэд, тэдэнд тусгайлан зориулж намын удирдлагууд нь “захиалсан” байж болох. 
 
     Ямартай ч, Л.Оюун-Эрдэнэ танхимынхаа талыг өөрчиллөө. Том төслүүд нь гацчихсан, өвөлжилт хүндэрвэл хот, хөдөөгүй тас хөлдөхөд бэлэн, хил дээр хамаг ачаа нь гацчихсан, хүн амын орлого буурч, талхаа таллаж аваад эхэлчихсэн хүнд цаг үед хэрхэн ажиллахыг нь харах л үлдэж байна. 
 

ТОЛГОЙ БАЯЧУУДДАА ТӨРИЙН ЯАМДЫГ ХУВААЖ ӨГСӨН НЬ СОНГУУЛЬ ОЙРТСОНЫ ДОХИО ЮУ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-06 11:25:26
    батаа: Сайдын суудлыг үйлдвэрлэн худалдаж байна даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-08-31 11:22:42
    иргэн: зул жаргахаасаа өмнө сүрхий бадамладаг золигдоо
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188