• Өнөөдөр 2024-05-17

Ч.Хүрэлбаатарт төрийн сайдын торгон дээл давхарлаж өмсөх эрх үлдсэн үү

2022-08-29,   798

        Эдийн засгийн хөгжлийн сайдад Увсынхан горилж, тэднийг У.Хүрэлсүхийн хуучин цэрэг Ч.Хүрэлбаатар хошуучилж явна. Тэр өөрийгөө Засгийн газарт л байх заяа төөрөгтэй хүн гэж боддог бололтой юм. Тухайлбал, өмнө нь тэр Санхүү, Эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Түлш, эрчим хүчний сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болон Сангийн сайдаар хоёр удаа томилогдон ажиллаж байлаа. Хэрвээ одоо Эдийн засгийн хөгжлийн сайд болбол дөрөв дахиа сайдын сэнтийд залрах буюу төрийн сайдын сэнтийд түүн шиг олон томилогдсон хүн үгүй болох нь. 
 
Гэвч УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар улс төрд дахиж шат ахих, тэр тусмаа төрийн сайдын торгон дээл давхарлаж өмсөх эрх үлдээгүй баймаар. Улс төрөөс тэр авдгаа авсан буюу Увс аймгийн өөрийн “Вант улс” болгосон, төсөв, санхүүтэй холбоотой төрийн албыг төрлийнхнөөрөө “дүүргэсэн”. Цаашлаад, цадигаа алдахдаа  амин хувийн ашиг сонирхлоо нэгдүгээрт тавьж, Хаан банкны хувьцааны асуудал хүртэл албан тушаалаараа нөлөөлөхийг оролдож, АТГ-т өнөө ч шалгагдаж яваа гэх. 
 
Түүнийг төрийн сайдын сэнтийд тэнцэхгүй гэдгийг ердөө хоёр л жишээгээр харуулъя. 
 
ХААН БАНКНЫ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ САВАДА ХИДЕОГ “ДАРАМТАЛСАН” ХЭРГЭЭР АТГ-Т ДУУДАГДСАН Ч.ХҮРЭЛБААТАР
 
       Хаан банкны хамгийн том хувьцаа эзэмшигч “Савада холдинг” компани хувьцаагаа зарахаар болж, манай улс төр, бизнесийн "бүлэглэл"-ийнхэн тэр хувьцааг нь авах гэж уралдаж, уралцаж байсан цаг саяхан. Хаан банкны хувьцааг өөрийн болгохыг санаархагчдын том төлөөлөл нь Ч.Хүрэлбаатар байв. Тухайн үед Ч.Хүрэлбаатар Хаан банкны хувьцааг өөрөө л авахгүй бол өрөөлд өгөхгүй гэсэн янзтай УИХ-ын чуулганы индэр дээрээс хүртэл хэд хэдэн удаа мэдэгдэл хийж байв. Тэр байтугай, Ч.Хүрэлбаатар өрсөлдөгчдөө "намнаж" ядахдаа “Савада холдинг”-ийн эзэн Савада Хидеод албан бичиг илгээсэн гэх бөгөөд тус албан бичиг нь “Хаан банкны хувьцааг “Таван богд групп”-д зар” гэх шахалт, дарамт үзүүлсэн өнгө аястай байсан тухай дуулиан дэгдэж байв. Улмаар Японы “Савада холдинг”-ийн талаас үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс халдаж буй Ч.Хүрэлбаатарыг шалгуулахаар манай улсын хууль хяналтынханд  гомдол гаргасан гэдэг Энэ дагуу нь АТГ-аас Ч.Хүрэлбаатарыг энэ оны нэгдүгээр сард шалгаж эхэлсэн байдаг. 
 
Ч.Хүрэлбаатар улсынхаа нэр хүнд, УИХ-ын гишүүний албан тушаалаа умартан байж Хаан банкны “Савада холдинг”-ийн хувьцааг “Таван богд групп”-д заруулах гэж зүтгэсэн нь цаанаа учиртай. Тодруулбал, Ч.Хүрэлбаатарын ах нар ба “Таван богд групп”-ийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан нар урт удаан хугацаанд хамтын ажиллагаатай, холбоо, сүлбээтэй явж ирсэн гэдэг. Нэг жишээ нь л гэхэд, Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Гантулга нь “Таван богд групп”-ийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайхантай хамт “Би Жи Пит” ХХК-ийг 2010 оноос хойш эзэмшиж ирсэн. Энэ компаниараа Дундговь аймагт уул уурхайн хайгуулын лиценз хүртэл авч байсан гэдэг. энэ компанийг хэн хэн нь "Байгуулснаас биш үйл ажиллагаа явуулаагүй, X тайланай явдаг" гэж үгүйсгэсэн ч баримт л бол баримт. Бас нэгэн жишээ нь, Ч.Хүрэлбаатарыг 2017 онд Сангийн сайд болсны дараагаас Хөгжлийн банкнаас Ц.Баатарсайханд зээл олгож эхэлсэн гэх мэдээлэл байдаг. 
 
      Ингэж ах нарынхаа бизнесийн хамтрагч Ц.Баатарсайханыг Хаан банкны хамгийн том хувьцаа эзэмшигч болгохыг санаархаж, УИХ-ын гишүүний эрх мэдлээ Арлын Японд нөлөөлнө гэж итгэж, албан бичгээр дарамтлахыг оролдож явсан Ч.Хүрэлбаатар өдгөө Эдийн засгийн хөгжлийн сайд болохыг санаархаж явна. Сул гишүүн байхдаа сунгасан гар нь Арлын Японд хүрч чадаж байсан юм чинь төрийн сайдын давхар дээл дахиад нөмөрчихвөл юу хийж чадахыг нь таашгүй. Цаашлаад, одоо л ор мөргүй мартагдчихаад байгаа болохоос биш, алдарт "Хотгор шанага"-ын ордыг гадныханд "арилжсан" гэх хэрэг нь ч түүнийг төмөр торны цаана суулгах хангалттай том хэрэг гэлцдэг. 
 
"УЛС ТӨРД УРГИЙН МОД УРГУУЛЖ, УСАЛЖ, АРЧЛАГЧ" Ч.ХҮРЭЛБААТАР
 
       Увсынхан улс төрд томорвол ураг төрлийнхнөө улс төр рүү татдаг нь бичигдээгүй хууль болсон. Тэдний тод жишээ нь Ч.Хүрэлбаатар буюу улс төрд ургийн модыг "цэцэглүүлж", төрийн албыг төрлийнхнөөрөө "дүүргэж" яваа гэж гэхэд болно. Чухамдаа Ч.Хүрэлбаатарын эрх мэдэл ихсэж, улс төрд шат ахихын хэрээр ураг төрлийнхнөө төрийн алба руу татдаг нь түүний гэм биш зан болсон. 
 
Ч.Хүрэлбаатарын эхнэр Р.Саранцэцэг нь Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газрын захирал гэдгээс түүний албан тушаалын ашиг сонирхол, улс төрд ургуулсан ургийн модных нь салаа мөчир эхэлдэг. Ялангуяа Ч.Хүрэлбаатарыг 2017 онд Сангийн сайд болсны дараачаас ах дүүс нь албан тушаалд очих нь ихсэж, төрийн алба руу “цуврах” болсон. Тухайлбал, төрсөн ах Ч.Ганболд нь Монгол Улсаас Тува Улсын Кызыл хотод суух Ерөнхий консулаар томилогдсон бол Ч.Ганболдын хүү Г.Дэлгэр нь Сангийн яамны харьяа “Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц” төслийн ТИХ-ны дарга, менежерээр, том охин Г.Уянга нь Татварын ерөнхий газарт мэргэжилтнээр, бага охин Г.Солонго нь Хөгжлийн банкны Зээлийн мэдээ, тайлан хариуцсан мэргэжилтнээр, түүний нөхөр Э.Даваадалай нь Увс аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтнээр тус тус очиж байв. 
 
Мөн Ч.Хүрэлбаатарын бага ах Ч.Гантулгынх нь охин Г.Энхболор нь Монгол Улсыг төлөөлөх Хонг Конг дахт дэд консул, бас нэг охин Г.Энхцацрал нь Сангийн яамны харьяа Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. Чухамдаа, төрсөн ах нарынх нь хүүхдүүд Сангийн яам, Хөгжлийн банк, Худалдан авах ажиллагааны газар зэрэг төсөв батлагдах, дамжих, зарцуулагдах төв цэгүүдэд хуваарилагдсан нь Ч.Хүрэлбаатарын алсын хараа буюу цаанаа зорилготой “томилгоо” гэж харагддаг.
 
Бүр цаашилбал, Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Гантулгын эхнэр Б.Бямбаасүрэнгийн төрсөн ах Б.Лхагвасүрэн нь Байгаль орчин хэмжилзүйн төв лабораторийн дарга, түүний эхнэр Ж.Байгалмаа нь Сангийн яамны харьяа “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-ийн гүйцэтгэх захирал хүртэл болж байв. Тэр байтугай, Увс аймаг дахь төрийн байгууллагууд ч түүний хүмүүсээр дүүрсэн гэлцдэг. 
 
Энэ бол УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар улс төрд ургийн мод хэрхэн ургуулж, усалж арчилдгийнх нь хэдхэн жишээ. Өөрийнх нь ах дүүс нь "томорч" байвал өрөөл бусад яах тухай боддоггүй нь түүний нэг дутагдал гэх юм уу даа. Асуудлын гол нь, авга ахынхаа "арын хаалга"-аар төрийн яам, агентлагт "шургалсан" дүү нар нь эргээд ачийг нь хариулж таарна. Товчхондоо өнөө л олон жил орилж тэмцээд дийлэхгүй байгаа авлига, албан тушаалын сүлжээ бүрэлдэж байна гэсэн үг. 
 
      Монголын төр, тэр тусмаа эрх баригч Ардын нам тоо бодох чадвартай, төсөв санхүүгийн мэдлэгтэй, төрийн сайдын шалгуурт тэнцэх боловсон хүчингүй болчихсон хэрэг үү. Эс бөгөөс энэ мэт элгэн саднаа л "тордох"-ыг чухалчилдаг, АТГ- "данслагдсан" хуучин "фронтынхон"-д дахин давхар дээл нөмрүүлмээргүй сэн. 
 

Ч.Хүрэлбаатарт төрийн сайдын торгон дээл давхарлаж өмсөх эрх үлдсэн үү
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-08-29 09:19:00
    ЗОЧИН: Төсөвийн хөрөнгийг хувьдаа, увсдаа авахаас өөр ажил хийхгүйдээ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188