• Өнөөдөр 2024-05-16

Үсдүүлдэг “Үүл”, элэгдүүлдэг С.Эрдэнэ, хоригдоход бэлэн Х.Баттулга нараас ангижраагүй цагт Ардчилсан нам сэхэхгүй нь

2022-08-20,   818

      Хоёрхон жилийн дотор хоёр Засгийн газар байгуулсан Ардын нам даварч ядахдаа давхар дээлтэй сайдуудтай дахиад нэг Засгийн газар байгуулах гэж байна. Тэр байтугай Ерөнхийлөгчийг нийтээс биш намынхнаасаа асууж сонгодог болох, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тухай ч ичиж зовохгүй ил цагаан ярьцгааж байна. Эрх баригч намынхан ийн эрх ашигтаа нийцүүлэн эцэг хуулиа “эвдэх” хүртлээ эзэрхийлж, тэргээр тэмээний нүүдэл хийтлээ булхайцаж байхад “боль” гэх хэн ч алга. 
 
      Арга ч үгүй биз, сөрж зогсох сөрөг хүчин байх ёстой Ардчилсан нам нь арслантай тамганыхаа эзнийг ч одоо хүртэл олоогүй, хоёр тогооноос хооллоцгоож байхад Ардын намын өөдөөс хэн дуугарах юм. Чухамдаа, улаан байсан улс төрийг цэнхэртүүлж асан, улс төрийн тайзан дээр гоцолж асан тэр Ардчилсан нам ул мөргүй арчигдсан мэт л байна. 
 
МоАХ-ноос Монголын Ардчилсан нам болж өргөжсөнөөсөө хойш 32 жил, зургаан намыг нэгтгэж одоогийн Ардчилсан нам нэрээ олсноос хойш 22 жилийн нүүрийг үзжээ, тэд. Өнгөрсөн 30 жил тэд гандах, гундах, мандах, магнайлахын аль алиныг л үзсэн. Гэхдээ яг одоогийнх шиг үнэт зүйл, үзэл баримтлал, нэр төр, нийгмийн байр суурь ч байхгүй тамгаа булаалдсан талцал хуваагдлын талбар байж үзээгүй байх. Чухамдаа, Ардчилсан нам яг одоо адагтаа уначихаад байна. 
 
      Ардчилсан намд одоо аврагдах арга нэг үлдсэн нь “ахмадууд”-аасаа ангижрах буюу тэд нь ч өөрсдөө ухамсраараа залуучууддаа зайгаа тавьж өгөх. “Ахмадууд” гэдэгт Ардчилсан намаас авахаа авсан, ашиглахаа ашигласан хэдэн хүн буюу Х.Баттулга, Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ, Э.Бат-Үүл, З.Энхболд нарыг багтааж байгаа юм. Тэд Ардчилсан намын хагарах, хагдрах шалтгаан нь болж байна гэвэл үгүйсгэх хүн үгүй л болов уу. 

Хэн хэн нь улс төрийн өрөг дээр дахиж ноён болохгүй нь нэгэнт тодорхой болчихоод байхад өөр хоорондоо өрсөлдөж, “хөөрхий” Ардчилсан намыг хөлдөө чирч дуусгалаа. Хатуухан хэлэхэд, “даахгүй нохой булуу хураах” гэх хэлц яг тэдэнд л зориулагдсан болчихоод байна. Жишээ нь, Ц.Элбэгдорж нь эрх баригчдад барьцаалагдчихсан, Х.Баттулга нь хэзээ мөдгүй хоригдоход бэлэн бол “Үүл” Баатар нь үсдүүлж чирүүлэх хүртлээ, С.Эрдэнэ нь элэгдүүлж ойчих хүртлээ намдаа нэр нүүрээ барцгаасан. Бас заамдах бяргүй атлаа зодолдохыг заах дуртай З.Энхболдод ч дахин зангиа зүүх ирээдүй байхгүй. Ийм атлаа тэд Ардчилсан намын арслантай тамгыг авах гэж хөнжил дотроо хөлөө жийлцсээр л. 

     Иймд Ардчилсан нам энэ мэт “ахмадууд”-аасаа аль болох хурдан ангижрах хэрэгтэй. Гол нь залуучууд нь зоригтойгоор “Зайгаа тавьж өг” гэж шаардах хэрэгтэй. Угаасаа ч анх Ардчилсан намыг 20 гаруйхан настай залуучууд хөл дээр нь босгож байсан. Хоёр дахиа ч залуучууд л амилуулах учиртай бололтой. Өөрөөр бол, шинэ цус сэлбэж байж л шинэчлэгдэх юм байна, энэ нам. Эс бөгөөс Ардчилсан нам доторх ангал анихгүй, арслантай тамганых нь хэрүүл зогсохгүй юм байна. 
 

Үсдүүлдэг “Үүл”, элэгдүүлдэг С.Эрдэнэ, хоригдоход бэлэн Х.Баттулга нараас ангижраагүй цагт Ардчилсан нам сэхэхгүй нь
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-08-20 22:41:11
    Иргэн : Монголд ямар ч нам хэрэггүй. Өнөөдрийн Монголын намууд бол засгийн эрх авч идэж уух, авилга авах, хөрөнгөжих сонирхолтой хүмүүсийн бүлэглэл. Монголд чанга гараар авилгач, луйварчидыг дарах дарангуйлагч хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-08-20 13:12:00
    Зочин: Залуус нь улс тер буу хэл еерийгее авч явж чадахгуй бна. Монголоос еер гас ярьдаг улс бна уу!!!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188