• Өнөөдөр 2024-05-16

Л.Оюун-Эрдэнэ одоо “од” болчихсон суугаа

2022-08-17,   484

      Л.Оюун-Эрдэнэ одоо “од” болчихсон суугаа. Нэг хэсэг нь нутаг ус, найз нөхөд, нэг үеийнхэн гэж наалдана. Зарим нь зангиаг нь засаж өгөхөөс наахнуур нялганана. Нөгөө хэсэг нь намынхаа хууччуулаар утас цохиулж, “Түүнийг л багтаа багтаагаарай” гэж “мундагдуулна”. Тэр байтугай “ахын дүү”, “аниан дүү” гэж ая тал засаж, “арын хаалга”-ных нь түлхүүрийг сэм царайчилж яваа хөгшчүүл ч бий. Чухамдаа, яг одоо Л.Оюун-Эрдэнийн өрөө хавиар Яармагийн замынх шиг түгжрэл үүсэж буй байх. “Давхар дээл”-ийн төлөө даргынхаа өрөөний үүдэнд дараалалд зогсохоос хөгшин, залуу хэн нь ч ичихгүй нь сайхан. 
 
      Өчигдрөөс сайдын сэнтийд горилогчдын таамаг гарч эхэллээ. Өнгөлж яваа хүмүүсийг нь харвал өөдтэй, өмөгтэй хүн нэг алга, өөрсдийгөө голохгүй нь л харин сайхан юм. Урдах ажлаа дийлэхгүй, УИХ-ын гишүүн гэх ганц дээл нь урагдаж, сэмрээд, дагь дайр болчихсон байхад л төрийн сайдын торгон дээлэнд санаархах нь увайгүй үйлдэл гэдгийг ухаарах хүн нэг алга бололтой. Арга ч үгүй биз, өнгөрсөн хугацаанд төрийн сайдын босго дэндүү гэмээр намссан. Тухайн салбарт ажилласан туршлагатай эсэх шалгуурын тухайд бүр яриад ч хэрэггүй болж, танил сайтай, тал засах чадвартай л тэнцдэг болсон доо. Тэр байтугай “Хүүхэд байхдаа аавынхаа ачааны машины кабинд сууж байсан” гэж өгүүлбэр төдий өчүүхэн “туршлага”-аар л Зам, тээврийн хөгжлийн сайд болж, халад өмсөж үзэх байтугай ханиад яаж эдгээхээ ч мэдэхгүй хүн Эрүүл мэндийн сайд болж болдог болсон.
 
       Монголын улс төрд хэрвээ өнгөрснөөсөө ичих “соёл” байсан бол Ардын намынхан л яг одоо ичих ёстой. Өчигдөр “үгүй” гэчихээд өнөөдөр “за” гэдэг туйлбаргүй үзэлтэйгээ тэд одоо харуулж байна. Эргэн сануулахад, 2014 оны хавар нэхий дээл давхарлаж хэдэрсэн хэдэн хүн төв талбайд гарч ирж байв. Тэд тухайн үеийн Шинэчлэлийн Засгийн газрын сайд нарын нүүрний зургийг баг болгон зүүсэн байсан бөгөөд давхарлаж өмссөн дээлээ олны өмнө тайлж үзүүлсэн. Өөрөөр бол, Шинэчлэлийн Засгийн газрын гишүүдийг “давхар дээл”-ээ тайлж, огцрохыг ийн үгээр биш үйлдлээр үзүүлж байв. Урьд хожид байгаагүй өвөрмөц энэ цуглааныг удирдан зохион байгуулагч нь тухайн үеийн сөрөг хүч МАН, тэр дундаа Ж.Мөнхбат байлаа. 
Гэтэл өнөө “давхар дээл”-ийг эсэргүүцэгч Ардын намынхан одоо Үндсэн хуулийн цэцээр өөрсдөдөө зориулсан шийдвэр гаргуулан байж, Засгийн газраа давхар дээлтэй сайд нараар бүрдүүлэхээр улайрцгааж байна. Тэр тусмаа Н.Алтанхуягийн Засгийн газрыг “давхар дээл”-ээр нь өөнтөглөж, “Өнөө маргаашгүй огцор” гэж жагсаж явсан Ж.Мөнхбат хүртэл шинэ Засгийн газарт сайдын сэнтий горилж яваа сурагтай. 
 
       Ямартай ч энэ сардаа Төрийн ордон түжигнээнтэй, Тусгаар тогтнолын ордон бужигнаантай байх нь. Өөрөөр бол, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн сайдын сэнтийн төлөө Тусгаар тогтнолын ордныг “нураачих” шахам бужигнаж байгаа горилогчдоос хэн хэнийг багтаа багтаах нь энэ намрын гол сэдэв байх нь. Ах нарынхаа хэнд нь яам бэлэглэхийг, арын хаалганыхаа түлхүүрийг хэний халаасанд шургуулахыг нь, ая тал зассан хэнд боломж олгохыг нь харах л үлдэж байна. 
 

Л.Оюун-Эрдэнэ одоо “од” болчихсон суугаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188