• Өнөөдөр 2024-05-16

У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар энэ сарын сүүлчээр хэн нь хүчтэйгээ үзэж, хайнаа хагална

2022-08-12,   844

     -У.Хүрэлсүхийн Ардын нам доторх алдагдсан эрх мэдлээ олж авах, Төрийн ордны зүүн жигүүрээс Тусгаар тогтнолын ордон хүртэл "гар-аа сунгах эхний алхам нь хуучин "фронт"-ынхноо Засгийн газарт оруулах байх уу-
 
      Энэ сарын сүүлчээр ээлжит бус чуулган зарлах “шуум” гарах боллоо. УИХ-ын гишүүдийн урт амралтыг дуусгаж, хугацаанаас нь өмнө ирүүлэн хэлэлцүүлэх асуудал нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ажээ. Наадмын өмнөхөн УИХ-ын гишүүдэд долоо хоногийн томилолт цохож өгөөд, тойрогт нь ажиллуулсан. Тойрогтоо очсон түшээд “Энэ заалтыг ингэж өөрчилнө” гэх тодорхой төсөл танилцуулаагүй ч “Үндсэн хуулийг дахиад өөрчлөх зайлшгүй шаардлагатай байна” гэж баахан сурталдаж байгаад буцацгаасан. Өөрөөр бол, түшээдээр дамжуулж тойргийнхонд нь “УИХ-аар удахгүй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэнэ шүү” гэх урьдчилан хэл хүргэсэн хэрэг. Ардын намынхан ингэж “Үндсэн хуулийг дахиж өөрчилнө” гэж ил, далдаар жил тойрон улиг болтол ярьж, нэг ч хүн эсэргүүцэхгүй байхаар нийгмийн сэтгэлзүйг бэлдсэн тул УИХ-д оруулж ирэх цаг нь болсон гэж тооцсон бололтой.
 
       Ямартай ч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцүүлэх хугацаа нь тодорхой болсон гэж бодъё. Тэгвэл одоо ямар заалтыг яаж өөрчлөх гэж байгаа тухай ярих ёстой болно. Урьдчилсан байдлаар, Засгийн газрын гишүүдийн давхар дээлийн хязгаарлалтыг чөлөөлөх, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох гэх гурван том өөрчлөлт хийхээр зорьж байгаа гэдэг нь баттай болсон. Энэ заалтуудыг нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгах “хүндтэй” үүрэг экс Ерөнхийлөгчид ногдсон буюу Ерөнхий сайдын дэргэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж, ахлагчаар нь Н.Энхбаяр томилогдсон гэх мэдээлэл байна.

Н.Энхбаярын хувьд, нэр хүнд нь хуучных шигээ байхаа больсон ч хөгшдийн дунд “хаан” хэвээрээ байгаа, төрийн түшээ төрсөн хүүгээрээ Ардын намд “барьцаалагдчихсан”, парламентад суудалгүй намынхныг “зүрхдэх” зангарга чухам түүнд бий гэх зэргээр аль ч талаар нь бодсон Ардын намынхны хүссэн заалтыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд зоож өгөх хамгийн боломжит хүн. Нөгөөтээгүүр, нэмэлт өөрчлөлт нь хожим буруудвал “Хэн энэ өөрчлөлтийг хийсэн бэ” гэж асуухад “тэр” гэж заах буюу Н.Энхбаярын гараар “могой” бариулж, өөрсдөө ард нь цэвэрхэн үлдэхээ Ардын намынхан тооцсон л байлгүй. 

       Ямартай ч Үндсэн хуулийг хэзээ, хэн, яаж өөрчлөх нь тодорхой болсон гэж бодъё. Тэгвэл одоо Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэн хэнд ашигтай вэ гэдгийг ярих ёстой болно. Юун түрүүнд, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар хэн нь хаан байхаа үзэж, хайнаа хагална. У.Хүрэлсүх, Л.Оюун-эрдэнэ нар нэгэн цаг “тэлээ”-гээ солилцох хэмжээний тангараг нэгт ах дүүс байсан. Гэвч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болохдоо Ерөнхий сайдын сэнтийг Ардын намын даргын арслантай тамганы хамт Л.Оюун-Эрдэнэд “бэлэглэсэн” нь хожмоо буруудсан. Товчхондоо, эрх мэдэл гэх эвэр ургасан Л.Оюун-Эрдэнэ эргээд У.Хүрэлсүхийгээ мөргөж эхэлсэн учраас тэдний “дайн” эхэлсэн гэж болно. Өнгөрсөн наадмын нээлтийн индэр дээр ч тохой нийлүүлж суучихаад нэг нэг рүүгээ муухан мушилзаж байсан нь эвлэрэх бодол хэн хэнд нь байхгүйг харуулж байв. Харин Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр У.Хүрэлсүх Ардын нам доторх алдагдсан эрх мэдлээ олж авахаар зорьж буй нь ойлгомжтой.
 
       Хамгийн эхний бөгөөд энгийн жишээг нь дурдъя. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсаны дараа Засгийн газрын сайд нарыг бүтнээр нь, эсвэл сугалах байдлаар өөрчлөхөөр яригдаж байгаа. Ингэхдээ Л.Оюун-эрдэнийн танхимын одоогийн сайд нараас Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар тэргүүтэй хэд хэдэн сайдыг чөлөөлж оронд нь Д.Сарангэрэл, Ч.Хүрэлбаатар тэргүүтэй У.Хүрэлсүхийн хуучин “фронт”-ынхон орж ирэх “шуум” гараад байна. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийн Ардын нам доторх алдагдсан эрх мэдлээ олж авах, Төрийн ордны зүүн жигүүрээс Тусгаар тогтнолын ордон хүртэл гараа сунгах эхний алхам нь өөрийн хүмүүсээ Засгийн газарт оруулах гэж болно.
 
      Ямартай ч Ардын намынхан энэ сарын сүүлээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-д оруулж ирэх нь, ямар заалтыг яаж өөрчлөх нь, хэн хэн энэ өөрчлөлтүүдийг хүсэмжилж буй нь энэ мэтээр эхнээсээ тодорхой болж байна. Чухамдаа энэ намрын улс нэлээд дуулиантай байх буюу У.Хүрэлсүх, Л.Оюун-эрдэнэ нарын хэн нь "хаан" байхыг харах нь ээ. 
 

У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар энэ сарын сүүлчээр хэн нь хүчтэйгээ үзэж, хайнаа хагална
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-08-12 12:06:32
    монгол иргэн: за сарангэрэл арай дэндэнээ! аргагүй хүрэлсүхийн бөгс юмдаа.эрүүл мэндийн салбар бүр сөнөчихөөд байна. энэ нь сарангэрэлийн салшгүй холбоотой
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188