• Өнөөдөр 2024-05-16

Амарч ханасан Ардын намынхан Ардчилсан нам, Х.Баттулга гэх хуучин хоёр сэдвээ дахин "балбаж" эхэллээ

2022-08-04,   661

           Эрх баригч Ардын намынхан үнэхээр зуумтгай юм. Яасан тавьдаггүй зуулт, тайлагддаггүй өш, тайтгардаггүй үзэн ядалт вэ. Ардын намынхан Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн нэрсийг нийтэд “хоол” болгон хаяж өгч, Х.Баттулга тэргүүтэй Ардчилсан намын угшилтай зээлдэгчдийг хаваржин чичлүүлсэн. Тэгж байтал наадам залгаж, нэг сар орчим Хөгжлийн банкны хэрүүлгүй, Х.Баттулгын харлуулалтгүй нам гүм байлаа. Гэтэл найр, наадам, амралт, зугаалгаа дуусгаж, ажилдаа ормогцоо л Ардчилсан нам, Х.Баттулга гэдэг хуучиршгүй хоёр сэдвээ дахин барьж авч, хаврын хэрүүлээ үргэлжлүүлж эхэллээ. 
 
                   Уг нь, Ардын намынханд Ардчилсан намын алдааг “ухах”-аас илүүтэй аминд тулсан асуудал олон бий. Жишээ нь, Х.Баттулгыг “хоргоох”-оос илүүтэй хоёр хөршийн өдүүлсэн дайн тэргүүтэй хэлэлцэх, цэг хатгах асуудал олон л байна. Гэтэл тэгсэнгүй, ирэх долоо хоногоос эхлүүлэн Ардчилсан нам, Х.Баттулга хоёрыг намаржин “ноолох” нэгэн шинэ төлөвлөгөө боловсруулжээ. Тодруулбал, Засгийн газраас өнгөрсөн 10 жилийн хугацаанд гаргасан бондуудын зарцуулалтыг шалгах ажлын хэсгийг байгуулж, Б.Жавхлан ахлахаар болжээ. Ингэхдээ Ардчилсан намын 2012 онд гаргасан Чингис бондыг голчлон онилсон, энэ бондын мөнгө хэрхэн тараагдсан, хэн хэн тэр мөнгөнөөс халаасалсан, эргэж төлсөн эсэхийг нягталж, нийтэд зарлах гэнэ. 

Өөрөөр хэлбэл, Ардын намынхан “Хөгжлийн банкны хэрэг” цувралын II дугаар ангийг ирэх долоо хоногоос нийтэд толилуулж, нийгмээр “нулимуулах”-аар бэлдэж эхэлжээ.

Сангийн сайд Б.Жавхлангийн Ардчилсан намыг “онилсон” өчигдрийн мэдэгдлийг эргэн харъя. 
 
      Сүүлийн 10 жилийн хугацаанд манай улсын Засгийн газар долоо удаа бонд гаргажээ. Ингэхдээ, 2012-2016 онд Ардчилсан нам засаг барьж байхдаа 2012 онд Чингис бонд, 2015 онд Димсам бонд, 2016 онд Мазаалай бонд гэсэн 2.2 тэрбум ам.долларын санхүүжилттэй гурван бонд гаргажээ.
 
Харин 2016-2021 онд Ардын нам засаг барихдаа 2017 онд Хуралдай, Гэрэгэ бонд, 2020 онд Номад бонд, 2021 онд Сентури бонд гэсэн 3.0 тэрбум ам.долларын санхүүжилттэй дөрвөн бонд гаргасан байна. 
 
       Ингээд нийт 5.2 тэрбум ам.долларын долоон бонд гаргасныхаа зөвхөн нэгийг нь буюу анхны Чингис бондын 1.5 тэрбум ам.долларыг Хөгжлийн банкаар дамжуулан төсөл, арга хэмжээнүүдийг санхүүжүүлжээ. Удаах Чингис, Димсам гэх хоёр бондын мөнгийг төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулсан байна. Өөрөөр бол, Ардчилсан нам засаг барьж байхдаа гаргасан гурван бондынхоо эхнийхийг компаниудад тарааж, дараагийн хоёроор нь төсвийн алдагдлаа нөхжээ. 
 
Харин Ардын намын үед гарсан дөрвөн бонд нь Ардчилсан намын үед гаргасан бондуудын өрийг дархад зарцуулагдсан гэж Сангийн сайд Б.Жавхлан тайлбарлав. 
 
Өөрөөр хэлбэл, Ардын намынхан өөрсдөө хүссэндээ бонд гаргасан удаагүй, зөвхөн 2012-2016 онд Ардчилсан намын гаргасан бондын өрийг төлөх зорилгоор л бонд гаргасан гэж мэдэгдлээ. Тэгээд болоогүй Сангийн сайд Б.Жавхлан “Биднийг “Өрийг өрөөр дарлаа” гэж шүүмжлээд байгаа. Үнэндээ Ардчилсан намын үед гаргасан бондын мөнгө төсөл, хөтөлбөрүүдэд тараагдсан ч эргээд үр өгөөжөө өгөөгүй учраас бид аргагүйн эрхэнд бонд хэлбэрээр өр тавьж, тэдний тавьсан өрийг дарж яваа. Үүрэхийг нь бид үүрч, аахилахыг нь тэд аахилж байна. Засаг авсан цагаасаа л тэдний балгийг цэвэрлэж, бид л ачааны хамгийн хүндийг үүрч байна” хэмээн гомдоллов. 
 
Эндээс харвал, Ардын намынхан гадаад өр 33 тэрбум ам.доллар хүрч, дефолт зарлах эсэх яригдаж эхэлсний гол буруутнаар Ардчилсан намыг нэрлэж, өөрсдийгөө харин “өөгүй өндөг” гэж өмөөрч байна. Тиймдээ ч өөрсдийгөө буруугүй гэж харуулахын тулд Ардчилсан намынхан Чингис бондын мөнгийг хэн хэнд өгч тараасныг нийтэд дэлгэх гэж байгаа юм байх. Ингээд бид намаржин Ардын намынхны дэглэсэн “Ардчилсан нам ба Хөгжлийн банк” гэдэг цувралыг үзэж, үзэн ядалт оволзуулах хэрэгтэй болж байна. 
 
Түүнчлэн, Сангийн сайд Б.Жавхлангийн дээрх мэдэгдлийн араас Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Х.Баттулгыг “онилсон” бас нэгэн мэдэгдэл хийв. 
 
Тодруулбал, Засгийн газраас стратегийн бүтээн байгуулалтын ажлуудыг санаатайгаар тасалдуулж, хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, алдагдсан өртгийг нэхэмжлэх үүрэгтэй ажлын хэсгийг байгуулахаар болжээ. Энэ ажлын хэсгийг Х.Нямбаатар ахалж буй юм байх. Ажлын хэсгийн нэр, зорилгоос нь харахад л Х.Баттулгыг чиглэсэн ажиллагаа гэдэг нь илэрхий байна. Х.Баттулгын хувьд “Төмөр замын бүтээн байгуулалтыг гацаагч” гэдэг баларч, бүдгэрдэггүй гуншинтай. Тэгэхээр Х.Баттулгын “намнах”-ын тулд Засгийн газраараа хөдөлж эхэлсэн юм байна гэж ойлгогдож байна. 
 
        Уг нь цол дагаж бяр гэдэг үгтэй юм. Гэтэл хоёр сонгууль дараалан үнэмлэхүй ялалт байгуулж, төрийн тэргүүний сэнтийгээс эхлээд шат шатанд ноёрхлоо тогтоосон Ардын нам харин бяр суухгүй юм. Ардчилсан нам, Х.Баттулга гэдэг хоёр сэдэвтэй л ноололдож, жил тойрон ноцолдох юм. Тэгээд болоогүй, Ардын намын генсек нь хүртэл “Манай намын нэр хүндийг унагаалаа” гэж амьтай голтой төдий байгаа Ардчилсан намын албажаагүй генсектэй шүүхдэлцэх юм. Ийм байхад Ардын намаас ард түмэн юу ч хүлээх билээ. 
 
 

Амарч ханасан Ардын намынхан Ардчилсан нам, Х.Баттулга гэх хуучин хоёр сэдвээ дахин "балбаж" эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188