• Өнөөдөр 2024-03-29

“УСАН” УЛС ТӨР БУЮУ ЗАНГАРГАГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР

2022-05-11,   433

-УГ НЬ ТЭР УЛС ТӨРИЙН ХОЙМОРТ СУУГАА МӨРТӨӨ ХАТАВЧИНД СУУГАА МЭТ, ШИЙДЭЛ, ШИЙДВЭР ГАРГАЖ ЧАДАХГҮЙ БАЙСААР ХАВРЫГ БАРАВ-
        Хавар харьж, зун золгов. Хаврын улс төрөөс хүлээлт их байсан ч хаана нь ч хүрсэнгүй. Жишээ нь, Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдын хувиар, хэн нэгний тавиул, хэлсэн, ярьснаа биелүүлдэггүй, хариуцсан ажлаа хийдэггүй, хэл аманд өртөхөөс хэтэрдэггүй мөртөө хэдэр ёдор харилцаатай, саад болсон сайд нараа явуулах байх гэж хүлээсэн. Мөн МАН-ын даргын хувиар, Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, давхар дээлтнүүдийн хязгаарыг чөлөөлөх болон 76 гишүүний тоог нэмэх эсэх асуудлуудад цэг хатгах байх хүлээсэн. Бас Хөгжлийн банкны хэрэгтнүүдэд хариуцлага тооцож, халдварт тахлын дараах хямралыг хэрхэн давах ончтой шийдэл гаргаж, хэмнэлтийг төрөөс эхлүүлээсэй гэж хүлээсэн. Харамсалтай нь, Хөгжлийн банкны хэрэгтнүүдээ хамгаалж үлдээгээд, том жийп төдийхнөөр төрийн хэмнэлтийг аргацаагаад, хоосон шахуу зааланд "Шинэ сэргэлтийн бодлого" гэж хий баахан хуралдсаар хаврыг барав. Энэ улсад хааны хэмжээний эрх мэдэл, хэргэм зэрэгтэй нь одоогоор Л.Оюун-Эрдэнэ л байна. Тиймдээ ч түүнээс ард түмэн шийдэл, шийдвэр хүлээх юм, гэвч тэр шийрэгнэхээс өөрийг хийхгүй юм. Уг нь тэр улс төрийн хойморт суугаа, гэхдээ хатавчинд суугаа мэт л аяглах юм. 

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГТНҮҮДИЙГ “ХАМГААЛЖ” ҮЛДЭЭВ
 
       Түүнийг Хөгжлийн банкийг хуу тоносон төрийн түшээддээ хэрхэн хариуцлага тооцож, хууль хяналтын байгууллагад “тушаах”-ыг нь харахыг хүссэн. Түшээд нь төсвөө, төрөө тонодог биш, иргэдтэйгээ ижил тэгш эрх, бас боломж эдэлдэг жишиг тогтоогоосой гэсэндээ тэр. Гэвч юу болов. Хөгжлийн банкнаас хувийн компаниараа зээл авсан төрийн түшээдийн хэргийг шалгах ажлын хэсгийн ахлагчаар Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн нэг “Бэрэн групп”-ийн Б.Баттөмөрийг томилж, анхнаасаа л “тохуурхаж” эхэлсэн. Хулгайч хулгайчаа барьдаггүй нь хар ухаанаар бодсон ч хэнд ч ойлгомжтой зүйл л дээ. Улмаар удтал дуншиж байж, дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокуророос гаргасан. Ерөнхий прокуророос гэхээсээ Ерөнхий сайдын талынхнаас гаргаж өгсөн нэрс гэвэл онох байх. Хоржоонтой нь, Халдашгүй байдлын дэд хорооноосоо эхлээд хуралдаанаа хийхгүй хэд хэдэн удаа хойшлуулж, “хулгайч” гишүүдээ хамгаалж үлдэхээр ханцуй дотроо “наймаалцсанаа” ил цагаан харуулсан. Улмаар УИХ Улсын ерөнхий прокурорын саналыг хүлээж авахгүй буцааж, Хөгжлийн банкны хэрэгтнүүдээ хаацайлж үлдээсэн. Чухамдаа, эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнэ нам дотроо алх цохих эрх мэдэлгүйгээ ингэж харуулсан. 
 
ЗАЛУУЧУУД ТӨРӨӨС ХЭМНЭЛТ ШААРДСАН Ч ТОМ ЖИЙП ТӨДИЙХНӨӨР АРГАЦААВ
 
       Халдварт тахал, хойд хөршийн өдүүлсэн дайн, хаалгаа цоожилсон урд хөршийн бодлого тэргүүтэй асуудлуудаас болж ард түмний нуруун дээр хямрал гэх том ачаа ирсэн. Залуучууд анх удаа улс төрийн зорилгоор, зохиомлоор бус үзэл бодлоороо нэгдэж, төв талбайг дүүргэсэн. Ингэхдээ “Ажлаа өг” биш “Ажлаа хий” гэж жагссан. Өөрөөр бол, залуучууд Засгийн газрын хүсвэл хийж чадах л зүйлсийг шаардсан. Хэрэглээний үнийн өсөлтөд халаас хоосон, хэтэвч нимгэн ард түмэн тамирдаж буй тул төрөөсөө эхлээд хэмнэ гэж шаардсан. Төр гэтэл яав, том жийп унахгүй байх, төсвийн мөнгөөр тавилгын тэргүүтэй тендерүүд зарлахгүй байх төдийхөн л хэмнэлт хийв. Үнэндээ хэмнэлт биш, хэтийдсэн хэрэглээгээ хэвийн хэмжээнд аваачсан төдий. Үүнээс нь болж, залуучууд, Засгийн газарт урам нь хугарсан. Учир нь УИХ-ыг МАН бүрдүүлж байгаа, МАН-ын дарга нь Л.Оюун-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ бол Засгийн газрын тэргүүн гэх логикоор залуучууд Засгийн газарт, илүүтэйгээр түүнд итгэсэн ч ийнхүү ам руугаа алгадуулав. 
 
“ЭРДЭНЭС МОНГОЛ”-Д ЭЗЭН СУУСАН, ТӨРИЙН БАНКИЙГ ТОНОДОГ БҮЛЭГЛЭЛИЙГ ХӨГЖЛИЙН БАНК ШИГ ДЭЛГЭХ АМЛАЛТ НЬ ХИЙ ХООСОН УЛС ТӨР БОЛЖ ХУВИРАВ
 
        Хөгжлийн банкийг тоносон төрийн түшээдийн хэрэг олон анхааралд ид байх үед Л.Оюун-Эрдэнэ “Хөгжлийн банкны хэргийн араас “Эрдэнэс Монгол”-д эзэн суусан, нэр бүхий улс төрчдийн удирддаг, нүүрсний бүлэглэлүүдийг илчилнэ” гэж мэдэгдсэн. Нам биш нүүрс гэх нэгдмэл ашиг сонирхолтой бүлэглэлүүдийг ашгүй нэг ард түмний өмнө гаргаж ирэх нь бас л хүлээсэн. Харамсалтай нь, тэдгээр бүлэглэлийг түмний өмнө зарлана гэсэн амлалт нь ажил хэрэг болсонгүй. Харин харцаар нь хөдлөхгүй байгаа хэсэг бүлгийнхнийг айлгах гэсэн аман сүрдүүлэг төдий л байсан бололтой юм. Тэгээд ч Хөгжлийн банкны хэрэгтнүүдээ хаацайлж, хамгаалаад, толгойг нь илээд өнгөрөөсөн төр нүүрсний гэх тэр бол бүлэглэлүүдтэй тэмцэнэ гэдэгт ард түмний итгэл алдарчихлаа. 
 
ХАРИУЦЛАГАГҮЙ САЙДУУДАА “ХӨӨЖ” ЯВУУЛАХ ЯРИА УДТАЛ ЯРИГДСААР УЖГИРАВ
 
         Жишээ нь, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нэгхэн километр хатуу хучилттай авто замын нээлтэд онгоцоор морилж очсон нь олны шүүмжлэлт өртөв. Тэгмэгц твиттер хуудастаа “Ц.Элбэгдорж шиг нүцгэн хүүхнүүдтэй зугаалж, нисдэг тэргээр минжийн хангайд ан хийсэн биш, ажлаа л хийж явлаа” гэх хов, хэрүүлийн аястай, хууль зүйн сайдын амнаас гарамгүй тайлбар хийж, дахиад л олны зэвүү, эгдүүг зэрэг хүргэв. Ц.Элбэгдорж үнэхээр нисдэг тэрэг хөлөглөөд, ан амьтан автомат буугаар шүршиж явсан бол асар ноцтой гэмт хэрэг. Түүнийг нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдэж байсан мөртөө хууль хяналтын байгууллагаар шалгуулаагүй бол гэмт хэргийг нуун дарагдуулсан хэрэг. Хууль зүйн салбарыг удирдаж байгаа хүн энэ зэргийг мэдэх л байлтай. Өөрт нь хаягласан үг, шүүмжийг хүлээж авдаггүй, өрвөлцөж, өсөрхдөг зантай байлаа гээд зүүдээ ярих гээд хулгайгаа ярьна гэгч байж болохгүй л дээ. 
 
Энэ бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын сайд нарын бодит төрх, ганц жишээ. Цаашилбал, 200-хан километр авто зам ашиглалтад оруулж чаддаггүй мөртөө хариуцсан ажлаа ял гэж боддог Зам, тээврийн хөгжлийн сайд, хоёр хөрштэйгөө хэл амаа оролцож, хурцадмал байдлаас хэрхэн гарах аргаа сийлж чаддаггүй Гадаад хэргийн сайдтай, улсынх нь урлаг соёлын салбар унж дорой байхад тив алгасан улаан хивсэн дээр алхах мөрөөдөлтэй Соёлын сайдтай, уул уурхайн салбар нь “0” зогсоод, уурхайчид нь барилгачин болж байхад арга хэмжээ авдаггүй салбарын сайдтай. Салбар бүр нь асуудалтай, асуудал бүр нь ард түмний амны уншилга болж шүүмжлүүлж байхад Л.Оюун-Эрдэнэ хамгаалж, хаацайлсан хэвээрээ. "Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар дан дээлтэй сайдуудаа давхар дээлтэй сайдуудаар солих юм гэнэ лээ" гэх төдий яриатай явсаар жил хагасыг барлаа. 
 
Ингэж харвал, энэ хаврын улс төрөөс хүлээлтэд нийцсэн юу ч байсангүй. Ялангуяа, Ерөнхий сайд, УИХ-д 62 суудалтай, эрх баригч МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнээс ямар ч шийдэл, шийдвэр гарсангүй. Үндсэндээ, энэ хаврын улс төр "усан" байлаа, Засгийн газар ч зангаргагүй байлаа. 

“УСАН” УЛС ТӨР БУЮУ ЗАНГАРГАГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188