• Өнөөдөр 2024-04-25

Ц.АНАНДБАЗАРЫН ХҮЧИНГИЙН ХЭРЭГТ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЯДАЖ ХУВИЙН КОМПАНИУДЫГ НЬ УЛСЫН МӨНГӨӨР “УГЖИХГҮЙ” БАЙЖ БОЛОХ УУ, ЕРӨНХИЙ САЙД АА

2022-05-06,   803

          УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын атганд улсаараа орчихжээ, бид. Энэ цагт энэ улсын эзэн зөвхөн тэр л болсон бололтой. Эрх баригч намынхан эрхшээлд нь орж, хууль хяналтынхан хүртэл халаасанд нь багтчихсан аятай хамгаалж, хаацайлсаар. Хүчингийн, Хөгжлийн банкны тэргүүтэй хавтаст хэргүүдийг нь хав дарсаар жил тойров. Уг нь сая Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал гаргах үед “Ядаж энэ удаад Ц.Анандбазарыг батгаах биз” гэж ард түмэн бишгүй хүлээсэн, харсан. Харамсалтай нь, хүлээлт талаар болж, хууль хяналтынхнаас хэн нь ч түүний нэрийг дурссангүй. МАН-ынхан ч өөрсдөө “маркетинг” муутай юм. Ядаж ёс болгоод дөрвөн гишүүн дээрээ түүнийг нэмж, тав болгоод бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэж байгаа мэт “дүр” эсгэсэн бол хууль гэж энэ улсад байдагт бага ч болов итгэх байв, ард түмэн. Даанч тэгсэнгүй, түүнийг урьдынх шигээ хамгаалсаар үлдэв. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, ерөөс хэн ч түүнд халдаж зүрхлэхгүй, харин ч халгадаг болсны жишээ үүнээс өөр хэрэггүй биз. 
 
Тэгвэл шударга ёс үйлчилдэг улсад бол хийсэн хэргүүддээ хариуцлага хүлээгээд, өргөст торны цаана сууж байх ёстой өнөөх Ц.Анандбазарыг төр эсрэгээрээ эрхлүүлж, хувийн бизнесийг нь улсын мөнгөөр "угжсаар" буй баримтыг хүргэж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хүчингийн хэргийн дуулиан ид дэгдэж байх хойгуур түүний “Сод Монгол групп” ХХК төрийн өмчит “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “МИАТ” ТӨХК-иас хичнээн төгрөг авсныг танилцуулж байна.  

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.АНАНДБАЗАРЫН “СОД МОНГОЛ ГРУПП” ХХК “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ААС СҮҮЛИЙН ХОЁР ЖИЛД 14.6 ТЭРБУМ ТӨГРӨГ АВСАН БОЛ ХЭДХЭН ХОНОГИЙН ӨМНӨ 38.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕРТ НЬ ШАЛГАРААД БАЙНА

 
       УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хүчингийн хэргийн дуулиан дэгдэж байх хойгуур “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас “Сод Монгол групп” ХХК руу 2021 оны эхний дөрвөн сард 5.8 тэрбум төгрөг, 2022 оны эхний гурван сард 8.8 тэрбум төгрөг гэх мэтээр тогтмол шилжүүлэг хийжээ.
 
Тухайлбал,
 
2021 онд
  • Нэгдүгээр сарын 15-нд 1.7 тэрбум төгрөг,
  • Нэгдүгээр сарын 26-нд 1.0 тэрбум төгрөг, 
  • Хоёрдугаар сарын 5-нд 1.3 тэрбум төгрөг, 
  • Хоёрдугаар сарын 18-нд 1.2 тэрбум төгрөг, 
  • Гуравдугаар сарын 10-нд 500 сая төгрөг, 
  • Гуравдугаар сарын 16-нд нэг тэрбум төгрөг, 
  • Дөрөвдүгээр 1-нд 726 сая төгрөг, 
  • Дөрөвдүгээр сарын 15-нд мөн 726 сая төгрөг гэх мэтээр сар бүр 1-3 тэрбум төгрөг шилжүүлжээ. 
2022 онд
 
  • Нэгдүгээр сарын 13-нд 1.0 тэрбум төгрөг, 
  • Нэгдүгээр сарын 20-нд 1.0 тэрбум төгрөг, 
  • Хоёрдугаар сарын 9-нд 3.7 тэрбум төгрөг, г
  • Гуравдугаар сарын 2-нд 3.1 тэрбум төгрөг тус тус шилжүүлжээ.

Харин хамгийн сүүлд буюу өнгөрөгч дөрөвдүгээр сард “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-иас “Зуны дизель түлш” авах 38.8 тэрбум төгрөгийн тендер зарласан бөгөөд мөн л УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын “Сод Монгол групп” ХХК шалгарсан байна.  

        Монголд шатахуун нийлүүлэх эрхтэй групп компаниуд олон бий атал “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т зөвхөн Ц.Анандбазарын “Сод Монгол групп” ХХК л дархан эрхтэйгээр нийлүүлдэг вэ гэдэг асуулт гарч ирнэ. Харин хариул нь тун товчхон буюу “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, тус үйлдвэрийн Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч дарга Д.Үүрийнтуяа нар бол үндсэндээ УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын “халаас”-ны хүмүүс гэхэд гүтгэсэн болохгүй. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хэрхэн “эзэн” суусныг зарим жишээгээр тайлбарлъя. 
 
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны УЗ-ийн даргаар ажилладаг. Тус холбооны УЗ-ийн гишүүд нь Ж.Сод-Эрдэнэ, Н.Ангар нар. Тэгвэл, Н.Ангар нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын “Алхана трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Мөн “Алхана трейд” ХХК-ийн охин компани болох “Их эрэл өргөө” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Цаашилбал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын төрсөн дүү Ц.Пүрэврэнчингийн удирдаж байгаад татан буулгасан “Шинэ зуун говь клуб” ТББ-ын УЗ-ийн гишүүн байсан гэх зэргээр Н.Ангар бол УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хүн гэдэг нь батлагдана. Харин Ж.Сод-Эрдэнэ нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын эхнэр Н.Бямбажавын “Сод Монгол боловсрол, эрүүл мэнд” сангийн УЗ-ийн гишүүнээр ажилладаг буюу мөн л Ц.Анандбазарын гарын хүн. 
 
Цаашлаад, Х.Бадамсүрэнгийн тэргүүлдэг Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо нь “СБД-ийн VIII хороо, Соёлын төв өргөө, В корпус” гэх хаяг дээр бүртгэлтэй байдаг. Энэ хаяг бол “Сод Монгол групп” ХХК-ийн оффис юм. Ингээд харвал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын холбоог тэргүүлж, оффист нь байрладаг болж таарч байгаа юм. 
Нэмж нэг жишээ дурдахад, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Алхана трейд” ХХК хамтран “Эрдэнэт ойл” ХХК-ийг эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, УИХ-ын гишүүн, “Алхана трейд” ХХК-ийн эзэн Ц.Анандбазар нар дундаа “Эрдэнэт-ойл” гэх хамтарсан компанитай гэсэн үг. 
 
         Харин “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч дарга Д.Үүрийнтуяа нь энэ албан тушаалд очихоосоо өмнө УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын орлогч явсан. Тодруулбал, Д.Үүрийнтуяа 2014-2016 онд “Сод Монгол групп” ХХК-ийн Орхон салбарын дарга, тус группийн Худалдаа эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл, “Сод Монгол групп” ХХК-ийн Орхон салбарыг буюу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай хийх гэрээ хэлцлүүдийг нь хариуцан ажиллаж байгаад улмаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэд захирал болсон нэгэн. Энэ томилгоог УИХ-ын гишүүн Ц.Анандбазар хийсэн гэж тус үйлдвэрийнхэн ил цагаан ярьдаг юм билээ.
Ингэж УИХ-ын гишүүн Ц.Анандбазар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнг хувийнхаа холбоогоор дамжуулан “базаж”, дээрээс нь Д.Үүрийнтуяа гэх орлогчоо “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Санхүү хариуцсан дэд захирал болгосноосоо хойш тэрбумаас доош үнийн дүнтэй тендерүүдийг тоохоо больж, харин хэдэн арван тэрбумын санхүүжилттэй тендерүүдийг сорчлон түүж, төвөггүй” хамдаг” болжээ. 
 

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.АНАНДБАЗАРЫН “СОД МОНГОЛ ГРУПП” ХХК, “МЭРГЭН ВАН” ХХК, “ИНТЕР СТАНДАРТ НЕФТЬ” ХХК-ИУДААРАА АГААРЫН ХӨЛГИЙН ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭХ ТЕНДЕРҮҮДИЙГ ХАМЖ ЗӨВХӨН 2017-2021 ОНД “МИАТ” ТӨХК-ИАС 87.6 ТЭРБУМ ТӨГРӨГ АВЧЭЭ 

 
        Төрийн өмчит “МИАТ” компани УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын мөнгөний “уурхай” болсон гэхэд хилсдэхгүй. Тодруулбал, “МИАТ” ТӨХК-ийн агаарын хөлгийн шатахуун авах тендер болгонд УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын “Сод Монгол групп” ХХК, “Мэргэн ван” ХХК, “Интерстандарт нефть” ХХК гэх гурван компани оролцож, ялдаг ажээ. Чухамдаа энэ гурван компанийн хэн нь ч ялсан тендерийн мөнгө Ц.Анандбазарын халаасанд ордог гэсэн үг. 
 
Жишээ нь, 
 
- 2017 оны наймдугаар сард “МИАТ” ТӨХК “13500 тонн агаарын хөлгийн шатахуун авах” 27 тэрбум төгрөгийн санхүүжилттэй тендер зарлажээ. Хоржоонтой нь, асар өндөр үнийн дүнтэй тус тендерт УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын “Сод Монгол групп” ХХК, “Интерстандарт нефть” ХХК, “Мэргэн ван” ХХК гэсэн гурван компани л оролцож, “Мэргэн ван” ХХК нь шалгарчээ. 
 
- 2019 оны долдугаар сард “МИАТ” ТӨХК-иас “18700 тонн Агаарын хөлгийн шатахуун авах” 43 тэрбум төгрөгийн санхүүжилттэй тендер зарлажээ. Гэтэл тус тендерт мөн л “Сод Монгол групп” ХХК, “Мэргэн ван” ХХК, “Интер стандарт нефть” ХХК гэсэн гурван нь оролцож, “Сод Монгол групп” ХХК нь шалгарчээ.
 
- 2021 оны дөрөвдүгээр сард “8188 тонн агаарын хөлгийн шатахуун авах” 17.6 тэрбум төгрөгийн тендер зарлажээ. Тус тендерт “Шунхлай” ХХК, “Мэргэн ван” ХХК, “Сод Монгол” ХХК гэх гурав оролцсоноос мөн л “Сод Монгол групп” ХХК шалгарч, 17.6 тэрбум төгрөг халааслажээ.
 
Бид дараагийн дугаартаа УИХ-ын гишүүн Ц.Анандбазар хотын төвийн газрыг хувийн компанийнхаа зогсоол болгосон тэргүүтэй хууль бус үйлдлүүд болон хүчин, Хөгжлийн банк тэргүүтэй хавтаст хэргүүдийнх тухай ноцтой баримтуудыг хүргэх болно. 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
 

Ц.АНАНДБАЗАРЫН ХҮЧИНГИЙН ХЭРЭГТ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЯДАЖ ХУВИЙН КОМПАНИУДЫГ НЬ УЛСЫН МӨНГӨӨР “УГЖИХГҮЙ” БАЙЖ БОЛОХ УУ, ЕРӨНХИЙ САЙД АА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-06 09:07:36
    Зочин: Оюун эрдэнэ худлаа ПОПУЛИСТ гэдэг нь эндээс тодорхой байна . Халдашгүй байдлын дэд хороонд ч дараагийн ээлжийн хүмүүс сууж байх юм. Анандбазарын хэрэг ингэж удах нь ХОХИРОГЧДОО ЗАЛХААЖ хэргийг замхаруулах гэсэн арга гэж харагдаж ,хардаж байна . Хэрэг нь тодорхой хохирогч нь тодорхой ийм хэргийг шүүж чадахгүй бол МАНАЙ ХУУЛЬ ЗАВХАРСАН ХУУЛЬ БАЙНА.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-06 08:41:59
    Зочин: Мөнгөтэй хүний дэргэд төр жижмгдэж байна.Тавилан юмдаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-06 08:24:01
    нараа: мөнгөтэй хүмүүсийг дийлэхгүй шдээ.бүгд карманд нь орчихсон юм чинь.шүүх засаглал,бүгдийг нь солихгүй бол май л гэх бх даа.монгол улс чинь авилага хээл хахуулиараа дэлхий нэг номерт явж бна.улс нь сүйрч бна
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188