• Өнөөдөр 2024-04-25

ХАЛААС, ХЭТЭВЧ НЭГТЭЙ Х.ГАНХУЯГ, Г.ДАМДИННЯМ НАРЫГ ХАМТАД НЬ ШАЛГАВАЛ ШУДАРГА БИШ ҮҮ

2022-04-26,   704

        Эрх баригч МАН-ын удирдлагууд удтал дуншиж байж Хөгжлийн банкны хэргээр хэдэн гишүүнээ шалгуулахаар “тохиролцов” бололтой. Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханаас УИХ-ын дарга Г.Занданшатарт хаяглаж, УИХ-ын дөрвөн гишүүний нэр хүргүүлэв. Хөгжлийн банкийг тоносон төрийн түшээдийн дуулиан ийнхүү “хаалтын хэсэг” рүүгээ орж байна. 
Гайхмаар, басхүү гомдолтой байгаа нэг асуудал нь, Г.Занданшатар даргын зандан ширээн дээр нэр нь очсон дөрвөн гишүүний хоёр нь УИХ-ын гишүүн гэхийнхээ урд “33 тэрбумын” гэх “сэтэр” зүүгээд удаж буй Х.Ганхуяг, Г.Амартүвшин нар байв. Гэтэл Г.Дамдинням гишүүн ганцаараа сугараад үлдчихэж. “33 тэрбумын” гэх нэг “сэтэртэй” гурван хүнээс хоёрыг нь “яллахаар” нэрийг нь хүргүүлсэн атлаа нэгийг нь “ялгаварлаад” үлдээчихснийг олон нийт ойлгосонгүй. “Г.Дамдиннямыг мартчихсан юм биш үү” гэх маазрал ч явж байна. 
 
Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн Г.Дамдинням нар халаас, хэтэвчээ хэрхэн нэгтгэж, хүзүү, сэрээрээ хэрхэн холбогдсоныг хэдхэн жишээгээр тайлбарлъя. 

1.УИХ-ГИШҮҮН Г.ДАМДИННЯМ Х.ГАНХУЯГИЙН ЭЭЖ П.БЯМБАСҮРЭНТЭЙ “ХАЛААС” НЭГТЭЙ БИЗНЕСИЙН ХАМТРАГЧ

       Хөгжлийн банкны том зээлдэгчдийн нэг буюу хэл аманд өртөж, хэрэг нь прокурорт очоод буй “33 тэрбумын” гэх “Вертекс майнинг партнер” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн төрсөн эгч Х.Хашчимэг ажилладаг бол хувьцаа эзэмшигч, толгой компаниар нь “Глобал майнинг сервис” ХХК бүртгэлтэй байдаг. Харин “Глобал майнинг сервис” ХХК-ийг УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн ээж П.Бямбасүрэн эзэмшиж, гүйцэтгэх захирлаар нь ажилладаг. Тэгвэл П.Бямбасүрэн нь “Топ майнин солюшнс” ХХК-ийг УИХ-ын гишүүн Г.Дамдиннямтай хамтран эзэмшдэг. Тэгээд болоогүй, Г.Дамдинням, П.Бямбасүрэн нарын хамтран эзэмшдэг "Топ майнинг солюшнс" ХХК нь Хөгжлийн банкны хэргээр шалгагдаж буй "Вертекс майнинг партнер" ХХК-тай нэг хаяг дээр бүртгэлтэй юм билээ. УИХ-ын гишүүн Г.Дамдинням Х.Ганхуягтай “халаас” нэгтэйн бэлээхэн жишээ энэ биш үү, тэгээд бүр ээжээр нь дамжуулж шүү. 
      Сонирхуулахад, УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн ээж П.Бямбасүрэн “Жи Эм Си групп” ХХК-ийг Л.Наранбаатартай хамтран эзэмшдэг, тэгээд ч болоогүй Л.Наранбаатар гүйцэтгэх захирлаар нь ажилладаг. УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн ээжийн компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг Л.Наранбаатар өдгөө Хөтөлийн “Цемент шохой” компанийн захирлаар төрийн өмнөөс томилогдчихсон “даналзаж” яваа. 

2.УИХ-ЫН ГИШҮҮН Г.ДАМДИННЯМ Х.ГАНХУЯГИЙН ТӨРСӨН АХ Х.ГАНТУЛГЫН “ХАЛААС” НЭГТЭЙ БУЮУ КОМПАНИЙНХ НЬ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАДАГ

 
       УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Прокон майнинг монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2017 оноос хойш ажиллаж буй. Тэгвэл “Прокон майнинг монголиа” ХХК-ийг “Хера-Инвестмент” ХХК болон Канадын “Прокон холдинг” компани хамтран эзэмшдэг. “Хера-Инвестмент” ХХК-ийн эзэмшигч нь өнөөх УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн төрсөн ах Х.Гантулга. Муу ч, сайн ч Төрийн ордонд заларч, УИХ-ын гишүүн гэгдэж яваа атлаа уул уурхайн нэг бизнесмений хувийн компанийг хариуцаж удирдаад явах нь төдийлөн зохимжтой бус санагдах. 
УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын “Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөгийн зээл авсан “Вертекс майнинг партнер” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах гэж байхдаа хоёрхон хувийг л эзэмшиж байсан. Асуудал үүсээд байхаар нь буцаагаад өгчихсөн, ашигтай ч байгаагүй” гэх хэнэггүй бөгөөд хэгжүүн тайлбарыг нь хэн хүнгүй харсан байх. Хэрвээ тэр “Вертекс майнинг партнер” ХХК-ийн гүйцэтгэх захирал болж албажсан бол УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн ээж, ах дээр нь нэмээд эгчийн нь компаниудыг нэмж хариуцах байж. 

3.УИХ-ЫН ГИШҮҮН Г.ДАМДИННЯМЫН ЭХНЭР Ц.УЯНГА УИХ-ЫН ГИШҮҮН Х.ГАНХУЯГИЙН ГЭР БҮЛИЙН МЭДЛИЙН ХОЁР КОМПАНИД ХУВЬЦАА ЭЗЭМШИЖ БАЙГААД ТАВ ХОНОГИЙН ӨМНӨ ХАСАГДЖЭЭ

         УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын эхнэр Ц.Уянга “Хера-Инвестмент” ХХК, “Марка Коиба” ХХК, “Бизнес талант” ХХК-иудад хувь эзэмшиж байв. Дээр дурдсанчлан “Хера-Инвестмент” ХХК-ийг УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн төрсөн ах Х.Гантулга шууд эзэмшдэг. Харин “Марка Коиба” ХХК-ийг “Эм Би Си Си Холдинг” ХХК-иар дамжуулан мөн л Х.Гантулга эзэмшиж байв. “Байв” гэхийн учир нь УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын эхнэр Ц.Уянгын нэр тавхан хоногийн өмнө УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн ах, ээж, эгчийнх нь компаниудын хувь эзэмшлээс хасагдсан байх ажээ. 
 
         Ингээд харвал, УИХ-ын гишүүн Г.Дамдинням УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ганцаараа ч биш гэр бүлээрээ холбоотой аж. Тэгэхдээ бүр Х.Ганхуяг нь ажил олгогч эзэн, Г.Дамдинням нь гүйцэтгэх захирал буюу ажилтан нь байх юм. Тэдний хэн хэн нь УИХ-ын гишүүн биш байсан бол ураг барилдана уу, уул уурхайн хэдэн компани хамтран эзэмшинэ үү, хамаатай асуудал биш. Гэтэл тэд төрийн түшээ гэгдээд хууль батлалцах гээд сууж байж халаас, хэтэвч нэгтэй, хүзүү, сээрээ холбогдчихсон байж болох юм уу. Тэгээд бас, халаас, хэтэвч нэгтэй, хамтарсан олон компанитай хоёр хүний нэгнийх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал гаргаад нэгийг нь зүгээр үлдээх нь хариуцлага тооцох хэлбэр мөн үү. Наанадаж, Х.Ганхуяг УИХ-ын гишүүнээсээ уналаа гэж бодоход УИХ дахь түүний нөлөө Г.Дамдиннямаар дамжиж хадгалагдах юм биш үү. 
 

ХАЛААС, ХЭТЭВЧ НЭГТЭЙ Х.ГАНХУЯГ, Г.ДАМДИННЯМ НАРЫГ ХАМТАД НЬ ШАЛГАВАЛ ШУДАРГА БИШ ҮҮ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-27 10:18:12
    Zochin: Tiin sh dee.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188