• Өнөөдөр 2024-05-17

ҮҮРЭГТ АЖЛАА “ҮЙЛ ЛАЙ” ГЭЖ ҮГЛЭДЭГ САЙД НАРААР МОНГОЛЫН ТӨР ДУТАХГҮЙ

2022-04-13,   805

        Л.Халтар гэдэг хүнийг хүсээгүй байхад нь хүчээр шахуу сайдын сэнтийд залаад, хамаг л хүнд хүчир, хар бор ажлаа хийлгээд байгаа юм биш үү, бид. Тээврийн бизнесээ хийгээд, түрийвчээ түнтийлгээд явж байх байтал нь төрийн сайд болгож томилоод, тэгэх мөртөө “Дарханы зам”-ыг хариуцуулж, дардан байх асан хувь тавиланг нь эргүүлчихсэн юм биш үү, энэ МАН-ынхан. Л.Халтар сайд Худалдааны баазын ачигч байхдаа ч шуудай гурил үүрэхийгээ “Миний үүрч байгаа үйл лай” гэж харааж байсан удаагүй юм гэнэ лээ. Тэндээсээ дэвшиж, 28 жил “Улаанбаатар төмөр зам”-ын газар, хэлтэс дамжин дарга хийхдээ ч “Үйл лай” гэх үг унагасан удаагүй гэх юм билээ. Гэтэл одоо Зам тээврийн хөгжлийн сайдын сэнтийд суугаагаа, “Дарханы зам”-ыг хариуцаж байгаагаа “Миний үүрч байгаа үйл лай” гэж үнэн голоосоо халаглаж, харамсаж явна. Үнэхээр л, дэндүү их ачаа үүрүүлж, дааж давшгүй ажил хариуцуулжээ бид, түүнд.
 
        Эсрэг ертөнцөд байсан бол ингэж л эерүүлж, бахдаж бодох байлаа, Л.Халтар сайдыг. Бодит ертөнцөд бол харин ялархал, ямба нь хэтийдсэн хүн л гэнэ. Уг нь Л.Халтар 2018 оноос Зам тээврийн хөгжлийн дэд сайд, 2020 оноос сайдаар томилогдсон гэхээр Дархан хүртэлх 204-хөн километр автозамыг ашиглалтад оруулах асуудлыг дөрвөн жил хариуцаж яваа. Дөрвөн жил гэдэг урт хугацаа, тэгээд ч уул нүхэлж, ус далай гатлуулж байгаа биш, хуучин аспальтийг нь хуулаад, тэгшилж, өргөсгөөд тавьчих байтал “толгойгоо маажсаар” өдийг хүрэв. Өнгөрсөн оны аравдугаар сард хэвлэлийнхнийг дагуулан Дарханы замын ажилтай танилцах далимдаа “Өнгөрсөн зун 70 хоног бороо орлоо, гүйцэтгэгч компанийн ажилчдын байранд халдвар тархлаа. Гэхдээ бид уйлан дуугарч, хэцүү байна гэсэнгүй. Эхэлсэн ажлаа ямар ч байсан дуусгана. Ирэх жил дуусгахын төлөө чармайна. Дарханы зам ашиглалтад орж, инээгээд алхах өдөр ирнэ” гэж нэг л их додигор амьтан амлалт өгч байв. Гэтэл зургаахан сарын дотор бодол санаа нь бүтэн хувираад, залхсан маягтай “Дарханы зам бол миний үүрч буй үйл лай” гэж ялархаад сууж байх.
 
Өнгөрсөн дөрвөн жилд Дарханы замд эвдэрсэн машин, эндсэн амийг тоолбол энэ замын үйл лайг үнэнээсээ үүрч яваа нь Л.Халтар биш харин ард түмэн байх шүү. 
       Ер нь хийх л ёстой ажил, үүрэх л ёстой ачаагаа “Үйл лай” гэж үгээрээ шууд хэлж байгаа нь л Л.Халтар болохоос биш ил гаргахгүйгээр ийм бодол тээгчид нь энэ Засгийн газрын танхимд олон шиг. Өөрөөр бол, хүссэн нь хүрчихдэггүй сайдын сэнтийд суугаагаа, салбарын асуудлаа самбаачлан шийдэх үүрэгтэйгээ үл ойшоож, “Үйл лай” гэж үглэгсэд нь Л.Халтараар хязгаарлагдахгүй олон гэх юм уу. Гадаад харилцаа нь “0” зогсолт хийчихээд байхад салбарын сайд нь юу хийж байна, урд хил нь хаалттай, уул уурхайн компаниуд нь нам зогсоод, Улаанбаатараар дүүрэн “ажилгүй” уурхайчид барилгын бригад байгуулж байхад салбарын сайд нь юу хийж байна, халдварт тахлын тоо буурахтай зэрэгцээд харагдаж үзэгдэхээ больсон бас нэг сайд хаана явна, соёлын төв барих, сүсэгтнүүдэд бурхан сүндэрлүүлж өгөхөөс өөр соёл түгээж гавиагүй сайд бас хаана байна. Салбар бүр нь тулгамдсан асуудалтай, асуудал бүр нь ард түмний амьдралд ачаа болж байхад ажлаа хийхгүй, тэгэх мөртөө хааяа нэг хэвлэлд ярилцлага өгөхдөө “Үйл лай” гэж үглэж, ямбалсан, ялархсан хандлага гаргах. 
 
      Засгийн газрын тэргүүн нь ч салбарын сайдуудаасаа ялгарах юмгүй. Анх ажлаа хүлээж авахдаа “Давс мэт шорвог шийдвэрүүдийг гаргахаас өөр гарцгүй” гэж сүрдүүлэх, сануулахын завсарт хавчуулан хэлж, их л шийдэмгий төрх гаргаж байлаа. Гэтэл одоо яаж байна, Үндсэн хуулиар олгогдсон үлэмж эрх мэдэлтэй анхны Ерөнхий сайд атлаа “Төрийн ордонд хүч дутвал түмнээсээ тусламж эрнэ шүү” гэж арга ядсан гэх үү, арга сүвэгчилсэн гэх үү, тайлбар хэлээд сууж байна. Амьхандаа “Ард түмнийхээ амьдралыг өөд татах, улс орноо удирдах чиглүүлэх агуу үйлсэд минь төрийн түшээд, том бүлэглэлүүд саад болоод байна” гэх санаа ойлгуулах гээд байгаа нь илт.  
 
      Халдварт тахлын хямрал нүүрлэсэн хүнд цаг үед улс орныг удирдан чиглүүлэх амаргүй байгааг ойлгоно, ойлгож ч байгаа, энэ Засгийн газрынхныг. Тиймдээ ч “Огцор, тар” гэж биш “Ажлаа хий” гэж жагссан биз. Гэхдээ салбарын сайдууд нь танхимын тэргүүнтэйгээ хамт ажлаа хийж чадаагүй бол ард түмэнд ялархах эрхгүй гэдгээ ойлгомоор байна. Өөрсдөө хүссэндээ сайдын сэнтий горилсон болохоос биш “Өөр хэн ч биш та л чадна” гэж ард түмэн тахин шүтэж томилоогүйг,  ажлаа хийж чадахгүй бол чаддаг нь шилжүүлэх эрх нь нээлттэй гэдгийг санаж явахад илүүдэхгүй болов уу. 
 

ҮҮРЭГТ АЖЛАА “ҮЙЛ ЛАЙ” ГЭЖ ҮГЛЭДЭГ САЙД НАРААР МОНГОЛЫН ТӨР ДУТАХГҮЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-14 11:09:20
    Zochin: Deerhi bicheech you medej bichij baina ve ? L . Khaltar saidiig harin ch 16000 TZ-chid 8000 ahmaduudtaigaa mash sain khun , ajil heregch buteelch ajliin tuluu tursun chadvarlag injener gedgiig batalgaatai meddeg khundeldeg shuu.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-13 21:51:55
    Зочин: Тэд албан тушаалын хэнээтэйдээ л сайд гээч болсон хэрэг. Чадвар дутна гэдгээ мэдэхийн дээдээр мэдэж л байгаа. Үнэхээр үйл лай гэж бодсон бол аль хэдийнээ суудлаа өгчих байсан.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-13 12:12:55
    Zochin: GANBAT..ENHAMGALAN gej 2 saidin ehluulsen zamig guitseeh uureg namaas avsan amitan sh uu dee...bodoh l zuil yridni 2n baasig huraaj .tedni chatsag deer hii ergej yvaa hu sh uuu... mongol ch uudaa..
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188